Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/04233

 

 

 

 

 

 

 

2021 12 15

101/ШШ2021/04233

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Сартуул овогт Т.А /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  0 тоотод байрлах, П д т ХХК /рд:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.А нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний П д т ХХК-ийн Дорнод аймгийн Матад сумын 19 дүгээр байршил үйлчлэгчийн ажил эрхэлдэг байсан бөгөөд үйлдвэрлэлийн баазын буюу дарга нарын байрладаг орчныг цэвэрлэдэг байсан. 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ажлаас халагдсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч маань тухайн өдөр ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тэр өдөр хүлээн авалт дуусаад ажил тарсны дараа өрөөндөө очоод 1ш пиво уусан. Энэ нь ажлаас халах хэмжээний зөрчил биш гэж тайлбарладаг. Мөн тушаалын үндэслэлд ажлаас хоцорсон гэж заасан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад вэ гэхээр Т.А нь үйлчлэгчийн ажил үйлчилгээ гүйцэтгэхдээ ажлаасаа хоцорсон зүйл байхгүй. Энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөд байгаа шалтгаан нь ажил үүргийн хуваарьт байхгүй гал тогооны ажлыг хийлгэдэг байсан өөрөө хэлбэр тогоочийн ажлыг давхар хийлгэж байсан энэ ажлаас 5 минут хоцорсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад урьд нь эрхэлж байсан буюу Дорнод аймгийн Матад сумд байрлах 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын үйлчлэгчийн ажилд эрүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийц цалин хөлс болох 7.737.932 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажил олгогчийн зүгээс гаргаж байгаа хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2119/046 гэсэн тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажилтны эрхийг дордуулсан тушаал гэж харагдаж байна. Яагаад вэ гэхээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал дотор ажил олгогч нь ажилтныг ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл харагдахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.3 дахь хэсэгт ажлаас халах гэсэн үндэслэл байгаа. Ажлаас халахдаа хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 40 дүгээр зүйлийг баримтлах буюу 7 үндэслэлээр ажлаас чөлөөлнө гээд заагаад өгсөн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь дотоод журамд заасан ноцтой зөрчлөөр арга хэмжээ авахыг хориглосон байдаг. Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйл дээр гэрээ дуусгавар болох үндэслэл дотор нь 9.2.2 дугаар зүйл дээр ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн бол гэсэн зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсгийг харахын бол нэхэмжлэгчийн ажлын байр нь Дорнод аймгийн Матад суманд байрлах 19 дүгээр талбай үйлдвэрлэлийн бааз гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийн хариуцагчид гаргаж өгсөн тайлбарт оршин сууж байгаа байран дотроо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тайлбарладаг. Тэгэхээр нэхэмжлэгч би ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй учраас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй байна гэж тайлбарладаг. Ажлаас чөлөөлсөн тушаалын дараагийн үндэслэл нь ажлаас хоцорсон гэж дурдсан байгаа. Үүнийг үзэхээр Т.Агийн ажлын цаг нь Улаанбаатар хот болон орон нутагт өглөө 09 цагаас ажил нь эхэлж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Т.А нь ажлаас хоцорсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараас харахад өглөө 06 цагт ажилдаа ирэхэд ажлаас 5 минут хоцорсон гэж үзсэн гэдэг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул. Нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн бааз буюу ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас байгууллагын зүгээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох ажиллагаа явуулаагүй. Хариуцагчийн өөрийнх нь тайлбарыг авч ажлаас чөлөөлсөн учраас хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байгаа. Мөн ажлаа үргэлжлүүлж хийх сонирхолтой байгаа эсэх дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.А нь зөрчил гарсны дараа ээжийгээ асрах шаардлагатай байгаа учраас ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үүнээс үзэхэд хариуцагчийн байгууллагад ажиллах сонирхолтой байгаа гэдэг тайлбар нь үгүйсгэгдэж байна. Ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Т.Агийн ажлын байр бол үйлдвэрлэлийн бааз үүнд кемп амрах байр зэрэг нь бүхэлдээ хамаарч байгаа. Кемп дээрээ архи уусан гэдэг нь ажлын байран дээрээ архи уусан гэх нөхцөл шаардлагыг хангаж байгаа. Архи уусан гэх асуудалд их бага уусан гэх зүйл яригдахгүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэвэл ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх үндэслэл болно. Энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэрийн газрууд ийм журмыг баримталж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад гэрээний хугацаа сунгагдах эсхүл гэрээний хугацаа үргэлжлэх байсан гэх үндэслэлийг шүүх хөндлөнгийн байрь сууринаас шүүх боломж байхгүй гэж харж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч П д т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,737,932 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч П д т ХХК-ийн захирал нарын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 21/19-046 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6, 3.4.6.13-т заасныг тус тус үндэслэн Т.Аг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн баазын ажилчдын амьдран суух хотхонд согтууруулах ундаа хэрэглэсэн, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өглөө ажлаас хоцорсон зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 2 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Т.А нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж, маргасан.

 

Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Т.Аг Дорнод аймгийн Матад сумын 19 дүгээр талбайн үйлчлэгчийн албан тушаалд 1 жилийн хугацаатай томилсон байна. /хх-ийн 51-53 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, талуудын тайлбар зэргээс үзэхэд ажилтан Т.Агийн гүйцэтгэж байсан үйлчлэгчийн албан тушаал нь байнгын ажлын байр гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасан.

 

Хариуцагч нь байгууллагын бүтцийн нэгж, орон тооноос хамаарч уурхайн үйлчлэгчийн албан тушаалыг туршилтаар ажиллуулж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд ажилтан Т.Агийн ажиллаж байсан үйлчлэгчийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн байна. Хэдийгээр ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д олгосон боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд уг хуулийн зохицуулалт хамаарна. Хэрэгт авагдсан баримтуудаар үйлчлэгчийн албан тушаалд ажилтныг хугацаатайгаар ажиллуулах шалтгаан нөхцөл бүрдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Хариуцагчаас гаргаж буй нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэх татгалзал үндэслэлгүй байна. Учир нь,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

Тодруулбал, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Хэрэгт авагдсан авагдсан баримтуудаар ажилтан Т.Аг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Хэдийгээр талуудын байгуулсан хөдөлмөрийн дотоод журмын гэрээний 3.4.5.6-д үйлдвэрлэлийн бааз дахь ажилчдын хотхонд оршин суух үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон худалдсан эсхүл худалдахыг завдсан, 3.4.6.13-т ажилд цагтаа гарахгүй эсвэл ажлын цагаас эрт буух, удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлаа ажлын цагаас эрт эхлэх буюу ажлын цаг дуусаагүй байхад ажлаа орхих, удирдагчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явах бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч дээрх зөрчлүүд баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх шаардлагатай.

 

Хариуцагчаас хэргийн 77-79 дүгээр талд авагдсан ажилтанаас бичиж өгсөн гэх ...оройн хоолоо бэлтгэсний дараа 22:30 цагт кэмп дээр ирээд өрөөндөө 2 пиво уусан гэсэн баримтаар ажилтаныг ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоно гэх боловч эдгээр баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж ажил олгогчийн шахалтаар бичсэн гэж маргасан. Энэ тохиолдолд ажилтнаас гаргасан гэх зөрчлийг хариуцагч нь өөр баримтаар нотлох шаардлагатай. Тодруулбал, ажилтныг согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тусгай багажаар илрүүлэх замаар тухайн зөрчлийг бэхжүүлээгүй байна. Иймд ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж шууд үзэх боломжгүй юм.

 

Мөн ажилтныг ажлаас хоцорсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх боловч ажилтны цагийн бүртгэлийг бүртгээгүй, энэ талаар баримтгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд ажилтан нь ажлын цагаас хоцорсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

 

Түүнчлэн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсан атлаа ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилтныг чөлөөлсөн нь учир дутагдалтай.

 

Хариуцагчаас ажилтан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж маргах боловч уг үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүйн дээр нэхэмжлэгчээс хэргийн 81 дүгээр талд авагдсан баримтад агуулагдсан бичвэрийг өөрийн хүсэл зоригийн илэрхийллийн дагуу бичээгүй, ажил олгогчоос үзүүлсэн шахалтаар бичсэн, ажлаас гарах сонирхолгүй байсан гэж тайлбарласан. Ажилтаны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэргийн бусад баримтууд болон талуудын тайлбартай харьцуулан үзэхэд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан гэж үзэхээргүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан. Иймд ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Т.Аг П д т ХХК-ийн Дорнод аймгийн Матад суманд байрлах үйлдвэрийн 19 дүгээр талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зохицуулахдаа ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохоор дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор зохицуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс уг шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт ажлын 125 хоног ажилгүй байсан байх тул хариуцагчаас 7,737,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтаны цалин хөлсийг ам доллараар тохиролцсон байх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар ажилтаны цалинг Монгол төгрөг рүү хөрвүүлж олгодог нь тогтоогдсон, үүнээс сүүлийн 3 сарын цалингийн дундаж хөлсийг тооцох боломжтой байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн ажилтан Т.Ад олговол зохих цалин олговор болох 7,737,932 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч П д т ХХК-д даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Аг хариуцагч П д т ХХК-ийн Дорнод аймгийн Матад суманд байрлах үйлдвэрийн 19 дүгээр талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч П д т ХХК-иас 7,737,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Ад олгох 7,737,932 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч П д т ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,942 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ