Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00819

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00819

 

 

Ф.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00866 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ф.К ХХК-ийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан 202,731,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Бид 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Г-19/08 дугаартай захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу хариуцагч талд М100 маркийн 65 м.куб нийт 8,840,000 төгрөгийн, М350 маркийн 1034 м.куб нийт 178,882,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 8 удаа нийлүүлсэн ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу төлбөрийн 30 хувийг бэлэн мөнгөөр зуурмаг хүлээн авах өдрөөс 3 хоногийн өмнө, үлдэгдэл төлбөрт бартераар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Red vill хорооллын 44 м.кв, 42.4 м.кв, 46 м.кв талбайтай тус бүр хоёр өрөө орон сууцнуудыг 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр тооцож авахаар харилцан тохиролцсон боловч А ХХК нь одоог хүртэл бартерийн орон сууцнуудыг хүлээлгэн өгөөгүй, бэлэн мөнгөний үлдэгдэл 2,307,400 төгрөгийг төлөөгүй. Бид 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэрэг хэрэгсэхгүй болж, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. А ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 135,107,400 төгрөг, алданги 67,553,700 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 202,731,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс бетон зуурмаг авсан өгсөн болон тооцоо нийлсэн баримтын үнийн дүн дээр маргасан зүйл байхгүй. Алдангийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Гэрээний 3 дугаар зүйлд үлдэгдэл 70 хувийн бартерийн зүйлийг өгөх, хүлээн авах талаар хугацаа заагаагүй байгаа. Нэхэмжлэгчийн алданги тооцсон болон хариуцагчийн зөрчил гэж үзээд байгаа хугацаа үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 135,107,400 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 224.3-т тус тус зааснаар хариуцагч А ХХК-аас 135,107,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф.К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67,623,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,171,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 833,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф.К ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хариуцагч тал давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн гэдгээ нотлоогүй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, гэрээний үүргийг биелүүлэх хугацааг хойшлуулах талаар аливаа мэдэгдэл өгөөгүй. Хариуцагч талтай хийсэн захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу олгогдвол зохих бартерын зүйлийг орон сууц захиалгын гэрээгээр баталгаажуулахаар тохиролцсон боловч захиалагч тал орон сууц захиалгын гэрээгээ хэлэлцэн тохиролцсон нөхцлийн дагуу байгуулаагүй, гэрээний төсөлд гэрээний нөхцлийг тохиролцсоноос өөрөөр тусгасан тул тус гэрээнд хэлэлцэн тохирсон нөхцөл, хугацааг тусган гэрээгээ байгуулах, гэрээгээр тохирсон бартерын зүйлийг хугацаандаа хүлээлгэн өгөх, хугацаандаа бартерын зүйлийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд бетон зуурмагийн гэрээний огноог үндэслэл болгон төлбөрийг бэлэн мөнгөөр алдангийн хамтаар нэхэмжлэх талаархи албан бичгийг хариуцагч талд удаа дараа өгсөн боловч ямар нэгэн байдлаар хариу тайлбар ирүүлээгүй нь бидний тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

4.б. Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар алдангийг 0.5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас 67,553,700 төгрөгийн алданги нэхэмжилсэн ба нэхэмжилсэн нийт алдангийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч талын гэрээний дагуу хариуцагч талаас авбал зохих алданги шаардах эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа тул шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Цар тахлын нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Хариуцагч талтай гэрээ байгуулж бетон зуурмагаар барьсан орон сууц өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа. Мөн нэхэмжлэгч тал бартерын байрыг ашиглалтад ормогц хүлээлгэж өгнө гэх зүйл шүүх хуралдаан дээр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бөгөөд ямар нэгэн хугацаа заагаагүй. Мөн нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж үндсэн оруулсан мөнгөө бартераар биш бэлэн мөнгөөр авъя гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарласан. Дээрх хоёр үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ф.К ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 135,107,400 төгрөг, алданги 67,553,700 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 202,731,300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн төлбөр 135,107,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч марган, гэрээнд бартерийн зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй тул гэрээний дагуу алданги төлөх боломжгүй гэж маргажээ.

 

3. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан захиалгаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Ф.К ХХК нь хариуцагчийн захиалгын дагуу бетон зуурмагийг техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн нийлүүлэхээр, хариуцагч нь төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцжээ. /хх 7-9/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Талуудын хооронд бетон зуурмаг худалдах-худалдан авах хэлцлийн дагуу хүлээсэн үүргийн талаар маргаан байхгүй байна. Өөрөөр хэлбэл, бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний төлбөр болох 135,107,400 төгрөгийг төлж барагдуулах талаар талууд маргаагүй байна. Харин талуудын хоорондын гэрээний 3.5-д заасан бартерийн зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг гэрээгээр тохиролцсон эсэх талаар маргасан.

4.а. Нэхэмжлэгч нь бартерийн зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь гэрээгээр тогтоосон алданги төлөх үүрэг хүлээнэ.

4.б. Талуудын гэрээний 5.1-д Худалдан авагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.5 %-тай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

4.в. Гэрээний 3.4-т бэлэн мөнгөөр хийх төлбөрийг бетон зуурмаг авах өдрөөс 3 хоногийн өмнө төлөх-өөр заажээ. Хариуцагч нь 2,307,400 төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэл төлбөртэй талаар маргаагүй тул гэрээний 5.1-д зааснаар алданги төлөх үүрэг үүссэн. Иймд гэрээний 3.4-т зааснаар төлбөр төлөхөөр тохиролцсон хугацааг тооцож үзвэл 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 811 хоногийн алдангийг тооцоход 9,356,507 төгрөг болж байна. Гэрээний уг заалтад заагдсан бэлэн мөнгө төлөх зөрчигдсөн үүргийн хэмжээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх 1,153,700 төгрөгийн алданги төлөхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

4.г. Харин бэлэн бус буюу эд хөрөнгөөр төлбөр төлөх талаар гэрээний 3.5-д бартерийн зүйлийн хууль ёсны бичиг баримт нийлүүлэгч талд бүрэн шилжсэн тохиолдолд төлбөр төлөгдсөнд тооцно гэж заасан байх бөгөөд бартерийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй байна. Иймд бартерийн зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг зөрчсөн гэж үзэх хугацаа тодорхойгүй тул уг үүргийн үнийн дүнгээс алданги төлөх үүрэг үүсэхгүй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

5. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 227 дугаар зүйлийн 224.3-т гэж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00866 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 224.3-т гэснийг 227.3-т гэж, 135,107,400 гэснийг 136,261,100 гэж, 67,623,900 гэснийг 66,470,200 гэж, 2 дахь заалтын 833,487 гэснийг 839,256 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ф.К ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 495,718 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  

Д.БЯМБАСҮРЭН