Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2019/01710

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 07 өдөр          Дугаар 182/ШШ2019/01710          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

 

“Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Э ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02/017 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр захиалагч нь Налайх дүүрэгт төлөвлөж байгаа авто замын трасст орсон дулааны ил шугамын өөрчлөлтийн ажлыг манай компани гүйцэтгэх, уг ажлыг гэрээний 2.4-т зааснаар манай компани 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба энэ хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээ дүгнэсэн протокол үйлдэн ажлыг зохих ёсоор гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэх нийт төсөвт өртгийг 300,000,000 төгрөг байхаар талууд гэрээний 2.1-д заасан ба манай компани ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөс хойш мөн гэрээний 2.2.4-т зааснаар авах ёстой төлбөрөөс  15,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны барьцаа болгон үлдээж, баталгаат нэг жилийн хугацаа өнгөрмөгц нөхөж авахаар суутгуулсан.

Ажлыг хийж гүйцэтгэснээс хойшхи нэг жилийн хугацаанд бидний хийсэн ажилд ямар нэг доголдол илрээгүй, Эко тогтол ХХК-ийн зүгээс дээрх хугацаанд гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн, доголдол, зөрчлийг арилгуулах талаар мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй тул Э ХХК гэрээнд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өнгөрмөгц барьцаа 15,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Бид барьцаа төлбөрийг олгохыг тус компаниас хүсэж удаа дараа холбогдсон боловч санхүүгийн боломж муу байна гэсэн шалтгаан хэлж хугацаа өнгөрөөж байгаа нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний 3.2.2-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг олгохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хариуцагчаас 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёр компанийн хооронд байгуулсан 2017 оны 02/017 тоот гэрээний 6.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь хариуцлага хүлээхээр тохиролцсон ба мөн гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн буюу Э ХХК нь 15,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцож алданги төлөх үүрэгтэй байна.

Манай компани барьцаа 15,000,000 төгрөгийг олгохыг хариуцагчаас шаардах эрх үүссэн 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2019 оны 08 дугаар дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 395 хоногийн алдангийг төлөөгүй 15,000,000 төгрөгийн 0.3 хувиар тооцоход /45,000x395=17,775,000/ 17,775,000 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцон /15,000,000/2=7,500,000/ 7,500,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар мөн шаардлага гаргаж байна.

Иймд хариуцагч Э ХХК-иас 2017 оны 02/017 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт суутгасан барьцаа 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулан манай компанид олгож өгнө үү.” гэв.

             

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э ХХК нь М ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 02/17 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээ ёсоор Налайх дүүрэгт төлөвлөж байгаа авто замын трасст орсон дулааны ил шугамын өөрчлөлтийн ажлыг Мөнхийн эрчим ХХК хийж гүйцэтгэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож товлосон хугацаандаа хүлээлгэн өгсөн.

Манай байгууллага гэрээний дагуу төлбөрөө шилжүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүнгийн 5 хувийг чанарын баталгааны хугацаанд барьцаа болгон авч үлдсэн.

Дээр ажлын үндсэн гэрээний хугацаа 3 жил бөгөөд Мөнхийн эрчим ХХК нь манай байгууллагад үндсэн гэрээний үлдэж буй хугацаанд чанарын баталгааг хариуцах тухай албан бичиг гарган өгсөн тохиолдолд бидний зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 02/017 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь захиалагч Э ХХК-ийн даалгаврын дагуу Налайх дүүрэгт төлөвлөж байгаа авто замын трасст орсон дулааны ил шугамын өөрчлөлтийн ажил гүйцэтгэх, угсралтын ажил, газар шорооны ажлын гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч тал Э ХХК нь гэрээт ажлын нийт төлбөрт 300,000,000 төгрөгийн 30 хувь болох 90,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж эхлэх үед буюу ажлын талбайд байрлаж ажил гүйцэтгэж эхэлснээс хойш 3 хоногийн дараа урьдчилгаа, 30 хувь болох 90,000,000 төгрөг ажлын явц 70 хувьд хүрсэн үед, 35 хувь болох 105,000,000 төгрөгийг ажил бүрэн дуусаж улсын комисст хүлээлгэн өгсний дараа, 5 хувь болох 15,000,000 төгрөгийг чанарын баталгаат хугацааны барьцаа болгон авч үлдэж, 1 жилийн дараа талууд харилцан зөвшилцөж олгохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02/017 дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгөөс 285,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК нь хүлээсэн авсан талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талууд гэрээний 2.1-д заасан ба манай компани ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөс хойш мөн гэрээний 2.2.4-т зааснаар авах ёстой төлбөрөөс 15,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны барьцаа болгон үлдээж, баталгаат нэг жилийн хугацаа өнгөрмөгц нөхөж авахаар суутгуулсан.

Э ХХК гэрээнд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өнгөрмөгц барьцаа 15,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.

гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн буюу Э ХХК нь 7,500,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар мөн шаардлага гаргаж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Мөнхийн эрчим ХХК хийж гүйцэтгэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож товлосон хугацаандаа хүлээлгэн өгсөн.

Манай байгууллага гэрээний дагуу төлбөрөө шилжүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүнгийн 5 хувийг чанарын баталгааны хугацаанд барьцаа болгон авч үлдсэн.

Дээр ажлын үндсэн гэрээний хугацаа 3 жил бөгөөд Мөнхийн эрчим ХХК нь манай байгууллагад үндсэн гэрээний үлдэж буй хугацаанд чанарын баталгааг хариуцах тухай албан бичиг гарган өгсөн тохиолдолд бидний зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно...” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон”, 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж гэж тус тус заажээ.

 

            Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

            Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгч ажлын хөлс дутуу төлсөн гэж маргасан, хариуцагч үндсэн гэрээний үлдэж буй хугацаанд чанарын баталгаа хариуцах тухай албан бичиг өгсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзахгүй гэж тайлбарладаг.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т зааснаар захиалагч Э ХХК нь чанарын баталгаат хугацааны барьцаа болгон төлбөрийн 5 хувь болох 15,000,000 төгрөг авч үлдэж, 1 жилийн дараа талууд харилцан зөвшилцөж олгох, мөн гэрээний 2.4-т зааснаар ажил гүйцэтгэх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-нд багтаан хийхээр тус тус тохиролцжээ.

 

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч М ХХК-ийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаандаа ажлыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй ба хариуцагч тал дээрх ажлыг хүлээн авсан боловч, хэлцлэн тохирсон хугацаанд үлдэгдэл ажлын хөлс болох 15,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Э ХХК-иас 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т “захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх бөгөөд учирсан хохирлыг барагдуулна” гэж заажээ.

 

Хариуцагч Э ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч М ХХК нь Гэрээний 6.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар алданги шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагч Э ХХК нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг нэхэмжлэгч М ХХК-д төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Э ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжиннямд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 09.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хариуцагч тал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 22,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС