Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00237

 

 

 

 

 

 

 

 

 

Б.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04273 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.Д-д холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс хувийн сууц, газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож ... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 40 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай болон 643 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газруудыг 16,000,000 төгрөгөөр тооцож 2020 оны 10 сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлснээр Б.П шударга өмчлөгчөөр тогтоолгосон. Гэтэл хариуцагч Ү.Д сайн дураар өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд хариуцагч Ү.Д-г нэхэмжлэгчийн өмчлөлийн хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газруудаас албадан нүүлгэж өгнө үү.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Ү.Д нь 2019 оны 03 сард К КББСБ ХХК-аас 10,000,000 төгрөгийн зээлж авч, төлж дуусгаад 2019 оны 07 сард дахин 12,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл болон хүүгээ төлж явсаар Ковид-19 цар тахлын улмаас зээл, хүүгээ төлөх боломжгүй болсон. Ингээд Б.П гэж зээл чөлөөлдөг хүнтэй утсаар яриад 2020 оны 10 сарын 30-ны өдөр К К ББСБ ХХК-ийн үүдэнд 09 цаг 10 минутад уулзаж зээлээ чөлөөлүүлсэн. Б.П нь Ү.Дгийн бүх бичиг баримтыг аваад өгөөгүй бөгөөд 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 11 цаг 45 минутад нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Б.П мөнгө гаргасан учраас хамгаалж ийм гэрээ хийсэн, өөр газар тавьж зээл аваад энэ гэрээг ураад хаячихна гэж хэлсэн. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон бичгээ бүртгүүлээд дахин зээл авахыг хүссэн боловч бичиг баримтыг өгөөгүй. Ингэж явсаар 2020 оны 11 сарын 10-ны өдөр хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэр шилжигдсэнийг 2020 оны 12 сарын 07-ны өдөр мэдэж өөрт нь хэлэхэд мөнгөө өгөөд бичиг баримтаа ав гэсэн. Барьцаанд тавьж зээл авах боломжгүй болсон. Нэхэмжлэлд дурдсанаар сайн дурын үндсэн дээр гэдэг нь бодит үнэнд тохирохгүй байна. Өдрийн 1 хувийн хүүтэй зээл чөлөөлөх, зээл төлөх л асуудал талуудын хооронд үүссэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн агуулга: Ү.Д нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байсан учир зээл чөлөөлдөг гэх Б.П-тэй анх холбогдсон. Ингээд 2020 оны 10 сарын 30-ны өдрийн өглөө К К ББСБ ХХК-ийн байранд уулзаж зээлээ чөлөөлүүлсэн. Гэтэл зээл чөлөөлөгдсөнөөс ердөө 10 минутын дараа Нарны арвай групп ХХК-аас манайх мөнгөгүй болсон зээл олгох боломжгүй болсон гэж мэдэгдэх үед Б.П Ү.Д-гийн үл хөдлөх эд хөрөнгийн бүх бичиг баримт, үүрэг дуусгавар болсон баримтыг авч надад өгөөгүй. Ингээд кино үйлдвэрт байрлах нотариат орж гэрээ хийх болоход худалдах, худалдан авах гэрээ хийсэн байсан. Яагаад ингэсэн талаар асуухад таны мөнгийг би өөрийнхөө мөнгөөр чөлөөлсөн, би өөрийнхөө мөнгийг хамгаалж байна, мөнгө олж ирээд бичиг баримтаа аваарай гэсэн. Ү.Д болон Б.П нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд худалдах, худалдан авах шинжийг агуулсан хэдий ч гэрээнд оролцож байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь өмчлөх эрхийг бодитоор шилжүүлэх эрмэлзэлгүй, Ү.Д-гийн хувьд зээл чөлөөлүүлсэн мөнгөний барьцаа болгож хийсэн буюу тухайн хэлцлийн үр дагаврыг хүсээгүй, хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй байснаараа дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал бий болсон.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны 10 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагатай шалтгаант холбоогүй, Ү.Д-гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан нь үндэслэлгүй. Ү.Д нь Б.П-өөс 2020 оны 10 сарын 30-ны өдөр 1 хувийн хүүтэй зээлсэн 16,000,000 төгрөгийг буцаан өгч чадахгүй, оронд нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг худалдан аваач гэсний дагуу гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Хариуцагч нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ нэхэмжлэгчээр төлүүлсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлж өгөхгүй байна. Хэрэв нэхэмжлэгч хариуцагчийн зээлийг төлж өгөөгүй бол өнөөдрийг хүртэлх зээлийн хүү, алданги төлөх байсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ү.Д-г ...тоот хаягт байрлах 40 м.кв хувийн сууц /Ү-0/, 700 м.кв газар /Г-0/, ... тоот хаягт байрлах 643 м.кв /Г-0/ газраас албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 10 сарын 30-ны өдөр Б.П, Ү.Д нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.П-ийн өмчлөлөөс ...тоот хаягт байрлах 40 м.кв хувийн сууц /Ү-0/, 700 м.кв газар /Г-0/, ... тоот хаягт байрлах 643 м.кв /Г-0/ газрын өмчлөх эрхийг гаргуулж хариуцагч Ү.Д-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 237,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.П-өөс улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Ү.Д-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

а. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд чөлөөт байдлаар гэрээ хийсэн үйл баримтыг үнэлээгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу байгуулж, маргаан бүхий хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан байхад шүүх хэт нэг талыг барьж тухайн хөрөнгийг 58,984,590 төгрөгийн үнэлгээтэй тул 16,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулах сонирхолтой байсан гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй.

б. Худалдан авах гэрээг үндэслэн Б.П нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг худалдах, худалдан авах гэрээний шинж агуулаагүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ү.Д нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах тухай 3 гэрээний алиныг нь ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй. Мөн эд хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс К К ББСБ ХХК-ийн барьцаанд байсан эд хөрөнгийг өөрийн мөнгөөр чөлөөлүүлж, хариуцагч Ү.Д худалдах, худалдан авах гэрээний дагуу барьцаанаас чөлөөлүүлсэн нийт 16,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр өөрийн обьектоо худалдан борлуулсан байхад худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй хэмээн үзсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

в. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах,худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэийг хангуулах зорилготой байсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуульд барьцааны гэрээний талаар тусгайлан хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх тухайн зохицуулалтыг хэрэглэхгүй сайн дурын үндсэн дээр худалдах, худалдан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт, мөн улсын бүртгэлийн газраас гаргасан гэрчилгээ зэргийг үнэлэлгүй хуулийн дагуу шийдвэр гаргах үүргээ ноцтой зөрчсөн байна.

Мөн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч хэт давамгай байдлыг бий болгож айдаст автуулж, тулган шаардсан, ширүүн хандсан учраас дарамтанд орж дарамт шахалтын үндсэн дээр гэрээ байгуулсан хэмээн мэдүүлсэн. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байсан, түүнчлэн гэм буруутайд тооцсон тухай холбогдох байгууллагаас гаргасан эрх бүхий шийдвэргүй байхад шүүх хэт нэг талыг барин дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын үйлдлийг хийх үед нотариатч хуульд заасны дагуу дээрх гэрээтэй холбоотой үүсэх үр дагаврын талаар тайлбарлан өгч талууд сайн дурын үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах ёстой байтал анхан шатны шүүх дээрх нотариатын хууль ёсны үндэслэлийг үгүйсгэн үзэж шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчжээ.

 

7.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу гарсан. Давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна

 

3.   Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Ү.Д-д холбогдуулан, ... хаягт байршилтай 40 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв газар, мөн гудамжны 1206а тоот хаягт байршилтай 643 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч Ү.Д нь нэхэмжлэгч Б.П-д холбогдуулан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, дээр дурдсан хувийн сууц, газруудыг Б.П-ийн өмчлөлөөс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зохигчид харилцан эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 124-125, 169-170, 187/

 

4.   Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд /1хх 5, 6, 7/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 323 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол /1хх 17-19/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 1/1429 тоот Гомдолд хариу өгөх тухай албан бичиг /1хх 66/, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ /1хх 91-арын нүүр, Х Б ХХК-д иргэн С.Д-ын эзэмшдэг дансны хуулга /1хх 92/, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нүүд /1хх 98-99, 108-109, 118-119/ гэсэн баримтуудыг зохигчийн гаргасан тайлбартай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл:

 

а/. Тухайн цаг хугацаанд Ү.Д нь иргэн С.Д-тай зээлийн гэрээний харилцаатай байсан;

б/. Улмаар 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 09 цаг 16 минутад зээлдүүлэгч С.Д-ын дансанд 15,597,200 төгрөг долгормаа зээл хаав гүйлгээний утгатайгаар төлөгдсөн;

в/. Үүний дараа мөн өдөр буюу 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 11 цаг 45 минут, 11 цаг 47 минут, 11 цаг 52 минутад Ү.Д болон Б.П нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ-нүүд байгуулагдсан;

г/. Дээрх гэрээнүүдэд үндэслэгдэж ... хаягт байршилтай 40 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв газар, мөн гудамжны ... тоот хаягт байршилтай 643 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд Ү.Д-гийн өмчлөлөөс Б.П-ийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн;

д/. Уг асуудлыг Цагдаагийн байгууллагаас иргэн Ү.Д-гийн гомдлоор хэрэг бүртгэлийг хэрэг нээн шалгаад ...гэмт хэргийн шинжгүй... гэсэн үндэслэлээр хэргийг хаасан үйл баримт тус тус тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Харин талууд анх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5.   Талуудын хооронд 2020 оны 10 сарын 30-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-нүүд нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасанд нийцсэн байна.

 

Тодруулбал, зээлдүүлэгч С.Д-ын өмнө хүлээсэн зээлдэгч Ү.Д-гийн мөнгөн төлбөрийн үүргийг түүний өмнөөс Б.П гүйцэтгэсний дараа Ү.Д, Б.П нарын хооронд хувийн сууц, 2 ширхэг газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн зүгээс гаргасан үнэлгээний тайлангаар /2хх 1-19/ дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийг нийт 58,984,590 төгрөгөөр тогтоосон байтал Худалдах, худалдан авах гэрээ-нүүдийн нийт үнийн дүн 16,000,000 төгрөгөөр тусгагдсан, уг дүн нь 16,000,000 төгрөгийн 1 хувийн хүү тооцсон Б.П-өөс С.Д, Ү.Д нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэмсэн үнийн дүнтэй ойролцоо байгаа (...(16,000,000х1 хувь)+(15,597,200+142,800)= 15,900,000...) зэрэг үйл баримтыг зохигчийн тайлбартай харьцуулан үзвэл ...нэг өдрийн 1 хувийн хүүтэйгээр Б.П-өөс мөнгө зээлж, зээлээ чөлөөлүүлсэн, түүний хүсэлтээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан ба зорилго нь түүнээс авсан 16,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаалах явдал байсан... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч Ү.Д-гийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

Талууд анхнаасаа нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг худалдах, худалдан авах хүсэл зориггүй байсан буюу Б.П-өөс Ү.Д-д зээлдүүлсэн 16,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ү.Д-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцжээ. Мөн шүүх талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнээгүй, харин байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн тул Иргэний хуульд заасан барьцааны гэрээний шаардлага хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо ...хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн... гэсэн агуулгыг дурдсан боловч чухам ямар эрхийг хэрхэн зөрчсөн талаар тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс гомдлын энэ хэсэгт дүгнэлт өгөх боломжгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын ...шүүх нотлох баримтыг буруу үнэлж, үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын найруулга оновчгүй бичигдсэнийг залруулж өөрчлөн найруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 11:45 цаг, 11:47 цаг, 11:52 цагуудад Ү.Д, Б.П нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б.П-ийн өмчлөлөөс ... хаягт байршилтай 40 м.кв талбайтай хувийн сууц /Ү-0/, 700 м.кв газар /Г-0/, мөн гудамжны 1206а тоот хаягт байршилтай 643 м.кв талбайтай газар /Г-0/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ү.Дгийн өмчлөлд шилжүүлсүгэй гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн нийт 308,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР