Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/01600

 

 

 

 

 

 

 

2022 04 08 101/ШШ2022/01600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъяанжү 51-3 тоот хаягт оршин байрлах ТАФ ХХК/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хороолол, 904 байр, 04 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Гарамжавын В /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,836,522 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТАФ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Г.В нь ТАФ ХХК-тай 15900514 дүгээр Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 5,941,667 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Aqua маркийн 4882 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 5,941,667 төгрөг, хүү 6,924,022 төгрөг, алданги 2,907,833 төгрөг, нийт төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Г.Ванданцэрзнгээс үүрэг гүйцэтгэх хугацааг 844 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дууссан.

Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд знэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд ззэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Г.В зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна.

Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.

Иймд Г.В гээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15900514 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,941,667 төгрөг, хүү 6,924,022 төгрөг, алданги 2,907,833 төгрөг, нийт 15,836,522 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 15900514 болон 15900515 тоот зээлийн гэрээ байгуулж, унаж явах нөхцөлтэйгөөр Toyota Aqua маркийн 48-82 УБЗ, 31-59 УБЗ улсын дугаартай автмашинуудыг өмчлөлд нь шилжүүлж, зээл авсан.

2019 оны 10 дугаар сарын 29-нд ТАФ ХХК-ийн Хаан банк дахь 5115049098 дансанд 1,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-нд 200,000 төгрөг төлсөн. Гэвч 2020 оны 02 дугаар сард ТАФ ХХК нь 31-59 УБЗ улсын дугаартай автомашиныг зээлийн төлбөр хугацаандаа төлөөгүй гээд хурааж авсан.

ТАФ ХХК-ийн зээлийн мэргэжилтнүүд, та 1 машинаа хураалгасан, манайх машиныг чинь зарахгүй, та энэ машинаа зараад нэмээд 1,200,000-1,300,000 төгрөг төлөөд 48-82 УБЗ машинаа чөлөөлж авч болно гэдэг боловч яг төлье гэхээр үлдсэн төлбөр, хүү алданги төл гээд байдаг.

Машины хувьд 6,200,000 төгрөг 2 удаа, нийт 12,400,000 төгрөг зээлээд 1 машинаа хураалгаад нийт 1,200,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Г.В гийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4882 УБЗ, 3159 УБЗ гэсэн 2 автомашиныг барьцаалсан байдаг. Үүний 31-59 УБЗ улсын дугаартай Toyota Aqua маркийн автомашиныг нэхэмжлэгч талаас хураан авч худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс үлдэх 1,200,000 төгрөгийг төлүүлж, үлдсэн машиныг барьцаанаас чөлөөлүүлэх тохиролцоогоо биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, манай талаас төлөх үүрэггүй гэж хэлж байна гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. хх-3

2.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ. хх-4

3.    2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15900514 дугаартай Зээлийн гэрээ. хх-6-7

4.    2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15900514 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ. хх8-9

5.    Барьцаат зээлийн тооцооны хуудас. хх-10

6.    48-82 УБЗ Тээврийн хэрэгслийн зээлийн тооцооллын хүснэгт хх-36

 

Хариуцагч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Бичгээр гаргасан хариу тайлбар. хх-17-20

2.    Г.В гийн эзэмшдэг Хаан банк дахь 5064262183 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (10/29/2019-10/30/2019 огноотой) хх-21

3.    Г.В гийн эзэмшдэг Хаан банк дахь 5064262183 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (11/21/2019-11/22/2019 огноотой) хх-22

4.    Хариуцагчаас Ж.Тэгшмандалд олгосон итгэмжлэл. хх-44

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТАФ ХХК нь хариуцагч Г.В д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 15,836,522 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15900514 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн 15900514 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-нээс үзэхэд, ТАФ ХХК нь Г.В д 6,200,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай, 30 хоногт 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдэгч төлөхөөр талууд харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд 48-82 УБЗ улсын дугаартай Toyota Aqua Маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

Талуудын байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ тус бүр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.2.-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно., 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 235.2.-т Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно. гэж тус тус гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй үндсэн зээлийн үлдэгдлийн талаар буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлсэн эсэхээ, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хариуцагч хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийн график зөрчсөний улмаас үүссэн алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцэж байх тул үндсэн зээл 5,941,667 төгрөг, хүү 6,924,022 төгрөг, алданги 2,907,833 төгрөг, нийт 15,836,522 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Зээлдүүлэгч нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө болох 48-82 УБЗ улсын дугаартай автомашиныг захиран зарцуулах буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байдалд хүрсэн нь зохигч талуудын тайлбар, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15900514, 15900515 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, гэрээ тус бүрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 48-82 УБЗ, 31-59 УБЗ улсын дугаартай 2 автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, 31-59 УБЗ улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгчид хураалгаж, 1 автомашинаар зээлийн төлөлтийг дуусгасан, 6,200,000 төгрөгийн зээлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага 5,941,000 төгрөг шаардсан нь ойлгомжгүй, Г.В гийн төлсөн мөнгө дансны хуулгаар тогтоогдож байхад хасаагүй хэмээн маргаж байх боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Тухайлбал, зээлийн төлбөрт хураагдсан гэх автомашинаар 15900514 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгохоор талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл нотлогдоогүй, хариуцагчийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5115049098 дугаар дансанд 4882 ubz утгаар 500,000 төгрөг 3159 ubz утгаар 500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3159 ubz утгаар 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 15900514 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргээс 1,200,000 төгрөгийн хэмжээнд гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, 48-82 УБЗ Тээврийн хэрэгслийн зээлийн тооцооллын хүснэгт-ийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.В гээс 15,836,522 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТАФ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.В гээс улсын тэмдэгтийн хураамж 237,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТАФ ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА