Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01116

 

 

 

 

.....гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......, ... нарт холбогдох, 54,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ......ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

......, ... нар нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол 165 дугаар цэцэрлэгийн хойд талд баригдах 280 хүүхдийн цогцолбор барилгын ажлыг Корнерстар констракшн ХХК-аар гүйцэтгүүлнэ гэж 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил олж өгсөнд хөлс 85,000,000 төгрөг өгөхөөр болж бэлнээр 50,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг өгсөн. Гэвч барилгын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул өгсөн мөнгөө авъя гэсэн боловч өгөөгүй. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 244 дугаар тогтоолоор ... уг барилгын ажилд Корнерстар констракшн ХХК-ийн захирал .....г нь Хүн үүдэл ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож ......, ... нарт 55,000,000 төгрөгийг гэрээ байгуулан шилжүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. ......, ... нар 54,100,000 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Иймд ......, ... нараас 54,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ......ын тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие Хүн үүдэл ХХК-тай хамтран Рич Голден булльс эдукейшн ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн ажил болох 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2,100,000,000 төгрөгийн цогцолбор барилгын ажлыг гүйцэтгэх болж ажлын баталгаа гэх 125,000,000 төгрөгийг байршуулах шаардлага үүссэн. Корнерстар констракшн ХХК-ийн захирал .....г 1,700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж тухайн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх 85,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг бэлнээр өгснийг төсөл хэрэгжүүлэгч Рич голден булльс эдукейшн ХХК-д тушаасан. Гэвч уг төсөл хэрэгжээгүй.

Нийт төлөгдсөн 125,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгийг ...гийн компани төлсөн. Бид эрсдэлээ хүлээсээр өнөөдрийг хүрч байна. .....гтай удаа дараа уулзаж бэлэн мөнгөөр төлөх боломжгүй бол ажил хийлгүүлж төлбөрийг барагдуулах тухай ярьсан. Цар тахлаас шалтгаалан шинээр гүйцэтгэх их хэмжээний ажил хийгдээгүй. Нэхэмжлэгчид ажил олж өгч 54,100,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Хариуцагч ...гийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие Хүн үүдэл ХХК-тай хамтран Рич Голден булльс эдукейшн ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн ажил болох 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2,100,000,000 төгрөгийн цогцолбор барилгын ажлыг гүйцэтгэх болсон бөгөөд уг ажлын баталгаа гэх 125,000,000 төгрөгийг байршуулах шаардлага үүссэн. Корнерстар констракшн ХХК-ийн захирал .....г 1,700,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр болж гэрээ байгуулж үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх 85,000,000 төгрөгийг хэрэгжүүлэгч компанид өгөхөөр болсон. Тухайн 85,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг бэлнээр авч төсөл хэрэгжүүлэгч Рич Голден булльс эдукейшн ХХК-д тушаасан. Гэтэл тухайн төсөл нь хэрэгжилт удааширч үйл ажиллагаа нь явагдахгүй болсноос шалтгаалж бид ажлаа хийх боломжгүй болсон. Тухайн төсөл 2023 онд хэрэгжих жагсаалтад багтсан. Нийт төлөгдсөн 125,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгийг манай компани төлсөн. Бид мөн эрсдэл хүлээсэн. .....гт 54,100,000 төгрөгийг ажил олгож барагдуулах боломжтой гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......, ... нараас 54,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .....гт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......, ... нараас улсын тэмдэгтийн хураамж 428,450 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....гт олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ......ын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. .....гтай ...гийн компани дээр уулзаж мөнгө хүлээн авсан. ... нь 54,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй. Манай компани нэхэмжлэгчид төлбөрөө барагдуулах талаар тайлбар гаргасныг шүүх анхааралгүй, ...тай хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн. ... нь манай компани ажилтан биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Хүн үүдэл ХХК-аас төлбөрийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч ......ын гаргасан гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч .....г нь хариуцагч ..., ......т нарт холбогдуулан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний үүрэгт 54,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... төлбөрийг бэлнээр бус ажил олж өгөх замаар барагдуулах боломжтой... гэсэн тайлбар гарган маргажээ.

 

1.б. Хүн үүдэл ХХК-ийн захирал ...... болон Корнерстар констракшн ХХК-ийн захирал .....г нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1/01 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч .....г нь ажил гүйцэтгэлийн баталгаа болгон 55,000,000 төгрөгийг хариуцагч ..., ......т нарт шилжүүлсэн болон уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээнд 54,100,000 төгрөг нь ажил гүйцэтгэлийн баталгаа болгон 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгө болохыг тусгажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор талууд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулж төлбөр төлөгч ......, ... нар 54,100,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд төлбөр авагч .....гт төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүрэг буюу Барилгын ажил гүйцэтгэх гэрээний харилцааг дуусгавар болгож, төлбөр төлөх үүргээр сольсон гэж үзнэ. (хх-ийн 6)

 

1.в. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч .....г нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу 54,100,000 төгрөгийг төлүүлэхээр хариуцагч ..., ...... нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.    Хариуцагч ......ын давж заалдах гомдлын талаар.

2.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчиж нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад хариуцагчийг солих ажиллагааг хийх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч ..., ...... нар 54,100,000 төгрөгийг нэхэмжлэгч .....гт төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу 54,100,000 төгрөгийг ......аас гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ......ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ......ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ