Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/02336

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/02336

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Э ХХК 

 

Хариуцагч: Т ХХК 

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 125,895,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015.10.22-ны өдөр Т ХХК-тай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах №2 тоот гэрээ байгуулан 25,800,000 төгрөгийн үнэ бүхий Сика брэндийн барилгын нэмэлт бүтээгдэхүүн 2015.10.23-ны өдөр нийлүүлсэн. Тус гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Viscocrete (уян налархайжуулагч) бүтээгдэхүүний үнэ 10,800,000 төгрөгийг 2015.10.28-ны өдөр, Antifreezer (хүйтний нэмэлт) бүтээгдэхүүний үнэ 15,000,000 төгрөгийг 2015.11.04-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Тус гэрээний 6.5 дахь зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%- тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч тус компани нь төлбөрөө төлөхгүй хугацаа хожимдуулсаар байсан ба 2016.02.02-ны өдөр 500,000 төгрөг л төлсөн. Бидний зүгээс удаа дараа амаар болон албан бичгээр төлбөрөө яаралтай төлөхийг шаардаж байсан. Үүнтэй холбогдуулан Т ХХК-д яаралтай төлбөрөө төлөхийг шаардаж, гэрээний 6.5 дахь зүйлд зааснаар алданги тооцох болохоо мэдэгдэж 2016.03.23-ны өдрийн 16/03 тоот албан бичиг хүргүүлж байсан. Хариуцагчийн зүгээс нэмэж 27,000,000 төгрөгийн үнэ бүхий Viscocrete (уян налархайжуулагч), 23,735,000 төгрөгийн үнэ бүхий Sika Rapit бараа бүтээгдэхүүн авах хүсэлт тавьсан ба өмнөх бараа бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ болох 25,300,000 төгрөг дээр үүнийг нэмэж нийт 76,035,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Бэрэн Мортгэйж Групп ХХК-иас авч өгөхөөр тохиролцсон. Үүнтэй холбогдуулан талууд 2016.04.22-ны өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ нэмэж байгуулсан. Мөн Бэрэн Мортгэйж Групп ХХК-с СБД-н 11-р хороонд орших Хангай орон сууцны хотхоны 514-р байрны 55 тоот 41.1 мкв 2 өрөө орон сууц шилжүүлэн авах Захиалгат орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г 2016.04.20-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд С.Мөнхгэрэл нь гэрээний тал болон Бэрэн Мортгэйж Групп ХХК-тай гэрээ байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2016.04.20-ны өдөр Бэрэн Мортгэйж Групп ХХК-д хандан хувь хүний нэр дээр орон сууцыг шилжүүлж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлж байсан. Орон сууцыг 2016 оны 3-р улиралд багтааж ашиглалтанд оруулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэж хариуцагч болон Бэрэн Мортгэйж Групп ХХК амлаж байсан боловч гэрчилгээ гаргаж өгөхгүй байсан. Улмаар энэ орон сууцны асуудал хэрхэсэн талаар лавлахад Бэрэн Мортгэйж Групп ХХК нь 2017.01.16-ны өдрийн №31 тоот албан бичгээр Т ХХК нь байрны үнийг шилжүүлээгүй тул орон сууцыг өгөхгүй гэсэн хариу өгсөн. Ийнхүү тохиролцсон ёсоор хариуцагч нь төлбөрөө барагдуулаагүй тул дараах төлбөрийг Т ХХК-с нэхэмжилж байна:

1.    Үндсэн төлбөр:

-     2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу 25,800,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн ба үүнээс 2016.02.02-ны өдөр 500,000 төгрөг төлж барагдуулсан тул үлдэгдэл телбөр 25,300,000 төгрөг.

-     2016 оны гэрээний 1.3 дахь зүйлд заасны дагуу 27,000,000 төгрөгийн үнэ бүхий Viscocrete (уян налархайжуулагч), 23,735,000 төгрөгийн үнэ бүхий Sika Rapit бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон боловч нийт 51,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнтэй холбогдуулан 2016.05.16-ны өдөр тооцоо нийлсэн баримтад талууд гарын үсэг зурсан.

Ийнхүү Үндсэн төлбөр нь нийт 76,300,000 тэгрөг болсон.

2.    Алданги:

-     2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Viscocrete (уян налархайжуулагч) бүтээгдэхүүний үнэ 10,800,000 төгрөгийг 2015.10.28-ны өдөр төлөх ёстой байсан ч 2016.02.02-ны өдөр 500,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 10,300,000 төгрөгийн 473 хоног хугацаа хэтэрсэн 0.5% алданги нь 24,359,500 төгрөг болсон,

-     2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Antifreezer (хүйтний нэмэлт) бүтээгдэхүүний үнэ 15,000,000 төгрөгийг 2015.11.04-ний өдөр төлөх ёстой байсан ч 466 хоног хугацаа хэтэрсэн 0.5% алданги нь 34,950,000 төгрөг болсон,

-     2016 оны гэрээний дагуу нийт 51,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар улиралд багтаан орон сууц шилжүүлэх замаар төлөх ёстой байсан. Гэтэл ийнхүү шилжүүлээгүй тул 2016 оны 4 дүгээр улирал буюу 2016.10.01-ний өдрөөс хойш 136 хоног хугацаа хэтэрсэн 0.5% алданги нь 34,680,000 төгрөг болсон.

2016 оны 'Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 4.4 дэх хэсэгт алданги тооцохдэо Төлбөр төлөх хугацааг 2015.10.22-ны өдрийн №2 тоот гэрээ болон энэ гэрээний дагуу тооцно гэж заасны дагуу нийт алданги нь 93,989,500 төгрөг болсон (энэ тооцооллыг хавсаргав). Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги нь үндсэн төлбөрийн 50% буюу 38,150,000 төгрөг болж байна.

3.   Өмгөөллийн зардал:

2016 оны Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 5.5 дахь зүйлд зааснаар шүүхэд хандсантай холбогдон гарах өмгөөллийн зардлыг буруутай тал нь хариуцахаар тохиролцсон. Тус нэхэмжлэлтэй холбогдуулан бидний зүгээс өмгөөлөгчийн хөлс 11,445,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Т ХХК нь 2015 оноос хойш төлбөрөө хожимдуулсантай холбогдуулан манай компани нь ихээхэн хэмжээний хохирол амссан. Төлбөр хожимдсоноос болж үйл ажиллагаанд үлэмж хэмжээний доголдол гарсан ба байгууллагын ажилчидтай байгуулсан гэрээгээ цуцлаж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна. Иймд нийт 125,895,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-с гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 125,895,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Улмаар шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байна. Иймд мөн хууулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигдчын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 тоот болон 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

1.      2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр нийт 25,800,000 төгрөгний үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу 25,800,000 төгрөгний үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар зарлагын баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8 дугаар тал/ Уг гэрээний дагуу төлөх төлбөрөөс хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан бөгөөд хариуцагч төлсөн төлбөрийн талаар маргаагүй тул 500,000 төгрөг төлж, үлдэх төлбөр 25,300,000 төгрөгийг төлөөгүй гэж үзлээ. Гэрээнд төлбөрийг төлөх хугацааг 2 удаагийн үйлдлээр буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болон 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гэж заасан боловч энэ нь нэг гэрээ тул сүүлийн төлбөр төлөх 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн байх үүргийг хариуцагч хүлээсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс хойш хариуцагч нь гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Үүнээс тооцвол нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 467 хоног хугацаа хэтэрсэн байна. Гэрээний 6.5-д зааснаар хариуцагч нь төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 25,300,000 төгрөг, алданги 59,075,500 /25,300,000*0,5%*467/ төгрөг төлөх үүрэг үүссэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг 12,650,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна. Эдгээрээс хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 25,300,000 төгрөг, алданги 12,650,000 төгрөг, нийт 37,950,000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.      2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр нийт 50,735,000 төгрөгний үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь 51,000,000 төгрөгний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр зарлагын баримтаар тогтоогдож байна. /хэргийн 18 дугаар тал/ Энэхүү гэрээгээр өмнөх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг нэгтгэн 76,035,000 төгрөгний төлбөрийн талаар тохиролцож, улмаар хариуцагч нь уг төлбөрт 2 өрөө орон сууцны төлбөрийг Бэрэн Мортгэйж ХХК-д төлж нэхэмжлэгчид энэхүү орон сууцыг олгуулахаар тохиролцсон байна. Гэвч орон сууц олгогдох боломжгүй болсон буюу орон сууцны төлбөрийг хариуцагч төлөөгүй болох нь Бэрэн мортгэйж ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Мөн гэрээний 4.3-т зааснаар дээрх 2 өрөө орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй тохиолдолд энэ гэрээний үнийн дүнг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. Гэрээний 2.2-т зааснаар төлбөрийг 2016 оны 3 дугаар улиралд багтаж буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна. Мөн гэрээний 4.4-т зааснаар хариуцагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хариуцагч нь гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Үүнээс тооцвол нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 137 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 50,73500,000 төгрөг, алданги 34,753,475 /50,735,000*0,5%*137/ төгрөг төлөх үүрэг үүссэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг 25,367,500 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна. Эдгээрээс хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 50,735,000 төгрөг, алданги 25,367,500 төгрөг, нийт 76,102,500 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр зохигчид 50,735,000 төгрөгний үнийн дүн бүхий гэрээ байгуулсан боловч 51,000,000 төгрөгний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь баримтаар тогтоогдсон, хариуцагч маргаагүй тул 265,000 төгрөгний үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг бичгэн хэлбэрийн гэрээгүйгээр нийлүүлсэн гэж үзлээ. Иймд уг 265,000 төгрөгний төлбөрт алданги тооцох боломжгүй тул өмнө тооцсон 76,102,500 төгрөгний төлбөр дээр энэхүү бичгэн хэлбэрийн гэрээгүйгээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг нэмээд хариуцагч нь 76,367,500 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.      Хууль зүйн туслалцаа авах зардалд 11,455,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээний 5.5-д маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхэд гарсан өмгөөлөлийн зардлыг буруутай тал хариуцахаар тохиролцсон байна. Гэвч нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан нь түүний өөрийн хүсэл зоригоос хамаарсан гэж үзнэ. Мөн хууль зүйн туслалцаа авсан төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй, өөрийн тайлбарыг нотлоогүй байна. Иймд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас нийт 114,317,500 /37,950,000+76,367,500/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 11,577,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.                   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 114,317,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,577,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 729,537.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.                   Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа явуулахыг зөвшөөрсүгэй.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД