Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 529

 

 

 

 

 

 

 

 

 

В-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02203 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч В-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 337 239 465 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Болормаа

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч В-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч В нь Архивын ерөнхий газарт Тавилга, эд хогшил нийлүүлэх барааг Хятад Улсаас авах төслийн ажилд шаардлагатай санхүүжилт болох 5 000 000 юанийн хөрөнгө оруулалтыг хариуцагч Г ХХК-д шилжүүлэх, хариуцагч Г ХХК нь гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч талын оруулсан 5 000 000 юанийн мөнгөн хөрөнгийг 2 сарын дараа эргүүлэн төлөхдөө 1 000 000 юанийн ашгийг нэхэмжлэгч талд олгохоор талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Нэхэмжлэгч В нь хоёр талын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 1.2, 2.1.1-д заасан 5 000 000 юанийн хөрөнгө оруулалтын төлбөрийг талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд хариуцагч Г ХХК-д шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, үүний үндсэн дээр хариуцагч Г ХХК нь төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж бүрэн дуусгасан. Хариуцагч нь гэрээний 1.2, 2.2, 5.4-т заасны дагуу нэхэмжлэгч талын оруулсан хөрөнгө оруулалт болох 5 000 000 юанийг хүлээн авснаас хойш 2 сарын дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын 5 000 000 юанийг ашиг 1 000 000 юанийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн хөрөнгө оруулалт болох 5 000 000 юань, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ашиг болгож 300 000 юань, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 78 950 юань ашиг гэж, нийт 5 378 950 юанийг нэхэмжлэгчийн Монгол дахь төлөөлөгч болох Хасибагэн Бао /Hasibagen Bаo/-ын дансанд тус тус шилжүүлж үлдэгдэл 621 050 юанийг төлөөгүй. Гэрээний 2.6-д заасны дагуу нийт 12 сарын торгууль 960 000 юань болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 310 525 юанийн торгуулийг В-д төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд гэрээний дагуу төлөх үлдэгдэл ашиг болох 621 050 юань, торгууль 310 525 юань нийт 931 575 юанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож нийт 337 239 465 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч В-ийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай Г ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архивын Ерөнхий газарт тавилга нийлүүлэх гэрээг байгуулаад уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай тул Бүгд найрамдах Хятад ард улсы иргэн В-тэй хөрөнгө оруулах, харилцан ашиг хүртэх, хамтран эрсдлийг хүлээх зорилго бүхий 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 2.1.1-д заасны дагуу В нь гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд 5 000 000 юань хүртэлх мөнгөн хөрөнгийг гаргаж, Г ХХК нь гэрээний 5.4-т заасны дагуу нийт мөнгөн хөрөнгийн санхүүжилтийг хүлээн авснаас хойш 2 сарын дараа 5 000 000 юань, түүний 20 хувийн ашиг 1 000 000 юань, нийт 6 000 000 юанийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нийт 4 789 135 юань буюу 1 448 282 315 төгрөгийг хэсэгчлэн өгсөн. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөрөнгө оруулалт болон ашгийн хэмжээ, төлбөрийн хугацааг хойшлуулахаар хэлэлцээр хийж, 5 600 000 юань буюу 1 693 496 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Манай компани 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 3 удаагийн төлөлтөөр нийт 1 939 242 692 төгрөг буюу 6 425 680 юанийг төлсөн нь гэрээгээр төлөх үүргийн дүнгээс 825 680 юань буюу 249 694 600 төгрөгийг илүү төлсөн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478 дугаар зүйлийн 478.12, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г ХХК-аас 237 198 686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн В-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 430 525 юань буюу 157 038 299 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 844 147 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчийн хариуцан төлөх тэмдэгтийн хураамжид 1 343 941 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэхэмжлэгчийн талыг баримтлан хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж чадаагүйгээс манай компани их хэмжээний үндэслэлгүй төлбөрийг бусдад төлөхөөр болсонд гомдолтой байна. Учир нь хариуцагч компаниас шүүх хуралдаанд бичгээр тайлбар гаргаж, Өвөр Монголын иргэн н.Үндэстэй гэрээний дагуу тооцоо нийлсэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний эх хувийг түүнээс гаргуулахыг хүссэн боловч шүүгч хайхарч үзээгүй, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн “ийм гэрээ байгуулж байгаагүй” гэсэн худал тайлбарыг үнэн зөв мэтээр үзэж нотлох баримтаар аваагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв тооцоо нийлсэн баримтыг В-ээс гаргуулж авсан бол манай тайлбар тооцоолол үндэслэлтэй болохыг харуулах ач холбогдолтой байсан бөгөөд шүүгч нь тайлбар тооцооллоо нотлох манай эрх үүргийг зөрчсөн. Түүнчлэн бидний хооронд хийгдсэн тооцоо нийлсэн гэрээгээр торгууль төлөх талаар тохиролцоогүй байхад шүүгч зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээг баримтлан торгууль тооцон гаргуулж мөн үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дагуу манай талаас А талд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 3 удаагийн төлөлтөөр нийт 1 939 242 692 төгрөг буюу 6 425 680 юанийг төлсөн нь гэрээгээр төлөх үүргийн дүнгээс 825 680 юань буюу 249 694 600 төгрөгийг илүү төлсөн байгааг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй. Энэхүү тооцооллыг Монгол Улсын Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг үндэслэн Монгол банкны 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцов. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч В нь Г ХХК-д холбогдуулан хамтран ажилласан гэх үндэслэл заан 337 239 465 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “...нэхэмжлэгч үүргээ зөрчиж мөнгөө дутуу шилжүүлсэн, ...үүрэг дуусгавар болсон...” гэж тайлбарлан, нэхэмжлэлээс татгалзжээ.

Талууд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээг бичгээр байгуулж, В нь 2 сарын хугацаанд 5 000 000 хүртэлх юанийн санхүүжилтыг Г ХХК-д өгөх, тус компани нь 2 сарын дараа уг мөнгийг, ашиг 1 000 000 юанийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбар, хэргийн 8-9 дэх талд авагдсан гэрээгээр нотлогдож байна.

Дээрх гэрээг зохигчид хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлох боловч талууд ашгийн хэмжээг гэрээндээ урьдчилан тусгаж, эрсдэл, алдагдлыг зөвхөн нэг тал хариуцахаар тохиролцсон байгаа нь хамтын үйл ажиллагаа, түүнээс бий болох үр дүн гэрээний гол зүйл биш байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгийн хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг шууд утга, агуулга, талуудын хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан тайлбарлана.

Гэрээний дагуу хүлээх эрх, үүрэг буюу гэрээний агуулгын талаарх зохигчдын тайлбар, бичгээр авагдсан гэрээнээс үзэхэд нэг тал мөнгөн хөрөнгийг нөгөө талд шилжүүлэх, нөгөө тал нь гэрээнд заасан тодорхой хугацааны дараа мөнгийг буцааж өгөхдөө тодорхой мөнгөн дүнг нэмж төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө, хариу төлбөр буюу хүүтэйгээр буцаан төлөх үүргийн харилцаа нэхэмжлэгч В, хариуцагч Г ХХК-ийн хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг тодорхойлж чадаагүйн улмаас Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

Зохигчид дээрх агуулгаар гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй, гэрээний үүргийн зөрчил, үүргийг дуусгавар болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч В нь гэрээний 2.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд 5 000 000 хүртэлх юанийг хариуцагч Г ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. /хх 33-36 дахь тал/ Тодруулбал, нэхэмжлэгч В-ийн хувьд хариуцагч Г ХХК-д 5 000 000 юань шилжүүлсэн гэх үндэслэлээр үлдэгдэл зээл, зээлийн хүү 1 000 000 юанийг торгуулийн хамт төлөхийг шаардсан боловч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн тухай бичгийн баримтаар нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Харин хариуцагч тал, нэхэмжлэгчийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 4 800 000 юань шилжүүлсэн гэж марган, шүүхэд “ХААН банк” ХХК-ийн депозит дансны хуулгыг /хх 69-81 дэх тал/ нотлох баримтаар гаргаж өгснийг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй. Хариуцагчийн нэхэмжлэгчээс авсан зээлийн үүргийг энэ хэмжээгээр тодорхойлох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцнэ. Талуудын гэрээний 2.2-д зааснаар хариуцагч Г ХХК нь зээлийн хариу төлбөрт “ашиг” гэсэн нэрийн дор 1 000 000 юанийн хэмжээтэйгээр буцаан төлөх үүрэг хүлээжээ. Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч В-тэй зээлийн хүүгийн хэмжээг багасган, зээл, зээлийн хүүд нийт 5 600 000 юань төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлан, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр огноолсон тооцоо нийлсэн тухай бичгийн хуулбар баримтыг шүүхэд гарган өгчээ. Нэхэмжлэгч тал уг баримтыг эс зөвшөөрч, хариуцагчийн өгсөн бичгийн баримтын эх хувь байхгүй гэж мэтгэлцсэн байна.

Дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй учир шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Гэвч хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэгчид 5 600 000 юань шилжүүлэхээр тохиролцсон гэх талаар шүүхэд тайлбарласан байдал, 5 378 950 юаньтай тэнцэх төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн бичгийн баримт /хх 54-56 дахь тал/, уг үйл баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Зохигчид гэрээгээр нэг талын зээлдүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээг 5 000 000 хүртэлх юань гэж дээд хэмжээг харьцангүй байдлаар тодорхойлсон атлаа хүүгийн хэмжээг 1 000 000 юань гэж шууд заажээ.

Давж заалдах шатны шүүх талуудын гэрээний тохиролцоо, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардсан хүүгийн хэмжээний талаарх тайлбар, нэхэмжлэгчээс бодитойгоор хариуцагчид шилжүүлсэн нь эргэлзээгүй тогтоогдож байгаа 4 800 000 юань, хариуцагч компани зээлийн үүргийг 5 378 950 юань буцаан шилжүүлсэн гэх нөхцөл байдал зэргийг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг хэрэглэн зээлийн хүүг 800 000 юань болгон багасган тооцох нь зүйтэй гэж үзлээ. Иймд хариуцагч нэхэмжлэгчид төлбөл зохих 4 800 000 юань, хүү 800 000 юань, нийт 5 600 000 юаниас төлөгдсөн 5 378 950 юанийг хасч тооцон, 221 050 юанийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцон /221 050 юань х 362.01 төгрөг/ хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцнэ.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэг нь хариуцагч буюу зээлдэгчийн мөнгөө буцаан төлөх үүргийг гүйцэтгэх үеийн хугацаанд хамааралтай тул хариуцагч талын, үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулсан буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар тооцон, зээлийн үүргийг илүү төлснийг шүүх анхаараагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн шүүгч хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс анз шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 2 сарын дотор 5 000 000 хүртэлх юанийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал хариуцагчид 2016 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл мөнгийг цувуулан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “ХААН банк” ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 69-81 дэх тал/ Иймээс хариуцагчийн мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлэх хугацааг тодорхойлох боломжгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр анз шаардах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу алдсан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 80 022 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257 217 155 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “1 343 941” гэснийг “558 061” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 343 941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                 Ч.ЦЭНД