Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/01350/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... хот, .................... дүүрэг, ......... хороо, ............ гудамж .........байр, .... тоотод оршин суух ......... овгийн Б.О- /РД: ..........., утас:  .........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймаг, .......... сум, ..........багт байрлах “Ш.Г” ХК /РД:......, утас: .........../-д холбогдох

“Ажлаас халагдсаны тэтгэмж 125,945,395 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.О-миний бие 2005 оноос “Ш.Г” ХК-д ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж эхлээд оффис менежер, төслийн удирдагч зэрэг албан тушаалыг хашиж байгаад бизнес хөгжлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал бөгөөд Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын даргын албан тушаалаар ажиллаж байгаад “Ш.Г” ХК-ийн гүйцэтгэх захиралын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн Б-176 тоот тушаалаар ажлаас халагдсан юм.

Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.”, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилийн хамтын хэлэлцээрийн 5.17-д “Салбар, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоог нь цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор  өмчийн хэлбэр үл харгалзан ... уг ажилтанд албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийн хувь хэмжээг хамтын гэрээгээр тохиролцон олгоно”, “мөн “Ш.Г” ХК-ийн захиргаа, ҮЭХ хоорондын байгуулсан хамтын гэрээний 6.2.2-т ... цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад ... 11-15 жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгоно.” гэж тус тус заасны дагуу “Ш.Г” ХК нь надад ажлаас халагдсаны тэтгэмжийг өгөх үүрэгтэй болно.

Би энэ талаар тус компаны Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисс болон ҮЭХ-нд тус тус өргөдөл гаргаж асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл комисс нь хариу өгөөгүй намайг үл хүндэтгэн харьцаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Иймд “Ш.Г” ХК-иас ажлаас халагдсаны тэтгэмж болох 47,808 /дөчин долоон мянга найман зуун найман/ ам.доллартай тэнцэх 125,945,395 /нэг зуун хорин таван сая есөн зуун дөчин таван мянга гурван зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.О- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би “Ш.Г” ХК-нд 2003 оноос ажиллаж эхэлсэн, албан ёсоор 2005 оноос цалин авч ажилласан. 2018 оны 9 сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гараад цомхотгол буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтаар өөрийг чинь ажлаас чөлөөлж байна гэсэн. Үүнээс өмнө надтай уулзсан. Уулзахдаа компаний хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөж байгаа учир чамайг цаашид ажиллуулахгүй гэж яриад байна гэдэг тайлбар албан бусаар өгсөн. Би тухайн үед бие давхар байсан. Ажлаас буруу халсан гэж хөдөлмөрийн маргаан үүсгэхээс зайлсхийгээд хууль ёсны тэтгэмжээ аваад ямар нэгэн маргаан үүсгэхгүйгээр энэ асуудлыг шийдье гэсэн. Сүүлд нь ажлаас халсан тушаалыг өгсөн. Тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-т заалт нь компани цомхотгол хийгээд орон тоо цөөлсөн байвал “Ш.Г” ХК, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 6.2.2-т “Тухайн ажилтан компанид ажилласан хугацаанаас хамаараад нэг удаагийн ажлаас халагдсан тэтгэмж авах ёстой байгаа. Яг энэ 40.1.1 дэх заалтаар халагдсан тохиолдолд. Би “ШГ” ХК-нд 12 жил 6 сар ажилласан учир 12 сарын тэтгэмж авах эрх үүссэн гэж үзэж байгаа. Нэхэмжилж байгаа дүн маань би 3 сарын тэтгэмж авсан зөрүү 9 сарын тэтгэмж 125,945,395 төгрөг нэхэмжилж байгаа. Хамтын гэрээний 6.2.2-дах заалтын дагуу компаний удирдлагуудад энэ талаар хүсэлтийг тавьсан боловч хариу өгөөгүй учир би маргаан таслах комисст хандсан. Эргэж мэдэгдэнэ гэсэн боловч мөн хариу өгөөгүй учир хөөн хэлэлцэх хугацаа дуусах гээд байсан учир шүүхэд хандсан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Б.О-ыг “Ш.Г” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 9-р сарын 27-ны Б/176 дугаар Бизнес хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. “Ш.Г” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан 1 сар, түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Б.О-д 3 /нэг сарын дундаж цалин 6906.25 ам.доллар/ сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 20,718.75 ам.доллар болон ажил нэг удаа олгодог бонус 3984.37 ам.доллар буюу нийт 62,388,830.06 төгрөг олгосон. Тэрээр 2010 оны 6-р сарын 1-ний өдрөөс оффис менежерээр ажиллаж байгаад, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс бизнес хөгжил хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн байх ба таны амьдралыг дэмжих зорилгоор Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №25 дугаар тогтоолоор амины орон сууц худалдан авахад зориулж 52,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. /20, 30 жил ажилласан олон ажилтны хэнд нь ч олгоогүй буцалтгүй тусламжийг танд олгосон байдаг/ Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл маань Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн. “ШГ” ХК-наас О-д 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу нийт 62,388,830 төгрөгийг өгсөн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн учир дахин төлөх үүрэг байхгүй. Хамтын гэрээний 6.2.2 дахь заалт нь байгаа. Нэхэмжлэгчийг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн бэ гэхээр ямар нэг үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлтэй холбоотойгоор тийм зорилгоор халаагүй. Хамтын гэрээний зорилго нь юу вэ? гэхээр уурхайд илүү хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст зориулсан, нэгэнт уурхайд амьдарлаа зориулж байгаа учир үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой цомхотгох тохиолдолд нийгмийн баталгааг хангана гэдэг агуулгаар Хамтын гэрээний 6.2.2 дахь заалт оршиж байгаа. Хэрвээ ийм тохиолдолд ажилтныг өөр ажилд шилжүүлэх, ингэх боломжгүй тохиолдолд ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгоно гэсэн байгаа. Контрактын гэрээний хүрээнд бараг ажиллаж байсан, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн буюу бизнес хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын хувьд үйлдвэрлэлийн ажилтантай холбоотой энэ заалт нь үйлчлэхгүй гэж харж байгаа. Хөдөлмөрийн хуулийн 40.1-т зааснаар орон тоог цомхтгох гэсэн үндэслэлээр халсан тул хамтын гэрээний заалт хамаарахгүй гэж үзэж байна. Дараагийн нэг үндэслэл нь үнэхээр хамтын гэрээтэй холбоотой шаардах эрх үүснэ гэж үзэж байвал хамтын гэрээний талууд гэрээний хэрэгжилтэд хяналт тавих шаардахтай холбоотой үр дагавар үүсэж байж шийдэгдэх боломжтой байгаа. Би нэхэмжлэгч О-ыг ”ШГ” ХК-нд хэзээнээс эхэлж ажилласан талаар албан ёсоор мэдээлэл авсан. Тухайн үед “ШГ” ХК-ийн ТУЗ-ын даргын өөр нэг компанид О- захирлыг туслах байсан гэсэн асуудал амаар ярьдаг. Яг “ШГ” ХК-тай хэзээнээс хамтын гэрээний дагуу ажилтан гэж үзэж хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн бэ гэхээр 2010 оны 06 сарын 01-нээс үүссэн байгаа. Үүнээс өмнө хөдөлмөрийн гэрээ байна уу? гэхээр байхгүй байгаа. Хөдөлмөрийн хуулийн 3.1.2-т “Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэнэ” гэдэг. Энэ агуулгаараа нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хамтын гэрээний дагуу О- хэдий хугацаанд компанид ажилласан бэ гэдэг нь ач холбогдолтой. Ингээд харахаар 2010 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж харагдаад байгаа. Хамтын гэрээний заалтын дагуу байлаа гэхэд нэхэмжлэлээ буруу гаргасан гэж харж байна. Гэрээнээс харахад 8 сар ажилласан байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэсгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 5,312 ам.доллар байсан үүнийг 12-оор үржүүлж нэхсэн байгаа. Үүнээсээ 3 сарын тэтгэмж болон нэг удаа олгосон тэтгэмжээ хасахаар 43,025.72 доллар харагдаж байгаа. Хэрвээ хамтын гэрээ үйлчилнэ гэж үзвэл ажилласан жилээс нь харахад 6 сарын тэтгэмж олгох ёстой гэж бодоход 11,153.75 ам доллар буюу 29,383,439 төгрөг шаардах эрхтэй байж болох юм. Нэг сарын цалин 5,312 доллар үүнийг 6 сараар үржүүлээд 31,872 доллар үүнээс тушаалын дагуу төлөгдсөн төлбөр бонус 20,708 ам.доллар хасахаар 11,153.75 доллар болж байгаа бөгөөд үүнийг шүүхэд хандсан өдрийн ханшаар шилжүүлэн бодож үзэхэд 29,383,439 төгрөг болж байгаа. Энэ мэтчилэн нэхэмжлэлээ хүртэл алдаатай бичсэн нь харагдаж байна. Өнөөдөр бол “ШГ” ХК-д үүргээ биелүүлэхгүй ажилтнаа хохироосон мэт харагдаж байгаа боловч нэхэмжлэгчийн хувьд нийгмийн баталгааг хангахад чиглэсэн олон арга хэмжээ авч байсны нэг нь орон сууц худалдан авахад нь зориулж 52 сая төгрөгийн буцалтгүй тусламж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгоход нөүтбүүк, агаар цэвэршүүлэгч зэргийг хувьд нь өгсөн байгаа. Мөн боломжийн хэмжээнд өндөр цалин өгч байсан гэж үздэг. Компанийн хувьд хамтарч ажиллаж байхдаа муугүй хамтарч ажиллаж байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй. “ШГ” ХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн учир хуулийн дагуу үнэн зөвөөр энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О- хариуцагч “Ш.Г” ХК-иас ажлаас халагдсаны тэтгэмж болох 47,808 ам.доллартай тэнцэх 125,945,395 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч “ШГ” ХК-д оффис менежер, Бизнес хөгжил хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан ажилтан бөгөөд тус ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/176 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлөгджээ.

            Гүйцэтгэх захирлын тушаалаар түүнийг ажлаас чөлөөлөх үед 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж  олгосныг нэхэмжлэгч ...”Ш.Г” ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 6.2.2-т цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад 11-15 жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгоно.” гэж заасны дагуу “Ш.Г” ХК нь надад ажлаас халагдсаны тэтгэмж 47,808 ам.доллартай тэнцэх 125,945,395 төгрөгийг өгөх үүрэгтэй... гэж шаардаж, хариуцагч ...”Ш.Г” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан 1 сар, түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Б.О-д 3 /нэг сарын дундаж цалин 6,906.25 ам.доллар/ сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 20,718.75 ам.доллар болон ажил нэг удаа олгодог бонус 3,984.37 ам.доллар буюу нийт 62,388,830.06 төгрөг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар Хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулагдаагүй үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох зэрэг харилцааг Хамтын гэрээгээр зохицуулахаар хуульчилжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд энэ тохиолдолд тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болсон буюу Б.О-ын бизнес хөгжил хөрөнгө оруулалт хариуцсан захирлын орон тоо хасагдсан нь “Ш.Г” ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 6.2.2-т “...цомхотголд орж халагдаж буй ажиллагсдад ...11-15 жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа компаниас олгоно.” гэсэн заалтын үндэслэл болох ...үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон техник технологид шинэчлэл хийж ажлын байр цөөлөх, цомхотгох тохиолдолд өөр ажилд шилжүүлэх боломжгүй болж цомхотголд орж буй ажиллагсад...-д хамаарахгүй байна.

            Хариуцагч “Ш.Г” ХК Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан нэг сарын тэтгэмж олгох хуулиар үүрэгжүүлснийг биелүүлсэн, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж хуульчилснаар 2 сарын тэтгэмж /нийт 3 сар/ олгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ын “Ш.Г” ХК-д холбогдуулан гаргасан ажлаас халагдсаны тэтгэмж 125,945,395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ