Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/01271

 

 

 

 

 

 

 

2022 03 21 101/ШШ2022/01271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргйн 15 дугаар хороо, Туул гол, 70а байр 35 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Т /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд 603 байр 104 тоот хаягт оршин суух, Дээрхи овогт Батбаярын Н /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 70,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 75,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, гэрч Ш.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Т нь Б.Н тай 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулан 60,000,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Зээлсэн 60,000,000 төгрөгийг Л.Т нь өөрийн найз Шагдарсүрэн овогтой Сэргэлэнгийн Хаан банкны 5058089497 тоот данснаас Б.Н гийн Хаан банкны 5082004071 тоот дансанд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн.

Л.Тулгын хувьд Б.Н тай найз нөхдийн харилцаатай байсан учир уг зээлж буй мөнгөндөө хүү огт авахгүй гэдгээ илэрхийлж гэрээнд хүү төлөхгүй талаар тодорхой тусгасан. Өнөөдрийг хүртэл зээлдэгч Б.Н нь үндсэн зээл болох 60 сая төгрөгөөс огт төлөлт хийгээгүй.

Зээлийн гэрээний 5-д Гэрээнд заасан хугацаанд зээлдэгч нь зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлнө" гэж заасан бөгөөд гэрээний хугацаа дууссан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэл гаргаж буй 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 91 хоногийн хугацааны алдангид хоногт тутамд Б.Н нь 120,000 төгрөг, нийт 91 хоног х 120,000 төгрөг = 10,920,000 төгрөг төлөхөөр байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тул уг алдангийг үндсэн нэхэмжлэл 60 сая төгрөгийн хамт нэхэмжилж байна.

Мөн зээлийн гэрээний 8-т Зээлдэгч нь зээлийг тохиролцсон хугацаанд төлөөгүйтэй холбоотойгоор зээлдүүлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд зээлдүүлэгчид учирсан аливаа хохирол, төлбөр, зардал /шүүхийн зардал, өмгөөлөгчийн хөлс, нотариатын хөлс, зардал зэрэг/-ийг зээлдэгч нь бүрэн хариуцаж барагдуулна" гэж заасан бөгөөд Л.Т нь өмгөөлөгч Ц.Батзаяа надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн үйлчилгээ авч мөн итгэмжлэлээр төлөөлүүлэн энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа бөгөөд өмгөөллийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг Б.Н гаас гаргуулах хүсэлттэй байна.

Иймд Б.Н гаас үндсэн зээл 60,000,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөг, нийт 75,920,000 төгрөгийг гаргуулж Л.Т д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие, Л.Т тай 2007 оноос хойш найз нөхдийн болон дотно харилцаатай болоод өдий хүрсэн. Эрхэлж байсан ажил минь цар тахлаас шалтгаалж зогсонги байдалд орж, орлогогүй, цалин хөлсгүй болсон ба тэтгэврийн хоёр хөгшинтэй, эмнэлгийн төлбөр 20-30 сая төгрөг болж хүнд байдалд байхдаа Л.Т ас тусламж гуйхад найз нь тусалъя, мөнгө зээлье гээд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Анх зээлдүүлэхдээ буцааж өгөх гэж яараад хэрэггүй гэж хэлж байсан, яагаад шүүхээр явж байгааг ойлгохгүй байна. Түргэн ажил, орлоготой болж 2022 ондоо багтааж Л.Т д 60,000,000 төгрөгийг нь эргүүлэн төлж барагдуулах болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулсан байна. Гэрээнд заасан нөхцөлүүдийг харвал хүү тооцохгүйгээр зээлийн гэрээг байгуулсан байсан. Тухайн зээлийг олгосноор гэрээ хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу Б.Н д 60,000,000 төгрөгийг өгсөн гэдэг боловч Ш.Сэргэлэн гэж хүнээс Б.Н руу шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт хавсаргасан байна. Зээлийн гэрээний төлбөрийг Л.Т ас Б.Н руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өмгөөлөгч авна гэдэг нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасны дагуу хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж байгаа үйлдэл учраас нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсийг төлөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч, хариуцагч нар өмнө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан хүмүүс гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас тогтоогдож байна. Энэ мөнгийг тодорхой хугацаанд буцааж авах хүсэл зоригтой байсан. Тэрнээс бол зээлийн гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй байсан гэдгийг нь дурдах нь зүйтэй байх. Дээрх үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Б.Н д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, 75,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээл 60,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд мэтгэлцэж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Л.Т нь 60,000,000 төгрөгийг хүүгүй, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүйг үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг зээлийн мөнгийг нэхэмжлэгч өөрөө бодитоор хүлээлгэн өгөөгүй буюу мөнгийг өөр хүний данснаас шилжүүлсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгчид олгосон болох нь хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар болон мөнгийг өөрийн данснаас шилжүүлсэн Ш.Сэргэлэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдов.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Харин өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүлээх үүргээ биелүүлээгүйгээс эрх зүйн туслалцаа авах шаардлага үүссэн хэдий ч өмгөөлөгч болон үйлчлүүлэгч нарын тохиролцож буй уг мөнгөн дүн нь нэхэмжлэгчийн сонголтоос үүссэн, тухайн маргааны хувьд хийсвэр дүн болох бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тухайлан заасан хохиролд тооцох үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Н гаас 70,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н гаас улсын тэмдэгтийн хураамж 512,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА