Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 48

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01350/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  02 дугаар сарын15-ны өдрийн 163 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

"Ажлаас халагдсаны тэтгэмж 125.945.395 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч  Б.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.О-аас:

... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй., Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийн 5.17-д Салбар, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоог нь цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан ...уг ажилтанд албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийн хувь хэмжээг хамтын гэрээгээр тохиролцон олгоно, мөн Шарын гол ХК-ийн захиргаа, ҮЭХ хоорондын байгуулсан хамтын гэрээний 6.2.2-т ...цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад ...11-15 жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгоно гэж тус тус заасны дагуу “Шарын гол” ХК нь надад ажлаас халагдсаны тэтгэмжийг өгөх үүрэгтэй болно. Би энэ талаар тус компаний Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисс болон ҮЭХ-нд тус тус өргөдөл гаргаж асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл комисс нь хариу өгөөгүй. Иймд “Шарын гол” ХК-иас ажлаас халагдсаны тэтгэмж болох 47.808 ам доллартай тэнцэх 125.945.395 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.О- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-т заалт нь компани цомхотгол хийгээд орон тоо цөөлсөн байвал Шарын гол ХК, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 6.2.2-т Тухайн ажилтан компанид ажилласан хугацаанаас хамаараад нэг удаагийн ажлаас халагдсан тэтгэмж авах ёстой байгаа. Яг энэ 40.1.1 дэх заалтаар халагдсан тохиолдолд. Би “Шарын гол” ХК-д 12 жил 6 сар ажилласан учир 12 сарын тэтгэмж авах эрх үүссэн гэж үзэж байгаа. Нэхэмжилж байгаа дүн маань би 3 сарын тэтгэмж авсан зөрүү 9 сарын тэтгэмж 125.945.395 төгрөг нэхэмжилж байгаа. Хамтын гэрээний 6.2.2-дах заалтын дагуу компаний удирдлагуудад энэ талаар хүсэлтийг тавьсан боловч хариу өгөөгүй учир би маргаан таслах комисст хандсан. Эргэж мэдэгдэнэ гэсэн боловч мөн хариу өгөөгүй учир хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байсан учир шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.О-ыг “Шарын гол” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны Б/176 дугаар Бизнес хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. “Шарын гол” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан 1 сар, түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Б.О-д 3 /нэг сарын дундаж цалин 6906.25 ам.доллар/ сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 20.718,75 ам.доллар болон ажил нэг удаа олгодог бонус 3984.37 ам.доллар буюу нийт 62.388.830,06 төгрөг олгосон. Тэрээр 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс оффис менежерээр ажиллаж байгаад, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс бизнес хөгжил хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн байх ба таны амьдралыг дэмжих зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №25 дугаар тогтоолоор амины орон сууц худалдан авахад зориулж 52,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. /20, 30 жил ажилласан олон ажилтны хэнд нь ч олгоогүй буцалтгүй тусламжийг танд олгосон байдаг/ Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл маань Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн. “Шарын гол” ХК-аас Б.О-д 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу нийт 62.388.830 төгрөгийг өгсөн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн учир дахин төлөх үүрэг байхгүй. Хамтын гэрээний 6.2.2 дахь заалт нь байгаа. Хөдөлмөрийн хуулийн 40.1-т зааснаар орон тоог цомхотгох гэсэн үндэслэлээр халсан тул хамтын гэрээний заалт хамаарахгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 3.1.2-т Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэнэ гэдэг. Хамтын гэрээний дагуу Б.О- хэдий хугацаанд компанид ажилласан бэ гэдэг нь ач холбогдолтой. Ингээд харахаар 2010 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн гэрээнээс харахад 8 сар ажилласан байгаа юм. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 5,312 ам.доллар байсан үүнийг 12-оор үржүүлж нэхсэн байгаа. Үүнээсээ 3 сарын тэтгэмж болон нэг удаа олгосон тэтгэмжээ хасахаар 43,025.72 доллар харагдаж байгаа. Хэрвээ хамтын гэрээ үйлчилнэ гэж үзвэл ажилласан жилээс нь харахад 6 сарын тэтгэмж олгох ёстой гэж бодоход 11,153.75 ам доллар буюу 29.383.439 төгрөг шаардах эрхтэй байж болох юм. Нэг сарын цалин 5,312 доллар үүнийг 6 сараар үржүүлээд 31,872 доллар үүнээс тушаалын дагуу төлөгдсөн төлбөр бонус 20,708 ам.доллар хасахаар 11,153.75 доллар болж байгаа бөгөөд үүнийг шүүхэд хандсан өдрийн ханшаар шилжүүлэн бодож үзэхэд 29.383.439 төгрөг болж байгаа. Шарын гол ХК-д үүргээ биелүүлэхгүй ажилтнаа хохироосон мэт харагдаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд нийгмийн баталгааг хангахад чиглэсэн олон арга хэмжээ авч байсны нэг нь орон сууц худалдан авахад нь зориулж 52 сая төгрөгийн буцалтгүй тусламж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгоход нөүтбүүк, агаар цэвэршүүлэгч зэргийг хувьд нь өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ын Шарын гол ХК-д холбогдуулан гаргасан ажлаас халагдсаны тэтгэмж 125.945.395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэт явцууруулж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хууль тогтоомжийн актыг хэрэглээгүй, хэт нэг талыг барьж хариуцагчийн тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлгүй байна.

            Харин хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  166 дугаар зүйлийн 166.4-т заасан шаардлагад харшлахгүй байна.

             “Шарын гол” ХК-д холбогдуулан  ажлаас  халагдсаны тэтгэмж  125.945.395 төгрөг гаргуулахыг хүссэн Б.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг буруу  гэж үзнэ.

            Б.О- нь “Шарын гол” ХК-д бизнес хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс томилогдон \хэргийн  15 дугаар тал\ ажиллаж байсан, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б\176 дугаар   тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж,  хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

            Гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэл болгосон бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харин орон тоо цомхотгосон эсэх Хамтын гэрээний дагуу тэтгэмж бодож олгох эсэх талаар маргажээ.

            “Шарын гол” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 16 дугаар тогтоолоор \хэргийн 29,30 дугаар тал\ компанийн  удирдлага, нэгжийн шинэчилсэн бүтцийн бүдүүвчийг батлахад Хөрөнгө оруулалт  бизнес хөгжил хариуцсан дэд захирлын  орон тоо  байжээ, 2018 оны 11 дүгээр сарын  06-ний өдрийн 28 дугаар тогтоолоор \хэргийн 31, 32 дугаар тал\ компанийн  удирдлага, нэгжийн шинэчилсэн бүтцийн бүдүүвчийг батлахад Хөрөнгө оруулалт бизнес хөгжил хариуцсан  дэд захирлын  орон тоо  хасагдсан байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж,  байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлснээр хөдөлмөрийн гэрээг  ажил олгогчийн санаачилгаар  цуцлах   зохицуулалттай.

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд орон тоо хасагдсан үйл баримтыг   тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй, орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд,  байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно.

            Нэхэмжлэгч Б.О- ажлаас халагдсан тэтгэмж гаргуулах шаардлагын үндэслэлээр “Шарын гол” ХК-ийн  захиргаа,  Үйлдвэрчний эвлэлийн  хорооны  хооронд  байгуулсан   хамтын гэрээг  ирүүлсэн. \хэргийн  33-40 дүгээр тал\

            Хамтын гэрээний 6.2.2 дахь хэсэгт “Үйлдвэрийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэлт хийж ажлын байр цөөлөх, цомхотгох тохиолдолд  өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад 5-10 жил ажилласан бол 6 сарын, 11-15 жил ажилласан бол 12 сарын, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа  компани олгоно”  гэж  тохиролцжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх  хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын  нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ.

            “Шарын гол” ХК-нь Б.О-д Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн 3 сарын   24.703,37 ам.доллар буюу 62.388.830,6 төгрөгийн тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн  42 дугаар зүйлийн  42.1 дэх зохицуулалтад  нийцсэн байна.

            Хамтын гэрээний 6.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д  зааснаар Б.О- тэтгэмжийн  зөрүүг  шаардах эрхтэй  байна.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг, ажилласан жилээ 2005 оноос 2018 он хүртэл, 13  жил  гэж үзэн  нийт  12 сарын  тэтгэмжийн  зөрүү 125.945.395 төгрөг гэж тодорхойлж, нотлох баримтаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбарууд  ирүүлсэн  байна.

            Гэвч Б.О-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нь 2012-2018 оны  бичвэртэй \хэргийн 57 дугаар тал\,  хөдөлмөрийн гэрээ нь  2010, 2013 он \хэргийн  5, 49 дүгээр тал\ гэж байх тул түүний  2005 оноос хойш  ажилласан  гэх тайлбарт үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын ажилласан жилтэй холбоотой хэсгийг нотолж чадаагүй учир нотлогдож байгаа хугацаа  буюу  8 жилээр тооцож 5312 ам.доллар х 2,634.40 төгрөг = 13.993.932 төгрөг х 6 сар = 83.963.596,8  төгрөг - 62.388.830,6 төгрөг = 21.574.766,8  төгрөгийг “Шарын гол “ХК-иас гаргуулах   үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2-т  зааснаар хэргийн оролцогч Б.О-  ажилласан хугацааны талаарх нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх боломжтой, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ  биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-д  заасан  үндэслэлд  хамааралгүй  байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг,

“Хөдөлмөрийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн  6.1, 18 дугаар зүйлийн  18.1.1, 42 дугаар зүйлийн  42.1-д заасныг баримтлан  хариуцагч  “Шарын гол” ХК-иас  21.574.766,8 төгрөг  гаргуулж  нэхэмжлэгч Б.О-д  олгож,  нэхэмжлэлээс 104.370.628 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтад “...57.1,56 дугаар зүйлийн  56.1...”, “...чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч “Шарын гол” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 265.824 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай”  гэж  өөрчлөлт оруулсугай.

            2. Нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамж  төлөөгүй болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                   

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ