Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/00866

 

 

 

 

 

 

2022 02 25 101/ШШ2022/00866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам-Б хэсэг хаягт оршин байрлах Ф КХХК/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48д-96 тоот хаягт оршин байрлах А ХХК/регистрийн дугаар: /-д холбогдох,

 

202,731,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид М.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г-19/08 дугаартай Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж хамтран ажилласан.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу хариуцагч талд М100 маркийн 65 м.куб, нийт 8,840,000 төгрөгийн, М350 маркийн 1034 м.куб, нийт 178,882,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 8 удаа тус тус нийлүүлсэн ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу төлбөрийн 30 хувийг бэлэн мөнгөөр зуурмаг хүлээн авах өдрөөс 3 хоногийн өмнө, үлдэгдэл төлбөрт бартерт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Red vill хорооллын 44 м.кв, 42.4 м.кв, 46 м.кв-тай тус тус 2 өрөө орон сууцнуудыг 1м.кв-г нь 1,000,000 төгрөгөөр тооцож авахаар харилцан тохиролцсон боловч А ХХК нь одоог хүртэл бартерийн орон сууцнуудыг хүлээлгэн өгөөгүй, бэлэн мөнгөний үлдэгдэл 2,307,400 төгрөгийг төлөөгүй.

Бид 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэрэг хэрэгсэхгүй болж, хариуцагчийн эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн.

А ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 135,107,400 төгрөг, алданги 67,553,700 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 202,731,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн зүгээс бетон зуурмаг авсан, өгсөн болон тооцоо нийлсэн баримтын үнийн дүн дээр маргасан зүйл байхгүй. Гэрээ байгуулагдахдаа бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлд нийлүүлсэн бүтээгдэхүүн болон төлбөрийг яаж төлөхийг зааж өгсөн байгаа. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар 30 хувийг бэлнээр, үлдэгдэл 70 хувийг бартерийн байраар шилжүүлж өгнө гэж зааж өгсөн байна. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрийг мөнгөөр нь төлүүлье гэж байгаа дээр маргах зүйл байхгүй. Бартераар авах зүйлээ мөнгөөр нь авч байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна. Цар тахалтай холбоотойгоор барилгын бүх ажил удааширсан нөхцөл байдалтай байгааг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Алдангийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний хугацааг хэтрүүлсэн бол алдангийг тооцох ёстой гэсэн заалт байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн гол үндэслэл болгож байгаа гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т худалдан авагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алдангийг тооцно гэж заажээ. Гэрээний 3 дугаар зүйлд үлдэгдэл 70 хувийн бартерийн зүйлийг өгөх, хүлээн авах талаар хугацаа заагаагүй байгаа. Барилга ашиглалтад ороод Улсын комисс хүлээж авсны дараа хууль ёсны дагуу бичиг баримтыг шилжүүлж өгөх агуулгатай байгаа. Нэхэмжлэгчийн алданги тооцсон болон хариуцагчийн зөрчил гэж үзээд байгаа хугацаа үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 135,107,400 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа.

Үндэслэл болгоод байгаа гэрээнд тодорхой огноо заагаагүй байна. Хариуцагчаас шалтгаалсан хугацаа хэтрэлт байгаагүй, дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас барилгын салбар зогсонги болсон тул алданги нэхэх боломжгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэх үндсэн нөхцөл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харагдахгүй байна. Гэрээнд заасан хугацаа барилга ашиглалтад ороход бичиг баримтыг хүлээлгэж өгнө гэсэн хугацаа байгаа. Алданги тооцох үндэслэл байхгүй байна. Алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан тул алдангийг нэхэмжлэх эрхгүй. Иргэний хуулийн 205.1-д зааснаар авсан, өгснөө буцаах нөхцөл байдал үүсдэг тул алданги тооцох нь үндэслэлгүй байна. Иймд алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ф КХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан, Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүрэгт 135,107,400 төгрөг, алданги 67,553,700 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 202,731,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь бичгээр хариу тайлбар гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 135,107,400 төгрөгт холбогдох хэсгийг А ХХК хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбарыг гаргав.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Г-19/08 дугаартай Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-с үзэхэд, нийлүүлэгч тал Ф КХХК нь худалдан авагч тал А ХХК-д захиалгын дагуу бетон зуурмагийг техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэж нийлүүлэх, худалдан авагч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 135,107,400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар зохигч талууд маргаагүй.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 135,107,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрөх тухай хариуцагчийн байр суурийг тайлбарлахдаа, алданги тооцох үндэслэл буюу үүрэг зөрчигдөж эхлэх, алданги тооцох хоногийг тодорхойлох боломжгүй хэмээн маргасан.

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Г-19/08 дугаартай Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний Тавдугаар зүйлийн 5.1-д Худалдан авагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буюу эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг Нийлүүлэгчид төлнө гэж,

мөн гэрээний Гуравдугаар зүйлийн 3.2-т ...гэрээний үнийг худалдан авагч тал бэлнээр төлөх бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр Нийлүүлэгч талд төлнө, 3.4-т Гэрээний 3.1.2 дахь хэсэгт заасан үнээс бусад нийт төлбөрийн 30 хувийг бэлэн мөнгөөр төлбөр тооцоог хийх бөгөөд бетон зуурмаг авах өдрөөс 3 хоногийн өмнө энэхүү төлбөрийг төлсний дараа бетон зуурмагийг Худалдан авагч талд нийлүүлнэ., Гэрээний 3.1.2 дахь хэсэгт заасан үнээс бусад нийт төлбөрийн 70 хувьд нь бартерийн зүйл байх бөгөөд бартерийн зүйлийн хууль ёсны бичиг баримт Нийлүүлэгч талд бүрэн шилжсэн тохиолдолд төлбөр төлөгдсөнд тооцно. гэж тус тус тохиролцжээ..

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж тус тус заасан.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, талуудын үйлдсэн Бетон, помпны тооцоо нийлсэн акт, А ХХК-тай бетон зуурмаг, помпны тооцоо-ноос үзэхэд, төлбөрийн үлдэгдэл нийт 135,107,400 төгрөгийн 132,800,000 төгрөг нь бартераар гүйцэтгэх төлбөрийн, 2,307,400 төгрөг нь бэлнээр гүйцэтгэх төлбөрийн үлдэгдэл байх бөгөөд гэрээнд заасан бартерийн зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээг нийлүүлэгч тал бүрэн шилжүүлэх цаг хугацааг гэрээнд тодорхой бус тусгасан байх тул алданги тооцох хоног хугацаа тодорхой бус байна.

Нэхэмжлэгч нь нийт 135,107,400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлд нийтэд нь алданги тооцож хариуцагчаас шаардсан нь дээр дурьдсанаар үндэслэлгүй байх тул алданги 67,553,700 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайлан зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь хуульд зааснаар төлөх төлбөрийн үүрэг бөгөөд үүнийг хариуцагчид ногдуулах үндэслэлгүй буюу уг шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 224.3-т тус тус зааснаар хариуцагч А ХХК-иас 135,107,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф КХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,623,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,171,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 833,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф КХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА