Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2019/01397

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр          Дугаар 182/ШШ2019/01397          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.М -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

 

““Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалыг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх зохих олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь “Г” ХХК-иас зарласан шинэ ажилтны сонгон шалгаруулалт, ярилцлагад зохих журмын дагуу амжилттай оролцон тэнцэж, тус банкны “Хүний нөөцийн хэлтэс”-т “Хүний нөөцийн менежер /Дотоод РR хариуцсан/”-ийн албан тушаалд ажиллахаар болсон.

Тухайн үед ажил олгогчийн зүгээс надад “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр 1 сарын хугацаатай ажиллуулаад уул гэрээний хугацаа дууссаны дараа дахин туршилтаар 2 сарын хугацаатай ажиллуулж, туршилтын хугацаа дуусмагц шууд үндсэн ажилтнаар томилж, “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж ажиллуулах санал тавьсан. Энэ дагуу ажил олгогч надтай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Хөлсөөр ажиллах/ажиллуулах гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г 1 сарын хугацаатай байгуулж, “Нууцын баталгаа” гаргуулж авсан.

Улмаар дээрх тохиролцсон хугацаа дуусахад үргэлжлүүлэн 2 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах байтал Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн н/296  дугаар тушаалаар “Хүний нөөцийн хэлтэс”-ийн “Үйл ажиллагааны алба”-д “Хүний нөөцийн менежер /Дотоод РR хариуцсан/”-ийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилж, дахин 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Туршилтын хугацаагаар ажиллах Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г шинээр 3 сарын хугацаа /1 сар илүү/-тай байгуулж, “Нууцын баталгаа” гаргуулж авсан.

Миний бие “Голомт банк”-д нэхэмжлэлд дурдаж буй хугацаанд ажиллахдаа хууль болон гэрээгээр ажил олгогчийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан, хамт олон, харилцагч, үйлчлүүлэгчидтэй эвийг эрхэмлэн найрсаг харилцаж, үр дүнтэй хамтран ажиллаж, ажил олгогчоос даалгасан ажил, үүргийг цаг тухайд нь зохих ёсоор, бүрэн гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд алдаа дутагдал, зөрчил гаргаж, ямарваа байдлаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Энэ ч утгаараа цаашид тус банканд тогтвортой ажиллаж, мэдлэг, мэргэжлийн хувьд өсөн дэвжинэ гэдэгтээ итгэлтэй байсан. Анх ажилд орохдоо ч ийм л хүсэл тэмүүлэл, зорилго тээж орсон.

Түүнчлэн “Голомт банк”-ны “Туршилтын хугацаагаар ажиллуулах журам”-ын 2.6.2.2, 2.6.3.3-т заасны дагуу Шинэ ажилтны шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгч, 95 хувийн үнэлгээ авч, тэнцсэн. Мөн журмын 2.8.2.4-д зааснаар миний бие зохих шалгалтыг өгч, журамд зааснаас дээгүүр үнэлгээ авсан тул ажил олгогч намайг туршилтын хугацаанаас өмнө жинхэлж, үндсэн ажилтнаар шууд томилох ёстой байсан.

Гэтэл харамсалтай нь Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3345 дугаар тушаалаар гэрээний хугацаа дуусахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;” гэх үндэслэлээр тодорхойгүй шалтгаанаар надтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаанаас өмнө дуусгавар болгож, ажлаас чөлөөлж, ажил олгогч хуулиар өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж, хууль зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдлаа.

Хэдийгээр ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч нэгэнт гарсан шийдвэрийг биелүүлж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Ажил хүлээлцэх акт”-аар ажлаа хүлээлгэн өгч, холбогдох тооцоог хийсэн болно.

Иймд ажил олгогчийн энэхүү хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх боломжгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг минь хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч “Голомт банк”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.Пүрэвдорж овогтой Мөнх-Эрдэнэ нь Хүний нөөцийн менежерээр туршилтын ажилтнаар ажиллах хугацаандаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж ажиллаж чадаагүй болно. Мөнх-Эрдэнийн туршилтын ажилтнаар ажилласан хугацаандаа түүний гүйцэтгэсэн ажлыг харъяалах дээд удирдлагаас дүгнэж үнэлгээ өгсөн ба уг үнэлгээгээр шаардлага хангаагүй байх тул хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй гэж үзэн цуцалсан байна.

Үнэлгээний хуудсыг П.М танилцаж гарын үсэг зурсан байна. Хуудсыг хавсаргав.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч П.М нь “Г” ХХК-д хүний нөөцийн менежерээр туршилтын хугацаанд ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж чадаагүй. Туршилтын хугацаанд ажиллаж байсан хугацааны ажлыг дээд удирдлага буюу хүний нөөцийн хэлтсийн дарга, ахлах ажилтан нарын дүгнэсэн дүгнэлтээр хангалтгүй дүн авсан учраас шаардлага хангаагүй байна гээд хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй юм байна гэж үзэж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг үндэслэж шийдвэрлэсэн. Хариуцсан хүний нөөцийн менежер буюу дотоод PR хариуцсан ажилтан П.Мтэй байгуулсан гэрээг туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул П.Мтэй байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэсэн тушаал гарсан. Энэхүү тушаалын гол үндэслэл нь юу байсан бэ гэвэл туршилтын ажилтны үнэлгээ, “Г” ХХК-д мөрдөгдөж байгаа 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 592 дугаар тушаалаар батлагдсан туршилтын ажилтны журамд зааснаар туршилтын ажилтны ажиллах хугацаа дуусах нөхцөлд явцын дунд хийсэн ажлын үнэлж дүгнэж цаашид томилох эсэхийг шийдвэрлэдэг заалтын дагуу нэхэмжлэгчийн хийсэн ажлыг нь үнэлж, туршилтын ажилтны үнэлгээний хуудсыг хэрэгт хавсаргасан. Энэхүү үнэлгээний дагуу 2,5-3,4 үнэлэгдвэл дунд гэсэн үнэлгээ өгнө гэсэн журмын заалт байдаг. Уг журмын заалтын дагуу үнэлэхэд П.Мөнх-Эрдэнийн ажлыг 10 асуудлаар дүгнэхэд 2,8 гэсэн үнэлгээ авч шаардлага хангаагүй байх тул туршилтын ажилтан ажиллуулах журмын 2.8 заасны дагуу үндсэн ажилтнаар ажиллах үндэслэл болсон туршилтын ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 3-6 гэсэн үнэлгээ авсан байвал үндсэн ажилтнаар ажиллах үндэслэл болдог бөгөөд уг үнэлгээний шаардлагыг хангаагүй байх тул туршилтын ажилтны үнэлгээний хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид манай байгууллагаас туршилтын ажилтны 2 сарын хугацаа дуусахад цаашид үндсэн ажилтнаар ажиллуулах санал тавьсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг бөгөөд “Г” ХХК-ийн зүгээс туршилтын ажилтны 2 сарын хугацаа дуусахаар үндсэн ажилтнаар томилно гэсэн санал нэхэмжлэгчид тавиагүй бөгөөд энэ талаар “Г” ХХК-д ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэлдээ дурдаж байгаачлан хугацаанаасаа өмнө үндсэн ажилтнаар томилогдох ёстой гэсэн туршилтын хугацаагаар ажиллуулах журмын 2.6.2 дахь заалт нь шинэ ажилтны шалгалтыг 61 хувийн үнэлгээнээс дээш өгөх юм бол шалгалтандаа тэнцсэн гэж үзсэн тухай заалт байдаг. Туршилтын хугацаагаар яагаад ажиллуулах шалтгаан нөхцөл байсан бэ гэвэл “Г” ХХК-ийн туршилтын хугацаагаар ажиллуулах журмын 2.3 дахь заалтад шинээр ажилд орж байгаа ажилтан нь урд нь ажил хийж байгаагүй, ажлын туршлагагүй, Их дээд сургууль шинээр төгссөн, банк санхүүгийн болон одоо томилогдсон албан тушаалдаа өөр бусад байгууллагад ажиллаж байгаагүй бол 6 сар хүртэлх хугацаагаар туршилтын ажилтнаар ажиллуулж болно гэж заасан байдаг. Мөн хөдөлмөрийн хөлсний нөхөн олговрыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ажиллаж байсан хоногийнхоо тооцоог буруу гаргасан, мөн цалингийн шимтгэлийг хасаж тооцоогүй байна гэж үзэж байна. Ажилд эргүүлэн тогтоох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад нөхөн олговор олгох, тушаалыг хүчингүй болгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч П.М нь хариуцагч “Г” ХХК холбогдуулан ““Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалыг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх зохих олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч П.М нь “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн н/296 дугаар тушаалаар П.Мөнх-Эрдэнийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс Хүний нөөцийн хэлтсийн Үйл ажиллагааны албанд Хүний нөөцийн менежер /Дотоод PR/ албан тушаалд томилогдон ажиллаж байсан байх бөгөөд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалаар Д.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Хүний нөөцийн хэлтсийн Үйл ажиллагааны албанд Хүний нөөцийн менежер /Дотоод PR/-ийн албан тушаалаас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Туршилтын хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ”, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн н/296 дугаар тушаал,  2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаал зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 8, 9-10, 12 дугаар тал/ 

 

            “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгожээ. /хх-ийн 12 дугаар тал/

 

            Ажил олгогч нь П.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын үндэслэлээ “...Хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагааны албанд Хүний нөөцийн менежер /Дотоод PR хариуцсан/ ажилтай Пүрэвсүрэнгийн Мөнх-Эрдэнэтэй байгуулсан Туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул П.Мтэй байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай” гэж нэхэмжлэгч П.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Голомт банк”-ны “Туршилтын хугацаагаар ажиллуулах журам”-ын 2.6.2.2, 2.6.3.3-т заасны дагуу Шинэ ажилтны шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгч, 95 хувийн үнэлгээ авч, тэнцсэн. Мөн журмын 2.8.2.4-д зааснаар миний бие зохих шалгалтыг өгч, журамд зааснаас дээгүүр үнэлгээ авсан тул ажил олгогч намайг туршилтын хугацаанаас өмнө жинхэлж, үндсэн ажилтнаар шууд томилох ёстой байсан.

Гэтэл харамсалтай нь Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3345 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн гэрээ”-г хугацаанаас өмнө дуусгавар болгож, ажлаас чөлөөлж, ажил олгогч хуулиар өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж, хууль зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдлаа...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...туршилтын хугацаанд ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж чадаагүй.

Туршилтын хугацаанд хангалтгүй дүн авсан учраас шаардлага хангаагүй байна гээд хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй юм байна гэж үзэж, уг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг үндэслэж шийдвэрлэсэн.

Энэхүү тушаалын гол үндэслэл нь “Г” ХХК-ийн туршилтын ажилтны журамд зааснаар туршилтын ажилтны ажиллах хугацаа дуусах нөхцөлд явцын дунд хийсэн ажлыг үнэлж дүгнэж 2,8 гэсэн үнэлгээ авч шаардлага хангаагүй туршилтын ажилтны үнэлгээний хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчид манай байгууллагаас туршилтын ажилтны 2 сарын хугацаа дуусахад цаашид үндсэн ажилтнаар ажиллуулах санал тавьсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг бөгөөд “Г” ХХК-ийн зүгээс туршилтын ажилтны 2 сарын хугацаа дуусахаар үндсэн ажилтнаар томилно гэсэн санал нэхэмжлэгчид тавиагүй бөгөөд энэ талаар “Г” ХХК-д ямар ч баримт байхгүй.

Мөн хөдөлмөрийн хөлсний нөхөн олговрыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ажиллаж байсан хоногийнхоо тооцоог буруу гаргасан, мөн цалингийн шимтгэлийг хасаж тооцоогүй байна гэж үзэж байна, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалд гомдлоо 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч П.М нь “Г” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн Үйл ажиллагааны албанд хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан нь ажил олгогчийн болон ажилтны хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Уг гэрээний хугацааг талууд 3 сарын хугацаатай буюу 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, 231.1, 231.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эрх бүхий албан тушаалтан биш этгээд тушаалыг гаргасан гэж тайлбарлах боловч тэрээр үүнийг баримтаар нотлоогүй ба хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

   Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх боломжтой бөгөөд  хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болдог байна.

 

   “Г” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон Туршилтын хугацаагаар ажиллуулах журамд заасны дагуу шинээр орсон ажилтантай туршилтын 3 сарын хугацаатай гэрээ байгуулж, ажилд түр хугацаагаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 1 дүгээр зүйлийн 231.1, 231.1, 231.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

 

“Г” ХХК-ийн П.Мтэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 1.4-т талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд гэрээг сунгах, цуцлах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар талуудын аль нэг нь санал тавьснаар тухай бүрт шийдвэрлэнэ.” гэж заасан байна.

 

Хөдөлмөрийн хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэх бөгөөд дээрх талуудын хооронд байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааг тоолохдоо 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 3 сарын хугацаа дуусах өдөр нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусахаар байна.

 

Хэрэгт авагдсан Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон боловч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

 

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ туршилтын ажилтны журамд заасан үнэлгээний дагуу үнэлэхэд П.М 2,8 гэсэн үнэлгээ авч шаардлага хангаагүй байх тул туршилтын ажилтны хөдөлмөрийн хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг заасан байна./хх-ийн 12 дугаар тал/

 

            Иймд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалаар П.Мөнх-Эрдэнийг “Г” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн Үйл ажиллагааны албанд Хүний нөөцийн менежерийн  ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул П.Мөнх-Эрдэнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул “Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийн нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 3,066,242 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу П.Мөнх-Эрдэнийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,046,421 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 48,670 төгрөг болох нь хэрэгт авагдсан П.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2019 оны 2, 3, 4 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу П.Мөнх-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,920,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч П.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 742,042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу “Г” ХХК-д нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Мийг “Г” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн Үйл ажиллагааны албаны хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Г” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,920,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 742,042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй

           

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.Мийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Г” ХХК-д даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 131,873 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС