Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01889

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01889

 

 

 

 

Д.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01373 дугаар шийдвэртэй Д.Батжаргалын нэхэмжлэлтэй Хэт-Оргил ББСБ ХХК-д холбогдох зээлийн гэрээнээс учирсан хохирол 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хэт-Оргил ББСБ ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 00160007 тоот зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй Хэт-Оргил ББСБ ХХК-аас зээлж зээлийн барьцаанд Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН 01086484 улсын дугаартай улбар шар өнгөтэй экскаваторыг барьцаалж өөрсдөө унаж явах нөхцөлтэйгээр фидуцийн гэрээ байгуулан тус экскаваторыг Хэт-Оргил ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг 40 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн. Зээл авснаас хойш 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1 984 800 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2 681 400 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, нийтдээ 6 966 200 төгрөгийг тус байгууллагад төлж, төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тухайн авсан зээлээ төлж барагдуулах хүсэлтээ удаа дараа хэлсэн боловч тус байгууллагын удирдлагууд хүлээн авахгүйгээр эзэмшил ашиглалтад байсан экскаваторыг хүчээр авч өөрийн эзэмшилд байлган өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Зээлийн төлбөрийг төлөөд барьцаанд байгаа тээврийн хэрэгслээ буцааж авъя гэхэд экскаваторыг худалдан борлуулсан, төлбөрийг чинь барагдуулчихсан гэж хэлсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийг худалдан борлуулах талаар мэдэгдээгүй бөгөөд уг санхүүгийн байгууллага анхнаасаа шунахайн зорилгоор өндөр үнэтэй экскаватортой болох зорилготой байсан. Зээлийн барьцаанд Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН 01086484 тоот улсын дугаартай Улбар шар өнгөтэй экскаваторыг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Золач үнэлгээний төвөөр үнэлүүлэхэд 180 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өнөөдрийн зах зээлийн ханш нь 80 000 000 төгрөг байна. Иймд Хэт-Оргил ББСБ ХХК-аас зээлийн гэрээний барьцааны зүйлийг хууль бусаар зарж борлуулснаас учирсан хохирол болох 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Батжаргал нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 00160007 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдэн авсан. Мөн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ хийж 10 000 000 төгрөгийг нэмж зээлдэн авсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хугацааг 1 сараар сунгасан нэмэлт гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч үүргээ гүйцэтгэхгүй олон сар болсон тул 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан техникийг захиран зарцуулж, үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 80 000 000 төгрөг нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар Хэт -Оргил ББСБ ХХК-аас учирсан хохирол 80 000 000 төгрөг гаргуулах тухай Д.Батжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжихээс гадна зохигч нар шүүх хуралдаанд биеэр оролцож уг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэснийг хангаагүй. Учир нь нэхэмжлэгч тал нь өмгөөлөгчгүй, хариуцагч талын төлөөлөгч оролцоогүй зөвхөн өмгөөлөгч нь оролцсон байдаг. Шүүх хуралдаан болсон өдөр нэхэмжлэгч тал нь нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээс тус хүсэлтийг нь хангаагүй шууд үргэлжлүүлэн өмгөөлөгч авах эрхийг нь хангалгүй шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргаж хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хангаагүй. Хэргийн 49 дүгээр талд ... тухайн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн албан тоот, одоо хэн гэдэг хүпий нэр байгаа гэрчилгээний хуулбар нотлох баримтаар гаргуулж өгнө үү гэжээ. Учир нь тухайн нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд зайлтгүй шаардлагатай нотлох баримт бөгөөд заавал шүүхээр дамжуулж гаргуулах боломжтой баримт юм. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн. Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дугаар 00160007 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 12 000 000 төгрөгийн зээлийг өөрийн эзэмшлийн 1604 УН 01086484 дугаартай эксковатрыг 40 000 000 үнэлэн фидуцийн гэрээ байгуулж авсан байна. 00160007-А зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг зээлж авахдаа фидуцийн гэрээ хийсэн мэтээр шүүхэд ойлгуулахаар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Xэрэв хуулийн дагуу бусдад худалдан борлуулсан бол улсын бүртгэлийн байгууллагаар дамждаг тул тус байгууллагад хандсан албан тоот зэрэг нь хэрэгт авагдах ёстой байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Хэргийн 7 дугаар талд 00160007 тоот фидуцийн гэрээнд ... Иргэний хуулийн 163, 235 дугаар зүйлийг баримтлан дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав гэжээ. Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арван дөрөв хоногийн дотор барьцааны зүйлийг худалдаж болохгүй гэж хуульчилсан байна. Хэт оргил ББСБ ХХК-аас гэрээнд заасны дагуу мэдэгдээгүй байна. Хариуцагчийн зүгээс тус тээврийн хэрэгслийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б.Булгантамир гэх иргэнд 36 500 000 төгрөгөөр худалдсан гэх боловч тухайн иргэний нэр дээр гэрчилгээ шилжсэн баримт хэрэгт авагдаагүй. Дээр дурдсан хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэлт хийхгүй зөвхөн хариуцагчаас гаргаж өгсөн эргэлзээ бүхий нотлох баримт болон түүний өмгөөлөгчийн тайлбараар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Батжаргал нь хариуцагч Хэт-Оргил ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээнээс учирсан хохирол 80 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэт-Оргил ББСБ ХХК болон Д.Батжаргал нар нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 00160007 тоот зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй Хэт-Оргил ББСБ ХХК-аас зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН 01086484 улсын дугаартай экскаваторыг ашиглах эрхтэйгээр фидуцийн гэрээ байгуулан Хэт-Оргил ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 09 сарын 30-ны өдөр нэмэлт гэрээ хийж 10 000 000 төгрөгийг зээлсэн,гэрээний хугацааг сунгасан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, нэмэлт гэрээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх-ийн 4-7, 29-33, 35 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн экскаваторыг буцаан авахаар шаардахад өгөөгүй, мэдэгдэлгүйгээр зах зээлийн ханшнаас бага үнээр худалдсан гэж маргасан.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан ба талууд фидуцийн гэрээний 1.4, 2.1-т энэ талаар харилцан тохиролцжээ.

Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 6 966 200 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул Хэт-Оргил ББСБ ХХК нь Daewoo Solar 210W-V маркийн 1604 УН 01086484 улсын дугаартай экскаваторыг бодитойгоор гаргуулан авч захиран зарцуулсан нь дээрх хуулийн болон гэрээний заалтыг зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр төлөх мөнгөн хөрөнгөө төлж, үүргээ хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн экскаваторыг буцаан авах учиртай.

Иймээс, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн /хх-ийн 67 дугаар тал/, тэрээр хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байгаагүй, хэрэгт энэ талаар баримтгүй, шүүх шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл ирцтэй холбоотой санал хүсэлтгүй болохоо илэрхийлсэн /хх-ийн 61 дүгээр тал/ байх тул энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлгүй, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг болон хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ