Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01871

 

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01871

 

 

 

П.М-нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01397 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.М-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч ГБ-ХХК-д холбогдох

Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 334 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ГБ-ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх зохих олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжарагал нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.М-нэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ГБ-ХХК-аас зарласан шинэ ажилтны сонгон шалгаруулалт, ярилцлагад зохих журмын дагуу амжилттай оролцон тэнцэж, тус банкны Хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн менежер /Дотоод РR хариуцсан/-ийн албан тушаалд ажиллахаар болсон. Тухайн үед ажил олгогчийн зүгээс надад хөлсөөр ажиллах гэрээгээр 1 сарын хугацаатай ажиллуулаад уул гэрээний хугацаа дууссаны дараа дахин туршилтаар 2 сарын хугацаатай ажиллуулж, туршилтын хугацаа дуусмагц шууд үндсэн ажилтнаар томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах санал тавьсан. Энэ дагуу ажил олгогч надтай 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хөлсөөр ажиллах, ажиллуулах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, Нууцын баталгаа гаргуулж авсан. Улмаар дээрх тохиролцсон хугацаа дуусахад үргэлжлүүлэн 2 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах байтал Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн н/296 дугаар тушаалаар Хүний нөөцийн хэлтсийн Үйл ажиллагааны албад Хүний нөөцийн менежер /Дотоод РR хариуцсан/-ийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилж, дахин 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр туршилтын хугацаагаар ажиллах Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг шинээр 3 сарын хугацаа /1 сар илүү/-тай байгуулж, нууцын баталгаа гаргуулж авсан. Голомт банкны туршилтын хугацаагаар ажиллуулах журмын 2.6.2.2, 2.6.3.3-т заасны дагуу Шинэ ажилтны шалгалтыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгч, 95 хувийн үнэлгээ авч, тэнцсэн. Мөн журмын 2.8.2.4-д зааснаар миний бие зохих шалгалтыг өгч, журамд зааснаас дээгүүр үнэлгээ авсан тул ажил олгогч намайг туршилтын хугацаанаас өмнө жинхэлж, үндсэн ажилтнаар шууд томилох ёстой байсан. Гэтэл харамсалтай нь Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3345 дугаар тушаалаар гэрээний хугацаа дуусахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр тодорхойгүй шалтгаанаар надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож, ажлаас чөлөөлж, ажил олгогч хуулиар өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлж, хууль зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдлаа. Хэдийгээр ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч нэгэнт гарсан шийдвэрийг биелүүлж 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх актаар ажлаа хүлээлгэн өгч, холбогдох тооцоог хийсэн болно. Иймд ажил олгогчийн энэхүү хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх боломжгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг минь хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч ГБ-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.М-нэ нь ГБ-ХХК-д хүний нөөцийн менежерээр туршилтын хугацаанд ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж чадаагүй. Туршилтын хугацаанд ажиллаж байсан хугацааны ажлыг дээд удирдлага буюу хүний нөөцийн хэлтсийн дарга, ахлах ажилтан нарын дүгнэсэн дүгнэлтээр хангалтгүй дүн авсан учраас шаардлага хангаагүй байна гээд хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй юм байна гэж үзэж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг үндэслэж шийдвэрлэсэн. Хариуцсан хүний нөөцийн менежер буюу дотоод PR хариуцсан ажилтан П.М-нэтэй байгуулсан гэрээг туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул П.М-нэтэй байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэсэн тушаал гарсан. Энэхүү тушаалын гол үндэслэл нь юу байсан бэ гэвэл туршилтын ажилтны үнэлгээ, ГБ-ХХК-д мөрдөгдөж байгаа 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 592 дугаар тушаалаар батлагдсан туршилтын ажилтны журамд зааснаар туршилтын ажилтны ажиллах хугацаа дуусах нөхцөлд явцын дунд хийсэн ажлын үнэлж дүгнэж цаашид томилох эсэхийг шийдвэрлэдэг заалтын дагуу нэхэмжлэгчийн хийсэн ажлыг нь үнэлж, туршилтын ажилтны үнэлгээний хуудсыг хэрэгт хавсаргасан. Энэхүү үнэлгээний дагуу 2.5-3.4 үнэлэгдвэл дунд гэсэн үнэлгээ өгнө гэсэн журмын заалт байдаг. Уг журмын заалтын дагуу үнэлэхэд П.М-нийн ажлыг 10 асуудлаар дүгнэхэд 2.8 гэсэн үнэлгээ авч шаардлага хангаагүй байх тул туршилтын ажилтан ажиллуулах журмын 2.8-д заасны дагуу үндсэн ажилтнаар ажиллах үндэслэл болсон туршилтын ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 3-6 гэсэн үнэлгээ авсан байвал үндсэн ажилтнаар ажиллах үндэслэл болдог бөгөөд уг үнэлгээний шаардлагыг хангаагүй байх тул туршилтын ажилтны үнэлгээний хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлдээ дурдаж байгаачлан хугацаанаасаа өмнө үндсэн ажилтнаар томилогдох ёстой гэсэн туршилтын хугацаагаар ажиллуулах журмын 2.6.2 дахь заалт нь шинэ ажилтны шалгалтыг 61 хувийн үнэлгээнээс дээш өгөх юм бол шалгалтандаа тэнцсэн гэж үзсэн тухай заалт байдаг. ГБ-ХХК-ийн туршилтын хугацаагаар ажиллуулах журмын 2.3 дахь заалтад шинээр ажилд орж байгаа ажилтан нь урд нь ажил хийж байгаагүй, ажлын туршлагагүй, Их дээд сургууль шинээр төгссөн, банк санхүүгийн болон одоо томилогдсон албан тушаалдаа өөр бусад байгууллагад ажиллаж байгаагүй бол 6 сар хүртэлх хугацаагаар туршилтын ажилтнаар ажиллуулж болно гэж заасан байдаг. Мөн хөдөлмөрийн хөлсний нөхөн олговрыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилд эргүүлэн тогтоох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад нөхөн олговор олгох, тушаалыг хүчингүй болгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.М-нийг ГБ-ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагааны албаны хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ГБ-ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.920.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.М-нэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 742.042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч П.М-нийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ГБ-ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.М-нэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 131.873 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Голомт банк" ХХК-ийн П.М-нэтэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллах хедөлмөрийн гэрээний 1.4-т заасан заалтын 3 сарын хугацаанд гэдэг нь заавал 3 сар дуусталх хугацаа байна гэсэн ойлголт биш бөгөөд хэрвээ гэрээг цуцлах үндэслэл тогтоогдвол тухай бүр нь шийдвэрлэж байхаар уг заалтад тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 заасан, мөн Голомт банкны Гүйцэтгэх захиралын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тушаалын 1-т өөрчлөлт оруулсан зэргээс дүгнэхэд туршилтын хугацаа 3 сар хүртэл байхаар хуульчилж, мөн 3 сар хүртэл хугацаагаар гэж банкны дотоод журамд тусгасан зэргээс үзэхэд туршилтын гэрээний хугацааг 3 сар хүртэл гэж хууль, журамд нийцүүлэн тусгаж зохицуулсан гэж үзэж байна. Шүүх "Голомт банк" ХХК-ийн Гүйцэтгэх захиралын орлогчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдийн 334 дүгээр тушаалаар 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг 2019 оны 5 дугаарын 15-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь тогтоогдсон гэж дүгнэжээ. "Голомт банк" ХХК-ийн П.М-нэтэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээний 1.4 дах энэ заалтаар хугацаанаас гадна хэрвээ гэрээг цуцлах бол аль нэг тал нь санал тавьснаар тухай бүр шийдвэрлэхээр зохицуулсан байх бөгөөд 3 сарын хугацааг дууссаны дараа биш тухай бүрд шийдвэрлэж байхаар заасан. Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч П.М-нэ нь "Голомт банк" ХХК-тай байгуулсан туршилтын хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээн дээр гэрээний хугацааг 3 гэж нэмж бичсэн болох нь тодорхой болсон. Энэ талаар шүүх хуралдаан дээр ярьсан боловч шүүгч энэ байдалд ач холбогдол өгч шалгахгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан баримтад тулгуурлан хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.М-нийг ГБ-ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагааны албаны Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид харилцан тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч эвлэрэн хэлэлцэж энэ тухай тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх эвлэрлийн гэрээгээр П.М-нэ нь Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагаасаа татгалзаж, ГБ-ХХК-ийн хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга, хуулийн хэлтсийн захирал Б.Ганбат нар нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.000.000 төгрөгийг талуудын эвлэрлийг шүүх баталгаажуулсан даруйд бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/01397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.М-нэ нь Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ГБ-ХХК нь нэхэмжлэгч П.М-нэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.000.000 төгрөгийг талуудын эвлэрлийг шүүх баталгаажуулсан даруйд бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 673.20 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ