Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00125

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021 дүгээр магадлалтай     

            “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Т” ХХК-д холбогдох

        Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 125.895.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Төгсбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2015.10.22-ны өдөр “Т” ХХК-тай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 2 тоот гэрээ байгуулан 25.800.000 төгрөгийн үнэ бүхий Сика брэндийн барилгын нэмэлт бүтээгдэхүүн 2015.10.23-ны өдөр нийлүүлсэн. Тус гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Viscocrete (уян налархайжуулагч) бүтээгдэхүүний үнэ 10.800.000 төгрөгийг 2015.10.28-ны өдөр, Antifreezer (хүйтний нэмэлт) бүтээгдэхүүний үнэ 15.000.000 төгрөгийг 2015.11.04-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Тус гэрээний 6.5 дахь зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч тус компани нь төлбөрөө төлөхгүй хугацаа хожимдуулсаар байсан ба 2016.02.02-ны өдөр 500.000 төгрөг л төлсөн. Бидний зүгээс удаа дараа амаар болон албан бичгээр төлбөрөө яаралтай төлөхийг шаардаж байсан. Үүнтэй холбогдуулан “Т” ХХК-д яаралтай төлбөрөө төлөхийг шаардаж, гэрээний 6.5 дахь зүйлд зааснаар алданги тооцохоо мэдэгдэж 2016.03.23-ны өдрийн 16/03 тоот албан бичиг хүргүүлж байсан. Хариуцагчийн зүгээс нэмж 27.000.000 төгрөгийн үнэ бүхий Viscocrete (уян налархайжуулагч), 23.735.000 төгрөгийн үнэ бүхий Sika Rapit бараа бүтээгдэхүүн авах хүсэлт тавьсан ба өмнөх бараа бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ болох 25.300.000 төгрөг дээр үүнийг нэмж нийт 76.035.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “Бэрэн Мортгэйж Групп” ХХК-иас авч өгөхөөр тохиролцсон. Үүнтэй холбогдуулан талууд 2016.04.22-ны өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ нэмж байгуулсан. Мөн “Бэрэн Мортгэйж Групп” ХХК-иас СБД-ийн 11-р хороонд орших Хангай орон сууцны хотхоны 514-р байрны 55 тоот 41.1 м.кв 2 өрөө орон сууц шилжүүлэн авах Захиалгат орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г 2016.04.20-ны өдөр байгуулсан. Тус гэрээнд С.Мөнхгэрэл нь гэрээний тал болон “Бэрэн Мортгэйж Групп” ХХК-тай гэрээ байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2016.04.20-ны өдөр “Бэрэн Мортгэйж Групп” ХХК-д хандан хувь хүний нэр дээр орон сууцыг шилжүүлж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлж байсан. Орон сууцыг 2016 оны 3 дугаар улиралд багтааж ашиглалтад оруулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэж хариуцагч болон “Бэрэн Мортгэйж Групп” ХХК амлаж байсан боловч гэрчилгээ гаргаж өгөөгүй. Улмаар энэ орон сууцны асуудал хэрхэсэн талаар лавлахад “Бэрэн Мортгэйж Групп” ХХК нь 2017.01.16-ны өдрийн 31 тоот албан бичгээр “Т” ХХК нь байрны үнийг шилжүүлээгүй тул орон сууцыг өгөхгүй гэсэн хариу өгсөн. Ийнхүү тохиролцсон ёсоор хариуцагч нь төлбөрөө барагдуулаагүй тул дараах төлбөрийг “Т” ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн төлбөр 2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу 25.800.000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн ба үүнээс 2016.02.02-ны өдөр 500.000 төгрөг төлж барагдуулсан тул үлдэгдэл төлбөр 25.300.000 төгрөг, 2016 оны гэрээний 1.3 дахь зүйлд заасны дагуу 27.000.000 төгрөгийн үнэ бүхий Viscocrete (уян налархайжуулагч), 23.735.000 төгрөгийн үнэ бүхий Sika Rapit бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон боловч нийт 51.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнтэй холбогдуулан 2016.05.16-ны өдөр тооцоо нийлсэн баримтад талууд гарын үсэг зурсан. Ийнхүү үндсэн төлбөр нь нийт 76.300.000 төгрөг, алданги 2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Viscocrete бүтээгдэхүүний үнэ 10.800.000 төгрөгийг 2015.10.28-ны өдөр төлөх ёстой байсан ч 2016.02.02-ны өдөр 500.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 10.300.000 төгрөгийн 473 хоног хугацаа хэтэрсэн 0.5 хувь алданги нь 24.359.500 төгрөг болсон, 2015 оны гэрээний 3.1 дэх зүйлд заасны дагуу Antifreezer бүтээгдэхүүний үнэ 15.000.000 төгрөгийг 2015.11.04-ний өдөр төлөх ёстой байсан ч 466 хоног хугацаа хэтэрсэн 0.5 хувийн алданги нь 34.950.000 төгрөг болсон, 2016 оны гэрээний дагуу нийт 51.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 3 дугаар улиралд багтаан орон сууц шилжүүлэх замаар төлөх ёстой байсан. Гэтэл ийнхүү шилжүүлээгүй тул 2016 оны 4 дүгээр улирал буюу 2016.10.01-ний өдрөөс хойш 136 хоног хугацаа хэтэрсэн 0.5 хувь алданги нь 34.680.000 төгрөг болсон. 2016 оны Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 4.4 дэх хэсэгт алданги тооцохдоо төлбөр төлөх хугацааг 2015.10.22-ны өдрийн 2 тоот гэрээ болон энэ гэрээний дагуу тооцно гэж заасны дагуу нийт алданги нь 93.989.500 төгрөг болсон. Гэвч Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги нь үндсэн төлбөрийн 50 хувь буюу 38.150.000 төгрөг болж байна. Өмгөөллийн зардал 2016 оны Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 5.5 дахь зүйлд зааснаар шүүхэд хандсантай холбогдон гарах өмгөөллийн зардлыг буруутай тал нь хариуцахаар тохиролцсон. Тус нэхэмжлэлтэй холбогдуулан бидний зүгээс өмгөөлөгчийн хөлс 11.445.000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. “Т” ХХК нь 2015 оноос хойш төлбөрөө хожимдуулсантай холбогдуулан манай компани нь ихээхэн хэмжээний хохирол амссан. Төлбөр хожимдсоноос болж үйл ажиллагаанд үлэмж хэмжээний доголдол гарсан ба байгууллагын ажилчидтай байгуулсан гэрээгээ цуцлаж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна. Иймд нийт 125.895.000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

           Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 114.317.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.577.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787.425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 729.537 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 101\ШШ2017\02336 тоот шийдвэр болон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 2021 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ манай байгууллагын хүлээн аваагүй барааг талуудын тайлбар, гэрээгүйгээр худалдан авсан байна гэж үзэж манай байгууллагаас хүлээн аваагүй барааны төлбөр болох 265.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн судлаагүй гэж үзэх бүрэн  үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

         Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 125.895.000 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

          Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 тоот бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1 тн viscocrete /уян налархайжуулагч/-ийг 2.700.000 төгрөгөөр тооцож 4 тн viscocrete /уян налархайжуулагч/-ийг, 1 тн antifreezer /хүйтний нэмэлт/-ийг 3.000.000 төгрөгөөр тооцож 5 тн antifreezer /хүйтний нэмэлт/-ийг худалдах, хариуцагч нь 4 тн уян налархайжуулагчийн төлбөр болох 10.800.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 5 тн хүйтний нэмэлтийн төлбөр болох 15.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус төлөхөөр тохиролцсон тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

           Талууд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 25.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоож, мөн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулж, 27.000.000 төгрөгийн үнэ бүхий Sika Visso Crete, 23.735.000 төгрөгийн үнэ бүхий Sika Rapit бүтээгдэхүүнийг нэмж худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. 

       Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 тоот бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу 25.800.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу 51.000.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг тус тус хариуцагчид нийлүүлсэн тухай зарлагын баримтууд хэргийн 8, 18 дугаар талд авагдсан байна.  

         Зохигчид дээрх бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах хоёр гэрээний үлдэгдэл төлбөрийг нэгтгэн 76.035.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тохиролцож, хариуцагч нь 76.035.000 төгрөгийн төлбөрт 2 өрөө орон сууцны төлбөрийг “Бэрэн мортгэйж” ХХК-д төлж нэхэмжлэгчид 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон боловч орон сууц олгогдох боломжгүй болж хариуцагч нь 76.035.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч хариу тайлбар болон бусад баримтаар няцаагаагүй байна.     

      Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хоёр гэрээнд алдангийн талаар тохиролцсон байх тул хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй ба 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 25.300.000 төгрөг, алданги 12.650.000 төгрөг, нийт 37.950.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 50.735.000 төгрөг, алданги 25.367.500 төгрөг, нийт 76.102.500 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

       Анхан шатны шүүх гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 114.317.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/02336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүнээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 8600 /найман мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН