Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00048

 

В В/W W/ -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 529 дүгээр магадлалтай,

В В/W W/ -ийн нэхэмжлэлтэй

“Г М” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 337 239 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч В В/W W/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч В В/W W/ нь Архивын ерөнхий газарт Тавилга, эд хогшил нийлүүлэх барааг Хятад Улсаас авах төслийн ажилд шаардлагатай санхүүжилт болох 5 000 000 юанийн хөрөнгө оруулалтыг хариуцагч “Г М” ХХК-д шилжүүлэх, хариуцагч “Г М” ХХК нь гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч талын оруулсан 5 000 000 юанийн мөнгөн хөрөнгийг 2 сарын дараа эргүүлэн төлөхдөө 1 000 000 юанийн ашгийг нэхэмжлэгч талд олгохоор талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Нэхэмжлэгч В В/W W/ нь хоёр талын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 1.2, 2.1.1-д заасан 5 000 000 юанийн хөрөнгө оруулалтын төлбөрийг талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 2 сарын хугацаанд хариуцагч “Г М” ХХК-д шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, үүний үндсэн дээр хариуцагч “Г М” ХХК нь төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж бүрэн дуусгасан. Хариуцагч нь гэрээний 1.2, 2.2, 5.4-т заасны дагуу нэхэмжлэгч талын оруулсан хөрөнгө оруулалт болох 5 000 000 юанийг хүлээн авснаас хойш 2 сарын дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын 5 000 000 юанийг ашиг 1 000 000 юанийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн хөрөнгө оруулалт болох 5 000 000 юань, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ашиг болгож 300 000 юань, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 78 950 юань ашиг гэж, нийт 5 378 950 юанийг нэхэмжлэгчийн Монгол дахь төлөөлөгч болох Хасибагэн Бао /Hasibagen Bаo/-ын дансанд тус тус шилжүүлж үлдэгдэл 621 050 юанийг төлөөгүй. Гэрээний 2.6-д заасны дагуу нийт 12 сарын торгууль 960 000 юань болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 310 525 юанийн торгуулийг В В/W W/-д төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд гэрээний дагуу төлөх үлдэгдэл ашиг болох 621 050 юань, торгууль 310 525 юань нийт 931 575 юанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож нийт 337 239 465 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч В В/W W/-ийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай “Г М” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архивын Ерөнхий газарт тавилга нийлүүлэх гэрээг байгуулаад уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт шаардлагатай тул Бүгд найрамдах Хятад ард улсы иргэн В В/W W/-тэй хөрөнгө оруулах, харилцан ашиг хүртэх, хамтран эрсдлийг хүлээх зорилго бүхий 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 2.1.1-д заасны дагуу В В/W W/ нь гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд 5 000 000 юань хүртэлх мөнгөн хөрөнгийг гаргаж, “Г М” ХХК нь гэрээний 5.4-т заасны дагуу нийт мөнгөн хөрөнгийн санхүүжилтийг хүлээн авснаас хойш 2 сарын дараа 5 000 000 юань, түүний 20 хувийн ашиг 1 000 000 юань, нийт 6 000 000 юанийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нийт 4 789 135 юань буюу 1 448 282 315 төгрөгийг хэсэгчлэн өгсөн. Талууд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөрөнгө оруулалт болон ашгийн хэмжээ, төлбөрийн хугацааг хойшлуулахаар хэлэлцээр хийж, 5 600 000 юань буюу 1 693 496 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Манай компани 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 3 удаагийн төлөлтөөр нийт 1 939 242 692 төгрөг буюу 6 425 680 юанийг төлсөн нь гэрээгээр төлөх үүргийн дүнгээс 825 680 юань буюу 249 694 600 төгрөгийг илүү төлсөн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02203 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478 дугаар зүйлийн 478.12, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г М” ХХК-аас 237 198 686 /хоёр зуун гучин долоон сая нэг зуун ерэн найман мянга, зургаан зуун наян зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн W W-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 430 525 юань буюу 157 038 299 /нэг зуун тавин долоон сая гучин найман мянга хоёр зуун ерэн ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 844 147 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчийн хариуцан төлөх тэмдэгтийн хураамжид 1 343 941 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 529 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г М” ХХК-аас 80 022 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В В/W W/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257 217 155 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 1 343 941 гэснийг 558 061 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 343 941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа хяналтын гомдолдоо: Магадлалыг үл зөвшеөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Магадлалын хянах хэсэгтээ: “Дээрх гэрээг эохигчид хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлох боловч талууд ашгийн хэмжээг гэрээндээ урьдчилан тусгаж эрсдэл алдагдлыг зөвхөн нэг тал хариуцахаар тохиролцсон байгаа нь хамтын үйл ажиллагаа түүнээс бий болох үр дүн гэрээний гол зүйл биш байна, ...Иймд Иргэний хуулийн 281 1, 282.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө, хариу төлбөр буюу хүүтэйгээр буцаан төлөх үүргийн харилцаа нэхэмжлэгч В В, хариуцагч ““Г М”” ХХК-ийн хооронд үүссэн гэж үзэх үндэслэлтэй...” гэжээ. Тайлбарлах нь: Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 476.1-т ...заасны дагуу талууд харилцан ашиг олох зорилгоор 2016 оны 05-р сарын 30-ны өдөр нэхэмжлэгч В Внь 5 сая хүртэлх юанийн хөрөнгө оруулж 1 сая юанийн ашиг олох хариуцагч ““Г М”” ХХК нь нэхэмжлэгч талын оруулсан хөрөнгө оруулалтаар БНХАУ-аас архивын ерөнхий газарт тавилга, эд хогшил нийлүүлэх төсөлт ажлыг гардан хийж төсөлт ажлаас олсон орлогоор ашиг хүртэх байдлаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г талууд харилцан тохиролцож байгуулсан. Хамтран ажиллах гэрээнд зайлшгүй тусгагдах зүйл болох эрсдэлийг талуудад тэнцүү хуваарилсан байхад шүүхээс зээлийн гэрээ гэж үзэж гэрээнд заагдсан заалтуудыг бүрэн нягталж харалгүй, өнгөцхөн дүгнэлт хийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь: ИХ-н 476.3.5, мөн 478.11-т тус тус заасны дагуу Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2-т “Б” тал нь захиалагчтай байгуулсан гэрээний дагуу төслийн үйл ажиллагаанаас олох эдийн засгийн бодит үр ашгийн харилцан ашиггай байдлыг тооцоолсны үндсэн дээр А" талын оруулсан, 5 сая хүртэлх юанийн мөнгөн хөрөнгийг 2 сарын дараа эргүүлэн төлөхдөө 1 сая юанийн ашиг хүртээн “А” талд төлнө” гэж заасны дагуу гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч В Внь 5 сая хүртэлх юанийн хөрөнгө оруулбап хэдэн төгрөгний ашиг болон гарж болох алдагдал, эрсдэл буюу харилцан ашигтай ажиллах нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр дээрх 1 сая юанийн ашгийг тооцоолон гаргаж талууд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.4-т “Б” тал нь “А” талын оруулсан мөнгөн хөрөнгийг захиалагчтай байгуулсан гэрээний дагуу зориулалтын дагуу захиран зарцуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүсэх аливаа хариуцлага, алдагдлыг “Б” тал бие даан хариуцна”, 6.1-т “Энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, баталгаа, мэдэгдэл нь худал эсхүл алдаатай болох нь тогтоогдсон бол нөгөө тал нь ...өөрт учирсан бүх хохирлоо шаардах эрхтэй”, 6.2-т “Талуудын аль нэг нь үүргээ ноцтойгоор зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, эсхүл үр дүн гарахгүй нь тодорхой болсон бол нөгөө тал нь ...өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар ашиглаж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нөгөө тал нь ашиг олоогүй бол үүрэг биелүүлээгүй тал нь бүх алдагдал, эрсдэлийг хүлээнэ гэх заалтуудыг анхаарч үзэлгүй ИХШХШТХ-н 40.1, 40.2-т тус тус заасны дагуу нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв үнэлээгүй нь байна. Түүнчлэн зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний ялгагдах гол онцлог нь хамтран ажиллах гэрээний оролцогч талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгуудыг хэрэгжүүлэх зорилготой байдаг бол зээлийн гэрээний нэг тал нь мөнгөн хөрөнгийг нөгөө талд шилжүүлэх, нөгөө тал нь гэрээнд заасан тодорхой хугацааны дараа мөнгийг буцааж өгөхөд оршдог. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1, 2.2-т заасны дагуу талууд ашиг олсон болох нь дараах байдлаар харагддаг бөгөөд нэхэмжлэгч В Внь хамтын ажиллагааны хүрээнд оруулсан 5 000 000 /таван сая/ хүртэлх юаниа ашиг болох 378 950 юанийн хамт авч ашиг олсон, нөгөөтээгүүр хариуцагч ““Г М”” ХХК нь Архивын еренхий газарт архивын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэн худалдан борлуулах төсөлт ажил хийж мөн адил ашиг олсон. Мөн талууд ашиг олох зорилгоор хамтран ажиллаж, талууд төслийн үйл ажиллагаанаас олох эдийн засгийн бодит үр ашгийг харилцан ашигтай байдлыг тооцоолсны үндсэн дээр нэхэмжлэгч талын ашиг, алдагдлыг гэрээний 2.2, 2 3-т нарийвчлан тусгаж өгснийг давж заалдах шатны шүүх анхаарч үээлгүй ИХ-ийн 198 1-д заасныг зөрчиж талуудын хооронд байгуулсан гэрээг Хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй байна гэж учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Магадлалын хянах хэсэгтээ: “..Зохигчид дээрх агуулгаар гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй, гэрээний үүргийн зөрчил, үүргийг дуусгавар болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ” гэжээ. Тайлбарлах нь: Нэхэмжлэгч В Вболон хариуцагч ““Г М”” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 05-р сарын 30-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзэн тус асуудал дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрч байхад давж заалдах шаггны шүүх ИХШХШТХуулийн 37.2-т заасан нотлох баримтаар авагдсан зохигчдын тайлбарыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл ИХ-н 189.1-т эаасны дагуу гэрээний агуулгыг хуулийн хүрээнд чөлөөтэй тодорхойлон хамтран ажиллах гэрээ байгуулсан дээр маргаагүй, талууд дан ганц гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэх дээр маргадаг бөгөөд хариуцагч ““Г М”” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран ажиллах гэрээ байгуулсан, ашиг, алдагдал зэргээ харилцан тохиролцон тодорхойлсон болохоо анхан шатны шүүх хуралдааны танхимд амаар болон хуралдаан болохоос өмнө бичгээр хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлдог болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. ....Магадлалын хянах хэсэгтээ: “..Хариуцагч ““Г М”” ХХК нь нэхэмжлэгч В В-тэй зээлийн хүүгийн хэмжээг багасган, зээл, зээлийн хүүд нийт 5 600 000 юань төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлан, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр огноологдсон тооцоо нийлсэн тухай бичгийн хуулбар баримтыг шүүхэд гарган өгчээ. Нэхэмжлэгч тал уг баримтыг эс зөвшөөрч, хариуцагчийн өгсөн бичгийн баримтын эх хувь байхгүй гэж мэтгэлцсэн байна. Гэвч хариуцагч ““Г М”” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэгчид 5 600 000 юань шилжүүлэхээр тохиролцсон гэх талаар шүүхэд тайлбарласан байдал, 5 378 950 юаньтай тэнцэх төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн бичгийн баримт, уг үйл баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна...хүүг 800 000 юань болгон багасган ...хариуцагч нэхэмжлэгчид төлбөл зохих 4 800 000 юань, хүү 800 000 юань, нийт 5 600 000 юань...” гэжээ. Тайлбарлах нь: Нэхэмжлэгч В Вгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр болон амаар талуудын хооронд тооцоо нийлж байгаагүй ялангуяа 2017 оны 01-р сарын 07-нд тооцоо нийлээгүй уулзаагүй, талуудын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ л байгуулсан гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, харин эсрэгээр нь давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт “нэхэмжлэгч В Вболон хариуцагч °Гоанд макс“ ХХК нар нь 5 600 000 юаниар тохиролцож тооцоо нийлсэн, тус үйл баримтыг няцаагаагүй” хэмээн нэхэмжлэгч талын яриагүй зүйлийг ярьсан мэтээр гуйвуулан давж заалдах шатны шүүхээс тайлбарлан нэхэмжлэгч талын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг санаатайгаар зөрчиж байна. Мөн эх хувь байхгүй гэж мэтгэлцсэн зэргээр хариуцагч ““Г М”” ХХК-тай хуйвалдан үндэслэлгүйгээр нэхэмжлэгч талын тайлбарыг гуйвуулж, хариуцагч талаас гаргаж өгсөн ИХШХШТХуулийн 44.2-т заасны зөрчсөн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь баримтыг үнэлж хэт нэг талд үйлчлэн давж заалдах магадлал гаргасан. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад дурдагдсан үндсэн хөрөнгө оруулалтыг 5 000 000 юань ашгийг 600 000 юань гэж тодорхойлсон хэсгийг үнэлж давж заалдах шүүх магадлал гаргахдаа талууд тооцоо нийлж үндсэн хөрөнгө оруулалт болон ашгийг 5 600 000 юань болгон багасгасан байна гэж үзэж магадлалд үндсэн хөрөнгө оруулалтыг 4 800 000 юань, ашгийг 800 000 юань болгож нэхэмжлэгч В В-гийн хууль ёсны эрх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн. Нэхэмжлэгч тал нь дан ганц 5 378 950 юаньтай тэнцэх төгрөгийг хариуцагч ““Г М”” ХХК-аас авсан дээр маргаагүй боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талыг тооцоо нийлэн 5 600 000 юаниас 5 378 950 юань авсан гэж тайлбарлаж байгаа нь ИХ-н 1 дүгээр зүйлийн 1.2-т заагдсан зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, сэргээлгэх, 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу иргэн хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна гэх эрхийг хуульд заасны дагуу хамгаалж, сэргээх ёстой субъект болох шүүх зөрчиж байна. Магадлалын хянах хэсэгтээ: “..Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс анз шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 2 сарын дотор 5 000 000 хүртэлх юанийг шилжүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагчид 2016 оны 06-р сараас 11-р сар хүртэл мөнгийг цувуулан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна. Иймээс хариуцагчийн мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлэх хугацааг тодорхойлох боломжгүй тул...анз шаардах эрхээ...алдсан” гэжээ. Тайлбарлах нь: Шүүхээс Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг тайлбарлахдаа ИХ-н 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэх заалтыг баримтлалгүй өнгөцхөн байдлаар дүгнэлт хийн гэрээний агуулга болон заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд нэхэмжлэгч В Внь үндсэн хөрөнгө оруулалт болох 5 000 000 хүртэлх юанийг гэрээ байгуулснаас хойш 2 сарын дотор шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, харин ч хариуцагч тал болох ““Г М”” ХХК нь хөрөнгө оруулалтыг хүлээн авснаас хойш үндсэн хөрөнгө оруулалт болон 1 сая юанийн ашгийн хамт 2 сарын дотор эргүүлэн төлөхөөр талуудын ИХ-н 189.1-т заасны дагуу тохиролцон гэрээнд тусгаж өгсөн. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний 2.1.1-т “Төслийн санхүүжилтэд шаардлагатай 5 сая хүртэлх юанийн санхүүжилтийг 2 сарын хугацаатай мөнгө хэлбэрээр хөрөнгө оруулна”, 2.2-т “Б тал...А талын оруулсан 5 сая хүртэлх юанийн мөнгөн хөрөнгийг 2 сарын дараа эргүүлэн төлөхдөө 1 сая юанийн ашиг хүртээн А талд төлнө” гэж тус тус заан Б тал болох хариуцагч ““Г М”” ХХК 2 сарын дотор 5 сая юань болон 1 юанийн ашгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талыг 2 сарын дотор хөрөнгө оруулалтын оруулах үүргээ зөрчсөн гэж ИХ-ийн 198.1-д заасныг зөрчиж тайлбарлаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгч талын хөрөнгө оруулах хугацааг заасан нэг ч заалт байхгүй болохыг анхаарч үзээгүй. Нөгөөтээгүүр талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч В Внь 2016 оны 06-р сараас 11 сар хүртэл мөнгийг цувуулан шилжүүлсэн болох нь тогтоогддог тул хариуцагч ““Г М”” ХХК нь 2017 оны 01-р сард үндсэн хөрөнгө оруулалт болон 1 000 000 юанийн ашгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээний 2.6-д “Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа, зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс үл хамааран 80 000 юаны торгууль төлнө” мөн ИХ-н 206.1, 208.1-т тус тус заасны дагуу хугацаандаа, зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй тул торгууль төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В В/W W/ нь хариуцагч “Г М” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу 337 239 465 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч үүргээ зөрчиж мөнгөө дутуу шилжүүлсэн, ...үндсэн мөнгөнөөс гадна ашгийг дахин тохиролцсны дагуу  шилжүүлж, үүрэг дуусгавар болсон...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагчаас 237 198 686 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон бол давж заалдах шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагчаас 80 022 310 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх маргааны зүйл, эрх зүйн харилцаа, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...давж заалдах шатны шүүх гэрээний тохиролцоог нэг бүрчлэн анхаарахгүйгээр эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, ...талууд тооцоо нийлж байгаагүй байхад хариуцагчийн гаргасан хуулбар баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй гэж дүгнэж,  нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн , ...ашиг 1 сая юань буцаан өгөх хариуцагчийн үүргийг зөв дүгнэж чадаагүй, ...хариуцагч хугацаа хэтрүүлсэн байхад сар тутам 80 000 юанийн торгууль төлөх  тохиролцооны дагуу анзыг тооцоогүй...” зэргээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.

1.Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Талууд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээг бичгээр байгуулж, В Внь 2 сарын хугацаанд 5 000 000 хүртэлх юанийн санхүүжилтыг “Г М” ХХК-д өгөх, тус компани нь 2 сарын дараа шилжүүлсэн мөнгийг, ашиг 1 000 000 юанийн хамт буцаан шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ.

Дээрх гэрээнд хэлбэрийн хувьд хамтран ажиллах гэрээний зүйл болох ашиг,эдийн засгийн тоцоолол, хөрөнгө оруулах, эрсдэл, ашгаа хуваарилах зэрэг нэр томъёо тусгагдсан боловч агуулгын хувьд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдсон байна.

Гэрээний 1.2-т “Гэрээний зорилго. “Г М” ХХК-ийн /Б тал/ төсөл хэрэгжүүлэхэд  шаардлагатай санхүүжилтийг В В/ “А” тал /нь энэхүү гэрээнд заагдсаны дагуу хөрөнгө оруулалт хийх, “Б” тал санхүүжилтийг гэрээнд заагдсан ашгийн хамт буцаан төлөх замаар талууд харилцан ашигтай хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна.” гэж, 2.1.1-д “ А тал нь ....5 сая хүртлэх юаний санхүүжилтийг 2 сарын хугацаатай мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулна.” гэж, 2.2-т “Ашиг хуваарилах зарчим: “...төслийн үйл ажиллагаанаас олох эдийн засгийн бодит үр ашгийн харилцан ашигтай байдлыг тооцоолсны үндсэн дээр Б тал нь А талын оруулсан 5 сая хүртлэх юаний мөнгөн хөрөнгийг 2 сарын дараа эргүүлэн төлөхдөө 1 сая юаний ашиг хүртээн А талд төлнө.”гэж,  2.3-т “Эрсдэл хуваарилах зарчим: Б тал нь А талын оруулсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заагдсан хугацаанд ашгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээх бөгөөд Б талын худалдан авах үйл ажиллагаа болон захиалагчийн зүгээс шалтгаалах төслийн санхүүжилтээс үл хамааран энэхүү үүрэг хэвээр хадгалагдана.”гэж,  5.6-д “Б талын хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа нь тендерийн хууль зөрчсөн, тендер шалгаруулах үйл явц нь холбогдох журмын дагуу явагдаагүй түүнчлэн тендер зарлагч буюу төслийн захиалагч нь худалдан авсан бараа материалын үнийг төлөөгүй зэрэг асуудал нь Б тал нь А талын оруулсан мөнгөн хөрөнгийг ашгийн хамт буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах үндэслэл болохгүй...” гэж тус тус зааснаас дүгнэвэл “Г М” ХХК нь мөнгөн хөрөнгийг В В-д буцааж өгөх үндсэн үүрэг хүлээсэн нь хөдөлбөргүй тогтоогджээ.

Гэрээний 2.1.2-т ““Г М” ХХК нь төслийн захиалагчтай байгуулсан гэрээний дагуу шаардлагатай бараа материалыг худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор бие даан гүйцэтгэнэ.”гэж,  2.2.-т “... “Г М” ХХК нь ... төслийн үйл ажиллагаанаас олох эдийн засгийн бодит үр ашгийн харилцан ашигтай байдлыг тооцоолсны үндсэн дээр А талын оруулсан 5 сая хүртлэх юаний мөнгөн хөрөнгийг 2 сарын дараа эргүүлэн төлөхдөө 1 сая юаний ашиг хүртээн А талд төлнө.” гэж заажээ. Энэ тохиролцоо нь талууд ашиг олох зорилгоор хамтын үйл ажиллагаа явуулах тухай биш, “Г М” ХХК-д мөнгөн хөрөнгө шилжүүлэх, “Г М” ХХК нь тендерт шалгарсны дагуу үйл ажиллагаа явуулаад мөнгийг 1 сая юанийн хамт буцааж өгөх агуулгатай байна.

Талуудын хооронд ашиг олох хамтын ажиллагаа байхгүй, эрсдэл, алдагдлыг зөвхөн нэг талд буюу “Г М” ХХК-д хариуцуулсан,  гэрээний нэг тал нөгөө талын оруулсан хөрөнгийг заавал буцааж өгөх тохиролцоо нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээ биш юм. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, уг мөнгийг буцааж төлөх 2 талын харилцан үүрэг зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулжээ. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т “...”Г М” ХХК нь үндсэн мөнгөн хөрөнгөөс гадна ашиг 1 000 000 юанийг өгөх...”-өөр үүрэг хүлээсэн нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.2.1, 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үндэслэлтэй тайлбарласан гэж үзнэ.

Иймд эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

2. Хэрэгт байгаа баримтын хүрээнд гэрээний дагуу В В2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 4 800 000 юанийг “Г М” ХХК-д шилжүүлсэн, “Г М” ХХК 2017 оны 01 сарын 10-ны өдөр 5 000 000 юанийг, мөн оны 4 сарын 26-ны өдөр 300 000 юань, 09 сарын 05-ны өдөр 79 848 юань, нийт 5 379 848 юанийг В В-д буцааж өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн “2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн баримт” гэх бичмэл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангаагүй учир шийдвэрийн үндэслэл болгоогүй юм.

Харин 5 600 000 юань төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, 4 800 000 юань авсан боловч 5 378 950 юанийг буцааж төлсөн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчөөгүй байна.

3. “...нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах...”- ыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Гэрээний 2.2.-т “Б тал нь ...А талын оруулсан 5 сая хүртлэх юаний мөнгөн хөрөнгийг 2 сарын дараа эргүүлэн төлөхдөө 1 сая юаний ашиг хүртээн А талд төлнө.” гэж заасан. Энэ тохиролцоо нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, 5 сая юанийг бүрэн шилжүүлснээр 1 сая юанийн хариу төлбөр нэмж төлөх эсвэл оруулсан хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч 1 юанийг төлөх ёстой эсэх нь ойлгомжгүй байна. Талууд хариу төлбөр буюу зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тогтоож чадаагүй байна. Хариуцагч үндсэн зээл 4 800 000 юанаас гадна 578 950 юань буюу 209 029 897 төгрөгийг зөвшөөрч төлжээ.

Түүнчлэн гэрээний 2.6-д “Б тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс үл хамааран 80 000 юаний торгууль төлнө.” гэж заажээ. Талуудын энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан торгууль, алдангийн  ойлголттой нийцсэнгүй. Талууд тодорхой тохиролцоогүй нөхцөлд торгууль, алдангийн аль нэг нь байх ёстой гэж шүүх өөрөө хөндлөнгөөс тогтоох боломжгүй юм. Иймд анз гаргуулах гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 529 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 944 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА