Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2022/00054

 

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00054

 

 

Э.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03457 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Тгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.От холбогдох үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхэд саад учруулахгүй байхыг Э.Тд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, хариуцагч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Э.Т миний бие гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж, 238 тоотод 1998 оноос эхэлж амьдарсан. Ээж маань 2003 онд газраа хувааж 238-Б тоот газрыг надад, 238-В тоот газрыг дүү Э.Тогосжаргалд өгсөн. Миний бие дээрх 238-Б хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч нь болсон. Би газраа огт зараагүй бөгөөд 2005-2007 оны хооронд тухайн газар дээр хэн ч байгаагүй, эзгүй байсан. Би нөхөртэйгөө 2 жил гаруй хугацаанд түрээсийн байранд амьдарч байгаад газар дээрээ очиж амьдаръя гээд ирэхэд Ц.О нь гэр бүлийн хамт зөвшөөрөлгүй гэр барьж буусан байсан бөгөөд газар чөлөөлж өгөөрэй гэхэд мөнгөтэй болж байгаад худалдаж авмаар байна гэсэн. Ингээд 2020 онд газрыг чинь 2,500,000 төгрөгөөр авъя гээд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг энэ ондоо багтаагаад төлнө гэснийг зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээ хийх гэтэл хариуцагчийн зүгээс татвар төлөх учраас бэлэглэлийн гэрээ хийсэн нь дээр гэж хэлээд үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ өдрөө Хаан банкны 5018279634 тоот данс руу газрын төлбөрийн урьдчилгаа 1,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаараа бичиж шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш тохирсон үлдэгдэл мөнгөө өгөөгүй байж 2021 оны 05 дугаар сараас эхлэн байшин барьж эхэлсэн. Иймд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийсэн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах хүсэлтэй байна. Бэлэглэлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 1,000,000 төгрөгийг буцааж өгнө гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Ц.Оынх тус газар 2007 онд нүүж ирж амьдарсан. Анх тус хашааг авахдаа нөхөр Д.Мягмарсүрэнд ажлын газраас нь бэлэглэж, ажлаа сайн хийх санал тавьж Э.Тгийн ээжээс 750,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Э.Тгийн ээж удалгүй нас барсан тул газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй. Үүнийг гэрчлэх болон тодорхойлох, худалдаж авсан эзэн, ажлын газрын даргын тодорхойлолт, гэрч байгаа. Нэхэмжлэгч Э.Т өөрөө Ц.От олон талын дарамт үзүүлж байгаад бэлэглэлийн гэрээ хийж дүр эсгэн 1,000,000 төгрөгийг авч, бэлэглэлээр газрыг шилжүүлсэн. Энэ хашаанд Ц.О 14 жил амьдарч байгаа. Гэтэл Э.Т нь сүүлийн үед дур мэдэн тог тасалж дарамт үзүүлэн, удаа дараа хашаанаас яв гэж хөөж, амьдрах нөхцөлд хүндрэл учруулсаар байгаа. Э.Тгийн ээж тэр хавийн газруудыг бүгдийг нь авч айлуудад зарсан гэдэг нь гэрч асуухаар тодорхой болно. Эхлээд 750,000 төгрөг өгөөд дараа нь 250,000 төгрөг өгсөн байдаг. Тухайн газрыг худалдаж авсан, бэлэглэлийн гэрээ хийж эрүүгийн хэргээр залилангийн халхавч болсон гэрээ хийсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл бэлэглэлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй. Үнэхээр Э.Тгийн газар мөн эсэхийг тодруулах ёстой. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Анх тухайн газрыг 2005 онд худалдах, худалдан авах гэрээгээр Од мөнх ХХК нь нэхэмжлэгч Э.Т болон түүний ээжээс 750,000 төгрөгөөр худалдаж авч, 2005 оны намраас 2006 оны намар хүртэл 1 жилийн хугацаанд Од мөнх ХХК-ийн ажилтан н.Энхсайхан амьдарч байсан боловч ажлаасаа гараад нүүгээд явсан. Од мөнх ХХК-аас уг байгууллагад тасралтгүй олон жил хичээл зүтгэл гаргаж ажилласан миний нөхөр Д.Мягмарсүрэн болоод манай гэр бүлийн хэрэгцээнд зориулж уг газрыг өгч бид 2007 онд уг газарт нүүж буусан ба өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Тухайн үед бидний хашаа дундуураа тусгаарласан зүйл байхгүй байсан ба би өөрийн кадастрын хэмжээгээр хашаа татаж тусгаарласан. Хамгийн сүүлд 2020 оны 6 сард гэрчилгээгээ авмаар байна гэсэн чинь тухайн үед миний хог ачуулсан 100,000 төгрөг одоогийн 1,000,000 төгрөгтэй тэнцэнэ, 1,000,000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав гэснээр 1,000,000 төгрөгийг Э.Тд өгч, гэрчилгээгээ тухайн өдөр шилжүүлж авсан. Бид гэрчилгээ шилжүүлдэг өдөр бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь нөгөө 1,000,000 төгрөгөөсөө ахиад татвар төлөх юм байна, хоёулаа бэлэглэлийн гэрээ хийе гэж ярилцаад уг гэрээг хийсэн ба 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан газраа халхавчилж бэлэглэлийн гэрээ хийсэн асуудал биш. Бид өөрсдийн өмчлөлийн газар дээр өнөөдрийг хүртэл амгалан тайван амьдарч чадахгүй явсаар байна. Иймд Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тд даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлд нэг ч үнэн байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хамгийн анхны шүүх хуралдаан дээр ээжид нь мөнгө өгсөн гэж хэлж байсан. Гэтэл сүүлдээ надад өгсөн гэж ямар ч үндэслэлгүй, худал зүйл ярьж байна. Тухайн газар анхнаасаа миний нэр дээр байсан. Манай ээж 2013 онд нас барсан, ээжийг нас барах хүртэл хугацаанд Ц.О нэг ч удаа ээжтэй маань уулзаж байгаагүй. Намайг гадаадаас ирээд байж байтал гэнэт газраа авмаар байна, мөнгө бэлэн болчихлоо 2,500,000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлнэ гээд бэлэглэлийн гэрээ хийсэн. Шүүхэд хандсанаас хойш намайг маш их дарамталж байгаа. Ц.О болон түүний нөхөр, хүүхэд намайг дарамталж, чи ганцаараа амьдардаг эмэгтэй хүн шүү гэж над руу чулуу шидсэн, зодох гэж дайрсан, мөн манайх руу тамхины иш, архины шил хаядаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 1276 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тд холбогдох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгуулах тухай хариуцагч Ц.Оын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж, хариуцагч Ц.От буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа ба үүнийг бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан гэж дүгнэхийн тулд эхлээд талуудын хооронд маргаан бүхий газрыг 2,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон эсэх үйл баримтад дүгнэлт өгөх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс энэ талаарх үйл баримттай холбоотой ямар ч баримт гаргаж өгөөгүй. Ц.О нь 2007 оноос хойш 15 жилийн турш тасралтгүй уг газрыг шударгаар эзэмшиж ашиглаж үр шимийг нь хүртэж амьдарч ирсэн ба энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс өмчлөх эрх болоод хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр шүүхэд хандаж байгаагүй. Өөрөөр хэлбэл өөрийн өмчлөлийн газартаа тасралгүй 15 жил хариуцагчийг амьдруулсан уу, эсхүл уг газрыг тухайн цаг үед худалдсан байсан учраас амьдруулж байсан эсэх үйл баримтад шүүх дүгнэлт өгөөгүй ба шүүхийн шийдвэртээ огт дурдаагүй орхигдуулсан.

1,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утга дээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэсэн утга байхгүй ба иргэний хуулийн гол зохицуулалтын дагуу бид үгийн шууд утгыг анхаарах ёстой боловч ямар үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа 2005 онд үүсэж төлбөр тооцоо дуусгавар болсон байтал хариуцагчийн зүгээс хожим дахин гэрээ байгуулж, төлбөр төлөх шаардлагагүй.

Хариуцагчийн зүгээс өөрийн шаардлага, татгалзалтай холбоотойгоор тухайн үйл баримт, нөхцөл байдлыг мэдэх нэр бүхий 5 гэрчийг асуулгаж мэдүүлгийг авахуулсан боловч анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй орхигдуулсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.О нь тухайн газрыг эзэнгүй байхад миний зөвшөөрөлгүй нүүж ирээд буусан. Шударга эзэмшигч биш гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байхад тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Ц.От холбогдуулан түүнтэй байгуулсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор дээрх бэлэглэлийн гэрээг байгуулсан бөгөөд Ц.Оаас худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 1,000,000 төгрөгийг буцааж өгнө гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг тодорхойлсон бөгөөд уг нөхцөлүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлно. Иймд аливаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн эрх зүйн үр дагавар шаардах эрхийг тодорхойлох тул анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар нэхэмжлэгч нь юу шаардаж байгаа, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх сэргээгдэх вэ гэдгийг тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Т бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, урьдчилгаанд авсан 1,000,000 төгрөгөө буцааж өгнө гэж тайлбарлаж байхад энэ тайлбарын агуулгыг тодруулаагүй, үүнэтэй холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа эсэх, уг гэрээнээс татгалзаж байгаа эсэхийг мөн гэдгийг тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой.

Мөн анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй буюу уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй, дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч Э.Тд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тд даалгуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл нь талуудын хооронд үүссэн өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус эсэхтэй холбоотой маргаанд хамаарах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэгдэх байтал мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/03457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН