Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01234

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01234

 

ТБ АФ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/01600 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТБ АФ ХХК-ийн хариуцагч Г.Вд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,836,522 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Г.В нь ТБ АФ ХХК-тай 15900514 дүгээр Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 5,941,667 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Aqua маркийн 4882 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 5,941,667 төгрөг, хүү 6,924,022 төгрөг, алданги 2,907,833 төгрөг, нийт төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Г.Вгээс үүрэг гүйцэтгэх хугацааг 844 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дууссан. Манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,941,667 төгрөг, хүү 6,924,022 төгрөг, алданги 2,907,833 төгрөг, нийт 15,836,522 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15900514 болон 15900515 тоот зээлийн гэрээ байгуулж, унаж явах нөхцөлтэйгөөр Toyota Aqua маркийн 48-82 УБЗ, 31-59 УБЗ улсын дугаартай автмашинуудыг өмчлөлд нь шилжүүлж, зээл авсан. 2019 оны 10 дугаар сарын 29-нд ТБ АФ ХХК-ийн Хаан банк дахь 5115049098 дансанд 1,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-нд 200,000 төгрөг төлсөн. Гэвч 2020 оны 02 дугаар сард ТБ АФ ХХК нь 31-59 УБЗ улсын дугаартай автомашиныг зээлийн төлбөр хугацаандаа төлөөгүй гээд хурааж авсан. ТБ АФ ХХК-ийн зээлийн мэргэжилтнүүд, та 1 машинаа хураалгасан, манайх машиныг чинь зарахгүй, та энэ машинаа зараад нэмээд 1,200,000-1,300,000 төгрөг төлөөд 48-82 УБЗ машинаа чөлөөлж авч болно гэдэг боловч яг төлье гэхээр үлдсэн төлбөр, хүү алданги төл гээд байдаг. Машины хувьд 6,200,000 төгрөг 2 удаа, нийт 12,400,000 төгрөг зээлээд 1 машинаа хураалгаад нийт 1,200,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Вгээс 15,836,522 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ АФ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Вгээс улсын тэмдэгтийн хураамж 237,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБ АФ ХХК олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, оролцогчийн эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

4.б. ТБ АФ ХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй талаар хариуцагчийн гаргасан дүгнэлтэд шүүх дүгнэлт өгөөгүй.

4.в. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсоор байхад шүүхээс хасч тооцоогүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэдийгээр 2 өөр автомашин 2 гэрээ хийгдсэн ч нэг өдөр тухайн зээл олгогдсон, төлбөр тооцоог нэг хүн хийж явсан тул салгаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэн гомдолтой байна.

4.г. ТБ АФ ХХК нь барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг боловч хариуцагчийн 2 суудлын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч хууль зөрчсөн, өөрийн нэр дээр байгаагаа ашиглан хариуцагч Г.Вд мэдэгдэхгүй хэдэн төгрөгөөр зарсан хэдий ч зээлээ сунгасан, зөрүү олгох эсэх нь тодорхойгүй худалдан борлуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ТБ АФ ХХК нь хариуцагч Г.Вд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,941,667 төгрөг, зээлийн хүү 6,924,022 төгрөг, алданги 2,907,833 төгрөг, нийт 15,836,522 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан 15900514 тоот зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл Г.В нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ТВ авто финанс ХХК-аас 6,200,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулан Г.Вгийн өмчлөлийн Тоёота Аука маркийн мөнгөлөг өнгийн 48-82 УБЗ улсын дугаартай, гэрчилгээний №02479490 дугаартай автомашиныг ТВ авто финанс ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 6-10/

Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Түүнчлэн талууд зээлийн гэрээндээ зээлийн хүү, алдангийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул ТВ авто финанс ХХК нь хариуцагч Г.Вгээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15900514 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, алданги шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээл 5,941,667 төгрөг, зээлийн хүү 6,924,022 төгрөг, алданги 2,907,833 төгрөг, нийт 15,836,522 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр 31-59 УБЗ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашиныг хураан авч, худалдан борлуулсан талаархи баримтыг нэхэмжлэгч талаас, уг автомашины түүхчилсэн лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс тус тус гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/08677 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 15900514 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 15,836,522 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын хооронд мөн өдөр 15900514 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Тоёота Акуа маркийн 48-82 УБЗ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан 31-59 УБЗ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашин нь тухайн нэхэмжлэлтэй хамааралгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, оролцогчийн эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

4.б. Хэрэгт ТБ АФ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх ба уг гэрчилгээнд компанийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэжээ. Иймд ТБ АФ ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй талаарх гомдол үндэслэлгүй.

4.в. Хариуцагч давж заалдах гомдолдоо зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг төлсөн гэх боловч хэрэгт авагдсан 48-82 УБЗ тээврийн хэрэгслийн зээлийн тооцооллын хүснэгтэд 1,000,000 төгрөг төлсөн гэж тэмдэглэсэн, хариуцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 48-82 УБЗ гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг төлсөн байна. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг төлсөнөө нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг төлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.г. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2 зээлийн гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч 1 зээлийн гэрээний үүргийн гүйцэлтгэлийг шаардан нэхэмжлэл гаргаж, шүүх тухайн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэжээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээгээр хязгаарлагддаг ба нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй тул хэдийгээр 2 өөр автомашины 2 гэрээ хийгдсэн ч нэг өдөр тухайн зээл олгогдсон, төлбөр тооцоог нэг хүн хийж явсан тул салгаж шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/01600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.