Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/02096

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/02096

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А,

 

Нэхэмжлэгч: Н.Д нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б,

 

Хариуцагч: Ж.О нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 109.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, гэрээний үнийн үлдэгдэл 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А, Н.Д, тэдгээрийн өмгөөлөгч М.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах дотор байрлах 26 тоот цайны газрыг 80.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон бөгөөд та нар энэ хөрөнгийг авах юм бол насан туршдаа санаа зовохгүй амьдрах болно гэж хариуцагч нар хэлэхэд нь итгэж нэхэмжлэгч Н.Д би Увс аймаг дахь нэг өрөө байраа зарж, нэхэмжлэгч Б.А би аавынхаа Увс аймаг дахь хашаа байшин чацарганы талбай гэх зэргийг нь заруулсан. Бид зөвхөн тухайн хөрөнгөнд найдаж өөрсдийн гэсэн бүх зүйлээ худалдаж, тэр цайны газар тэр хүмүүст итгэн хотод ирж байр хөлслөн амьдрах болсон. Хариуцагч нь бидний хамаатан худ ургийн хүмүүс учир маш их итгэсэн. Гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч бид 2012 оны 08 дугаар сарын 20-ноор 10.000.000 төгрөгийг бэлнээр Ж.От өгөөд улмаар хариуцагч Д.Бы Хаан банкны тоот дансанд 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч Ж.О нь та нар мөнгөө цувуулж өгөх юм бол 100.000.000 төгрөг өг түүний дараа бичиг баримтыг шилжүүлж өгнө гэсэн. Тиймээс бид 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 40.000.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 80.000.000 төгрөг өгсөн. Хариуцагч нар нь эхнэр нөхөр бөгөөд бидэнд хэлэхдээ мөнгө бүрэн өгсний дараа тухайн цайны газрын бичиг баримтыг шилжүүлэн өгнө, надад танил тал их бий асуудалгүй гэж хэлдэг. 2013 оны 07 дугаар сард Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч бидний 26 тоот цайны газар бүрэн устсан. Ингээд Нарантуул олон улсын худалдааны төвөөс хохирлоо нэхэхэд бид шинээр дахин барьж бүх хүмүүстээ хөрөнгийг нь буцаан өгч хохиролгүй болгоно гэсэн, бид дахин хүнсний зах баригдахыг нь хүлээсан ба зах баригдаж ашиглалтад орсон. Ингээд тухайн худалдан авсан цайны газрынхаа бичиг баримтыг авах гэтэл бидэнд худалдсан 26 тоот цайны газрыг хариуцагч Ж.О нь Нарантуул олон улсын худалдааны төвөөс өөрсдөө түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд бусдын хөрөнгийг бидэнд худалдаж биднээс мөнгө авсан байгаа юм. Энэ тухай цагдаад хандъя гэхээр хариуцагч Ж.О нь нэхэмжлэгч Б.А миний нөхрийн төрсөн дүү учир өгч чадаагүй. Иймд бид бэлэн өгсөн 80.000.000 төгрөг, мөн 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хотод ирж байр хөлслөн амьдарсан мөнгө болох сар бүр 650.000 төгрөг нийт 40 сар хөлслөн суусан 26.000.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 3.000.000 төгрөг зэрэг нийт 109.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нар биднийг хуураагүй бол өнөөдөр нэхэмжлэгч Н.Д, Б.Аийн аав болох Батжаргал нарын 3 айлын 13 хүн хотод шилжин ирж байр хөлслөн өдөр хоногийг арай ядан өнгөрөөх энэ байдал үүсэхгүй байсан болов уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.О, Д.Б нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний эгч Энхцэцэг нь 2000 оноос хойш Нарантуул олон улсын худалдааны төв дээр цайны газар /28 тоот цайны газар/ түрээслэж Нарантуул олон улсын худалдааны төвийг шатах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үед 2001 онд нэхэмжлэгч Б.А нь манай эгчийн цайны газарт анх бэлтгэгчээр ажилд орж яваандаа миний ах болох Энхтүвшинтэй гэр бүл болсон билээ. Энэ хугацаанд манай эгчийн цайны газарт олон жил ажилласан. Үүнээс хойш миний бие Ж.О нь 2006 онд анх Нарантуул олон улсын худалдааны төв дээр 26 тоот цайны газрыг албан ёсоор түрээсийн эрхийг худалдан авч улмаар 2012 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. 2011 оноос 2012 оныг хүртэл нэхэмжлэгч Б.Аийг өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажиллуулж байсан. Тухайн үеийн ханшаар яагаад ийм өндөр цалинтай ажиллуулж байсан шалтгаан нь манай цайны газрын тооцоо, орлого зарлага, данс барих гэх мэт итгэл хүлээх ажлыг хийлгэдэг байсан. Мөн 2012 онд тус цайны газрыг зарах болсон шалтгаан нь гэвэл миний нөхөр болох Д.Бы хөл муудаж зогсоогоороо ажил хийх боломжгүй болсон. Мөн манай хүүхэд өвчтэй есөн сар эмнэлэгт хэвтэж байсан, миний бие өглөө 05 цагаас өдрийн 17-18 цаг хүртэл ажилладаг байсан учраас бие муудаж ядаргаанд орж ажил хийхэд хүнд байсан. Энэ үед миний ах Энхтүвшин нь манай эхнэрийг ажиллуулаач гэсэн санал тавьсан ба ахынхаа хүсэлтийн дагуу итгэл хүлээлгэн нэхэмжлэгч Б.Аийг өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажиллуулсан. Энэ хугацаанд манай гэр бүлийн эрүүл мэндийн асуудал их хүнд байсан учир цайны газраа зарах яриа үүсгэхэд нэхэмжлэгч Б.А маш их сонирхон ах дүү нартайгаа ярилцах тухайгаа хэлж өгвөл авчих юмсан гэх санааг гаргасан. Нэхэмжлэгч Б.А нь нэг жилийн хугацаанд манай цайны газарт ажиллахдаа манай цайны газрын бүх тооцоо болон өдрийн хэдэн төгрөгийн орлого олдог байсан талаар мэддэг байсан ба манай цайны газрыг худалдан авах сонирхолтой гэдгээ маш олон удаа илэрхийлж байсан. Ингээд 2012 оны турш цайны газрыг худалдаж авах хүсэлтэй байгаа талаар хэлсэн ба мөнгө төгрөгийн талаар ах дүү нартайгаа ярилцаад 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс урьдчилгаа болох мөнгөө авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нэхэмжлэгч Н.Д нь надтай утсаар ярьж би танд 100.000.000 төгрөг болгоод өгье та түр хүлээгээч гэдэг саналыг тавьсан ба би саналыг хүлээж авсан. Энэ үлдэгдэл мөнгөнд засварын мөнгө багтсан болно. Б.А, Н.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.А, Н.Д нарт бид хүчээр цайны газрын түрээслэх эрх, цайны газрын тоног төхөөрөмж, доторх эд зүйлийг зараагүй ба хоёр талын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр аман хэлцэл хийгдсэн. Мөн нэхэмжлэгч Б.А нь тухайн цайны газрын түрээсийн эрхийг худалдаж авахдаа мэдэж байсан гэтэл нэхэмжлэл дээрээ бусдын эд хөрөнгийг зарсан гэх мэт утгагүй зүйл бичсэн байна. Нэхэмжлэлдээ дурьдсан та нар энэ хөрөнгийг авах юм бол насан туршдаа санаа зовохгүй амьдрах болно гэж хэлсэн үг бол миний хэлсэн үг биш. Нарантуул олон улсын худалдааны төвийн эзэн Сайхайнсамбуу гуай гал гарч хүнсний зах шатсаны улсаас түрээлэгч нартай уулзалт хийх үед хэлж байсан үг юм. Мөн тухайн цайны газрын түрээсийн эрхийг худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулаад жил болж байхад ийм асуудал гараагүй ба гадны нөлөөгөөс болж гал гаран тус объект шатахад гэнэт ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь ор үндэсгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 40 сар хөлслөн суусан гэх 26.000.000 төгрөгийг өгөхгүй, учир нь бид Нарантуул олон улсын худалдааны төвийг шатаагаагүй ба Нарантуул олон улсын худалдааны төвийн шатсан объектын шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн өмгөөлөгчийн хөлс болох 3.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би анх нэхэмжлэгч Б.А, Н.Дтай амаар болон дугаартай утсаар харилцан тохиролцон өөрийн Нарантуул зах дээр хөлслөн ажиллуулж байсан цайны газраа 100.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаа 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 80.000.000 төгрөг авсан. Б.А, Н.Д нар нь үлдэгдэл 20.000.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байх бөгөөд энэхүү амаар тохиролцсон хэлцлийн дагуу тэрээр тухайн цайны газрыг надаас авч 1 жил бие даан ажиллуулан тодорхой орлого олсон байгаа. Гэтэл хэлцлээр тохирсон мөнгөө гүйцээж өгөхгүйгээр өнөөдрийг хүртэл хугацаанд намайг хохироож байна. Иймд Б.А, Н.Д нараас үлдэгдэл 20.00.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.А, Н.Д, тэдгээрийн өмгөөлөгч М.Ц нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А, Н.Д нар нь хариуцагч Ж.О, Д.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 80.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол 29.000.000 төгрөг, нийт 109.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ж.О нь нэхэмжлэгч Б.А, Н.Д нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2012 оны 08 дугаар сард амаар тохирч, хариуцагч Ж.О нь Нарантуул худалдааны төвийн хүнсний захын 26 тоот цайны газрын эзэмшлийг нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.А, Н.Д нар нь хариуцагчид 80.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, тус объект гал түймэрт шатаж устсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар зохигчдын маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь цайны газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч нар цайны газрын түрээсийн эрхийг тоног төхөөрөмжийн хамт худалдсан гэж маргаж байна.

 

Зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн талаарх лавлагаагаар гэрээний зүйл болох цайны газрын өмчлөгч нь Нарантуул трейд ХХК, харин хариуцагч Ж.О Нарантуул трейд ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшигч болох нь тогтоогджээ /хх-190-192/.

 

Мөн нэхэмжлэгч Б.А нь худалдах, худалдан авах гэрээний дагуу цайны газрыг эзэмшиж, ашиглаж байхдаа буюу 2013 оны 01-07 дугаар саруудад Нарантуул трейд ХХК-д түрээсийн төлбөр төлж байснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан гэж ойлгосон гэх түүний тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд дээр дурдсан баримтыг талуудын тайлбартай харьцуулж үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй.

 

Мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргахаар хуульчилсан байна.

 

Хариуцагч Ж.О нь Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бусад шилжүүлж болох бөгөөд Нарантуул трейд ХХК түрээсийн гэрээгээр өөрийн өмчлөлийн объектыг бусдад аливаа хэлбэрээр шилжүүлэхийг түрээслэгчид хатуу хориглодог тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн /хх-225/.

 

Иймээс хариуцагч Ж.О нь 26 тоот цайны газрын түрээсийн эрхийг Нарантуул трейд ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч нарт худалдах эрхгүй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан эрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэстэй.

 

Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд гэрээний талуудын эрх, үүргийн хэрэгжилт, түүнчлэн гэрээнээс татгалзах асуудал яригдахгүй ба хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч тал гэрээний дагуу шилжүүлсэн 80.000.000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардсан нь үндэслэлтэй, харин хариуцагч тал гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

 

Түүнчлэн цайны газар гал түймэрт шатаж устсаны дараа Нарантуул трейд ХХК-аас хариуцагч Ж.Оийн нэрийг цагдаагийн байгууллагад хүргүүлснээр эрүүгийн тоот хэрэгт тоот цайны газрын хохирогчоор тогтоогдон галын улмаас өөрт учирсан 5.392.500 төгрөгийн хохирлоо нэхэмжилсэн /хх-246-251/, мөн шатсан хүнсний захын суурин дээр баригдсан Баялаг ундраа худалдааны төвд ажлын байр сонгох эрх олгосон зэргээс үзэхэд түүний түрээслэгчийн эрх дуусгавар болоогүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэлд 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх 40 сарын хугацаанд Улаанбаатар хотод байр хөлсөлсний зардал сар бүр 650.000 төгрөг, нийт 26.000.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй хэдий ч худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэнээр нэхэмжлэгч Улаанбаатар хотод байр хөлсөлж хохирсон, мөн өмгөөлөгчид зардал төлсөн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсаныг үндэслэн шүүх хариуцагч Ж.О, Д.Б нараас 80.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А, Н.Д нарт олгож, нэхэмжлэлээс хохирол 29.000.000 төгрөг гаргуулах шаардлага болон нэхэмжлэгч Б.А, Н.Д нараас 20.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.О, Д.Б нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.О, Д.Б нараас 80.000.000 /наян сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А, Н.Д нарт олгож, нэхэмжлэлээс 29.000.000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Б.А, Н.Д нараас 20.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.О, Д.Б нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 702.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О, Д.Б нараас 557.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А, Н.Д нарт олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА