Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/01892

 

 

 

 

 

 

 

 

2022 04 22 101/ШШ2022/01892

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь эх 6 тоот хаягт оршин байрлах, Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг /регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 120 байр 20 тоот хаягт оршин суух, Тэпүү овогт Батсайханы Ц /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/830, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх 6 тоот хаягт байрлах, 000439202 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 133055/0009, 18645315257141 дугаартай, 5000 м.кв газрыг, цэцэрлэгийн зориулалтаар, Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт эзэмшүүлсэн байдаг.

Цэцэрлэгийн төсөв мөнгө хүрэлцээгүй шалтгаанаар бид 2014 онд барилгын цэнхэр төмөр хашаатай цэцэрлэгийн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сард баруун болон урд талаараа Г хэлбэртэй төмөр сараалжин хашаа барьж, зүүн талыг банзаар хашаалж, хойд талдаа хуучин барилгын төмөр хашаатай нь хэвээр үлдээсэн байсан юм.

Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүд амралтын өдрүүд байсан ба биднийг байхгүйг тааруулан хариуцагч Б.Ц нь цэцэрлэгийн зүүн талын банзан хашааг иргэд хулгайлж зөөсөн байсныг далимдуулан, өөрсдийн хашааг тус тус татсан байсан.

Бидний зүгээс тухайн үед хариуцагч нарт хандан энэ нь цэцэрлэгийн газар болохыг удаа дараа хэлж, хашаагаа татахыг сануулж байсан боловч дур мэдэн ямар ч

барьж, өдийг хүртэл хууль бусаар манай газар дээр суурьшин амьдарсаар байна.

Бид 2016 оноос эхлэн цэцэрлэгийн газраа чөлөөлүүлэхээр Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас хариуцагч нарт удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн боловч тэд өдийг хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй байсаар байна.

Мөн хариуцагч нарын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж, манай газар эзэмших эрхийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хуулийн хүчин төгөлдөр болсон болно.

Иймд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх 6, нэгж талбарын 133055/0009, 18645315257141 дугаартай, 202 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн 5000 м.кв газраас хариуцагч Б.Ц ын хашаа, байшинг буулган, албадан нүүлгэж, газрыг чөлөөлж, өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 оноос хойш Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх 6, 202 дугаар цэцэрлэгийн зүүн талын задгайд гэр бүлийн хамтаар амьдарсаар байна.

Анх 2013 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Улсын 202 дугаар цэцэрлэг баригдах үед тухайн цэцэрлэгийн эзэмшил бүхий газрын кадастрын зурагт манай хашаа, байшин газар ороогүй буюу давхцаагүй байсан. Манайх тус газартаа цэцэрлэг баригдахаас ч өмнө суурьшиж байсан.

Гэтэл сүүлдээ Улсын 202 дугаар цэцэрлэг нь өөрийн эзэмшиж буй газрын кадастраа зөвхөн бичиг баримтын хүрээнд өөрчлүүлж засварлуулсан буюу манай газрыг оруулан кадастрын шинэ зурагтай болсон юм. Одоогоор тус цэцэрлэгийн эзэмшил ашиглалтын талбай нь 5000 м.кв буюу өөрийн эзэмших эрхийн гэрчилгээнд заагдсан м.кв-ийн хэмжээнд байгаа болно.

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн хувийн ашиг сонирхлын улмаас өнөөдөр манай газрыг авахаар улайран дайрч байгаа юм. Өөрөөр хэлбэл Улсын 202 дугаар цэцэрлэгийн эрх мэдлийн хүрээнд 5000 м.кв талбайг эзэмшүүлэх захирамж гарсан бөгөөд одоогийн байдлаар 5000 м.кв талбайгаа эзэмшин ашиглаж байгаа болно.

Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн нь үнэн. Харин тус газрын эзэмших эрхтэй холбоотой бус газар ашиглалтын байдалтай холбоотой ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл кадастрын зургийн зөрүү давхардал арилгуулах ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй болно.

Иймд энэ байдлыг эцэслэн шийдвэрлүүлсний дараа энэ хэргийг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ.

Нөгөөтэйгээр хүний амьд явах, амьдрах эрхэнд халдаж орон гэрийг нь буулгах, албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх нь хүний ёсноос ч гажууд, зохимжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ хх-1,

2.    000439202 дугаартай гэрчилгээ. хх-5,

3.    Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ. хх7-8

4.    Нэгж талбарын 18645315257141 дугаартай газрын кадастрын зураг. хх-9,

5.    Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаартай захирамж, хавсралт. хх 10-11,

6.    Нийслэлийн Газрын албаны 2019.02.18№02-06/486 албан бичиг. хх-15

7.    Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамж, хавсралт. хх 12-14,

8.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0059 дугаар шийдвэр. хх 16-22,

9.    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр магадлал. хх23-26,

10. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 266 дугаар тогтоол. хх 27-30,

11. Хариуцагч Б.Ц , Б.Чулуунсүх нарт холбогдох хашаа байшинг буулган албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус шүүхийн шүүгчийн 101/ШЗ2020/22565 дугаар захирамж. хх 31-32

12. Хариуцагч Б.Ц , Б.Чулуунсүх нарыг эрэн сурвалжлах тухай тус шүүхийн 101/ШШ2021/01218 дугаар шийдвэр. хх 33-34,

13. Б.Ц ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоосон тухай Төв аймаг дахь цагдаагийн газрын 2021.07.07№43/4-2193 дугаар албан бичиг. хх35,

14. Нэхэмжлэгчээс Т.Цэрэндагвад олгосон итгэмжлэл. хх 37,

15. Хариуцагч Б.Ц ыг шүүхэд албадан ирүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101ШЗ2021/20607 дугаар захирамж. хх46,

16. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар хх50,

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

1.    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022.04.13№1/688 албан бичиг, Нийслэлийн кадастрын мэдээллийн санд авагдсан нэгж талбарын 18645315257141 дугаар бүхий 4996 м.кв талбайтай газрын зураг. хх 67-69

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг нь хариуцагч Б.Ц д холбогдуулан, албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 000439202 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Газрын алба болон Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн хооронд байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаартай захирамж, тус захирамжийн хавсралт, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамж, тус захирамжийн хавсралт зэрэг нотлох баримтаас үзэхэд, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгж талбарын 133055/0009, 18645315257141 дугаар бүхий 5000 м.кв талбайтай газрыг Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг эзэмших эрхийн гэрчилгээнд заагдсан хэмжээ бүхий талбайдаа байгаа, цэцэрлэгийн эрхлэгчийн хувийн ашиг сонирхлын улмаас манай газрыг авах гэж байгаа, кадастрын зургийн зөрүү давхардал арилгуулах ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй, энэ байдлыг эцэслэн шийдвэрлүүлсний дараа энэ хэргийг шийдвэрлүүлнэ хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/688 дугаартай албан бичиг, Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд авагдсан нэгж талбарын 18645315257141 дугаар бүхий 4996 м.кв талбайтай газрын зургаар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч Б.Ц нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0059 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 266 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохи цуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж заасан тул нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулна хэмээн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хүргүүлсэн, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэх шалтгаангүй байх тул хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, түүний эзгүйд хэргийг хэлэлцэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, мөн оны 02 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд хүргүүлсэн, хэргийг хэлэлцэхээр товлосон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөс туслалцаа аваагүй, уг хүсэлтээ өмнө нь гаргаж байгаагүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Ц ыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх 6, нэгж талбарын 133055/0009, 18645315257141 дугаартай газраас хариуцагч Б.Ц ын хашаа, байшинг буулган, албадан нүүлгэж, газрыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Б.Ц аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА