Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2019/00265

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  дүүрэг  дүгээр хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н.Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Б.А, гэрч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ад 2016 оноос 2017 он хүртэлх хугацаанд 5,000,000 төгрөгийг цувуулан зээлсэн. Б.А нь өнөөдрийг хүртэл зээлдүүлсэн мөнгийг өгөхгүй байсаар 2018 оны 09 дүгээр сард ногоо ав гэж хэлсэн учраас ногоо авахаар очтол өөр хүний ногоог өрөндөө өгөх гэж байсан нь бүтэлгүйтэж тээврийн зардал, ажилчдын цалин хөлс 1,800,000 төгрөгөөр хохирсон. Иймд зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ногооны наймаачин Н.Доос 3,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Хүүгээ Япон улс руу явуулахад хэрэглэсэн. Н.Дид бэлнээр 500,000 төгрөг, 700,000 төгрөг, 520,000 төгрөг, 17 шуудай манжин буюу 480,000 төгрөг, 20 шуудай манжин буюу 500,000 төгрөг, Мижгээгээс авсан 29 шуудай манжинг тооцож үзэхэд нийт 2,988,000 төгрөгийг буцааж төлсөн байна. Харин 5,000,000 төлөх ямар ч үндэслэл байхгүй. Монгол ажилчдын ахлагчаар би ажиллаж байсан бөгөөд худалдан авсан ногооны үнийг миний дансаар шилжүүлдэг байсан баримтыг ашиглан 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Д хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.А нь 5,000,000 төгрөгийн баримт нь ногоо худалдан авсан үнийг шилжүүлсэн баримт бөгөөд Н.Доос 3,000,000  төгрөгийг 2017 оны 2 дугаар сард бэлнээр зээлж аваад 2,988,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Н.Дийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 80,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 217,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 160,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 4,997,000 төгрөгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад сонгинын үнэ, төмсний үнэ гэж Б.Агийн 5020815606  тоот данс руу шилжүүлсэн байх тул зээлийн гэрээний үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч Б.А 2017 оны 02 дугаар сард Н.Доос 3,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан тухайд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Н.Д нь Б.Агаас зээлийн төлбөрт 700,000 төгрөгийг дансаар, Б.Агийн дүү Б.Тгаас 500,000 төгрөгийг бэлнээр, 200,000 төгрөгийн үнэтэй 11 шуудай манжин авснаа зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул 3,000,000 төгрөгөөс төлсөн 1,400,000 төгрөгийн хасч тооцож үлдэх 1,600,000 төгрөгийг хариуцагч Б.Агаас гаргуулж нэхэмжлэгч Н.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Хариуцагч Б.А 3,000,000 төгрөгийг зээлж аваад 500,000 төгрөг, 700,000 төгрөг,  520,000 төгрөг, 17 шуудай манжин буюу 480,000 төгрөг, 20 шуудай манжин буюу 500,000 төгрөг, Мижгээгээс 29 шуудай манжин буюу 288,000 төгрөг нийт 2,988,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт ирүүлээгүй нь  хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Агаас 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 40,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Дид олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ