Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01325

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн Ү-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01003 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ү

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, ажлын байр захиалгаар барих, бариулах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Үнь 2008 онд Монгол улсад ирж БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий “С” ХХК-д туслан гүйцэтгэгч буюу инженерээр ажилласан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө Сүмбэр орд хороолол 601 дүгээр байрны доор байрлах 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг авахаар тохирсон. “С” ХХК-ны 75 хувийн хувьцааг эзэмшиж байсан БНХАУ-н иргэд хувьцаагаа “Танан цагаан харш” ХХК-д зарж борлуулсан бөгөөд борлуулахдаа уг Үйлчилгээний төвийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа ногдох хэсгийг БНХАУ-ын иргэн Ү Жун Хайн өмчид шилжүүлэх талаар баталгаажуулсан.

            Үүнээс хойш БНХАУ-н иргэн Үнь Монгол улсад өөрийн биеэр ирэх боломжгүй байсан тул 2015 оны 01 дүгээр сард “С” ХХК-ийн захирал Б.Баянмөнхтэй холбогдож тухайн үйлчилгээний төвийг өөрийн өмчлөлд шилжүүлэх талаар хандахад үйлчилгээний төв Ү Жун Хайн өмч гэдгийг нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Иймд Баянзүрх дүүрэг 26 хороо Сүмбэр орд хороолол, 601 дүгээр байрны доор байрлах 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: "С” ХХК-ийн барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ү Жун Хайгийн бидэнд ирүүлсэн нотлох баримт, гэрээ нь шаардлага хангахгүй байсан тул бид тухайн хөрөнгийг авах эрхтэй гэсэн нотлох баримтыг хангалттай ирүүлсэн нөхцөлд бидний зүгээс тухайн хөрөнгийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг тайлбарыг Ү Жун Хайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцацралд мэдэгдсэн. Иймээс өмнөх гэрээ хийсэн гүйцэтгэх захирал Н.Лхамсүрэн болон ерөнхий захирал Жао Кө Кун, Ши Вэйн нарыг хариуцагчаар татаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “С” ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч “Танан цагаан харш” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын 4 иргэнээс “С” ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Өмнөх хувьцаа эзэмшигч болон одоогийн хувьцаа эзэмшигчид огт мэдэгдээгүй 204 862 ам.долларын гэрээ гэнэт гарч ирж байгаа нь бидэнд ихээхэн сэжигтэй санагдаж байгаа бөгөөд бид энэхүү 02/ҮТ гэсэн дугаартай захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “С” ХХК-ийн захирлаар Жао Кө Кун гэж ажиллаж байгаагүй бөгөөд Wang Zhongliang гэж гүйцэтгэх захирал байсан нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ тул энэхүү гэрээний дагуу “С” ХХК-д ямар нэг эрх үүрэг үүсэхгүй юм. Иймд “С” ХХК болон Үнарын хооронд 2010 оны 7 дугаар сарын 01 болон 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ү Жун Хайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцацрал нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Жао Кө Кунтай 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Үнь ажил хийж гүйцэтгэсэн болох нь ашиглалтад орсон барилга болон бичгийн баримтуудаар нотлогдоно, гэрээ хийгдэх цаг хугацаанд Жао Кө Кун нь “С” ХХК-ийн захирлын ажлыг орлон гүйцэтгэж байсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлаар бүртгүүлж амжаагүй байсан ба гэрээ байгуулснаас хойш 4 сарын дараа гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн.

Тухайн цаг хугацаанд 2 талын сайн дурын үндсэн дээр нэгэнт хийгдсэн гэрээнүүдийг “С” ХХК-ийн эрх хүлээн авсан дараагийн гүйцэтгэх удирдлагууд хүчин төгөлдөр бус гэж үзэж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү Жун Хайг Баянзүрх дүүргийн 26 хороо, Сүмбэр орд хорооллын 601 дүгээр байрны доор байрлах 146.33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ү Жун Хайд холбогдох 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн болон 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөг, хариуцагчийн 1 558 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 132 707 төгрөг гаргуулахаас 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Ү Жун Хайд олгож, үлдэх 2 062 507 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Ди Ви Жи Эйч” ХХК-ийн шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золбаяр нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт, мөн шинээр томилогдож буй тул 3 хавтас бүхий хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч нь 3 хавтас бүхий хэргийн материалтай яг одоо танилцаад гарын үсгээ зур гэдэг шаардлагыг тавьсан. Д.Золбаяр нь одоо танилцах боломжгүй, хугацаа шаардлагатай гэдгээ илэрхийлж, өмгөөлөгчтэйгээ оролцох хүсэлтээ дахин илэрхийлсэн. Гэтэл шүүгч нь гуравдагч этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Д.Баатарын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг нь үндэслээд “өмнө нь танай хүсэлтийг шүүхээс хангасан байна, тиймээс хүсэлтийг хангах боломжгүй” гэж шийдвэрлэсэн.

Дээрх нөхцөл байдал нь хариуцагчийн зүгээс шүүгч энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрөх нөхцөл байдлыг бий болгосон тул шүүгчээс татгалзан гаргах хүсэлтэй байгааг илэрхийлэхэд хүсэлтийг авахгүй, татгалзан гаргах тайлбарыг ч сонсолгүй хэлэлцүүлгийн өмнө асуусан тул хүсэлтийг авахгүй гэж шийдсэн. Тийм учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүгч нь шүүх хуралдааныг шударгаар явуулж, хэргийг шударгаар шийдэж чадах эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байсан тул шүүх хуралдааныг орхин гарсан. Хэргийн материалтай огт танилцаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, хэргийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх ямарч боломжгүй.

Мөн хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдээр хуульд заасан журмын дагуу нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, гарын үсэг зуруулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул хуульд зааснаар хуваарилж, нөхөн гаргуулах нь зүйтэй. Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн үнэ нь 204 862 ам.доллар байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн албан ханш 1 927,89 төгрөг байна. Үүнээс тооцвол нэхэмжлэлийн үнийн дүн нь 394 951 401,18 төгрөг бөгөөд ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 2 132 707 төгрөг байна” гэж тусгасан байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн ба үүнийгээ хойшлуулах эсхүл чөлөөлүүлэх талаар огт хүсэлт гаргаагүй байхад буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэх байтал нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Үнь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хорооллын 601 дүгээр байрны доор байрлах 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч “С” ХХК эс зөвшөөрч марган, 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн болон 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч Үнь “С” ХХК-ийн захирал Н.Лхамсүрэнтэй байгуулсан 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, мөн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр захирал Ши Вэйтэй байгуулсан ажлын байр захиалгаар бариулах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хангасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

            Хариуцагч 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд хариуцагч компанийг төлөөлж гарын үсэг зурсан Н.Лхамсүрэн нь гэрээ байгуулагдах үед тус компанийн монгол тал хариуцсан захирлаар ажиллаж байснаа, мөн нэхэмжлэгч Ү Жун Хайгийн гүйцэтгэсэн барилгын ажлын хөлсөнд тооцож 2 орон сууц, 1 үйлчилгээний төвийг түүний өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан, уг гэрээ нь компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэснийг шүүхэд гэрчлэн мэдүүлсэн, маргаж буй барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд компанийг төлөөлөн актад гарын үсэг зурсан нь хэрэгт баримтаар авагджээ.

            Түүнчлэн 2010 оны дээрх гэрээг шинэчлэн баталгаажуулсан 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд гарын үсэг зурсан Ши Вэй нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох талаарх улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа хэрэгт авагдсанаас гадна нэхэмжлэгч Ү Жун Хайд 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг шилжүүлэхээр урьд нь тохиролцсон, нөхцөл байдал бүрдсэний дараа гэрчилгээг гаргаж өгөх талаар захирал Ши Вэйгээс 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр амлалт, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тодорхойлолт гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд бодож 601 дүгээр байрны 3 давхрын 94,47 м.кв, мөн байрны 11 давхрын 94,83 м.кв 2 ширхэг орон сууцыг Ү Жун Хайгийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд орон сууцыг захиалан бариулах тухай 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн болон 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд компанийг төлөөлж Н.Лхамсүрэн гарын үсэг зуржээ.

            Хэргийн дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудыг харьцуулан үзвэл компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр Ү Жун Хуайг зөвшөөрөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

            Үүнээс гадна “С” ХХК-ийн хувьцааг 2012 онд худалдан авсан “Танан цагаан харш” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий Н.Янжмаа нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр маргаж буй 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ёстойг мэдэж тодорхойлолт гаргасан байх тул хувьцаа худалдан авах үед гуравдагч этгээдэд өглөгтэй талаар мэдэгдээгүй гэх татгалзал үндэслэлгүй, хувьцаа эзэмшигч солигдсон нь компанийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт  зөв болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 2 618 487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ