Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 47

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01001/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Б.Р-т холбогдох

“Г.Г-ий эмчилгээний зардал 2.750.000 төгрөг, онгоцны тийзний зардал 2.306.700 төгрөг нийт 5.056.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Н-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Б.Р-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Д.Н-гаас:

 Миний хүү Г.Г- нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б.Р-ын жолоодож явсан 22-48 Дах дугаарын Соната машинд мөргүүлж биедээ гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал, зүүн чамархайн ясны хугарал, элэгний няцрал, нүүрний болон хамрын хянга ясан няцрал, гавлын хөндийн цус хуралт, тархины эдийн цөмрөл няцрал, дарагдал гэх мэт гэмтлүүдийг авсан. Энэ гэмтлийн улмаас Монгол Улсад эмчлэгдэж байгаад Солонгос улс руу нарийн шинжилгээ эмчилгээнд 2018 оны 07 дугаар сарын 10-нд явсан. Солонгос улс руу очиж гэмтэлтэй холбоотой бүх шинжилгээг өгч үзүүлсэн зардалд 2.750.000 төгрөг (1.250.000 вон) зарцуулагдсан. Хүү, бид 2-ын онгоцны тийзний зардалд 2.306.700 төгрөг зарцуулагдсан. Иймд Б.Р-аас 5.056.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч миний бие нь Б.Р-аас хүү Г.Г-ий эмчилгээний зардалд 2.750.000 төгрөг, онгоцны тийзний зардалд 2.306.700 нийт 5.056.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь гаргаж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа 502.942 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь миний бие хүү Г.Г-ийг Солонгос улсад эмнэлэгт хэвтүүлж тархи толгойн зураг авхуулж шинжилгээ хийлгүүлсэн. Бага насны хүүхдийг наркозод оруулж тархины зураг авдаг журамтай юм билээ. Тиймээс эмнэлэгт хэвтсэний төлбөр 228.610 вон буюу Монгол төгрөгөөр 502.942 төгрөг болсон. Нэхэмжлэл гаргах үед энэ талын баримт нь Солонгос улсаас ирээгүй байсан учир нэхэмжлэлдээ оруулаагүй байсан юм. Одоо баримт нь ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага 502.942 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5.559.642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Р-аас:

...Д.Н-гийн түрээсийн төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Д.Н-д хамгийн эхний шүүх хурал хүртэл 1.696.619 төгрөг өгсөн. Дараа нь Д.Н-д 680.000 төгрөг төлсөн. 2 дахь шүүх хурлын дараа 1.560.000 төгрөг, нийт 4.210.000 төгрөг Д.Н-д төлсөн. Д.Н-д ямар нэг нотлох баримтгүй 100.000 төгрөг, 2017.10.05-ны өдөр Пүрэв гэдэг хүнтэй цайны газар уулзаж бэлнээр 50.000 төгрөг, 2017.10.08-ны өдөр цайны газар Пүрэв гэдэг хүнтэй уулзаж бэлнээр 100.000 төгрөг, 10 ширхэг хуушууртай, 2017.10.10-ны өдөр нэг бүтэн хонины махыг турк сургуулийн шар байранд Д.Н-д аваачиж өгсөн. Анхан шатны шүүхийн шүүх хурлын өмнө 200.000 төгрөгийг өөрийн өмгөөлөгч Л.Оюунсувдаар дамжуулан Д.Н-д бэлнээр өгсөн. Д.Н-д баримтгүй нийт 550.000 төгрөг өгсөн. Д.Н-д баримтаар болон баримтгүй нийт 4.760.000 төгрөг төлсөн. Гэтэл Д.Н-гийн хүүгийн эмчилгээний зардалд нотлох баримтаар харахад ердөө 640.000 төгрөг зарцуулсан байдаг. Би Д.Н-гийн хүүгийнхээ эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр эмчилгээний зардлыг намайг төл гэсэн шийдвэр гараагүй. Харин шаардлагатай тохиолдолд хүүгийн эмчилгээний төлбөрийг төл гэсэн шийдвэр гарсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу 1.500.000 төгрөгийг төлсөн. Д.Н- надаас түрээсийн төлбөрт 450.000 төгрөгийг 4 сараар тооцон хүүгийнхээ эмчилгээний зардалтай нийт 4 сая гаруй төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Д.Н-гийн түрээсийн сарын төлбөр 170.000 төгрөг байсан. Д.Н-д ямар ч төлөх ёсгүй 500.000 төгрөгийг төлсөн байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Р-аас 1.314.157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, үлдэх 4.063.257 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 35.976 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Н- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би нийт 5.559.642 төгрөг нэхэмжилснээс 1.314.157 төгрөгийг л шүүх ханган шийдвэрлэсэн байна. Хүүхдээ эмчлүүлэхээр Бүгд найрамдах Солонгос улс руу миний явсан онгоцны тийзний үнэ болох 1.185.100 төгрөгийг хассан. Насанд хүрээгүй бага насны хүүхдийг би өөрөө авч явахгүй хэн нэгэнд дайгаад эмчлүүлээд өгөөрэй гэж явуулж болохгүй байсан учраас би өөрөө асрамжлан явахаас өөр аргагүй болсон. Энэ байдлыг шүүх харгалзан үзэхгүйгээр намайг өөрөө зардлаа хариуцан даах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг гарснаас хойш шүүх хурал болох хүртэл би Б.Р-аас 1.969.619 төгрөг авсан. Б.Р- нь эмнэлэгт хэвтэж байхад өгсөн мөнгийг нь хурлын явцад нэг бүрчлэн тооцон тайлбарласан, хэрхэн зарцуулснаа нотолсон. 2018.03.02-ны өдрийн 257 дугаартай захирамжаар бид эвлэрснийг шүүгч баталсан. Энэ үед нэхэмжилж байсан мөнгө сүүлийн гаргасан нэхэмжлэлд оруулж нэхэмжлээгүй байхад шүүх 1.564.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас мөн хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би зөвхөн сүүлийн нэхэмжлэлдээ Бүгд найрамдах Солонгос улс руу явсан зардлыг баримтжуулж нэхэмжилсэн, давхардуулан нэхээгүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасан заалтыг намайг зөрчсөн гэж үзэн гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би гэрийн гадаа тоглож байсан хүүхдийг хүн дагаж яваад хөдөлгөөнд оролцсон гэж урьдчилан мэдэх боломжгүй байсан, мөн миний хүүхэд явган хүний гарцаар гарч байхад эцэг эхгүй явж байгаа нь буруу гэж дайраад байж болдог юм уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар өөрчилж гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Н- нь өөрийн бага насны хүү Б.Г-ий эрх ашгийг шүүхэд төлөөлж түүнд учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардлыг хариуцагч Б.Р-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Гэм хорын хохирол төлөх үндэслэл болсон үйл явдал болон гэм буруугийн талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд дээрх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тогтоогдсон байна.

Харин хохирлын  зайлшгүй байдал болон хохирлын хэмжээний талаар хариуцагч тал маргасан боловч хариу тайлбар, татгалзлаа шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал хохирогч Б.Г-ийг БНСУ-д эмчилгээ оношилгоо хийлгэхдээ төлсөн мөнгөний баримт болон Солонгос улс руу явсан нислэгийн тийзэнд мөнгө төлсөн баримтуудыг шүүхэд албан ёсны орчуулга хийлгэн ирүүлжээ.

Гэвч Солонгос улсад зайлшгүй үзлэг шинжилгээ хийлгэх шаардлага бий болсон  тухайлбал гэмтэлтэй холбоотой ямар нарийвчилсан үзлэг шинжилгээ хийлгэх  шаардлага үүссэн талаар шүүхэд нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаагүй байна. 

Иймд гарсан зардлыг зайлшгүй гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хэдий тийм боловч гэмт хэргийн улмаас авсан гэмтлийн үр дагаврыг гадаадад нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгэсэн байдлыг буруутгах боломжгүйгээс гадна хариуцагч тухайн үзлэг шинжилгээний зардлыг гаргуулсныг давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргахдаа зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч Д.Н-гийн миний онгоцны зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд анхан шатны шүүхэд гаргасан баримтууд нь хоорондоо зөрүүтэй тухайлбал хүү Б.Г- нь Korean Air компани нислэгийн тийз төлсөн баримттай байхад Д.Н- нь МИАТ-ийн нислэгийн тийзийг  IATA   тийз захиалах үйлчилгээ эрхэлсэн компаниар захиалж авсан мөн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн МИАТ компани нислэгийн суугчийн талон зэргийг  шүүхэд баримтаар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх  хуралдаанд оролцоогүй тул шүүх тодруулж асуух замаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                      

  

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                О.НАРАНГЭРЭЛ