Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0006

 

2018 оны 12 сарын 25 өдөр                  Дугаар                                   Улаанбаатар хот

128/ШШ2019/0006

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ч*******, Б.Б********нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрдэнэс-Таван толгой ХК-ийн үнэлгээний хороонд холбогдох

Гуравдагч этгээд: Э************** ХК

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1.Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2. Дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Э**************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах тус тус шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ч*******, нэхэмжлэгч Б.Б*****ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э****, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***, Л.А****, хариуцагч Э**************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дарга Т.З******, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга М.А**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц************, Ц.С************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******************нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ч*******, Б.Б********нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг.Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар нь Сангийн яамнаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар албан бичгээр тендерт холбогдуулан дүгнэлт гаргасан болохыг Э**************** ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/2339 дугаар албан бичиг болон, түүнд хавсаргасан материалаас олж мэдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Төрийн өмчит хуулийн этгээд Э**************** ХК-иас зарласан Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч Н.Ч*******, Б.Б********нар нь бусдын хамт 4 хүнтэй зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг болон оролцсон бөгөөд Э**************** ХК /цаашид Захиалагч гэх/ийн Тендерийн үнэлгээний хорооноос /цаашид Үнэлгээний хороо гэх/ манай багийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн болно.

Иймд Н.Ч*******, Б.Б********нарын ирүүлсэн шаардлагад нийцсэн тендерээ хуульд заасан журмын дагуу, шударгаар үнэлгээ хийлгэх эрх үүссэн байсан болно.

Уг тендер шалгаруулалтад иргэн О.Ч************** нарын баг тендер ирүүлсэн боловч Үнэлгээний хорооноос тэдгээрийн ирүүлсэн тендерийг хянаад тус багт ажиллах Ч.Э***************рын татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн гэрчилгээг ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй тендер гэж үзэн тендер шалгаруулалтаас хассан байжээ.

Иргэн О.Ч*************** уг Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Сангийн яаманд хандан гомдол гаргасан юм байна.

Сангийн яам гомдлыг нь хянаад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтээр О.Ч************** нарыг хассан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа өөр үндэслэл гарган дахин тендер шалгаруулалт зарлахыг үүрэг болгосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж дараах үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Үүнд:

1 .Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна гээд захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж, мөн зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно гэж, 13.3-д 3ахиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж тус тус заасан байна.

Сангийн яам нь иргэн О.Ч****************ийн гомдлыг хянаад хууль зүйн үр дагавар үүсгэсэн шинэ захиргааны акт гаргахдаа эрх нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч нарыг оролцуулаагүй хуулийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 15, 31, 32 дугаар зүйлүүдэд заасан О.Ч***********ийн гомдолтой танилцах, мэдээлэл авах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг минь зөрчсөн байна.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тогтоосны дотор 52.1.5-д захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх, 52.1.7-д энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх,-ээр тус тус заасан байна.

Сангийн яам нь дээрх хуулийн заалтын дагуу хяналтыг тавихдаа зохих журмыг мөрдөж байгаа эсэхийг хянах, гомдлыг хянах эрх хэмжээтэй байна.

Тодруулбал. Сангийн яам гомдлыг хянах гэдэг нь зөвхөн гомдолд туссан асуудлыг хянаж шалгах буюу гомдлын хүрээнд шалгаж шийдвэрлэх, мөн зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих гэдэг нь хууль болон өөрийн батлан гаргасан дүрэм, журам, захиалагчаас нэгэнт гаргачихсан тендерийн баримт бичгээ мөрдсөн эсэхийг хянах гэсэн ойлголт юм.

Гэтэл Сангийн яам нь О.Ч**************ээс Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянахдаа гомдлын хүрээнээс давж буюу Захиалагчаас тендер зарласан зарлалд хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан атлаа зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь зөрчил гэсэн дүгнэлт өгч уг үндэслэлээрээ дахин тендер зарлахыг мэдэгдэж /энэ нь заавал биелэгдэх шинжтэй захиргааны актын үр дагавар үүсгэсэн болно/ байгаа нь илтэд хууль бус бөгөөд дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байна.

З.Сангийн яам нь иргэн О.Ч**************ийн гаргасан гомдлыг хянаж, дахин тендер зарлах шинэ захиргааны акт гаргахдаа түүний гомдлыг танилцуулаагүй, уг гомдлыг хэлэлцэхэд юу яригдсан нь тодорхойгүй болно.

Хэрэв О.Ч******************ийн гомдлоо зарлалд хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан атлаа зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь зөрчил гэсэн гомдол гаргасан бол уг гомдлыг Сангийн яам хүлээн авч хянах эрх зүйн болоод хууль зүйн үндэслэл байгаагүй юм.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д зааснаар Сангийн яам тендерийн шалгаруулалтад хяналт тавихдаа захиалагч болон үнэлгээний хороо нь хууль, журам, тендерийн баримт бичгийг зөрчсөн эсэхийг л хянах ёстой.

Түүнчлэн Тендерийн зарлал нь өөрөө захиргааны актын шинжийг агуулаагүй, шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд зарлал ойлгомжгүй, тодорхойгүй асуудал байсан бол тендерт оролцох сонирхолтой этгээд /О.Ч************/ нь Захиалагчаас бичгээр болон утсаар, амаар тайлбар, лавлагаа авах эрхтэй байсан бөгөөд бид ч ийнхүү тодруулж, асуудлыг тодорхой болгож байсан.

Нөгөө талаас Сангийн яам Захиалагчаас гаргасан зарлалыг зөрчилтэй гэсэн хууль зүйн үндэслэл огт байхгүй юм.

Учир нь Сангийн яаманд зарлалыг хянах, зарлал буруу гарсан гэх үндэслэлээр тендерийг хүчингүй болгох эрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгоогүй болно.

Дээрхээс гадна Тендерийн зарлалын 1 дэх заалтаар хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан, 3 дахь заалтад зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь хэм хэмжээ агуулаагүй тул эрх зүйн зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Монгол хэл зүйн талаасаа ч энд зөрчилтэй асуудал огт байхгүй, ялангуяа хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой байгаа хуульчдад ойлгомжгүй, зөрчилтэй агуулга тусгаагүй байна.

Тухайлбал, Захиалагчийн гаргасан зарлалаас харвал татварын асуудлаар хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэж байгаа этгээд нь хувь хүн байх, ингэхдээ хэрэв тэр нь хуульч байхаас гадна татварын болон нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн зөвлөх, итгэмжлэгдсэн этгээдийн эрхтэй байгаа бол дангаараа /ганцаараа/ тендерт оролцох боломжийг хязгаарлаагүйгээс гадна ийм олон мэргэшил, ур чадвар нэг хүнд байх боломжгүй нь тодорхой тул эдгээрийг эзэмшсэн хэд хэдэн хувь хүн оролцох боломжтой бөгөөд ингэхдээ заавал эдгээр шаардлага хангасан хүмүүсээс бүрдсэн баг оролцоно гэж ойлгогдохоор тодорхой байхад Сангийн яам ийнхүү дүгнэлт хийж байгаа нь илтэд нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.

Иймд зарлал зөрчилтэй гэдгээр тендерийн үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл огт байхгүй байхад Сангийн яам ийм дүгнэлт хийж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх эрхээ хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна.

Эдгээрээс гадна хэрэв О.Ч************** зарлалтай танилцаад, зарлалыг захиргааны акт гэж үзсэн бол, тэгээд эс зөвшөөрсөн бол захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээр 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

Ийнхүү хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл, захиргааны байгууллагад гомдол гаргаагүй байсан нь уг зарлалыг ойлгосон, эсхүл зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь түүнээс тендерт оролцохоор материалаа ирүүлсэн байгаагаас үзвэл тэрээр уг зарлалыг ойлгож, зөвшөөрсөн гэдэг нь нотлогдож байгаа юм.

Иймд О.Чулуунцэцэг нь Тендер шалгаруулалтад зарлалыг ойлгож орчхоод тендер шалгаруулалтын шатнаас хасагдсаны дараа зарлалд гомдол гаргах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

4.Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно гэж, мөн зүйлийн 35.2-т Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно гэж, мөн зүйлийн 35.3-д Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно гэж заасныг тайлбарлан хэрэглэжээ.

Ингэхдээ хуульд баг гэсэн ойлголт байхгүй байхад тендерт баг оролцохоор зарласан нь хууль бус гэх агуулгатай тайлбар хийсэн нь Сангийн яам хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3-д заасан хувь хүн гэдэг ойлголт нь цорын ганц хүн байх гэсэн ойлголт огт биш юм.

Өөрөөр хэлбэл, хувь хүн гэдэг нь эрх зүйн ойлголт, нэр томьёо бөгөөд эрх зүйн харилцаанд оролцох бодьгал хүний эрх зүйн байдал, статусыг тогтоосон томьёолол тул энэ нь нь нэг хүн гэдэг ойлголт бишээс гадна, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3-д заалт нь хувь хүн гэдэг статустай эрх зүйн этгээд хэд хэдэн хүн оролцохыг хориглосон заалт биш болно.

Баг гэдэг нэр томьёо нь эрх зүйн ойлголт биш боловч хүмүүс үйл ажиллагаагаа хамтран явуулахдаа хэрэглэж заншсан зохион байгуулалтын хэлбэр буюу ердийн харилцаанд өргөн хэрэглэгддэг ойлголт. Иймд баг-аар оролцоно гэсэн нь хуулийн зөрчил гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Үүнийг дахин өөрөөр тайлбарлавал, Монгол Улсын хуульд хувь хүн, иргэн өндөр настан, цэргийн албан хаагч гэх зэргээр ганц тоон дээр эрх зүйн этгээдийг томьёолдог бөгөөд эдгээр нь дан ганц этгээд /хүн/ байх тухай ойлголт биш гэдэг нь доорх жишээнээс харагдана.

Жишээлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг.

Шүүх хуульд хүн нэхэмжлэл гаргана гэж заасан учир 2-оос дээш хүмүүс нийлж, нэгтгэж нэхэмжлэл гаргахгүй эрхгүй гэж тайлбарладаггүйтэй адил юм.

Хоёр.Э**************** ХК-ийн тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э**************** ХК нь Сангийн яамны дээрх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг үндэслэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин явуулахаар шийдвэрлэсэн байна.

Э**************** ХК нь нийтийн эрх зүйн хүрээнд эрх зүйн харилцаа үүсгэхээр гэрээ байгуулах санал гаргасан бөгөөд шүүхийн практикт энэ төрлийн маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэн хүлээн авч шийдвэрлэж байгаа тул энэхүү хэргийн хариуцагч гэж үзсэн болно.

Э**************** ХК-ийн энэхүү шийдвэр гаргах үндэслэл нь болсон Сангийн яамны дээрх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлт нь дээр дурдсанаар хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас хууль бус захиргааны актыг үндэслэж гарсан акт хууль бус болно.

Энэхүү актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу зарласан тендерт оролцох эрх, оролцсон тендерээ шударгаар үнэлүүлэх эрхийг зөрчсөн болно.

Дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлт болон уг актыг үндэслэж гарсан Э**************** ХК-ийн тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нэхэмжлэгч нарын тендерээ шударгаар үнэлүүлэх хууль ёсны ашиг сонирхол, эрхийг хөндсөн тул хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь хамгаалж өгнө үү гэв.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзул, Л.Амгалан нар шүүхэд гаргасан тайлбартаа:  Сангийн яаманд холбогдуулан гаргасан Э**************** ХК-иас зарласан Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох" ЭТТ/201802221 дугаартай тендер шалгаруулалтад оролцогч Н.Ч*******, Б.Б********нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доор дурдсан хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгчээс Сангийн яам Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/201802221 дугаартай тендер шалгаруулалттай холбогдох гомдол хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй, зөрчсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заасан.

Мөн тендерт оролцогч нарын гомдол гаргах хугацаа, түүнийг ямар хугацаанд шийдвэрлэх, гаргах шийдвэрийн төрлийг хуулийн Долдугаар бүлгийн 54, 55, 56 дугаар зүйлээр тус тус тусгайлан зохицуулсан байдаг. Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдох гомдлыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь .... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана. гэж заасны дагуу тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг холбогдох материалд үндэслэн 14 хоногт багтаан хянан шийдвэрлэдэг.

Ийнхүү тендер шалгаруулалтын гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн Хуулийн үйлчлэх хүрээ буюу 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу тендерийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль бус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэдэг.

Хоёр. Нэхэмжлэгч Сангийн яам гомдлыг хянах гэдэг нь зөвхөн гомдолд туссан асуудлыг хянаж шалгах буюу гомдлын хүрээнд шалгаж шийдвэрлэх, мөн зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих гэдэг нь хууль болон өөрийн батлан гаргасан дүрэм, журам, захиалагчаас нэгэнт гаргачихсан тендерийн баримт бичгээ мөрдсөн эсэхийг хянах гэсэн ойлголт юм гэж дурдсан байна.

Гэтэл Сангийн яам нь О.Ч************* захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянахдаа гомдлын хүрээнээс давж буюу захиалагчаас тендер зарласан зарлалд хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан атлаа зөвлөх багийн танилцуулга ирүүлэхийг шаардсан нь зөрчил гэсэн дүгнэлт өгч уг үндэслэлээрээ дахин тендер зарлахыг мэдэгдэж /энэ нь заавал биелэгдэх шинжтэй захиргааны актын үр дагавар үүсгэсэн болно/ байгаа нь илтэд хууль бус бөгөөд дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байна гэжээ.

Хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Сангийн яамны эрх үүргийг тодорхой зааж, захиалагч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг хуулиар даалгасан. Захиалагч хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Сангийн яам тендерийн гомдлыг хянахдаа хууль болон өөрийн батлан гаргасан дүрэм, журам зөрчигдсөн эсэхийг хянадаг. Сангийн яам нь тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлын дагуу тендер шалгаруулалтыг хянан үзээд хэрэв хууль, журамд зөрчигдсөн тохиолдолд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргадаг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага болно.

Гурав. Нэхэмжлэгч Сангийн яаманд зарлалыг хянах, зарлал буруу гарсан гэх үндэслэлээр тендерийг хүчингүй болгох эрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгоогүй болно гэжээ.

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсэгт Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно. гэж заасан бөгөөд захиалагч татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч буюу татварын болон хууль, эрх зүйн зэрэг олон салбарыг хамарсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарласан.

Тендерийн урилгад хувь хүн санал ирүүлэхээр заасан хэдий ч зөвлөх баг сонгохоор зөрүүтэй урилга зарласан нь хуулийн 37 дугаар зүйлд заасан Зөвлөх сонгох үнэлгээний арга сонгох журмыг зөрчсөн, цаашид тендер шалгаруулалтын үнэлгээ хийх боломжгүй байдал бий болсон.

Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан үзээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх гэж заасны дагуу захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй байдаг. Захиалагч зөвлөх үйлчилгээний тендерийг зарлахдаа хуулийн 35, 37 дугаар зүйлийг зөрчсөн тул Сангийн яам хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй юм.

Дөрөв. Нэхэмжлэгч Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно. гэж тодорхой заасан бөгөөд 35.2-т Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно. гэж, 35.3-д Тухайн: зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно. гэж заасныг тайлбарлан хэрэглэжээ. Ингэхдээ хуульд баг гэсэн ойлголт байхгүй байхад тендерт баг оролцохоор зарласан нь хууль бус гэх агуулгатай тайлбар хийсэн нь Сангийн яам хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэжээ.

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно. гэж тодорхой заасан байдаг бөгөөд хуульд баг гэсэн үг байхгүй болно. Сангийн яам хууль тайлбарлах субъект биш бөгөөд хуулийг тайлбарлаагүй, тодорхой заасан заалтыг үндэслэл болгон хуулийн хүрээнд шийдвэр гаргасан болно.

Харин дээрх тендер шалгаруулалт нь татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч буюу татварын болон хууль, эрх зүйн зэрэг олон салбарыг хамарсан байх тул захиалагч хувь хүн биш хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг үндэслэн хуулийн этгээдийг сонгох ёстой байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Э**************** ХК-ийн үнэлгээний хорооны дарга Т.Золжаргал шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Манай үнэлгээний хороо Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулахтай холбоотойгоор байгуулагдсан. Тус үнэлгээний хороо хурлаа хийж 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр анхны зарыг сонинд тавьсан. Үүнд дээр бид хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хувь хүнийг шалгаруулах тухай зарлалыг гаргасан. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тендерийн материал ирж бид тендерээ үнэлэх гэсэн боловч Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын системийн алдаатай ажиллагаанаас үүдэн хувь хүн тендерийн цахим программд нэвтрэх боломжгүй байдлаас шалтгаалж хувь хүмүүс тендерийн материалаа ирүүлж чадаагүй.

Манайх тендерийн материалаа цахим системд оруулж чадахгүй байна гэж 5 хүнээс гомдол ирсэн. Бид тендер нээх өдөр 3 газар хувь хүнээр биш аж ахуйн нэгж нөхөрлөл зэргээр материалаа ирүүлсэн байсан. Тэгэхээр энэ нь нийтийг хамарч чадаагүй байна.

Манайх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын программын алдаатай ажиллагаанаас болсон байна гэж үзээд тухайн тендерийг хүчингүй болгож дахин зарласан. Анхнаасаа тендерийн үнэлгээний хорооны зорилго хувь хүн шалгаруулах байсан. Зарлал дээр ч гэсэн хувь хүнийг шалгаруулна, хуульч мэргэжилтэй, 5-аас дээш жилийн ажлын туршлагатай, магистраас дээш боловсролын зэрэгтэй байна гэж шалгаруулсан. Гэхдээ хувь хүн нь багтай байж болно багт нь санхүү нягтлан болон татварын мэргэшсэн гишүүнтэй байж болно гэж зарласан. Гэхдээ хоёр дахь зарлал дээр уламжлалт аргаар материалаа авъя гэсэн. Ингэхэд 10 гаран материал ирсэн. Эндээс бид үнэлээд тендерийн зар дээр шаардсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтүүдээ хангах бичиг баримтуудыг эхний ээлжид шаардсан эндээс шаардлага хангаагүй оролцогч нарт мэдэгдлийг өгч цаашаа хураангуй жагсаалтыг үүсгээд явах гэсэн боловч Сангийн яамнаас иргэн О.Чулуунцэцэгийн зүгээс гомдол гаргасан талаар мэдэгдэл ирж үнэлгээний хорооны ажил түр түдгэлзсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр манай үнэлгээний хорооны ажлыг дахин хийлгэх тухай албан бичиг ирсэн. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хэлэлцэх бөгөөд гомдлыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор багтаан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр байна гэсэн заалтын дагуу тухайн үнэлгээг хүчингүй болгож дахин зарласан. Дахин зарласан тендерт Сангийн яамнаас ирсэн албан бичгийн дагуу хувь хүн болон багаар зарлаж болохгүй гэсний дагуу аж ахуйн нэгжээр зарласан үүнд 8 аж ахуйн нэгж материал ирүүлж 3 аж ахуйн нэгж хураангуй жагсаалтад орсон байдалтай байна.

Гуравдагч этгээд Э**************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц************н, Ц.Са*************** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Ч*******, Б.Б********нарын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Э**************** ХК-ийн тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Э**************** ХК нь Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер зарлан, тендер сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

Тус тендерт оролцогч иргэн О.Ч*********** Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотойгоор ...тендер шалгаруулалтыг хууль бус болсон... гэдэг үндэслэлээр гомдол гаргасан.

Сангийн яам гомдлыг хянаж, 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 6-1/6421 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр иргэн О.Ч*****************ийн гомдлыг үндэслэлгүй байна, захиалагч хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэсний зэрэгцээ дараах хариуг Э**************** ХК-д өгсөн.

Уг албан бичигт ...Захиалагч 2018 оны 07 сарын 30-ны өдрийн зарлалын 1 дэх заалтад хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна гэсэн боловч 3 дахь заалтад нь зөвлөх багийн танилцуулга, багийн ахлагч нь хууль зүйн чиглэлээр, багийн 1 гишүүн татвар, санхүү, нягтлан бодогчийн чиглэлээр гэж багийн шаардлага тавьж өгсөн байгаа нь хоорондоо зөрчилдөж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно. гэж тодорхой заасан бөгөөд 35.2-т Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно. гэж, 35.3-д Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно. гэж тус тус заасан.

Иймд хуулийн дээрх заалтын алинд ч хамаарахгүй баг гэдэг зүйлийг сонгон шалгаруулахаар зарласан нь хуулийн үндэслэлгүй байх тул хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг үүгээр мэдэгдье... гэсэн байсан.

Сангийн яамны шийдвэр нь Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ...гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно. гэж заасны дагуу эцсийн шийдвэр болох тул захиалагч уг тендерийг хүчингүй болгож, дахин зарласан.

Э**************** ХК нь Тендерийн хуулийн дээрх заалт, Сангийн яамны 2018 оны 6-1/6421 тоот албан бичгийг үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Н.Ч*******, Б.Б********нар нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх 4 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн Эрдэнэс таван толгой ХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зарласан Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай 2 шатлалт тендер сонгон шалгаруулалт-д оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дах хэсэгт заасан хураангуй жагсаалтад шалгарсан байна.

Гэтэл тус тендерт оролцогч иргэн О.Ч**************** ...тендер шалгаруулалтыг хууль бус болсон... гэдэг үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргаж, улмаар уг гомдлыг хянаж ... хуулийн дээрх заалтын алинд ч хамаарахгүй баг гэдэг зүйлийг сонгон шалгаруулахаар зарласан нь хуулийн үндэслэлгүй байх тул хуульд нийцүүлэн дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг үүгээр мэдэгдье... гэж дүгнэн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

Эрдэнэс таван толгой ХК-иас зарласан Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер-ийн жишиг баримт бичгийн 9 дүгээр зүйлийн 9.6-д түншлэл хэлбэрээр оролцохыг зөвшөөрсөн, мөн захиалагчийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичигт зөвлөх үйлчилгээнд багаар оролцож болох тухай анх зарласантай холбогдуулан нэхэмжлэгч нар 4 гишүүн бүхий баг бүрдүүлэн уг тендерт оролцож, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн байхад дээрх байдлыг буруутган багаар оролцох ёсгүй байсан гэж хариуцагчаас тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлж, нэхэмжлэгч нар нь түүний дагуу оролцсон байхад хариуцагчаас хуульд .... баг гэх утга агуулагдаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно. гэж тодорхой заасан бөгөөд 35.2-т Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно. гэж, 35.3-д Тухайн: зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно гэж тус тус заасны дагуу хувь хүн, эсхүл хуулийн этгээдийн алинаар нь тухайн зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэх нь захиалагчийн бүрэн эрх байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 5 дугаар зүйлийн 5.1.6-д тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гээд 5.1.6.б-д хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд гэж, Иргэний хуулийн 476 дугаар 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 4 хувь хүн хамтарч тендер шалгаруулалтад орсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан О.Чулуунцэцэгийн гомдол, түүнд өгсөн хариунаас үзэхэд хариуцагч Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нь баг гэдэг зүйлийг сонгон шалгаруулахаар зарласан нь хуулийн үндэслэлгүй хэмээн тендерийн баримт бичигт зөрчил гарсан гэж дүгнэсэн нь гомдол гаргагчийн гаргасан гомдлын хүрээнээс хэтэрсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд хариуцагч Сангийн яамны 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн нэгэнт шүүхээс Эрдэнэс таван толгой ХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зарласан Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай 2 шатлалт тендер сонгон шалгаруулалт-ыг хүчингүй болгосон 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар албан бичгийг хүчингүй болгосон тул хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-ийн Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №3 дугаар хуралдааны тэмдэглэлээр Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахаар зарласан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй заасанчлан нэхэмжлэгч нарыг тус захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдлээс өөрт учирсан хохирлоо шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б, 35 дугаар зүйлийн 35.1, 35.3, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Ч*******, Б.Б********нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/6421 дугаар албан бичиг, Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №3 дугаар хуралдааны тэмдэглэлээр Татварын харилцаатай үүссэн маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2018/02221 дугаартай тендер шалгаруулалтыг дахин явуулахаар зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ч*******, Б.Б********нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА