Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2084

 

 

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02084

 

 

Б.А, Н.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А

Нэхэмжлэгч: Н.Д нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б

Хариуцагч: Ж.О  нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 109 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээний үнийн үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т

Хариуцагч Ж.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах дотор байрлах 26 тоот цайны газрыг 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар Д.Б , Ж.О  нартай тохирсон.

2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг бэлнээр Ж.О т өгөөд улмаар хариуцагч Д.Б ы Хаан банкны 5003487947 тоот дансанд 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөг шилжүүлсэн.

Хариуцагч Ж.О  нь мөнгөө цувуулж өгөх юм бол 100 000 000 төгрөг өг түүний дараа бичиг баримтыг шилжүүлж өгнө гэсэн. Тиймээс бид 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 40 000 000 төгрөг  шилжүүлж нийт 80 000 000 төгрөг өгсөн.

Хариуцагч нар нь эхнэр, нөхөр бөгөөд бидэнд хэлэхдээ мөнгө бүрэн өгсний дараа тухайн цайны газрын бичиг баримтыг шилжүүлэн өгнө, надад танил тал их бий асуудалгүй гэж хэлдэг.

2013 оны 07 дугаар сард “Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал гарч бидний 26 тоот цайны газар бүрэн устсан. Ингээд “Нарантуул” худалдааны төвөөс хүнсний захыг дахин барьж ашиглалтад оруулсан ч цайны газрын зориулалтаар талбай өгөөгүй.

Ингээд тухайн худалдан авсан цайны газрынхаа бичиг баримтыг авах гэтэл бидэнд худалдсан 26 тоот цайны газрыг хариуцагч Ж.О  нь “Нарантуул” худалдааны төвөөс өөрсдөө түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд бусдын хөрөнгийг бидэнд худалдаж биднээс мөнгө авсан.

Хариуцагч Ж.О  нь миний нөхрийн төрсөн дүү учир тухайн үед цагдаад хандаагүй.

Иймд бидний бэлнээр өгсөн 80 000 000 төгрөг, мөн 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хотод ирж байр хөлслөн амьдарсан мөнгө болох сар бүр 650 000 төгрөг нийт 40 сар хөлслөн суусан 26 000 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 3 000 000 төгрөг, нийт 109 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эгч н.Энхцэцэг нь 2000 оноос хойш “Нарантуул” худалдааны төв дээр цайны газар /28 тоот цайны газар/ түрээслэж “Нарантуул” худалдааны төвийг шатах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан.

Энэ үед 2001 онд нэхэмжлэгч Б.А нь манай эгчийн цайны газарт анх бэлтгэгчээр ажилд орж яваандаа миний ах болох н.Энхтүвшинтэй гэр бүл болсон билээ. Энэ хугацаанд манай эгчийн цайны газарт олон жил ажилласан. Үүнээс хойш миний бие Ж.О  нь 2006 онд анх “Нарантуул” худалдааны төв дээр 26 тоот цайны газрыг албан ёсоор түрээсийн эрхийг худалдан авч улмаар 2012 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан.

2012 онд цайны газраа ажиллуулах боломжгүй болсон бөгөөд энэ үед миний ах н.Энхтүвшин нь манай эхнэрийг ажиллуулаач гэсэн санал тавьсан ба ахынхаа хүсэлтийн дагуу итгэл хүлээлгэн нэхэмжлэгч Б.Аийг өдрийн 50 000 төгрөгийн цалинтай ажиллуулсан.

Манай гэр бүл цаашид цайны газрыг ажиллуулах боломжгүй байдалд ороход Б.А цайны газрыг худалдаж авах хүсэлтэй байгаа талаар хэлсэн ба 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс урьдчилгаа мөнгөө авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нэхэмжлэгч Н.Д нь “би танд 100 000 000 төгрөг болгоод өгье, та түр хүлээгээч” гэдэг саналыг тавьсан. Энэ үлдэгдэл мөнгөнд засварын мөнгө багтсан болно.

Хоёр талын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр аман хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэгч Б.А нь тухайн цайны газрын түрээсийн эрхийг худалдаж авахдаа мэдэж байсан.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 40 сар орон сууц хөлслөн суусан гэх 26 000 000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Цайны газраа 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон урьдчилгаанд 80 000 000 төгрөг авсан тул  үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч Ж.О , Д.Б  нараас 80 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А, Н.Д нарт олгож, нэхэмжлэлээс 29 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Б.А, Н.Д нараас 20 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.О , Д.Б  нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 702 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О , Д.Б  нараас 557 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А, Н.Д нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.А, Н.Д нар нь 2012 оны 09 дүгээр сарын       01-ний өдөр хариуцагчийн ажиллуулж байсан Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захын 26 тоот цайны газрыг шилжүүлэн авч 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд ажлуулан үр шимийг нь хүртэж байсан болон гэрээний дагуу түрээсийн эрх, эд хогшлын төлбөрийг бэлэн төлбөл 80 000 000 төгрөг, хэсэгчлэн төлбөл 100 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон болох, урьдчилгаа 80 000 000 төгрөгийг 3 удаа таслан төлсөн талаар талууд маргаагүй болох нь тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Мөн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсан бөгөөд Б.А нь хадам дүү Ж.О ийг өөрийнхөө өмнөөс хохирогчоор Баянзүрхийн цагдаагийн хэлтэст хандахыг гуйснаар Ж.О  нь хохирогч хэмээн өнөөдрийн өдрийг хүртэл явж байгаа болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан түрээсийн эрх зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Б.А, Н.Д нар нь 26 тоот цайны газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үр шимийг нь 1 жилийн хугацаанд хүртсэн болох нь харагдаж байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зүйлчлэл адилхан үйлчилнэ. Талууд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу үнийг бүрэн төлсний дараагаар эрхийг шилжүүлэхээр тохиролцсон болох нь харагддаг ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй болохыг анхаарах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Н.Д нь “Түрээсийн нэр шилжүүлэхээ та байж бай, дараа нь зарах болохоороо шууд таны нэрнээс шилжүүлсэн нь дээр” хэмээн хариуцагч Ж.О ээс гуйсан талаар мэдүүлдэг. Үүнийг нэхэмжлэгч Н.Д нь үгүйсгээгүй болохыг анхаарах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох “Нарантуул” ХХК-иас ирсэн мэдүүлэгт Нарантуул төвийн хүнсний зах шатснаас хойш 2016 оны 01 дүгээр сарын 17 өдөр ашиглалтанд орж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хуучин түрээслэгчиддээ худалдааны зориулалттай талбай санал болгосон болох нь нотлогддог.

Гэтэл нэхэмжлэгч Б.А, Н.Д нар нь цайны газрын зориулалттай талбай оногдохгүй болохыг мэдэнгүүтээ худалдааны зориулалттай талбай түрээслэхгүй, зөвхөн цайны газрын зориулалтай талбай түрээслэнэ хэмээн шаардлага гаргаад байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ "Ингээд Нарантуул худалдааны төвөөс хохирлоо нэхэхэд бид шинээр дахин барьж бүх хүмүүстээ хөрөнгийг нь буцаан өгч хохиролгүй болгоно гэсэн тэгээд бид дахин хүнсний зах баригдахыг нь хүлээлээ зах баригдаж ашиглалтад орлоо" хэмээн дурьдсан байдлаас харахад Нарантуул худалдааны төвийн хүнсний зах шатсан үеэс буюу 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь өөрөө тухайн процессыг сайн мэддэгийн хувьд ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр шинээр баригдах худалдааны төвийг хүлээж байсан болон ашиглалтанд орсон худалдааны төвд цайны зориулалттай талбай байхгүй нөхцөл байдал үүссэн зэрэг нь нотлогддог.

Мөн нэхэмжлэгчид нь 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хариуцагч нарт хандан ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасны дагуу Б.А, Н.Д нар нь эд хөрөнгийг шилжүүлэн авч 1 жилийн хугацаанд ажиллуулан үр шимийг нь хүртэж байсан ба эд хөрөнгө устаж үгүй болох эрсдлийг ч мөн үүрэх үүрэгтэй хэмээн үзэж байна.

Хэрэв “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шатаагүй эсвэл 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шинээр ашиглалтанд орохдоо цайны газрын зориулалттайгаар баригдаж хуучин түрээслэгч нарт нь шилжүүлэн өгсөн байсан бол 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь шүүхэд  нэхэмжлэл гаргаж энэхүү маргаан үүсэхгүй байсан нь тодорхой харагддаг.

“Нарантуул” ХХК-иас ирүүлсэн тодорхойлолт нь шууд буюу анхдагч нотлох баримт биш хэмээн үзэж байна. Анхдагч нотлох баримт нь “Нарантуул” ХХК болон Ж.О  нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ болно. Тухайн үед “Нарантуул” ХХК болон Ж.О  нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 1 хувь буюу өөрт оногдох хувийг Ж.О  нь Б.Ат худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэхдээ дагалдуулан өгсөн нь шатсан тул бидний зүгээс гаргаж өгөх боломжгүй болсон байдаг. Түрээсийн гэрээнд талууд хэрхэн тохиролцсон болохыг нотлох боломжгүй юм. Гэтэл Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатах үед талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь устаж үгүй болсон хэмээн “Нарантуул” ХХК нь албан бичиг явуулдаг ч энэ нь туйлын үнэн хариулт биш юм аа. Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсантай холбоотой Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Хариуцагч болон гэрчүүд нь Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад байрладаг байсан цайны газруудын түрээсийн эрхийг зарж болдог байсан бөгөөд өөрсдөө ч мөн худалдан авч үйл ажиллагаа явуулж байсан болохоо мэдүүлдэг. Нарантуул ХХК нь өөрийн эсрэг нотлох баримт үүсэх нөхцөл байдал бий болохоос зайлсхийж, үнэн зөв мэдүүлэг өгөөгүй хэмээн үзэж байна. Нарантуул ХХК-ийн ирүүлсэн тодорхойлолтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө нотлох үүрэгтэй байтал шүүх нь ямар ч үндэслэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зйүлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулан өөрөө нотлох баримт цуглуулах, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргийг нэхэмжлэгчийн өмнөөс гүйцэтгэж буй нь нэхэмжлэгч талд үйлчилсэн, гэрчүүдийн болон хариуцагчийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хариуцагчийн эрхийг хязгаарласан үйлдэл хэмээн үзэж байна.

Мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч прокурорын газраас хохирогчоор хэн тэмдэглэгдсэн талаарх тодорхойлолтыг гаргуулах хүсэлтийг гаргасныг шүүгч нь хангаагүй захирамж гаргасан мөртлөө шүүх хуралдааны шийдвэр гаргах мөчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хурлыг хойшлуулан прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар өөрчлөж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Ж.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Золжаргал нь шүүх хуралдаан дээр прокурорын газар шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт Ж.О  нь хохирогчоор тэмдэглэгдсэн талаар хүлээн зөвшөөрсөн байтал тухайн тодорхойлолтыг гаргуулахаар хурлыг хойшлуулж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгчид нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 -д заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа эрхийн доголдолтой эсэхийг шалгах үүрэгтэй байсан. Гэтэл үүргээ биелүүлээгүй учир шаардах эрхээ алдсан хэмээн үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн үзэж байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэмээн заасан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

   Нэхэмжлэгч Б.А, Н.Д нар нь хариуцагч Д.Б , Ж.О  нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 109 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний үнийн үлдэгдэл 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.Алтанчимэг, Н.Д болон хариуцагч Д.Б , Ж.О  нарын хооронд “Нарантуул трейд” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан, тус компанийн өмчлөлийн, Нарантуул худалдааны төвийн хүнсний захын 26 тоот цайны газрыг түрээслэх эрхийг цайны газрын тоног төхөөрөмжийн хамт худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 08 дугаар сард амаар байгуулж, Д.Б , Ж.О  нар нь цайны газрын талбайг тоног төхөөрөмжийн хамт А.Алтанчимэг, Н.Д нарт шилжүүлэн өгсөн, А.Алтанчимэг, Н.Д нар нь 80 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээний үнийг нэхэмжлэгч тал 80 000 000 төгрөг гэж тодорхойлсон бол хариуцагч тал 100 000 000 төгрөг гэж маргасан.

 

Харин хариуцагч нар нь уг цайны газрыг түрээслэх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлж өгөөгүй талаар маргаангүй боловч энэ эрхийг шилжүүлж өгөөгүй үндэслэлээ нэхэмжлэгч талыг гэрээний үнийг бүрэн төлөөгүй гэж тайлбарласан байна.

 

“Нарантуул трейд” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний түрээслэх эрхийг хариуцагч тал нэхэмжлэгч талд шилжүүлж өгөхөөс өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал түймэр гарсны улмаас шатсан учир хариуцагч тал нь худалдсан эрхийг цаашид захиран зарцуулах боломжтой байдлаар нэхэмжлэгч талд шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

 

“Нарантуул” худалдааны төвд гал түймэр гарсантай холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Ж.О  хохирогчоор тогтоогдож, улмаар “Нарантуул трейд” ХХК-иас нөхөн төлбөрөөр олгосон, “Баялаг ундраа” худалдааны төвд ажлын байр сонгох эрх нь хариуцагч Ж.О т байгаа үйл баримт тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг зааснаар зөрчлийг арилгуулах талаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн 80 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.  

 

Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч тал нь өөрийн эзэмшилд шилжүүлсэн авсан зүйлийг хариуцагч талд буцаан өгөх үүрэгтэй боловч боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой зайлшгүй гарсан зардал, олсон ашгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрх хариуцагчид бий боловч сөрөг нэхэмжлэлээр шаардаагүй учраас энэ шийдвэрээр шийдвэрлэх боломжгүй юм.

 

Харин нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан үндэслэлээр талуудын хооронд шилжүүлсэн зүйлийг буцаан олгох тул хариуцагч тал нь гэрээний төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхгүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Хариуцагч Ж.О  нь нэхэмжлэгч Б.Аийн хүсэлтээр түүний өмнөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдож оролцож байгаа, нэхэмжлэгч нар цайны газрын зориулалттай талбай оногдохгүй болохыг мэдэнгүүтээ худалдааны зориулалттай талбай түрээслэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02096 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.8” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 722 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА