Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/01724

 

 

 

 

 

 

 

2022 04 15 101/ШШ2022/01724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 55 байр, 14 тоот хаягт оршин суух, Дарвин овогт Одгэрэлийн М /регистрийн /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 байр, 141 тоот хаягт оршин суух, Харчин овогт Баттөрийн М /регистрийн /-т холбогдох,

 

12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгстөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.М миний бие Б.Мт аман гэрээгээр тохиролцож 2015 оны 11 дүгээр сард 5,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба тохирсон хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тул хавсралт дахь Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг-ийг байгуулж үндсэн зээл болох 5,000,000 төгрөг болон 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар дуусталх хугацааны хүү болох 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч Б.М нь өнөөдрийг хүртэл төлбөрийн үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй тул үндсэн зээл болон хүүгийн 10,000,000 төгрөг болон алданги болох үндсэн зээлийн 50 хувьтай тэнцэх 2,500,000 төгрөгийн хамтаар нийт 12,500,000 төгрөгийг хариуцагч Б.Мээс гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие, О.Мтай зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн ээж болох Л.Одгэрэлээс 5,000,000 төгрөгийг аман байдлаар тохиролцон зээлсэн болох нь үнэн бөгөөд тус мөнгө дээр өөрийн хөрөнгөнөөс 5 сая төгрөгийг нэмж иргэн Д.Байгалмаа /РД:ЧЖ72051869/-д дамжуулан зээлсэн.

Би болон Л.Одгэрэл нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцож зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасанчлан талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч нь хүү нэхэмжлэх эрхээ алдана. Иймд нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тусгасан 5 сая төгрөгийн зээлийн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна.

Д.Байгалмаа нь мөнгөний хэрэг гарсан талаараа хариуцагчид илэрхийлсэн бөгөөд миний бие Л.Одгэрэлээс 5 сая төгрөг, өөрийн хөрөнгөнөөс 5 сая төгрөгийг гарган Д.Байгалмаад зээлдүүлсэн. Иймд иргэн Д.Байгалмаа болон бидний хооронд зээлийн зуучлалын харилцаа үүссэн байх бөгөөд тус мөнгөн хөрөнгийг хариуцагч нь хувьдаа захиран зарцуулаагүй болно.

Хариуцагч нь Л.Одгэрэл нь тус мөнгийг өөрийн охин болох О.Мэндсайхны данснаас шилжүүлсэн болохыг мэдээгүй бөгөөд бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгстөгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М, Б.М нар аман байдлаар тохиролцож, О.М 5,000,000 төгрөгөөс авсан нь үнэн. Гэхдээ энэ 5,000,000 О.М, Б.М нарын хооронд хийсэн гэрээний харилцаанаас үүдэлтэй мөнгө байсан гэж үзэж байгаа. Л.Отгонбаяр, Б.М нарын өөр нэг хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа. Тус маргаан нь Л.Отгонбаяраас Б.М нь нийт 12 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлж авсан зүйл байдаг. Тэр 12 удаагийн мөнгөн дүнд нэхэмжлэгчийн яриад байгаа 5,000,000 төгрөг багтаж байгаа юм. Тус хэрэг нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү ирээд эцэслэн шийдвэрлэгдээгүй маргаан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс шийдэгдэж байгаа маргааны багтаж мөнгөн дүнг тусад нь нэхэмжилж байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.Мт холбогдуулан, 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг-ээс үзэхэд, зээлдүүлэгч О.Маас зээлдэгч Б.Мт зээлдүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 4,000,000 төгрөгийн зээл 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүүгийн хамт бүрэн төлөгдөж дууссан, 2016 оны 11 дүгээр сард зээлдүүлсэн 5 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийн хүү тооцох хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож, үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны хүү 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдов.

Дээрх Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэх, гүйцэтгэх харилцаа, шаардах эрхийн шинжийг агуулжээ.

Харин нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шаардаж буй нь үндэслэл муутай байна.

Зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт өгөх буюу хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаар дүгнэхэд, Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг-т зээлдэгч, зээлдүүлэгч талуудын нэр, мөнгөн дүн, төлөгдөж дууссан хийгээд төлөгдөөгүй төлбөрийн үүргийн талаар тодорхой дурьдсан байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хариуцагч Б.Мийн өөр этгээдтэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой үүргээс үүдэлтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д тухайлан заасан, үүргийн харилцаа үүссэн байх тул Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг-т тухайлан дурьдаж, харилцан тохиролцсон үүргийг гүйцэтгүүлж, хариуцагч Б.Мээс 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Мд олгох үндэслэлтэй байна.

Талууд Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг-ийн дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоосон хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тухайлан зааснаар алданги төлөхөөр тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын алданги гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Мээс 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА