| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0034/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2017-06-22 |
| Зүйл хэсэг | 098.1., 099.1., |
| Улсын яллагч | С.Энхмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч С.Энхмаа,
шүүгдэгч Р.*******ы өмгөөлөгч С.Ичинхорлоо,
шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Э.Чулуунбат,
хохирогч, шүүгдэгч Р.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0037 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, -ны өдөр анд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дугаар хороо, Хилчиний 87 дугаар гудамжны 13 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:
Ц.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.*******ыг дэлгүүрийн худалдагчаас мөнгө нэхлээ гэж хэлэхэд нь түүнтэй маргалдан толгойн тус газар нь алхаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулахад яллагдагч Р.******* нь түүний баруун хавирга 2 удаа өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ц.******* нь Р.*******ы эцэг Д.Равзанаадаагийн малыг маллан тэдгээртэй цалин хөлсний маргаан үүсгэн хувийн таарамжгүй харилцаатай байх үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар , тоотод оршин суух гэртээ 18 цагийн орчим Р.*******ыг “та ганц хоёр хоног ажилчихаад дэлгүүр дээгүүр манай худалдагч Цэнд-Аюушаас мөнгө нэхээд яваад байхдаа яадаг юм бэ” гэж хэллээ гээд зуухны хажууд байсан шар өнгийн 27 см урттай 5-6 кг орчим жинтэй Равзанаадаагийн нүүрс буталдаг төмөр иштэй латуун алхаар түүний толгойн тус газарт цохиж хуйханд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой би гэртээ согтуу сууж байсан чинь ******* орж ирсэн. Тэгээд намайг яагаад ”худалдагчаас мөнгө нэхээд байгаа юм бэ” гэсэн. Би өөрөө *******ыг алхаар цохисон, өөрийгөө өшиглүүлснээ мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа дээр байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.*******ы өгсөн: “******* алхаар миний толгой руу цохиж хагалсан. Миний толгой 7 хоног боолттой явсан. Хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Р.*******ы өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байсан байх ...*******т хандаж “та ганц хоёр хоног ажилчихаад дэлгүүр дээгүүр манай худалдагч Цэнд-Аюушаас мөнгө нэхээд яваад байхдаа яадаг юм бэ” гэсэн ...тэгтэл урдаас ******* нь гэнэт л чамайг ална гээд зуухны хажууд байсан шар өнгийн төмөр иштэй алхыг аваад миний толгойны баруун хэсэгт цохиод толгой хагалсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.*******гийн өгсөн: “2017 оны 01 сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байхад би *******ийн гэрт яваад орсон ...манай хүү гаднаас орж ирээд *******т хандаж та хэд хоног үхэр мал малласан цалингаа авчихсан байж манай дэлгүүрийн худалдагчаас мөнгө нэхээд байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь ******* босож ирээд зуухны дэргэд байсан шар өнгийн төмөр иштэй алхыг аваад манай хүүгийн толгойны баруун хэсэгт нэг удаа цохиод толгойг нь хагалсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “...Р.******* гэх залуугийн толгойны баруун дээд хэсэгт саран хэлбэртэй язарсан шарх үүсч цус гарсан байсныг их эмч Цэрэндолгор 2 оёдол тавьсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 43 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/71 дугаар:
“1. *******ы биед хуйханд няцарсан шарх, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 54 дүгээр тал/
Хоёр. Шүүгдэгч Р.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аавыгаа хайж , тоотод оршин суух Ц.*******ийн гэрт 18 цагийн орчим орж түүнд “та ганц хоёр хоног ажилчихаад дэлгүүр дээгүүр манай худалдагч Цэнд-Аюушаас мөнгө нэхээд яваад байхдаа яадаг юм бэ” гэхэд Ц.******* түүнтэй цалин хөлсний таарамжгүй харилцааны улмаас “чамайг ална” гэж хэлээд зуухны хажууд байсан шар өнгийн 27 см урттай 5-6 орчим кг жинтэй тэдний нүүрсээ буталдаг лантуун алхаар толгойны ар газар цохиход нь өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ түүний аюултай үйлдлээс хамгаалахаар холдуулан түлхэхдээ хөлөөрөө цээжний баруун хэсэгт 2 удаа өшиглөж түүний бие махбодид нь 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ы өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 26-ны орой гэртээ ирсэн чинь аав байхгүй байсан. Аавыгаа хайгаад *******ийнхаар орсон чинь аав гэрт нь байсан. Тэгээд аавтай ганц нэг үг сольж байгаад *******ийг манай худалдагчаас яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ гэсэн чинь “ чамайг ална “ гээд алхаар толгой руу цохисон. Би цусаа харчихаад өөдөөс нь өшиглөсөн. Бид хоёр хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ийн өгсөн: “*******д өшиглүүлээд хавирга хугарсан. Эхэндээ хөндүүр байсан, одоо гайгүй болсон. Одоо *******д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******ийн өгсөн: “Миний баруун талын 9, 10 дугаар хавиргыг Р.******* өшиглөөд хугалсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.*******гийн өгсөн: “******* босож ирээд зуухны дэргэд байсан шар өнгийн төмөр иштэй алхыг аваад манай хүүгийн толгойны баруун хэсэгт нэг удаа цохиод толгойг нь хагалсан тэгэхээр нь манай хүү түүний хавирга орчимд нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “Ц.******* гэгч нь согтуу нэрээ хэлэх чадваргүй амнаас нь архи үнэртэж байсан ба биед нь үзлэг хийхэд баруун талын хавирга орчимд гурван хуруу хиртэй хавдартай их хэмжээний эмзэглэлтэй байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/72 дугаар:
“1. *******ийн биед баруун 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт, /хх-ийн 48 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 82/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа ба шүүгдэгч Ц.*******т Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хохирогч Р.******* нь шүүх хуралдаанд түүнтэй сайн дураараа эвлэрч Ц.*******т ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71-р зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх эвлэрлийн гэрээ гаргаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулж, эдгээрээс өөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тул Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй дээрх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Ц.*******т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд хүн өөрөө амьд явах, амьдрахын төлөө тэмцэх эрхтэйг болон төр нь хүний амьд явах, амьдрах эрхийг хамгаалах, хүн бүр бусад хүний амьд явах, амьдрах эрхийг хүндэтгэн сахих эрх үүргүүдийг цогц байдлаар хуулийн хамгаалалтанд оруулан бэхжүүлсэн бөгөөд Р.******* нь өөрийн амь биед аюултай хүч хэрэглэн халдаж буй Ц.*******ийн зүгээс үргэлжилсэн довтолгооныг таслан зогсоохын тулд өөрөөсөө холдуулж түлхэхдээ хөлөөрөө цээжний баруун хэсэгт 2 удаа өшиглөн, өөрийгөө хамгаалах явцдаа халдагч этгээдэд хүндэвтэр гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж шүүх үзэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0037 дугаартай хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.*******ыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Нөгөө талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 357 дугаар магадлалд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зайлшгүй шаардлагатай гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан тэдний мэдүүлгийн зөрүүг арилгах замаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулсны эцэст шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээний дотор эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн бөгөөд шүүх Ц.*******т холбогдох эрүүгийн 201701080037 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан “Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах тэгш байдлыг хангахаар тэдгээрт холбогдох хэрэгт шүүх хуралдааны товыг 8 хоногийн өмнө зарласан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 5.1.7 дахь хэсэгт “талууд” гэж шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцээнд оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээдийг, “яллах тал” гэж прокурорыг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ” гэж заасан шаардлагыг улсын яллагч нь хэрэгжүүлэх хүсэлт гаргаагүй атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно, хохирогч гэх ******* мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа нь нотлох баримт болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчин шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг нотлуулахаар тулгаж байгаа нь ойлгомжгүй, хохирогч *******ийн довтолгооныг зогсоохоор ******* аргагүй хамгаалалт хийсэн байх тул гэмт хэргийн шалтгаан нөхцөл шүүгдэгч *******ийн буруутай үйлдэлтэй холбоотой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Ц.*******, Р.*******д нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Р.*******, Ц. ******* нарт урьд авсан батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдгээрийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй алх 1 ширхэгийг устгасугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ