Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 46

 

“Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны

байгууллагын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00051/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Н-, Д.П- нарт холбогдох

          “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулж, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 8.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 65.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, засварын зардал 3.111.100 төгрөг, нийт 68.111.100 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагч Я.Н-, Д.П-, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагаас:

            “Я.Н-, Д.П- нар нь “Христ сайн мэдээ дархан цуглааны” Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг 19 дүгээр брак 2, 3 тоот 46,5 м.кв үйлчилгээний зориулалттай 10 саяар тооцож 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлж 160 м.кв 2 давхар орон сууц, 240 м.кв орон сууц 65.000.000 төгрөгөөр тооцож 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөрт төлөхөөр хугацаа тохиролцож, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нотариатч И.Энхболдоор “Христ сайн мэдээ дархан цуглаан” үүсгэн байгуулагч R-, Б.Б-, Д.О- нартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Я.Н- нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс манай цуглааны байранд орж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан боловч төлбөр төлөлгүй хугацаа алдаж олон удаа шаардуулсан. Бид 05 дугаар сарын 30-ны өдөр төлөөгүй үлдсэн 65.000.000 төгрөгийг шаардаж уулзахад Я.Н-, Д.П- нар нь зээл бүтэхгүй байна, банк бус санхүүгийн байгууллагаас 10.000.000 төгрөгөөс илүү зээл өгөхгүй байна гэсэн тайлбар тавьсан. Байрнаас гарахыг шаардахад урьдчилгаа 10.000.000 төгрөг өгвөл байраа суллана гэж хэлсэн. ... Я.Н-, Д.П- нараас гэрээний 2.4-т заасны дагуу байр ашигласны төлбөр болгох 8.000.000 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй учраас тус гэрээг цуцалж байрнаас албадан чөлөөж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Я.Н-, Д.П- нараас:

... “Христ сайн мэдээ дархан цуглааны” захирал R-, Д.О-, Б.Б- нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газрын эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж нийт 75.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг, 19 дүгээр байрны хажууд байрлах 160 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 45.000.000 төгрөг бэлнээр төлж худалдан авсан. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг 19 дүгээр брак 2, 3 тоот 46,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 10.000.000 төгрөгийг тус тус төлж нийт 65.000.000 төгрөгийг төлсөн юм. Гэрээний дагуу тохиролцсоноор 10.000.000 төгрөг дутуу төлсөн.

Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2, 4-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол сарын 1.000.000 төгрөгөөр түрээсийн төлбөр нөхөж төлнө гэж заасны дагуу тооцоход 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тооцоход нийт 4 сарын төлбөр буюу 4.000.000 төгрөг үлдэгдэл төлбөр 10.000.000 төгрөг дээрээ нэмж нийт 14.000.000 төгрөг төлөх тооцоо гарч байна.

Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө буюу байрыг надаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа тул тэдэнд өгсөн 65.000.000 төгрөгөө буцааж авсны дараа байрыг чөлөөлж өгөх бодолтой байна. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтандаа миний 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байрны үнэд төлсөн 10.000.000 төгрөгийн баримтыг өгөөгүй гэжээ.

Хариуцагч Я.Н- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Христ сайн мэдээ дархан цуглаан шашны байгууллагаас “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу төлсөн 65.000.000 төгрөг засварын зардал 3.111.100 төгрөг нийт 68.111.100 төгрөг гаргуулж өгнө үү. Гэрээний дагуу бэлнээр 45.000.000 төгрөг, мөн 10.000.000 төгрөгийг аваагүй гэж мэлзэж намайг байр чөлөөлж өг гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул хэрэв гэрээгээ цуцалж наймаа буцах гэж байгаа бол миний тэд нарт өгсөн 65.000.000 төгрөгийг надад буцааж өгөх шаардлага гарч байна. Мөн энэ байрны засварын ажилд 2.311.100 төгрөгийн барилгын материал, 4 хүнийг тус бүр 200.000 төгрөгөөр ажиллуулсны хөлсөнд 800.000 төгрөг, нийт 3.111.100 төгрөгийн зардал гарсан гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Манай шашны байгуулага нь нийт 75.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах гэрээ хийж 10.000.000 төгрөг дансаар аваад үлдсэн 65.000.000 төгрөгийг авалгүйгээр байрыг суллаж өгсөн. Энэ мөнгөнөөс 2018 оны 02 дугаар 20-нд худалдан авагч тал 10.000.000 төгрөг төлөөд өөр ямар ч мөнгө төлөөгүй манай байрыг ашиглан үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж мөнгөө төлөхгүй, байр суллаж өгөхгүй манай байгууллагыг хохироож байгаа юм. Иймд засварын зардал 3.111.100 төгрөг, 65.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Н-, Д.П- нараас хохиролд 8.000.000 төгрөг болон Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 19 дүгээр бракт байрлах 240 м.кв газар, Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг 19 дүгээр бракийн хажууд байрлах 160 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагад олгож, Хариуцагч Я.Н-, Д.П- нарын гаргасан 65.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.150 төгрөг, хариуцагч Я.Н-, Д.П- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.950  төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Н-, Д.П- нараас улсын тэмдэгтийн хураамжид 213.150 төгрөг гаргууж “Христ сайн мэдээ дархан цуглаан” шашны байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар  давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. ...шүүх нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй бөгөөд шүүх хурал дээр нотариатч И.Энхболдыг оруулж ирж мэдүүлэг авсан бөгөөд И.Энхболд нь мөнгө өгч байхыг хараагүй мөртлөө эд нар мөнгө өгөөгүй, энэ бэлнээр төлөв гэж  бичсэн нь техникийн алдаа” гэж мэдүүлсний дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нотариатч хүн гэрээг батлахдаа маш хариуцлагатай байж, хийсэн үйлдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байдаг хуультай. Иймд хуулийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээг нэхэмжлэгчийн татгалзсанаар дуусгавар болсон гэж шүүх үзэж байгаа бол худалдан авагч талын тэдэнд төлсөн 65.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн тус байранд хийсэн засварын үнэ .3.111.100 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Христ сайн мэдээ Дархан цуглаан” шашны байгууллага хариуцагч Я.Н-, Д.П- нарт холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулж, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 65.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 3.111.100 төгрөг нийт 68.111.100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй, учирсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасантай нийцсэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч “Христсайн мэдээ Дархан цуглаан” шашны байгууллага анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 8.000.000 төгрөг гаргуулах, Дархан сумын 5 дугаар баг 19 дүгээр брак 2-3 тоот 46.5 м.кв үйлчилгээний зориулалттай байр, 160 м.кв 2 давхар орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээг цуцлах гэсэн 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан үнэ тодорхойгүй 3 гэрээ нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч эдгээр гэрээнүүдийн альнаас нь татгалзаж байгаа нь тодорхойгүй,  шүүх энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд тодруулаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Гэрээний үнийн талаар талууд харилцан адилгүй буюу 65.000.000 төгрөг, 75.000.000 төгрөг гэж өөр өөрөөр тодорхойлсон байхад энэ талаар тодруулаагүй, шийдвэрийн тогтоох хэсгээр нэхэмжлэлийн 3 шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд үлдэх нэг шаардлага болох хэргийн 10 дугаар талд авагдсан гэрээний дагуу шилжүүлсэн 46.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн СД бичлэгийг хэрэв үнэлээгүй бол хэрхэн яагаад үнэлээгүй тухай, нотлох баримт мөн эсэх, эсхүл нотлох баримтаас хассан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан гэрээнүүдийн бичвэр, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, гэрээний оролцогч БНСУ-ын иргэн Юу Ху Ёлд төлбөр төлсөн эсэх зэрэгт бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй.

Эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх хуулийн боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Я.Н-гээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Я.Н-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                    Л.АМАРСАНАА