Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01202

 

 

Мөнхийн эрчим ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01710 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

 

Мөнхийн эрчим ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эко тогтол ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжиннямын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эко тогтол ХХК-тай 2017.05.29-ний өдрийн 02/017 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр захиалагч нь Налайх дүүрэгт төлөвлөж байгаа авто замын трасст орсон дулааны ил шугамын өөрчлөлтийн ажлыг манай компани гүйцэтгэх, уг ажлыг гэрээний 2.4-т зааснаар манай компани 2017.05.29-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба энэ хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж гэрээ дүгнэсэн протокол үйлдэн ажлыг зохих ёсоор гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэх нийт төсөвт өртгийг 300,000,000 төгрөг байхаар талууд гэрээний 2.1-д заасан ба манай компани ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгснөөс хойш мөн гэрээний 2.2.4-т зааснаар авах ёстой төлбөрөөс 15,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны барьцаа болгон үлдээж, баталгаат нэг жилийн хугацаа өнгөрмөгц нөхөж авахаар суутгуулсан. Ажлыг хийж гүйцэтгэснээс хойших нэг жилийн хугацаанд бидний хийсэн ажилд ямар нэг доголдол илрээгүй, Эко тогтол ХХК-ийн зүгээс дээрх хугацаанд гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн, доголдол, зөрчлийг арилгуулах талаар мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй тул Эко тогтол ХХК гэрээнд зааснаар 2017.07.01-ний өдөр өнгөрмөгц барьцаа 15,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Барьцаа төлбөрийг шаардаж удаа дараа холбогдсон боловч санхүүгийн боломж муу байна гэсэн шалтгаан хэлж хугацаа өнгөрөөж байгаа нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний 3.2.2-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг олгохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хариуцагчаас 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Компанийн хооронд байгуулсан 2017 оны 02/017 тоот гэрээний 6.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь хариуцлага хүлээхээр тохиролцсон ба мөн гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн буюу Эко тогтол ХХК нь 15,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцож алданги төлөх үүрэгтэй байна. Барьцаа 15,000,000 төгрөгийг олгохыг хариуцагчаас шаардах эрх үүссэн 2018.07.01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2019.08.15-ны өдрийг хүртэлх 395 хоногийн алдангийг төлөөгүй 15,000,000 төгрөгийн 0.3 хувиар тооцоход 7,500,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар мөн шаардлага гаргаж байна. Иймд хариуцагч Эко тогтол ХХК-аас 2017 оны 02/017 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт суутгасан барьцаа 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эко тогтол ХХК нь Мөнхийн эрчим ХХК-тай 2017.05.29-ний өдөр 02/17 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай байгууллага гэрээний дагуу төлбөрөө шилжүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүнгийн 5 хувийг чанарын баталгааны хугацаанд барьцаа болгон авч үлдсэн. Дээрх ажлын үндсэн гэрээний хугацаа 3 жил бөгөөд Мөнхийн эрчим ХХК нь манай байгууллагад үндсэн гэрээний үлдэж буй хугацаанд чанарын баталгааг хариуцах тухай албан бичиг гарган өгсөн тохиолдолд бидний зүгээс барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01710 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Эко тогтол ХХК-аас 22,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мөнхийн эрчим ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мөнхийн эрчим ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эко тогтол ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Мөнхийн эрчим ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 274,192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч доорх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талууд гэрээний 2.1-д заасан ба манай компани ажлыг гүйцэтгэж ,хүлээлгэн өгснөөс хойш мөн гэрээний 2.2.4-т зааснаар авах ёстой төлбөрөөс 15,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны барьцаа болгон үлдээж, баталгаат 1 жилийн хугацаа өнгөрмөгц нөхөж авахаар суутгуулсан. Эко тогтол ХХК нь гэрээнд зааснаар 2017.07.01-ний өдөр өнгөрмөгц манай компанид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Гэрээний 6.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги төлөх үүрэг хүлээсэн буюу Эко тогтол ХХК-аас 7,500,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар мөн шаардлага гаргаж байна... гэж тайлбарлажээ. Хариуцагч Эко тогтол ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Мөнхийн эрчим ХХК-ийг 2017.07.01-ний өдөр хугацаандаа ажлыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй ба хариуцагч тал дээрх ажлыг хүлээн авсан боловч, хэлэлцэн тохирсон хугацаанд үлдэгдэл ажлын хөлс болох 15,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ... гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир Иргэний хуулийн 349.2 Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно. Мөн Барилгын тухай хуулийн 14.3 Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. 14.6 Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэсэн заалтыг авч нягтлалгүй шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тухайн ажлын чанарын баталгаат хугацаа 2020.07.01-ний өдрөөр дуусгавар болох бөгөөд Мөнхийн эрчим ХХК нь тухайн хугацаанд чанарын баталгаа гаргасан тохиолдолд манай байгууллагаас барьцаа төлбөрийг төлөхөд бэлэн гэдгээ өмнө илэрхийлсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Мөнхийн эрчим ХХК нь Эко тогтол ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 1 жилийн хугацаанд чанарын баталгаа буюу барьцаа болгож үлдээсэн 15,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй тул уг мөнгийг хугацаа хэтрүүлсний алданги 7,500,000 төгрөгийн хамт гаргуулна гэсэн, хариуцагч 3 жилийн хугацаанд чанарын баталгааг хариуцах тохиолдолд мөнгийг өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс төлбөл зохих төлбөр болон хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги гаргуулах үндэслэлтэй талаар анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Зохигчийн хооронд 2017.05.29-ний өдөр байгуулагдсан 02/017 тоот гэрээгээр нэхэмжлэгч Мөнхийн эрчим ХХК нь хариуцагч Эко тогтол ХХК-ийн захиалгаар Налайх дүүрэгт төлөвлөж байгаа авто замын трасст орсон дулааны ил шугамын өөрчлөлтийн угсралтын ажил, газар шорооны ажил хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлсөнд 300,000,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

 

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээний дагуу талуудын хэн аль нь үүргээ биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг 2017.07.01-ний өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч нь ажлын хөлснөөс 285,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаа болгож 1 жилийн хугацаанд барьцаа болгож үлдээсэн талаар талууд маргаагүй, уг хугацаа өнгөрсөн боловч мөнгийг буцаан төлөөгүй хугацааг хэтрүүлсэн байх тул 15,000,000 төгрөгийг гэрээний 6.2-т заасны дагуу алданги 7,500,000 төгрөг /гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.3 хувиар 2018.07.01-2019.8.15 хүртэл хугацаагаар тооцож үүнээс төлбөл зохих үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр/ нийт 22,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Мөнхийн эрчим ХХК нь хариуцагч Эко тогтол ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр барилгын ажлын зарим хэсгийг гүйцэтгэсэн, талууд гэрээгээр ажлын хөлсний 5 хувь болох 15,000,000 төгрөгийг 1 жилийн дараа харилцан зөвшилцөж олгохоор тохиролцсон, энэ хугацаанд гүйцэтгэсэн ажилд доголдол гарсан нь тогтоогдоогүй байх тул Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан ...барилгын ажлын чанарын баталгаат хугацаа 3 жил байх хугацаанд барьцааны мөнгийг саатуулан барих эрхтэй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/01710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Эко тогтол ХХК-ийн /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.03-ны өдөр төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД