Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01042

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н д холбогдох, 75,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Л.Т нь Б.Н тай 2021 оны 03 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулан 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлсэн 60,000,000 төгрөгийг Л.Т нь өөрийн найз Ш.С гийн Хаан банк дахь 0000000000 тоот данснаас Б.Н гийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2021 оны 03 сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Л.Т-ын хувьд Б.Н тай найз нөхдийн харилцаатай байсан учир уг зээлж буй мөнгөндөө огт хүү авахгүй гэдгээ илэрхийлж, гэрээнд хүү төлөхгүй талаар тодорхой тусгасан. Гэтэл Б.Н нь найз Л.Т-ын итгэлийг эвдэж, зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй байгаа бөгөөд удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлж зээлсэн мөнгөө өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Өнөөдрийг хүртэл зээлдэгч Б.Н нь үндсэн зээл болох 60,000,000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 5-д заасны дагуу 2021 оны 06 сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 91 хоногийн алдангид 10,920,000 төгрөгийг үндсэн зээл 60,000,000 төгрөг дээр нэмж нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээний 8-д заасны дагуу өмгөөллийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд Б.Н гаас үндсэн зээл 60,000,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 75,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Б.Н нь Л.Т тай 2007 оноос найз нөхдийн болон дотно харилцаатай болоод өдийг хүрсэн. 2020 оны эхээр дэлхий даяар цар тахал гарсантай холбоотой миний бие эрхэлж байсан ажил төрөл зогсонги байдалд орж, 2020 оны 11 сараас ажилгүй, орлогогүй болсон. Миний аавын бие 2021 оны 02 сараас муудаж 2021 оны 05 сар хүртэл тасралтгүй эмнэлгээр явж эмчлүүлсэн. Эмнэлгийн төлбөр 20-30 сая төгрөг гарч, хүнд нөхцөлд байх үедээ Л.Т тай уулзсан ба дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж туслалцаа гуйхад 2021 оны 03 сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийг зээлсэн. Анх зээлэхдээ буцааж өгөх гэж яараад хэрэггүй шүү гэж хэлсэн ба яагаад одоо ингээд шүүх, цагдаагаар яваад байгааг ойлгохгүй байна. 2021 оны 05 сарын 14-ний өдөр Б.Н гийн эцэг өвчин нь хүндэрч таалал төгссөн ба Б.Н нь хөгшин ээж, 2 охиноо харж хандах, 49 хоногоо өнгөрөөх, сэтгэл санаагаа засах гэж явсаар 09 сар хүрсэн юм. Б.Н нь хурдан ажил төрөлтэй болж Л.Т д 60,000,000 төгрөгийг 2022 ондоо багтааж бага багаар ч болтугай буцаан төлж барагдуулах болно. Алданги 10,920,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг хүлээж авна уу.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Н гаас 70,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н гаас улсын тэмдэгтийн хураамжид 512,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т д олгосон.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Иргэн Л.Т , Б.Н нар 2021 оны 03 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч 60,000,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр зээлдэгч Б.Н гийн 000000000 тоот Хаан банк дахь дансанд шилжүүлэх, зээлдэгч гурван сарын дотор 60,000,000 төгрөгийг хүүгүй төлөх үүргийг тус тус гэрээгээр хүлээсэн. Гэтэл бодит нөхцөл байдалд Л.Т ас Б.Н д 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүхээс зээлийн гэрээний 9 дүгээр заалт хэрэгжсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй юм.

4.б. Тус шүүхийн маргаан хянан хэлэлцэх өдөр буюу 2022 оны 03 сарын 21-ний өдөр шүүхэд гэрчээр Ш.С оролцон 2021 оны 03 сарын 22-ны өдөр Б.Н гийн харилцах Хаан банкны дансанд 60,000,000 төгрөгийг зээл гэх агуулгаар шилжүүлсэн байдаг. Дээрх мөнгийг Б.Н д яагаад шилжүүлсэн талаар Ш.С гээс асуухад тухайн мөнгийг сайтар мэдэхгүй гэдэг тайлбар гаргадаг. Зүй нь Б.Н , Л.Т , Ш.С нар бизнесийн хамтрагч байсан бөгөөд Б.Н гаас тодорхой ажил гүйцэтгүүлэхээр Ш.С 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь талуудын тайлбараас харагддаг бөгөөд нэхэмжлэгч мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хэлдэг юм.

4.в. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу төлбөр шилжсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Гэтэл ажил гүйцэтгэхээр Ш.С гийн шилжүүлсэн мөнгө нь Л.Т ас 2021 оны 03 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Н д зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхий шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Б.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, алданги 10,920,000 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 75,920,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэгт Л.Т , Б.Н нарын хооронд 2021 оны 03 сарын 22-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээгээр Л.Т нь 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэх, Б.Н нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 5/

Хариуцагч Б.Н нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч, 2022 онд багтаан буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн /хх 16/ бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба нь шүүх хуралдаанд ...хэрэгт авагдсан баримтаар Ш.С гэж хүнээс Б.Н руу 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа учир Л.Т шаардах эрхгүй, Л.Т , Б.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй... гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ. /хх 74-75/

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарууд хоорондоо зөрсөн тохиолдолд шүүх хариуцагчийн өөрийн нь гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт ...Нэхэмжлэлийн шаардлагын тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана... гэж зохицуулсан байдаг.

Хэрэгт авагдсан Хаан банк дахь Ш.С гийн эзэмшлийн 0000000000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6/, гэрч Ш.С гийн шүүхэд өгсөн ...Л.Т энэ данс руу мөнгө хийчих гэж хэлсэн..., ...Би Л.Т-ын өмнөөс мөнгө шилжүүлээд дараа нь Л.Т ас өөрөөс нь мөнгөө авчихсан... гэсэн гэрчийн мэдүүлэг /хх 75-76/ зэргээс үзэхэд Ш.С нь 2021 оны 03 сарын 22-ны өдөр Л.Т-ын өмнөөс 60,000,000 төгрөгийг Б.Н д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан.

Иймд ...зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тооцохгүй, мөнгөн хөрөнгө Л.Т ас шилжигдээгүй... гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.   Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Л.Т ас зээлдэн авсан 60,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд буцаан төлөөгүй үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Б.Н гаас үндсэн зээл 60,000,000 төгрөг, хууль болон гэрээнд заасан алданги 10,920,000 төгрөг /60,000,000 х 0.2% х 91 хоног/, нийт 70,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Т д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Л.Т ас өмгөөлөгч Ц.Батзаяад 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний Хаан банк дахь 0000000000 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ар нотлогдож байх боловч хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь зохигчийн өөрийн хүсэл зоригийн асуудал учир холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 511,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР