Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/01491

 

 

 

 

 

 

 

2022 04 01 101/ШШ2022/01491

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 12 дугаар гудамж, 238А тоотод оршин суух Шаравнямбуу овогт Эрдэнэцогтын Т /Регистрийн дугаар /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 12 дугаар гудамж, 238Б тоотод оршин суух Ранайхан овогт Цэвэлмаагийн О /Регистрийн дугаар /-д холбогдох,

 

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөлийн газрыг буцаан олгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Т д даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тодгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, гэрч Л.Гансүх, Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Э.Т миний бие гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж, 238 тоотод 1998 оноос эхлэн амьдарсан. Ээж маань 2003 газраа хувааж хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн. Надад 238Б тоот газрыг, дүү Э.Тогосжаргалд 238В тоот газрыг өгсөн. Миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч өмчлөгч нь болсон. Дүү маань хүнтэй суухдаа өөрийн газраа зараад мөнгөө авсан. Харин би газраа огт зараагүй. 2005-2007 оны хооронд газар дээр хэн ч байгаагүй, эзгүй байсан, ээж ч байгаагүй, би ч байгаагүй. Би нөхөртэйгөө танилцаад түрээсийн байранд 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Түрээсийн байрны хугацаа дуусахад нялх хүүхэдтэй учраас байнга түрээсийн байранд амьдраад яахав гээд газар дээрээ очиж амьдаръя гээд ирэхэд Ц.О нь гэр бүлийн хамт зөвшөөрөлгүй гэр барьж буусан байсан. Би ирээд яагаад зөвшөөрөлгүй бууж байгаа юм, яв гэхэд манайх олон хүүхэдтэй очих газаргүй хэцүү байна. Түр байлгаач гэж гуйсан. Тухайн үед өрөвдөөд байлгасан. Дараа нь одоо яваарай, газар чөлөөлж өгөөрэй гэхэд мөнгөтэй болж байгаад худалдаж авмаар байна гэсэн. Тухайн үед газар худалдаж авах бол хурдан мөнгөө өгөөд ав гэж манай төрсөн дүү Э.Тогосжаргал хүртэл уулзаж байсан. Бид заримдаа байгаад заримдаа байхгүй явсаар би 2018 оны өвөл гадаад яваад 2019 оны 12 дугаар сард ирсэн. Намайг байхгүй байх хугацаанд манай дүү ээжийн газарт амьдраад заримдаа эзэнтэй байгаад, хэсэг хугацаанд эзгүй байсан. Ингээд удахгүй мөнгөтэй болно гэсээр байгаад 2020 онд газрыг чинь 2,500,000 төгрөгөөр авъя гэсэн. Миний зүгээс олон жил амьдарсан юм чинь гэж өрөвдөөд зөвшөөрсөн. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг байна, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг энэ ондоо багтаагаад өгнө гэсэн. Зөвшөөрч худалдах худалдан авах гэрээ хийх болтол хариуцагчийн зүгээс татвар төлдөг юм, бэлэглэлийн гэрээ хийсэн нь дээр гэж хэлээд үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ өдрөө миний Хаан банкны 5018279634 тоот данс руу хариуцагч Ц.О нь газрын төлбөрийн урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаараа бичиж шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш тохирсон үлдэгдэл мөнгөө өгөөгүй. 2021 оны 5 дугаар сараас эхлээд байшин бариад эхэлсэн. Байшингийн суурь цутгаж эхлэхэд нь би танайх мөнгөө өгөөгүй байж яагаад байшин бариад байгаа юм бэ, би шүүхэд өгнө шүү гэхэд өгч л байхгүй юу, манай хүүхэд цагдаа, чи яаж ч чадахгүй гэж хэл амаар доромжилсон, түүнээс хойш намайг байнга хэл амаар доромжилж байгаа. Хүнээс зөвлөгөө авахад миний зүгээс хууль зөрчиж гэрээ хийсэн болохоо мэдсэн. Иймд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийсэн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах хүсэлтэй байна. Бэлэглэлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 1,000,000 төгрөгийг буцааж өгөх болно. Худалдах худалдан авах гэрээг халхавчлан хийсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, газрыг өмчлөх эрхийг минь сэргээн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О ынх тус газар 2007 онд нүүж ирж амьдарсан. Анх тус хашааг авахдаа нөхөр Д.Мягмарсүрэнд ажлын газраас нь худалдан авч бэлэглэж, ажлаа сайн хийх санал тавьж Э.Т гийн ээжээс 750,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Гэтэл Э.Т гийн ээж нь удалгүй өнгөрсөн тул газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй. Үүнийг гэрчлэх болон тодорхойлох, худалдаж авсан эзэн, ажлын газрын даргын тодорхойлолт, гэрч байгаа болно. Нэхэмжлэгч Э.Т өөрөө Ц.О т олон талын дарамт үзүүлж байгаад бэлэглэлийн гэрээ хийж дүр эсгэн 1,000,000 төгрөгийг авч, бэлэглэлээр газрыг шилжүүлсэн болно. Э.Т гийн гаргаж буй нэхэмжлэл нь хууль зүйн хувьд болон иргэний хувьд хууль зөрчсөн асуудал, бусдыг хэт гүтгэж, дарамталж, доромжилж байгаа нь илэрхий байна. Энэ хашаанд Ц.О нь 14 жил амьдарч байгаа. Гэтэл Э.Т нь сүүлийн үед дур мэдэн тог тасалж дарамт үзүүлэн, удаа дараа хашаанаас яв гэж хөөж, амьдрах нөхцөлд хүндрэл учруулсаар байгаа. Нэхэмжлэгч тухайн үед манай ээж байсан гэж ярьж байсан. 238Б тоот газрыг Э.Т г Солонгос улс руу яваад ирэхэд нь Ц.О ынхаас мөнгийг нь авсан шүү, нэрийг нь шилжүүлж өгөх ёстой гэдгийг хэлсэн. Э.Т гийн ээж нь тэр хавийн газруудыг бүгдийг нь авч айлуудад зарсан гэдэг нь гэрч асуухаар тодорхой болно. Эхлээд 750,000 төгрөг өгөөд дараа нь 250,000 төгрөг өгсөн байдаг. Тухайн газрыг худалдаж авсан, бэлэглэлийн гэрээ хийж эрүүгийн хэргээр залилангийн халхавч болсон гэрээ хийсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл бэлэглэлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй. Ээж нь албан газарт зараад 1,000,000 төгрөг авсан гэдгийг Э.Т өөрөө мэдэж байсан. Нэхэмжлэлийг үндэслэлгүй гаргасан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг болон миний өгсөн нотлох баримтуудаар нотлогдоно. Хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгч, үнэн зөв баримт гаргаж өгөх ёстой, гэтэл энэ эрх, үүргээ зөрчөөд байна. Маргаан байсан, цааш үргэлжилж байна. Тухайн газрыг албан газар ээжээс нь худалдаж авсан бөгөөд анх Ц.О т биш, түүний нөхөр Д.Мягмарсүрэнд биш, албан ёсоор А.Энхсайхан гэдэг хүнд өгсөн байсныг гэрчээр оролцож байгаа компанийн захирал гэрчилнэ. Үнэхээр Э.Т гийн газар мөн үү, биш үү гэдгийг тодруулах ёстой. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна, гэрчүүд хэлж байгаа, өгсөн тайлбар байгаа, нотлох баримт байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү. Анх тухайн газрыг 2005 онд худалдах, худалдан авах гэрээгээр Од мөнх ХХК нь нэхэмжлэгч Э.Т болон түүний ээжээс худалдаж авсан. Од мөнх ХХК нь ковш, барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тухайн компанийн үйл ажиллагаа худалдсан гэх газрын наад талд Цайз 16-д байрладаг. Тухайн үед хамгийн анх ковш жолооддог Энхсайхан гэдэг ажилтандаа ажилтай нь ойрхон газар авч өгье гэдэг үндэслэлээр тус газрыг 750,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн байдаг. Энхсайхан гэдэг хүнд тухайн газрыг Э.Т болон түүний ээжээс 750,000 төгрөгөөр худалдаж авч өгөөд 2005 оны намраас 2006 оны намар хүртэл 1 жилийн хугацаанд Од мөнх ХХК-ийн ажилтан Энхсайхан амьдарч байсан боловч хүүхдийн сургууль, цэцэрлэг холдоод байна гэдэг үндэслэлээр ажлаасаа гараад нүүгээд явсан. Од мөнх ХХК-аас уг байгууллагад тасралтгүй олон жил хичээл зүтгэл гаргаж ажилласан миний нөхөр Д.Мягмарсүрэн болоод манай гэр бүлийн хэрэгцээнд зориулж уг газрыг өгч бид 2007 онд уг газарт нүүж буусан ба энэ өдрөөс хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл амьдарч аж төрж байгаа. Анх уг хашаанд буухад Э.Т болоод түүний ээж нар ямар айл вэ гэхэд бид учир шалтгаанаа хэлж, компаниас хүртэл хэлсэн ба энэ үеэс бид хөрш залгаа хамар хашааны айлууд болж амьдарч эхэлсэн. Тухайн үед бидний хашаа дундуураа тусгаарласан зүйл байхгүй байсан ба би тухайн үед банз авч өөрийн кадастрын хэмжээгээр хашаа татаж тусгаарласан. Энэ үеэс Э.Т болон түүний ээж нараас гэрчилгээгээ шаардаж эхэлсэн боловч танай өмнөх айл чинь өчнөөн хог хаяад нүүсэн байсныг бид ачуулж цэвэрлүүлж өөрөөсөө 100,000 төгрөг гаргасан, энэ мөнгийг өгөөд аваарай гэсэн учир 100,000 төгрөг бэлдээд одоо авъя гэсэн чинь надад гэрчилгээ байхгүй, өмнөх амьдарч байсан хүнд чинь байгаа гэж хэлээд хойшлуулдаг байсан. Сүүлдээ завгүй, дараа сард, удахгүй гэх мэтээр гэрчилгээ шилжүүлж өгөхгүй яваад байдаг байсан. Миний болоод манай нөхрийн зүгээс муудалцаад яах вэ, гэрчилгээ бүүр өгөхгүй юм болно, аясаар нь байж байгаад авъя гэж хоорондоо ярилцаад хэлсэн болгонд нь итгээд хүлээдэг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 6 сард гэрчилгээгээ авмаар байна гэсэн чинь тухайн үед миний хог ачуулсан 100,000 төгрөг одоогийн 1,000,000 төгрөгтэй тэнцэнэ, 1,000,000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав гэсэн. Манай нөхөр би өдрийн цагаар ажилтай, чи хөөцөлдөөд гэрчилгээгээ аваадах гэхээр нь би тухайн үед нь мөнгөгүй байсан учир өөрийн төрсөн эгчдээ хэлэхэд манай эгч Цогзолмаа манайхыг гэрчилгээгээ авч чадахгүй олон жил явж байгаа зовлонг мэддэг тул тэтгэврийн зээл авч 1,000,000 төгрөг өгснийг би Э.Т д өгч, гэрчилгээгээ тухайн өдөр шилжүүлж авсан. Гэвч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит нөхцөл байдлыг гуйвуулж олон жил намайг гуйж амьдарсан, сүүлд 2,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэх мэт илт үндэслэлгүй худал нэхэмжлэл гаргасан байна. Бид гэрчилгээ шилжүүлдэг өдөр бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь нөгөө 1,000,000 төгрөгөөсөө ахиад татвар төлөх юм байна, хоёулаа бэлэглэлийн гэрээ хийе гэж ярилцаад уг гэрээг хийсэн ба миний бие 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан газраа халхавчилж бэлэглэлийн гэрээ хийсэн асуудал биш. Миний бие гэрээ халхавчилж өөр гэрээ хийх хууль зүйн мэдлэг байхгүй ба миний нөхөр Д.Мягмарсүрэн бүх насаараа гагнуурчин, би өөрөө насаараа цэвэрлэгч хийж, үр хүүхдээ тэжээж яваа жирийн эцэг, эх. Гэтэл биднийг гүтгэж шүүхийн байгууллагад худал нэхэмжлэл гаргасан байна. Ц.О миний бие нэхэмжлэлд нэг ч худал зүйл бичээгүй ба бидний хооронд болсон үүссэн харилцаа юм. Уг өмчлөх эрхийг олж авахдаа хууль зөрчиж ямар нэгэн байдлаар шударга бус үйлдэл гаргаагүй тул Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 330 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрөө хохирч байгаа мэт нэхэмжлэл гаргасан боловч бодит байдал дээрээ жинхэнэ хүчирхийлэгч нь Э.Т байсан. Манайд ирсэн хөдөөний хүмүүс рүү шороо цацаж, харааж хэл амаар доромжлох, тэр бүү хэл бидний тог авдаг утсыг тасалж, энэ шон манай талд байна, тэгэхээр манайх гэсэн үг гэх мэтээр дайрч, бид аргагүйн эрхэнд өөр хол газраас тогоо авсан. Биднийг энэ муу цэвэрлэгч авгай, гагнуурчин хоёр гэсэн байдалтай хандаж, нүүр лүү шүлсээ хүртэл хаяж байсан удаатай. Энэ асуудлаар цагдаад хандаж байсан боловч тоохгүй орхидог. Бид өөрсдийн өмчлөлийн газар дээр өнөөдрийг хүртэл амгалан тайван амьдарч чадахгүй явсаар байна. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Т д даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ц.О нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 330 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох гэсэн шаардлагатай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйл нь нэг ч үнэн юм байхгүй, худал зохиомол гэдэг хариу тайлбарыг хэлмээр байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөнгийг Э.Т болон ээжид нь өгсөн гэж худал ярьж байна. Хамгийн анхны шүүх хуралдаан дээр ээжид нь өгсөн гэж хэлж байсан. Гэтэл сүүлдээ надад өгсөн гэж ямар ч үндэслэлгүй, худал зүйл ярьж байна. Тухайн газар анхнаасаа миний нэр дээр байсан. Манай ээж 2013 онд нас барсан, ээжийг нас барах хүртэл хугацаанд Ц.О нэг ч удаа ээжтэй маань уулзаж байгаагүй. Биднийг ирэхэд Ц.О ынх нүүгээд ирсэн байсан, ээж маань хөдөөнөөс ирсэн, нялх хүүхэдтэй танихгүй айл байсан, за яах вэ байж байг гээд байлгасан. Түүнээс ямар ч баримт авчирч өгөөгүй, ямар ч хүн ирж уулзаж байгаагүй. Хариуцагч талаас өмнөх шүүх хуралдаанд хүүхдүүддээ захиас үлдээсэн гэж ярьж байсан. Хариуцагч ээж чинь яаж байна гэж нэг ч удаа асууж байгаагүй байж хажууд нь байсан юм шиг хүүхдүүддээ захиас өгсөн гэж яаж худал ярьж чадаж байна вэ, би Ц.О ынхыг хэзээ ч дарамталж байгаагүй, адилхан хүүхэдтэй юм байна, дараа нь боломжоороо мөнгөө өгөх байлгүй дээ гээд огт дарамтлаагүй, янз бүрийн асуудал гаргаж байгаагүй, бид амар тайван амьдарч байсан. Би гадаад явсан нь үнэн, гэхдээ Солонгос улс руу явсан гэж хэлж байгаад гайхаж байна, намайг тийм их судалсан юм уу, би өөр улс руу явсан. Намайг явсны дараа дүү ээжийн газар дээр байхад эгч чинь яасан бэ гэж намайг асуусан байсан, дүү манай эгч удахгүй ирнэ гэж хариулсан байдаг. Намайг гадаадаас ирээд байж байтал гэнэт газраа авмаар байна, мөнгө бэлэн болчихлоо гэж хэлсэн. Намайг хашаагаа янзалж байхад Ц.О өөрөө надад хэлсэн. Ц.О хэлэхдээ манайх байранд орсон, эндээ байхгүй байгаа, хааяа ирдэг гэж хэлсэн. Би одоо мөнгөтэй болсон юм бол ав гэж хэлсэн, Ц.О 2,500,000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна, бэлэглэлийн гэрээ хийнэ гэж өөрөө хэлсэн, намайг өөрөө дагуулж очоод бэлэглэлийн гэрээ хийсэн. Шүүхэд хандсанаас хойш намайг маш их дарамталж байгаа. Ц.О болон түүний нөхөр, хүүхэд намайг дарамталж ална шүү, чи ганцаараа амьдардаг хүн, чамайг өмгөөлөх хүн байхгүй, чи эмэгтэй хүн шүү, айж яваарай, над руу чулуу шидсэн, зодох гэж дайрсан, манайх руу тамхины иш, архины шил хаядаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит нөхцөл байдал ийм байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Ц.О т холбогдуулан, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөлийн газрыг буцаан олгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчд даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.

Талууд 2020 оны оны 6 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, бэлэглэгч Э.Т нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг бэлэг хүлээн авагч Ц.О т шилжүүлэхээр харилцан тохиролцож, мөн өдөр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, тухайн газрын өмчлөх эрх Э.Т гаас Ц.О т бэлэглэх гэрээний үндсэн дээр шилжсэнийг бүртгэсэн тухай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр илэрхийлэгдэж байна.

Гэвч маргаж буй газрын өмчлөх эрхийг шилжүүлж буй үйлдэл, эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасантай нийцээгүй буюу хариу төлбөргүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдов.

Тухайлбал, газрыг 2,500,000 төгрөгөөр худалдсан боловч хариуцагч тохирсон мөнгөний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өгөөгүй, татвартай холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг халхавчлан бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Ц.О аас нэхэмжлэгч Э.Т гийн Хаан банкин дахь 5018279634 дугаартай данс руу шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Зохигчид уг мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй боловч хариуцагч нь тухайн газрыг нөхөр Д.Мягмарсүрэнгийн ажиллаж байсан Од мөнх ХХК-аас ажилчдадаа худалдан авч өгсөн газар гэх бөгөөд 2006 онд хашаанд хуримтлагдсан их хогийг ачуулсан гэх 100,000 төгрөгийг өнөөгийн ханшаар тооцож 1,000,000 төгрөг өг хэмээн нэхэмжлэгч шаардахад нь газрын гэрчилгээг гаргуулж авахын тулд нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн мөнгө хэмээн маргасан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ....тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан.

Хариуцагчийн татгалзал, тайлбар болон гэрч Л.Цэрэнбалж, Д.Мягмарсүрэн, Л.Гансүх, Д.Цогзолмаа, Д.Батжаргал, Э.Тогосжаргал нарын мэдүүлэгт маргаан бүхий газрыг компаниас нь худалдан авч хариуцагчийн гэр бүлд өгсөн гэж дурьдагдаж байх боловч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь Од мөнх ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн газар байсан эсэх, тус компанид маргаан бүхий 330 м.кв газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэртэй эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий газрыг хариу төлбөртэй буюу худалдахаар харилцан тохирсон, худалдах-худалдан авах гэрээг бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар няцаагаагүй бөгөөд талуудыг сайн дурын үндсэн дээр үнэн санаанаасаа хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж үзэх үйл баримт нотлогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, өөрийн өмчлөлийн газрыг бусдад шилжүүлж, хариу төлбөр авсан, төлбөрийн үлдэгдэл төлөх, эсхүл эс төлөх тухай зохигч талуудын хэн альны тайлбараас үзэхэд, газрыг худалдах-худалдан авахаар талууд харилцан тохиролцсон ба бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж, татвар төлөхөөс зайлсхийх зорилго агуулсан, бэлэглэлийн гэрээ байгуулах саналыг хариуцагч тал гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж нотлоогүй тул өөр хэлцлийг халхавчлан сэдэл талуудад байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан бөгөөд тухайн халхавчилж буй хэлцэл зорилго, эрх, үүргийн хувьд тодорхой үр дүнд чиглэсэн, талууд хэн аль нь түүнд чиглэсэн хүсэлтэй байдаг ч хэлцлийг хэлбэрийн хувьд өөрчилсөн байхыг ойлгох бөгөөд уг хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь талуудад эрх, үүргийн алийг ч үүсгэхгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг баримтлан, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Ц.О аас Э.Т д шилжүүлж, өмчлөх эрх сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Маргаж буй газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Т д даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, дээр дурьдсанаар хариуцагч Ц.О т өмчлөх эрх үүсэх үндэслэлгүй буюу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.3-т тус тус зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг бэлэглэгч Э.Т гаас бэлэг хүлээн авагч Ц.О т шилжүүлэх тухай 2020 оны оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Э.Т гийн тус газрыг өмчлөх эрхийг сэргээсүгэй.

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.3-т заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Т д даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,900 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О аас 189,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА