Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00265 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Дийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Д

Хариуцагч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ад 2016 оноос 2017 он хүртэл 5 000 000 төгрөгийг цувуулан зээлсэн. Б.А нь зээлээ төлөөгүй тул 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Доос 3 000 000 төгрөг зээлж авсан. Хүүгээ Япон явуулахад хэрэглэсэн. Н.Дид бэлнээр 500 000 төгрөг, 700 000 төгрөг, 520 000 төгрөг, 17 шуудай манжин буюу 480 000 төгрөг, 20 шуудай манжин буюу 500 000 төгрөг, н.Мижгээгээс авсан 29 шуудай манжин авсан байсныг тооцож үзэхэд нийт 2 988 000 төгрөгийг буцааж төлсөн байна. Харин 5 000 000 төлөх ямар ч үндэслэл байхгүй. Монгол ажилчдын ахлагчаар би ажиллаж байсан бөгөөд худалдан авсан ногооны үнийг миний дансаар шилжүүлдэг байсан баримтыг ашиглан 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 1 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 40 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А давж заалдах гомдолдоо: Би 2017 онд Н.Доос 3 000 000 төгрөг зээлж авсан, 2018 онд бүрэн төлж барагдуулсан. Өөрийн дансаар 700 000 төгрөг, эхнэр н.Дэлгэрхишигийн дансаар 500 000 төгрөг, дүү н.Төмөрсанаагаас 500 000 төгрөг төлсөн. Хотруу ногоо хаягаар явуулдаг н.Мижгээ гэдэг хүүхдээс миний явуулсан 29 шуудай манжин, нэхэмжлэгчийн дүү н.Тэмүүлэн гэдэг хүүхдээр 20 шуудай манжин, эхнэр дүүтэйгээ ногоон дээр ажиллаж байхад 17 ширхэг манжин авч явсан. Би анхан шатны шүүхэд өөрийн буруугаас болж дансаар төлсөн баримтаа өгөөгүй. Иймд би баримтаа авч ирсэн. Би ногоон дээр ажиллаж байсан гэрчүүдийг оролцуулахад бэлэн байна. Борнуур сумын иргэн н.Илжигээ /99033473/, н.Дашдаваа /99308429/ нар миний ногоог авч явсан хүмүүс. Нэхэмжлэгч мөнгө өгөлгүй миний ногоог авсан. Энэ хүн ногооны ченж хийдэг учраас миний ажиллаж байсан компаниас маш их ногоо байнга худалдаж авдаг бөгөөд би хямдаар өгдөг байсан. Тэр мөнгө нь миний дансаар хийгддэг байсан болно. Иймд маш их гомдолтой байна, үнэн зөвийг нь олж өгч туслана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...3 000 000 төгрөг зээлээд, буцаан төлсөн...” гэж тайлбарлан, татгалзжээ.

Талууд мөнгө шилжүүлсэн эсэх асуудлаар маргаж буй тохиолдолд уг үйл баримтыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгээ нотлохоор “ХААН банк” ХХК-ийн депозит дансны хуулгыг шүүхэд баримтаар гарган өгсөн. Уг баримтаас үзвэл Н.Д нь Б.Ад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 700 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, бусад шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга нь “ногооны үнэ” гэсэн байх тул Н.Д нь Б.Ад 5 000 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. /хх 8, 25 дахь тал/

Харин нэхэмжлэгч Н.Доос 3 000 000 төгрөг зээлсээн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Агийн тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн зээлийн хэмжээг 3 000 000 төгрөг гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргах боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 700 000 төгрөгийг дансаар, гэрч Б.Төмөрсанаагаас 500 000 төгрөг, 11 шуудай манжинг 200 000 төгрөгт тооцон тус тус шилжүүлэн авсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй учир зээлийн үүргээс 1 400 000 төгрөгийг төлсөн гэж хасч тооцон, үлдэх хэсэг буюу 1 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Б.Агийн хуулиар олгосон эрхийг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан үүргийн дагуу хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан, шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. /хх 15, 18 дахь тал/

Түүнчлэн, шүүх хуралдаанд хариуцагч талаас шүүхэд гаргах хүсэлт байхгүй гэж мэдүүлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх 30 дахь тал/

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                          ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                 Ч.ЦЭНД