Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2022/01200

 

 

 

 

 

 

 

 

2022 06 24 210/МА2022/01200

 

 

О.М ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15ы өдрийн 101/ШШ2022/01724 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.М ы хариуцагч Б.М т холбогдуулан гаргасан 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Б.М т аман гэрээгээр тохиролцож 2015 оны 11 дүгээр сард 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба тохирсон хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тул зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичгийг байгуулж үндсэн зээл болох 5,000,000 төгрөг болон 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар дуусталх хугацааны хүү болох 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч Б.М нь өнөөдрийг хүртэл төлбөрийн үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй тул үндсэн зээл, зээлийн хүүд 10,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 12,500,000 төгрөгийг хариуцагч Б.М ээс гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: О.М тай зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн эх болох Л.Одгэрэлээс 5,000,000 төгрөгийг аман байдлаар тохиролцон зээлсэн болох нь үнэн бөгөөд тус мөнгө дээр өөрийн хөрөнгөөс 5,000,000 төгрөгийг нэмж Д.Байгалмаад дамжуулан зээлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасанчлан талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд зээлдүүлэгч нь хүү нэхэмжлэх эрхээ алдана. Мөн Д.Байгалмаа болон бидний хооронд зээлийн зуучлалын харилцаа үүссэн байх бөгөөд тус мөнгөн хөрөнгийг хариуцагч нь хувьдаа захиран зарцуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М ээс 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан талуудын хооронд байгуулагдсан зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичгийг хэзээ байгуулсан болон хүчин төгөлдөр эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, бичгээр байгуулсан зээлийн гэрээ байгаа эсэх, талуудын хооронд ямар харилцаа бий болсныг бүрэн тодорхойлоогүй. Дээрх баримт, бичгээр нэхэмжлэгч болон О.М аас хариуцагч Б.М ийн авсан 5,000,000 төгрөгийг ямар хугацаанд төлөх талаар тохиролцсоноос бус хүү төлөх талаар тохиролцоогүй болохыг шүүгч харгалзан үзэлгүйгээр нотлох баримтыг дутуу үнэлж, шийдвэр гаргасан. Мөн шүүхээс дээрх бичгийн дагуу хариуцагч талаас 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Талуудын хооронд бичгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны зээлийн хүү болох 5,000,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Б.М нь мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлж өгөөч гэж санал тавьсны дагуу тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас хүүхдээрээ цалингийн зээл авахуулж уг мөнгийг өгсөн. Аман гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч талаас зээлээ төлөхийг шаардсан боловч Б.М зээлээ төлөөгүй. Талууд тохиролцож гарын үсэг зурж тухайн өдрөөр тасалбар болгож 10,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулахаар тохиролцсон. Өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хэргийг хяналаа.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

3. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.М т 2016 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр төлөгдөөгүй хүүг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тооцож зээлийн хүүд 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг нэртэй баримтаар тогтоогдож байх ба талууд уг баримтыг хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулжээ. /хх-56/

Талууд мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч Б.М нь нэхэмжлэгч О.М ы эх Л.Одгэрэлээс мөнгө авсан боловч бичгээр гэрээ байгуулаагүй, зээлж авсан мөнгөө өөр этгээдэд шилжүүлсэн гэж маргасан.

5. Зохигчид гэрээний агуулгыг хуулийн хүрээнд чөлөөтэй тодорхойлох эрхтэй. Зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичигт тусгасан хугацааны хүү төлөхийг зээлдэгч нь зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан зохигчдын тайлбар бичгийн бусад баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч О.М нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Б.М ээс шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үүргийн эрх зүйн нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш болсон байгааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа үүсээгүй гэх татгалзал үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ. Талууд бичгээр байгуулсан зээл эргэн төлж барагдуулах тухай тохиролцооны бичиг гэх баримтад алданги тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 2,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15ы өдрийн 101/ШШ2022/01724 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 186 дүгээр зүйлийн 186.1 гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН