Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01367

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/01892 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц д холбогдох, 000 нэгж талбарын 0000000000, 00000000000000 дугаартай 5,000 м.кв газраас хариуцагч Б.Ц ын хашаа, байшинг буулган, албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 сарын 03-ны өдрийн А/830, 2017 оны 03 сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Б т 000 хаягт байршилтай 5,000 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. 2016 оны 03 сарын 26-27-ны өдрүүд амралтын өдрүүд байсан ба биднийг байхгүйг тааруулан хариуцагч Б.Ц нь цэцэрлэгийн зүүн талын банзан хашааг иргэд хулгайлж зөөсөн байсныг далимдуулан өөрийн хашааг татсан байсан. Бидний зүгээс тухайн үед хариуцагч нарт хандан энэ нь цэцэрлэгийн газар болохыг удаа дараа хэлж, хашаагаа татахыг сануулж байсан боловч дур мэдэн өдийг хүртэл хууль бусаар манай газар дээр суурьшин амьдарсаар байна. Бид 2016 оноос эхлэн цэцэрлэгийн газраа чөлөөлүүлэхээр Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан хүсэлт гаргаснаар газар зохион байгуулагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас хариуцагч нарт удаа дараа газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн боловч тэд өдийг хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй байсаар байна. Мөн хариуцагч нарын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж манай газар эзэмших эрхийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Иймд 000 хаягт байршилтай, нэгж талбарын 0000000000 , 00000000000000 дугаартай,  000 цэцэрлэгийн эзэмшлийн 5,000 м.кв газраас хариуцагч Б.Ц ын хашаа, байшинг буулган, албадан нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Миний бие 2013 оноос хойш 000 буюу 000 цэцэрлэгийн зүүн талын задгайд гэр бүлийн хамтаар амьдарсаар байна. Анх 2013 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Улсын 000 цэцэрлэг баригдах үед тухайн цэцэрлэгийн эзэмшил бүхий газрын кадастрын зурагт манай хашаа, байшин газар ороогүй буюу давхцаагүй байсан. Манайх тус газартаа цэцэрлэг баригдахаас ч өмнө суурьшиж байсан. Гэтэл сүүлдээ Улсын 000цэцэрлэг нь өөрийн эзэмшиж буй газрын кадастраа зөвхөн бичиг баримтын хүрээнд өөрчлүүлж засварлуулсан буюу манай газрыг оруулан кадастрын шинэ зурагтай болсон юм. Одоогоор тус цэцэрлэгийн эзэмшил ашиглалтын талбай нь 5,000 м.кв буюу өөрийн эзэмших эрхийн гэрчилгээнд заагдсан м.кв-ын хэмжээнд байгаа болно. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн хувийн ашиг сонирхлын улмаас өнөөдөр манай газрыг авахаар улайран дайрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын 000цэцэрлэгийн эрх мэдлийн хүрээнд 5,000 м.кв талбайг эзэмшүүлэх захирамж гарсан бөгөөд одоогийн байдлаар 5,000 м.кв талбайгаа эзэмшин ашиглаж байгаа болно. Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн нь үнэн. Харин тус газрын эзэмших эрхтэй холбоотой бус газар ашиглалтын байдалтай холбоотой ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, кадастрын зургийн зөрүү давхардал арилгуулах ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй болно. Иймд энэ байдлыг эцэслэн шийдвэрлүүлсний дараа энэ хэргийг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. Нөгөөтэйгүүр, хүний амьд явах, амьдрах эрхэнд халдаж орон гэрийг нь буулгах, албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх нь хүний ёсноос гажууд, зохимжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц ыг 000 нэгж талбарын 0000000000 , 00000000000000 дугаартай газраас хариуцагч Б.Ц ын хашаа, байшинг буулган, албадан нүүлгэж, газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Б.Ц аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 000000000000 тоот дансанд төлүүлж шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие өөрөө оролцож чадаагүй. Эцэг, эх маань Т аймгийн Э суманд амьдардаг бөгөөд эцэг н.Б ы бие өвдөж, яаралтай явах зайлшгүй шаардлага гарсан тул 2022 оны 04 сарын 21-ний орой Улаанбаатар хотоос гарсан юм. Маргааш өглөө нь Улаанбаатар хотод ирж эмнэлэгт үзүүлэх болсноор шүүх хурлын цагтаа очиж амжаагүй болохоо хууль зүйн хувиар нотлох баримт байхгүй учир хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж ойлгохгүй болохыг мэдлээ. Гэвч намайг Төв аймгийн Эрдэнэ суманд ирснийг болоод хүн эмнэлэгт үзүүлэхээр машин бариад явж байсныг нотлох олон гэрч байгаа. 2022 оны 04 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У гийн туслахтай уулзаж, энэ хэрэгт албан ёсоор өмгөөлөгч авч оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн. Миний бие шүүх хуралдааныг албан ёсоор 1 удаа хойшлуулах, өмгөөлөгч авах эрхээ эдлэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг авч хэлэлцээгүйд гомдолтой байна.

4.б. Миний бие уг газарт 2013-2022 оныг хүртэл нийт 9 жилийн хугацаанд амьдарч байгаа. Тус газрыг хоосон байхаас нь хашаалж, орон гэрээ барьж, байшин босгож, үр хүүхдээ төрүүлсэн газар тул энэ утгаараа хоосон газар чөлөөлүүлэх тухай яригдахгүй. Хүний эд хөрөнгө, үнэ цэнтэй эрхэм бүхэн байгаа газар учраас үнэлэгдэх эд хөрөнгийн талаар яригдах учиртай.

4.в. Энэ хэрэгт Нийслэлийн Б ийн эрхлэгчийн буруутай үйлдэл байдаг. Учир нь тус цэцэрлэгт 5,000 м.кв газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар олгосон бөгөөд тус цэцэрлэг анх үйл ажиллагаагаа эхлэхдээ манай хажуу талаар хашаагаа барьсан бөгөөд өөрчлөлт ороогүй, өнөөдрийг хүртэл 5,000 м.кв газрыг бодитоор эзэмшиж байгаа болно. Тус цэцэрлэг нь кадастрын зураг хийлгэх үедээ сүүлд амьдран байгаа газрыг оруулан кадастрын зургаа баталгаажуулж авснаас үүдэлтэй бидний дунд үргэлжилсэн газрын маргаан явдаг бөгөөд зохих ёсоор төрийн байгууллагаас буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зөвөөр зохицуулах боломж байдаг. Өөрөөр хэлбэл, манайхтай давхцуулсан газраас хасалт хийж, хууль бусаар эзэмшилдээ ашиглаж байгаа газраа бодитоор нь дүгнүүлэн кадастрын зургаа шинэчилснээр энэхүү маргаан дуусах боломжтой буюу бидний хэн алиных нь эрхэнд халдахгүй байх нөхцөл бүрэлдэх юм.Б ийн эрхлэгч Нийслэлээс газрын кадастрын зургуудыг баталгаажуулан албан ёсны программд оруулах үед манай амьдарч байсан газрыг оруулсан кадастр хийлгүүлж, газрын кадастрын зургаа нөхөн бүрдүүлснээс улбаатай миний хууль ёсны амьдрах эрх хязгаарлагдмал болж ирсэн.

Иймд Үндсэн хуульд заасан амьд явах, амьдрах эрхэнд минь шууд халдсан хариуцагч Б.Ц ын хашаа байшинг буулгаж, албадан чөлөөлүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа намайг болоод өмгөөлөгчийг оролцуулж шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Шүүх хуралдаан 2022 оны 04 сарын 22-ны өдөр болсон. Өмнө нь нэг удаа шүүх хуралдаан хариуцагчаас хамааран хойшлогдсон. Шүүх хуралдааны өмнө утас нь холбогдохгүй байсан. Гомдолд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол холбогдох баримтаа ирүүлсэн байх ёстой боловч ирүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч Б ийн хууль ёсоор эзэмшиж байгаа мөн Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх нь хууль ёсны гэдгийг үнэлж дүгнэсэн шийдвэрүүдийг үндэслэн хариуцагч Б.Ц ын хууль бусаар хашаа барьж амьдарч байгаа хашаа нь нэхэмжлэгчийн газартай бүрэн давхцалтай болохыг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б УТҮГ нь хариуцагч Б.Ц д холбогдуулан 000 нэгж талбарын 0000000000 , 00000000000000 дугаартай 5,000 м.кв газраас хариуцагч Б.Ц ын хашаа, байшинг буулган, албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Ц дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...анх 2013 онд маргаан бүхий газарт буухад цэцэрлэгийн газартай давхцалгүй байсан, хожим цэцэрлэгийн зүгээс кадастрын зураг өөрчлүүлснээр давхцал бий болсон, тус газар дээр 2013 оноос одоог хүртэл амьдарч байгаа... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 сарын 03-ны өдрийн А/830 дугаар захирамж, түүний хавсралт, 2017 оны 03 сарын 17-ны өдрийн А/152 дугаар захирамж, түүний хавсралт, 2017 оны 03 сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 000000000 тоот Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын 00000000000000 дугаартай газрын кадастрын зураг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл, эрх бүхий этгээдээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт анх 2013 онд 5,000 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлж, улмаар нэгж талбарын 0000000000 , 00000000000000 дугаартай тус газрыг 2017 онд Б т шилжүүлж, Б тэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээг цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон үйл баримт тус тус тогтоогдож байна. /хх 8-9, 10-12, 5-6, 4, 7/

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн зөв тогтоожээ.

 

4. Иргэн Б.Чулуунсүх, Б.Ц нар хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5,000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152 дугаар захирамжийн Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0059 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 209 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 266 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хх 14-20, 21-24, 25-28/

 

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заажээ.

Иймд ...анх 2013 онд маргаан бүхий газарт буусан, одоог хүртэл амьдарч байгаа... гэх үйл баримт нь хариуцагч Б.Ц д газар эзэмших эрхийг олгохгүй бөгөөд хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр маргаан бүхий газар амьдарч байх тул ...хууль ёсны амьдрах эрхийг хязгаарласан, Үндсэн хуульд заасан амьд явах, амьдрах эрхэнд минь шууд халдаж байна... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Шүүгчийн захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 1/688 тоот албан бичиг, түүнд хавсаргасан кадастрын мэдээллийн сан дахь мэдээллийг сансрын зурагтай давхцуулан авсан зургаас үзвэл, нэхэмжлэгч Б УТҮГ-ын эзэмшлийн нэгж талбарын 00000000000000 дугаартай 4,996 м.кв газартай хариуцагч Б.Ц ын хашаалан амьдарч буй газар давхцаж байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий газраас хариуцагч Б.Ц ын хашаа, байшинг буулган, албадан нүүлгэж, газрыг чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

7. Хариуцагч Б.Ц д 2022 оны 01 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байна. Улмаар анхан шатны шүүхийн зүгээс 2022 оны 02 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн хүсэлтээр хойшлуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа, нэмэлт 30 хоногийн хугацаа тус тус өнгөрсөн, хариуцагч талд өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан тул анхан шатны шүүх ...шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч аваагүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй... гэж дүгнэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

9. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн... гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/01892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР