Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/04273

 

 

 

 

 

 

 

2021 12 17 101/ШШ2021/04273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух Шамбий овогт Б.П-Ө /рд:0/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Цахир овогт Ү.Д /рд:0/-д холбогдох,

 

0 тоотод байрлах 643 м.кв газраас албадан нүүлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Б.А-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа:

У.Д нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож Нийслэлийн 0 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 40 м.кв талбайтай /0/ гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 643 м.кв талбайтай /0/ гэр бүлийн хэрэгцээний газруудыг нийт 16,000,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нотариатч В.Б-р гэрчлүүлэн Б.П миний бие Монгол улсын үндснн хууль, Иргэний хууль, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, Газрын хухай хууль, бусад холбогдох хууль, журамд заасны дагуу шударга өмчлөгчөөр тогтоолгосон билээ. Гэтэл хариуцагч У.Д сайн дураар өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй миний хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хууль бусаар ашиглаж, эзэмшиж, өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маш ихээр хохироож байгаад гомдолтой байна. Иймд 0 тоотод байрлах 643 м.кв газраас У.Дг албадан нүүлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Пд үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдаагүй. Би 2019 оны 03-р сарын 19-ний өдөр Кинг капитал ББСБ болон түүний захирад С.Дртай гээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 0 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Би дээрх зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд төлж барагдуулан 2019 оны 07 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж мөн өдрөө дахин зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийг хөгшин настай ээжийнхээ эмчилгээний төлбөр болон өөрийн хувийн бизнест зориулахаар 2019 оны 07 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж гэрээний хавсралт-1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ дахин барьцаалсан. Гэвч эдийн засгийн болон хувийн шалтгаанаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй явсаар 2020 оны 3 дугаар сард Монгол Улс даяар хатуу хөл хорио тавьж хүү болон алданги, үндсэн зээлийг төлөхөд маш хүндрэлтэй болсон бөгөөд зээл болон хүүг багасгах, зээлийн гэрээний хугацааг сунгуулахаар маш олон удаа хүсэлт тавихад хүлээж аваагүй. Улмаар зээлдүүлэгч С.Д нь зээлээ төлж барагдуул хэмээн шахаж шаардах болж түүний 100 хувийн хувьцаа эзэмшдэг "Кинг капитал" ХХК буюу барьцаалан зээлдүүлэх газарт хэд хэдэн удаа ирж уулзан үнэн бодит байдлаа учирлан хэлж байсан. Гэтэл 2020 оны 10 сарын 26-ны үед "Кинг капитал" ХХК-иас таньд арай бага хүүтэй зээл олгодог ББСБ олж өгч туслая та тэндээс зээл гаргуулаад манай захирал, хувьцаа эзэмшигчээс зээлсэн зээлээ төлж дуусгавал яаж байна гэхээр нь эдийн засгийн байдал хүнд байсан тул хүү багатай газар байвал сайн байна гэж зөвшөөрсөн. Тэгтэл бага хүүтэй зээл олгодог "Нарны Арвай" ББСБ ХХК-ийг санал болгож та яг одоо очоод уулз бид яриад хэлсэн байгаа гэхлээр нь очиж уулзахад бололгүй яах вэ та гол нь Б.Даас авсан зээлээ төлөөд үл хөдлөхөө чөлөөлж манай барьцаанд тавих шаардлагатай гэхэд нь надад одоогоор мөнгө байхгүй гэж хэлсэн. Гэтэл Кинг капитал" ХХК-ийн эдийн засаг гэх У.Нямцэцэг зээл чөлөөлдөг хүн байгаа гээд Б.Пгийн утсыг өгч, одоо ярь гэснээр Б.Птэй холбогдсон. Ингээд 2020 оны 10 дугаар рарын 30-ны өглөө "Кинг капитал" ХХК-ийн байранд уулзаж зээлээ чөлүүлсэн. Гэтэл зээл чөлөөлснөөс ердөө 10 минут орчмын дараа "Нарны арвай групп" ХХК-иас манайх мөнгөгүй болсон зээл олгох боломжгүй болсон гэж мэдэгдэх тухайн үед хариуцагч Б.П миний үл хөдлөх эд хөрөнгийн бүх бичиг баримт, үүрэг дуусгавар болсон баримтыг авч надад өгөөгүй. Гэтэл намайг кино үйлдвэрт хүрж ирээд барьцааны гэрээ хийгээд бичиг баримтаа ав гэж утасдсан. Тэгээд кино үйлдвэрт байрлах нотариат орж гэрээ хийх болоход, худалдах, худалдан авах гэрээ хийсэн байсан гайхаад яагаад ингэж байгаа билээ гэхэд таны зээлийг би өөрийнхөө мөнгөөр чөлөөлсөн би өөрийнхөө мөнгөө хамгаалж байна би өөрийн чинь хөрөнгийг авахгүй мөнгө олж ирээд бичиг баримтаа аваарай гэсэн. Ингээд миний хувьд бүх бичиг баримтаа хүний гарт алдаж улмаар, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан тул хөрөнгөө алдахгүйн тулд маш олон банк бусаар явсан боловч өмнө зээлээ төлж байсан гэх мэдээлэл Монголбанкны мэдээллийн санд бүртгэлгүй байсан тул надад зээл гаргах ББСБ олдоогүй. Гэтэл хариуцагч Б.П нь тус худалдах, худалдан авах гэрээг ашиглан өөрийн нэр дээр миний үл хөдлөх бүх эд хөрөнгийг гаргаж гэрчилгээ авсан байна. Улмаар Б.Даас зээлсэн зээлээ чөлөөлүүлж, үүргийг дуусгавар болгосон бичгийг авсан даруйд Б.Пд алдсан тул барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд бүрдүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маягтыг би бөглөөгүй түүнд гарын үсэг зураагүй байхад миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн барьцаанаас чөлөөлж улмаар Б.П худалдах, худалдан авах гэрээг ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар авсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Птэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд гадаад илэрхийлэл нь худалдах худалдан авах шинжийг агуулсан хэдий ч гэрээнд оролцож байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь өмчлөх эрхийг бодитоор шилжүүлэх эрмэлзэлгүй, миний хувьд зээл чөлөөлүүлсэн мөнгөний барьцаа болгож хийсэн буюу тухайн хэлцлийн үр дагаврыг хүсээгүй, хийх хүсэл зориг эрмэлзэлгүй байснаараа дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал бий болсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б.Пүрэв-Өлийгийн хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ямар ч хамааралгүй, ямар ч шалтгаант холбоогүй хариуцагч У.Дгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Миний бие У.Дд 2020 оны 10 дугаар сарын 30-нд 16,000,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэйгээр зээлж өгсөн. Улмаар У.Д нь чиний мөнгийг буцаан өгч чадахгүй тул зээлж авсан мөнгөнийхөө оронд 0 газрыг худалдаж аваач гэсэн санал тавьсан. Улмаар миний бие уг хүсэлтийг хүлээн авч У.Дтай худалдах, худалдан авах гэрээг байгуулж хашаа байшинг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 11 сарын 10-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Гэвч У.Д нь хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгсөн боловч хашаа байшингаа чөлөөлж өгөлгүй амьдарсаар байна. У.Д нь надаар банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлүүлчихээд өнөөдрийг болтол үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж өгөхгүй байна. Би зээлийг нь чөлөөлж өгөөгүй байсан бол өнөөдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, алданги төлөөд явах байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч У.Дд холбогдуулан 0 м.кв газраас албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Б.Пн өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгүүдийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.П хариуцагч У.Д нар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 төрлийн худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр У.Д нь 0 м.кв хувийн сууцыг 8,000,000 төгрөгөөр, 0 тоотод байрлах 643 м.кв газрыг 4,000,000 төгрөгөөр тус тус худалдах, Б.П нь хэлэлцэн тохирсон үнэ нийт 16,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 98-99, 108-109, 118-119 дүгээр тал/

 

Дээрх нэр бүхий 3 төрлийн худалдах-худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэгч Б.П нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0 тоотод байрлах 643 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 103-107, 112-117, 122-123 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.П нь дээрх худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хууль ёсны өмчлөгч гэж үзэж хариуцагч У.Дг эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөөгүй гэж түүнийг албадан нүүлгүүлэхээр шаардсан.

 

Хариуцагч У.Д нь худалдах-худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлэн байгуулсан буюу зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан байсан ба үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах зорилгогүй байсан, Б.П нь шударга өмчлөгч биш гэж маргасан.

 

Хариуцагч У.Д нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Кинг капитал ББСБ ХХК-ийн захирал С.Дтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. /хх-ийн 88-92 дугаар тал/

 

Уг зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хуваарийг зээлдэгч У.Д нь зөрчиж, тохирсон хугацаанд зээлийн төлөлтүүд хийгээгүй гэх үндэслэлээр Кинг капитал ББСБ ХХК-ийн захирал С.Др нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг төлөх шаардлага тавьсан байна. Ингээд зээлдэгч У.Д нь Кинг капитал ББСБ ХХК-ийн захирал С.Дрт зээлийн гэрээний хугацаанд төлөх өр төлбөр 15,843,460 төгрөгийг нэхэмжлэгч Б.Пгөөр төлүүлж, С.Дртай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгосон болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримт, үүрэг дуусгавар болсон тухай баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 92, 137, 139 дүгээр тал/

 

Тодруулбал, Кинг капитал ББСБ ХХК-ийн захирал С.Дрын эзэмшлийн 0 тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Пгийн эзэмшлийн 0 тоот данснаас 15,843,460 төгрөгийг Д зээл хаав гэх гүйлгээний утгаар шилжүүлж, мөн өдөр С.Др нь барьцааны зүйлийг үүрэг дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлөх хэлцэл байгуулсан байна. Талууд дээрх үйл баримтад маргаагүй, хэн аль нь тайлбарласан.

 

Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх Б.Пд шилжих болсон үндэслэл, түүнийг шударга өмчлөгч мөн эсэх үйл баримт нь талуудын маргааны зүйл болсон.

 

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч У.Дгийн өмнөөс С.Дрт төлөх өр төлбөрийг төлсөн үндэслэлээ ...У.Дд 16,000,000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, өрийг нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж өгсөн. Үүний дараа У.Д нь би чамд мөнгө өгч чадахгүй нь мөнгөнийхөө оронд үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж аваач гэсэн санал гаргасан тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 16,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. Учир нь мөнгө зээлдүүлсэн өдөр болон худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдрүүд нэг цаг хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн байх тул Б.Пд төлөх зээлээ хожим төлж чадаагүйн улмаас үл хөдлөх хөрөнгөө худалдсан гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагч У.Дгаас ...С.Дрт төлөх төлбөрийг өдрийн зээл олгодог Б.Пгөөр төлүүлээд, үл хөдлөх эд хөрөнгүүдээ С.Дрын барьцаалбараас чөлөөлүүлсний дараа өөр ББСБ-д бага хүүтэйгээр барьцаалж, Б.Пгийн мөнгийг гаргаж өгөх тохиролцоо байсан. Түүнээс би хэзээ ч өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг урт хугацаагаар авахгүй байсан. Гэвч Б.Пгөөр зээлээ төлүүлээд байж байтал зээл олгох байсан ББСБ-аас холбогдож зээл гаргах боломжгүй гэж мэдэгдсэн. Ингэхэд Б.П нь би барьцаатай үлдэх хэрэгтэй гээд миний үл хөдлөх эд хөрөнгүүдийн бичиг баримтуудыг авсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Б.П нь У.Д, С.Др нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг У.Дгаас тухайн өдөр авч, улсын бүртгэлийн байгууллагад барьцаанаас чөлөөлөх тухай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг У.Дгийн өмнөөс мэдүүлэг гаргаж /хх-136, 138/, барьцаанаас чөлөөлүүлсний дараа худалдах-худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлж авсан талаар тэрээр шүүх хуралдаанд тайлбарласан. Уг үйл баримтыг мөн хариуцагч У.Дгаас тайлбарлаж, би эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт /хх136, 138/ гарын үсэг зураагүй байхад миний өмнөөс мэдүүлэг хөтөлж, өмчлөх эрхийг авсан. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч зээлийн барьцаанд барьцаалсан гэж ойлгож байсан, миний зөвшөөрөлгүй өмчлөх эрхийг авсан гэж тайлбарладаг.

 

Түүнчлэн хариуцагч талаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн. Уг Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 0 тоотод байрлах 643 м.кв газрын үнэ цэнийг нийт 58,984,590 төгрөг болохыг тогтоосон байна. Нэхэмжлэгч нь уг Хөрөнгө-эстимэйт ХХК-иас гаргасан үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч уг татгалзалтай холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй, үүнтэй холбоотой шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.

 

Үүнээс үзэхэд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд 58,984,590 төгрөгөөр үнэлэгдэж байхад хариуцагч У.Д нь 16,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулах сонирхолтой байсан гэж үзэхээргүй байна.

 

Талуудаас гаргасан дээрх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.П нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3 төрлийн гэрээнүүд нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна.

 Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийхийг хуулиар зөвшөөрөөгүй. Энэ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчвөл түүний гүйцэтгэвэл зохих үүрэгт үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн авах боломжгүй байдагтай холбоотой. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэх  боломжгүй.

Зээлдэгч У.Д нь зээлийн гэрээний үүргийг төлж чадахгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч Б.П нь авах нөхцөлтэйгээр мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн нь хууль зөрчсөн байх ба энэ тохиолдолд Б.Пг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч Б.Пд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

Үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тохиолдолд хуульд заасан журмаар буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан нөхцөлд хэрэгжих боломжтой байхад худалдах-худалдан авах гэрээгээр  өмчлөх эрхийг зээлдүүлэгч нь өөртөө шилжүүлэн авах замаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг  барьцааны зүйл болгосон нь талууд барьцааны гэрээг дүр үзүүлэн байгуулжээ.

Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.

Хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбоотойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Пгөөс гаргуулж хариуцагч У.Дд олгох нь зүйтэй.

Хэдийгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх журамтай боловч нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ гэж маргасантай холбоотойгоор өөрт учирсан хохирлын үнийн дүнг тодорхойлж шаардаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг түүний өмнөөс тодорхойлох замаар хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.П нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хэргийн 68-75 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Б.Птэй харилцсан гэх захидалтай холбоотой баримтыг хариуцагч У.Д цуглуулж өгсөн ба уг захидлыг агуулсан гар утас эвдэрсэн үндэслэлээр захидалд үзлэг явуулах боломжгүй гэж Мобиком корпораци ХХК-иас харилцсан хугацааны цагийн бүртгэл гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан. Мобиком корпораци ХХК-иас техникийн нөхцөл байдлын улмаас хэрэглэгчийн дугаар руу орох, ярих, мессеж лавлагааг гаргах боломжгүй гэх хариу өгсөн. Иймд дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У.Дг 0 газруудаас албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Пн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.П, У.Д нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Пн өмчлөлөөс 0 газруудын өмчлөх эрхийг гаргуулж хариуцагч У.Дд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, 237,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Пгөөс улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулж хариуцагч У.Дд олгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ