Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00311

 

 

 

 

 

 

 

 

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04233 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ПЧДТ ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг

нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Т.А нь ПЧДТ ХХК-ийн Дорнод аймгийн Матад сумын 0дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазад үйлчлэгчийн ажил эрхэлдэг байсан. Ажил олгогч нь ажилтныг 2021 оны 05 сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн баазын ажилчдын амьдран суух хотхонд согтууруулах ундаа хэрэглэсэн, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн өглөө ажлаас хоцорсон зөрчил гаргаж, компанийн дотоод журам зөрчсөн гэсэн үндэслэлээр 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 0 тоот тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй.

Хөдөлмөрийн гэрээний 9.2.2-т ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас чөлөөлж болох талаар зохицуулсан. Гэтэл Т.А нь 2021 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авалт дуусаад ажил тарсны дараа кемпэд ирээд өрөөндөө 1 ширхэг шар айраг уусан. Мөн нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарьт байхгүй гал тогооны ажлыг хийлгэдэг байсан бөгөөд уг ажлаас 5 минут хоцорсон гэдэг нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан. Дотоод журамд заасан ноцтой зөрчлөөр арга хэмжээ авахыг хориглосон байдаг.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 7,737,932 төгрөгийг хариуцагч ПЧДТ ХХК-аас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн бааз буюу ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул байгууллагын зүгээс зөрчлийг тогтоох ажиллагаа явуулаагүй. Т.А-гийн ажлын байр бол үйлдвэрлэлийн бааз. Үүнд кемп, амрах байр зэрэг нь бүхэлдээ хамаарна. Кемпэд архи уусан гэдгийг ажлын байранд архи уусан гэж үзнэ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэвэл ноцтой зөрчилд тооцогдоно. Т.А нь зөрчил гарсны дараа эхийгээ асрах шалтгаанаар ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаснаас үзвэл хариуцагч байгууллагад ажиллах сонирхолтой гэдэг нь үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдах эсхүл үргэлжлэх байсан гэх үндэслэлийг шүүх хөндлөнгийн байр сууринаас дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.А-г хариуцагч ПЧДТ ХХК-ийн Дорнод аймгийн Матад суманд байрлах үйлдвэрийн 00 дүгээр талбайн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ПЧДТ ХХК-аас 7,737,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-д олгох 7,737,932 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ПЧДТ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,942 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

а. Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ноцтой зөрчлийг тодорхойлж, ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд тусгаж мөрдүүлсэн байна. Нэхэмжлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул тэрээр ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзнэ. Иймд бодит нөхцөл байдалд тохирсон тушаалыг гаргах нь зүйтэй гэж ажил олгогчоос үзсэн.

б. Т.Ад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй бөгөөд зөрчил гаргасныг шалгах үедээ сонсох ажиллагаа хийсэн.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

а. Нэхэмжлэгчийг байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзээд ажлаас чөлөөлөх тушаалд тухайн журмын заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Учир нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ...ажлын байранд албан үүргээ биелүүлэх үедээ... гэдгийг ноцтой зөрчилд тооцох талаар тусгасан. Ажлын байрны тодорхойлолтоос нь үзвэл нэхэмжлэгчийн ажлын байр нь нийтийн хоолны газар байдаг. Иймд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй.

б. Мөн зөрчилтэй холбоотой гэх 2 ажилтан хоёулаа ажлаас гарах өргөдөл бичсэн байх тул нэхэмжлэгчийг өөрийн хүсэл зоригоор бичсэн гэж үзэхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, үндэслэх хэсгийн дүгнэлтэд агуулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч ПЧДТ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 90/

 

3. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хх 51-55/, ажил олгогчийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 00 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх 49/ гэсэн баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч Т.А нь хариуцагч ПЧДТ ХХК-ийн 00 дүгээр талбайд байрлах захиргаа аж ахуйн хэлтэст 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчлэгчийн ажил эрхэлдэг байсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгчийг дээрх ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 00 дугаартай тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Маргаан бүхий дээрх тушаалыг гаргахдаа ажил олгогч нь ажилтан Т.А-г 2021 оны 05 сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн баазын ажилчдын амьдран суух хотхонд согтууруулах ундаа хэрэглэсэн, 2021 оны 05 сарын 31-ний өдрийн өглөө ажлаас хоцорсон буюу компанийн дотоод журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6, 3.4.6.13-т тус тус заасныг баримталжээ.

 

5. Анхан шатны шүүх дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв байх боловч тухайн тушаалд дурдагдсан зөрчил талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байгааг анхаараагүй байна.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999.07.01/ 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хуульчлан тогтоосон байна.

 

Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2.2-т ...ажлын байранд албан үүргээ биелүүлэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн ... бол ажил олгогч нь ажилтанд урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлөх талаар тодорхой заасан байх тул үйлдвэрлэлийн баазын ажилчдын амьдран суух хотхонд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзлээ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн дүгнэлтэд агуулгын хувьд өөрчлөлт оруулав.

 

Мөн тушаалд дурдсан ажилтан ажлаас хоцорсон гэх үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байхаас гадна анхан шатны шүүхийн ажлаас хоцорсон гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6. Хариуцагч талын нэхэмжлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ аливаа дарамт шахалтгүйгээр өөрөө ажил олгогчид гаргасан тул ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзнэ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Учир нь талууд ажил олгогчийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 0 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлд маргасан бөгөөд уг тушаал нь ажилтныг өөрийнх нь хүсэлтээр бус өөр үндэслэл заан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байх тул тухайн хүсэлтэд үндэслэж ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 208,942 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР