Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/01373

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/01373

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Д.Б -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: "Х.О" ББСБ ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээнээс учирсан хохирол 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн ******* би өөрийн ажилладаг Отгонцарам дриллинг ХХК-ийн нэр дээр байсан Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН 01086484 тоот улсын дугаартай улбар шар өнгөтэй Экскаваторыг ******* ББСБ-ын барьцаанд тавьж зээл авахаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2016 оны 03 сарын 21-ний өдөр 00160007 тоот зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.5%-ийн хүүтэй ******* ББСБ-аас зээлж зээдийн барьцаанд Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН 01086484 улсын дугаартай улбар шар өнгөтэй экскаваторыг барьцаалж өөрсдөө унаж явах нөхцөлтэйгээр фидуцийн гэрээ байгуулан тус экскаваторыг ******* ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн. Фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн.

Зээл авснаас хойш 2016.06.09-нд 1,984,800 төгрөг, 2016.08.01-нд 2,681,400 төгрөг, 2016.12.26-нд 1,300,000 төгрөг, 2016.12.27-нд 1,000,000 төгрөг, нийтдээ 6,966,200 төгрөгийг тус байгууллагад төлсөн байдаг. Миний зүгээс төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тухайн авсан зээлээ төлж барагдуулах хүсэлтээ удаа дараа хэлдэг боловч тус байгууллагын удирдлагууд хүлээн авахгүйгээр миний эзэмшил ашиглалтад байсан экскаваторыг хүчээр авч өөрийн эзэмшилд байлган өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа юм. Зээлээ төлөөд барьцаанд байгаа тээврийн хэрэгслээ буцааж авъя гэхээр танай экскаваторыг зараад төлбөрийг чинь барагдуулчихсан гээд өнөөдрийг хүргэсэн.

Надад ямар нэгэн байдлаар барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг худалдан борлуулах талаар огт хэлэхгүйгээр миний ажлын байран дээрээс хүчээр авч явсан. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу надад мэдэгдээгүй бөгөөд уг санхүүгийн байгууллага анхнаасаа шунахайн зорилгоор өндөр үнэтэй Экскаватортой болох зорилготой байсан нь тус ББСБ-ын удирдлага болон ажилтнуудын харилцаанаас харагдаж байсан. Тус байгууллагаас анх зээл авах гээд очих одоо урт хугацаатай зээл авах хүсэлтэй байсан гэхэд зээлийн гэрээг хэдэн ч удаа сунгаж болно мөн судалгаа шаардахгүй гэх мэтээр итгүүлэн зээл олгосон юм.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс доогуур үнээр, өөрт ашигтай байдлаар худалдан борлуулсан гэж үзэж байна.

Зээлийн барьцаанд Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН 01086484 тоот улсын дугаартай Улбар шар өнгөтэй экскаваторыг 2013.11.15-ны өдөр Золач үнэлгээний төвөөр үнэлүүлэхэд 180,000,000 төгрөгөөр үнэлж байсан. Өнөөдрийн зах зээлийн ханш нь 80,000,000 төгрөг байна.

Иймд ******* ББСБ-аас зээлийн гэрээний барьцааны зүйлийг хууль бусаар зарж борлуулснаас учирсан хохирол болох 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн ******* нь 2016 оны 03 сарын 21-ний өдөр 00160007 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэн авсан.

Мөн 2016 оны 03 сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ хийж 10,000,000 төгрөгийг нэмж зээлдэн авсан бөгөөд 2016 оны 09 сарын 30-ны өдөр зээлийн хугацааг 1 сараар сунгасан нэмэлт гэрээ байгуулсан.

Ингээд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 30-ны өдөр дууссан боловч үүргээ гүйцэтгэхгүй олон сар болсон тул 2017 оны 04 сарын 01-ний өдөр фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан техникийг захиран зарцуулж, үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 80,000,000 төгрөг нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хэт оргил ББСБ ХХК-д холбогдуулан, гэрээний хохирол 80,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг өөрт нь мэдэгдэлгүй, зах зээлийн ханшаас бага үнээр бусдад худалдсан, зээлээ төлөөд экскаватораа буцаан авахаар хандахад бусдад худалдчихсан гээд өгөөгүй гэж тайлбарладаг бол хариуцагч нь фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулсан, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талууд 2016 оны 03 сарын 21-ний өдөр 00160007 тоот Зээлийн гэрээ байгуулж, ******* нь 12,000,000 төгрөгийг нэг сарын 4.5%-ийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар Хэт оргил ББСБ ХХК-иас зээлдэн авсан байна. /хх-4-6х/

Улмаар талууд 2016 оны 03 сарын 25-ны 00160007-А тоот Зээлийн гэрээ байгуулж, ******* нь нэмж 10,000,000 төгрөгийг нэг сарын 4.5%-ийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлдэн авсан бөгөөд 2016 оны 09 сарын 30-ны өдөр Зээлийн гэрээний хугацааг нэг сараар сунгасан байна. /хх-28-32х, 35-36х/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2016 оны 03 сарын 21-ний өдөр 00160007 тоот Фидуцийн гэрээ байгуулж, Хэт оргил ББСБ ХХК нь Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН улсын дугаартай экскаваторыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. /хх-7х, 41х/

Нэхэмжлэгч тал дээр дурдсан гэрээг барьцааны гэрээ хэмээн тайлбарлаж байх боловч талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний харилцаа үүссэн байна.

Барьцааны гэрээ болон фидуцийн гэрээ нь хоёул үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн боловч тус тусын онцлог шинжтэй, эрх зүйн өөр өөр үр дагаврыг бий болгодог арга юм.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д тусгагдсан байдаг.

Манай тохиолдолд Зээлийн гэрээний сунгасан хугацаа 2016 оны 10 сарын 30-ны өдөр дуусаж, зээлдэгч *******ын зүгээс зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч Хэт оргил ББСБ ХХК нь хууль болон гэрээнд заасны дагуу Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН улсын дугаартай экскаваторыг бодитойгоор гаргуулан авах, улмаар цаашид захиран зарцуулах эрхтэй байна.

Иймд талуудын хооронд үүссэн фидуцийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэх ба *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Фидуцийн гэрээний дагуу Хэт оргил ББСБ ХХК нь экскаваторыг бусдад худалдах гэж байгаа талаар мэдэгдэх үүргийг хүлээхгүй бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь дор дурдсан тохиолдолд л Хэт оргил ББСБ ХХК-д холбогдуулан: дараах шаардлагыг гаргах эрхтэй гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Үүнд:

а/. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байхад Хэт оргил ББСБ ХХК нь эд хөрөнгийг буцаан шилжүүлэхгүй байх тохиолдолд эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх даалгах тухай;

б/. Зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө Хэт оргил ББСБ ХХК нь эд хөрөнгийг захиран зарцуулсан тохиолдолд холбогдох хохирлоо гаргуулах тухай.

Манай тохиолдолд а/, б/-д дурдсан нөхцөл байдал үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогддог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар Хэт оргил ББСБ ХХК-иас учирсан хохирол 80,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР