Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/01576

 

 

 

 

 

 

 

2022 04 07 101/ШШ2022/01576

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 5 гудамж, 52 тоот хаягт оршин суух, Гэгээнтэн овогт Жаргалсайханы О/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 25 байр 19 тоот хаягт оршин суух, Хөхүүд хатагин овогт Намсрайн Л /регистрийн дугаар: /

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 57 байр 30 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Пүрэвийн Б /регистрийн дугаар: / нарт холбогдох

54,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Л , П.Б нар нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол 165 дугаар цэцэрлэгийн хойд талд баригдах 280 хүүхдийн цогцолбор барилгын ажлыг танай "Корнерстар констракшн ХХК-иар гүйцэтгүүлнэ гээд 2017 оны 4 сарын 27-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажлын барьцаа, ажил олж өгч байгаагийн хөлс гэж 85,000,000 төгрөг өг гэсэн байдаг.

Миний бие өөрийн байраа барьцаанд тавин 50,000,000 төгрөг бэлнээр, 5,000,000 төгрөг дансаар Н.Л , П.Б нарт өгсөн байдаг. Гэвч дээрх "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих боломжгүй байсан бөгөөд уг гэрээний дагуу ямар ч ажил хийлгээгүй юм. Миний зүгээс ажлыг нь хийе, эсвэл мөнгөө авъя гэх шаардлага тавихад мөнгийг чинь өгнө гэж гэж эхлээд хэлдэг байсан ч сүүлдээ утсаа авахаа больсон юм.

Энэ тухай Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2018 оны 01 сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Н.Лутбяр нь 2018 оны 01 сарын 30-ны өдөр "... Тэгээд манай компани уг ажлыг хэсэгчлэн гүйцэтгүүлэхээр манайх Ж.О гэх захиралтай "Корнер стар констракшн" гэх компанитай нийт 1,7 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр миний бие гэрээ байгуулж 5 хувь барьцаа болох 85,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийн бэлнээр тодорхой хэмжээний мөнгийг яг хэд гэдгийг санахгүй дансаар манай ажилтан Б бид хоёр хүлээж авсан гэж, П.Б нь 2018 оны 01 сарын 22-ны өдөр ... Үлдсэн мөнгө нь олдохгүй байхаар нь барилгын ажилд туслан гүйцэтгэгч авахаар болоод манайх компани инженер Нямдоржийн зуучилснаар Корнерстар Констракшн гэх компанитай туслан гүйцэтгэгчээр нийт ажлын 1,7 тэрбум төгрөгийн ажил хийлгэхээр гэрээ хийсэн юм. Тэгээд уг 1,7 тэрбум 700 сая төгрөгийн барьцаа 85,000,000 төгрөгийг уг компани манайд байршуулахаар байсан учраас бид нар 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өөр хүлээн авч өмнөх гэрээний барьцаанаас дутуу байсан 35 сая төгрөгийг хийсэн юм гэж мөнгө авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 4 сарын 04-ний өдрийн 'Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 244 дугаартай тогтоолд Уг барилгын ажилд Корнерстар констракшн ХХК-ийн захирал Ж.О нь Хүн үүдэл ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож Н.Л , П.Б нарт 55 сая төгрөгийг гэрээ байгуулан шилжүүлэн өгчээ гээд залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Үүний дараа Н.Л , П.Б нар нь 54,100,000 төлөхөө илэрхийлж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан.

Дээрх Гэрээний тайлбар хэсэгт "2017 оны 4 сарын 27-ний өдрөөс 2017 оны 07 сарын 28-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар нийт 54,100,000 төгрөгийг ажил гүйцэтгэлийн баталгаа болгон өгсөн болно. Иймд бид 2020 оны 01 сарын 10 өдөр тооцоо нийлэхэд 54,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж, 2.1-т Төлбөр авагч Ж.От, төлбөр төлөгч Н.Л , П.Б бид 54,100,000 төгрөгийг 2020 оны 4 сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд төлбөр авагчийн нэр дээрх Голомт банкны 3055119105 тоот дансаар төлөх уурэг хүлээнэ гэж тус тус заасан.

Гэтэл төлбөр төлөгч нар нь одоог болтол нэг ч төгрөг төлөхгүй байгаа тул хариуцагч Н.Л , П.Б нараас 54,100,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Л нь Хүн үүдэл ХХК-иараа хамтран Голден булльс эдукейшн ХХК-ний хэрэгжүүлж байсан төслийн ажил болох 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2,100,000,000 төгрөгийн олбор барилгын ажлыг гүйцэтгэх болсон бөгөөд уг ажлын баталгаа гэх 125,000,000 төгрөгийг байршуулах шаардлага үүссэн.

Дээрх ажлаас Оюунтунгалаг захиралтай Корнерстар констракшн ХХК-иар 1,700,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр болж гэрээ уулан тухайн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх 85,000,000 төгрөгийг төсөл хэрэгжүүлэгч компанид өгөхөөр болсон. Тухайн 85,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн бөгөөд уг мөнгийг төсөл хэрэгжүүлэгч Рич Голден булльс эдукейшн ХХК-д тушаасан болно.

Гэтэл тухайн төсөл нь хэрэгжилт удааширч үйл ажиллагаа нь явагдахгүй болсноос шалтгаалж бид ажлаа хийх боломжгүй болж өнөөдрийг хүрсэн. Тухайн төсөл маань 2023 онд хэрэгжих жагсаалтад багтсан байгаа болно.

Нийт төлөгдсөн 125,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгийг Б гийн компани төлсөн бөгөөд бид ч гэсэн эрсдэлээ хүлээсээр өнөөдрийг хүрч байна.

Оюунтунгалагтай удаа дараа уулзаж бэлэн мөнгөөр төлөх боломжгүй ажил хийлгүүлж төлбөрийг барагдуулах тухай ярьсан юм. Цар тахлаас шалтгаалан шинээр гүйцэтгэх их хэмжээний ажил хийгдээгүй болно.

Төлбөр болох 54,100,000 төгрөгийг Б гийн хамт нэхэмжлэгчид ажил олгож барагдуулах боломжтой гэжээ.

 

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Б нь Н.Л захиралтай Хүн Үүдэл ХХК-тай хамтран Рич Голден булльс эдукейшн" ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн ажил болох 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2,100,000,000 төгрөгийн цогцолбор барилгын ажлыг гүйцэтгэх болсон бөгөөд уг ажлын баталгаа гэх 125,000,000 төгрөгийг байршуулах шаардлага үүссэн.

Дээрх ажлаас Оюунтунгалаг захиралтай Корнерстар констракшн ХХК-иар 1,700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр болж гэрээ байгуулан тухайн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх 85,000,000 төгрөгийг авч төсөл хэрэгжүүлэгч компанид өгөхөөр болсон. Тухайн 85,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг бэлнээр авчирж өгсөн бөгөөд уг мөнгийг төсөл хэрэгжүүлэгч Рич Голден булльс эдукейшн ХХК-д тушаасан болно.

Гэтэл тухайн төсөл нь хэрэгжилт удааширч үйл ажиллагаа нь явагдахгүй болсноос шалтгаалж бид ажлаа хийх боломжгүй болж өнөөдрийг хүрсэн. Тухайн төсөл маань 2023 онд хэрэгжих жагсаалтад багтсан байгаа болно.

Нийт төлөгдсөн 125,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгийг манай компани төлсөн бөгөөд бид ч гэсэн эрсдэлээ хүлээсээр өнөөдрийг хүрч байна.

Оюунтунгалагтай удаа дараа уулзаж бэлэн мөнгөөр төлөх боломжгүй ажил хийлгүүлж төлбөрийг барагдуулах тухай ярьсан юм. Цар тахлаас шалтгаалан шинээр гүйцэтгэх их хэмжээний ажил хийгдээгүй болно.

Төлбөр болох 54,100,000 төгрөгийг Л ын хамт нэхэмжлэгчид ажил олгож барагдуулах боломжтой гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Н.Л , П.Б нарт холбогдуулан, 54,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй боловч мөнгөөр бус ажил олгох байдлаар 54,100,000 төгрөгийн төлбөрийг барагдуулна гэх тайлбарыг шүүхэд гаргасан.

Талууд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, төлбөр төлөгч Н.Л , П.Б нар нь төлбөр авагч Ж.От 54,100,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд, төлбөр авагчийн Голомт банк дахь 3055119105 тоот дансанд төлөх, талууд хүлээсэн үүргээ бодитоор биелүүлсэн тохиолдолд гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байх ба энэхүү 54,100,000 төгрөг нь ажил гүйцэтгэлийн баталгаа болгон 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгө болохыг гэрээнд тайлбарлажээ.

Дээрх Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэх, гүйцэтгэх харилцаа, шаардах эрхийн шинжийг агуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Н.Л , П.Б нараас 54,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Л , П.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 428,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.От олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА