Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/02111

 

 

 

 

 

 

 

2022 05 05 101/ШШ2022/02111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, 213 дугаар байр 16 давхар, 1602 тоот хаягт оршин байрлах Нандин-Эрхэм ХХК /регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, 213 дугаар байр, 1502 тоот хаягт оршин суух Боржигон овогт Хүрэлсүхийн Д /регистрийн /-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч Х.Д , хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав гудамж Санто смарт апартмент орон сууцны 213 дугаар байрны Ү-2204095770 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тус байрны хууль ёсны өмчлөгч болно.

Нандин-Эрхэм ХХК нь иргэн Э.Солонготой 2020 оны 10 сарын 09-ний өдөр №91 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Үүнд дээрх барилгын 1502 тоот орон сууц багтсан.

Э.Солонго гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь 2020 оны 11 сарын 11-ний өдөр №458, 2021 оны 1 сарын 08-ны өдөр №12 тоот гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж Э.Солонготой байгуулсан гэрээг цуцалсан.

Үүний дагуу орон сууцаа буцаан авах гэтэл тус 1502 тоотод иргэн Х.Д гэх хүн орж хууль бусаар эзэмшиж байна. Нэхэмжлэгч компани иргэн Х.Д тай тус орон сууцыг худалдах, түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Түүнээс төлбөр мөнгийг аваагүй болно.

Манай зүгээс өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу тус орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч чөлөөлж өгөхгүй байна. Мөн Х.Д нь манай компанид тус байрыг чөлөөлж өгөх амлалт өгсөн боловч амлалтаа биелүүлээгүй.

Хариуцагчийн зүгээс иргэн Э.Солонго гэх хүнээс байр авсан гэж тайлбарладаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгө маань тусдаа зохицуулалттай бөгөөд улсын бүртгэлд үндэслэгддэг. Энэ хүн яагаад гэрчилгээ нь гараагүй, хэнийх нь мэдэгдэхгүй байрыг асууж тодруулалгүй худалдан авч өөрийгөө эрсдэлд оруулсан байна. Э.Солонго гэж хүнээс байр авсан гэх хэд хэдэн хүн байгаа бөгөөд цагдаад шалгуулж байгаа. Харин манай компанийн хувьд эрүүгийн хэрэгт хамааралгүй бөгөөд Э.Солонго гэж хүнд холбогдох хэрэгт шалгагдаж байгаа талаар баримтыг ирүүлсэн байна.

Н Э ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж 213 тоот хаягт байршилтай 14833,6 м.кв талбайтай орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2204095770 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр ЦМС ХХК-тай хамтран өмчилдөг.

ЦМС ХХК болон Н Э ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17тоот гэрээний хэрэгжилтийг дүгнэх хэлцлийн нэмэлт хэлцлээр 213 дугаар байрны 1502 дугаар тоот 125.5 м.кв хэмжээтэй орон сууцны байр нь Н Э ХХК-ийн өмчлөх хэсэгт хамаардаг ба тухайн байранд хариуцагч Х.Д нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хамтаар хууль бусаар оршин сууж байна. Тодруулбал Н Э ХХК-ийн өмчлөлд хамаарах байранд хууль ёсны өмчлөгчтэй аливаа гэрээ хэлцэл байгуулаагүйгээр өнөөдрийг хүртэл эзэмшиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тус тус заасны дагуу өөрт ногдох хэсэг буюу 213-р байрны 1502 тоот байрнаас Х.Д болон түүний гэр бүлийн гишүүдийг албадан чөлөөлүүлнэ үү.

Мөн Х.Д нь тус орон сууцанд 2021 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тул 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож сард 2,200,000 төгрөг буюу нийт амьдарсан хугацааны төлбөр 6,600,000 төгрөг, ашиглалтын зардал сард 40,000 төгрөг буюу 3 сарын 120,000 төгрөг нийт 6,780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санто смарт апартмент хотхоны 213 дугаар байрны 1502 тоот орон сууцыг худалдан авахаар иргэн Э.Солонготой тохиролцсоны үндсэн дээр 60,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлж орон сууцанд өндөр настай эцэг эхийн хамт амьдарч байна. Орон сууцыг худалдан борлуулсан Э.Солонго нь 2020 оны 10-р сарын 09-ний өдөр Н Э ХХК-ийн оффисоос гарч ирэн түлхүүр өгөхдөө Орон сууц худалдах, худалдан авах гэрээ барьчихсан явсан ба намайг үзэхийг хүсэхэд намын шугамаар өгч байгаа болохоор гэрээг үзүүлэх боломжгүй Монгол ардын намын сурталчилгаанд сайн ажилласан хүмүүст үнэгүй байр өгнө гэсэн амлалтын хүрээнд олгогдож байгаа байрыг хямдхан өгч байгаа тул гэрээ нууцын зэрэглэлд байх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах үед худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулна гэж хэлсэн. Гэтэл энэ өдрөөс хойш 2 сар өнгөрч байрандаа тохижсоны дараа гэнэт 2020 оны 12-р сарын 09-нд Н Э ХХК-с байр чөлөөлж өгөх мэдэгдлийг өгч улмаар дүн өвлийн хүйтэнд олон хоногоор тог цахилгаан тасалж, харуул хамгаалалтын ажилтнаар дамжуулан дарамтлуулж тайван амьдрах аргагүй болгосон. Н Э ХХК болон Э.Солонго нарын хооронд байгуулагдсан гэрээг үзэхийг хүссэн ч мөн зөвшөөрөөгүй болно. Н Э ХХК-ийн зүгээс мэдэгдэл ирсэн цагаас Э.Солонготой хөөцөлдөж үнэн учрыг олохоор явсан бөгөөд энэ хооронд Э.Солонготой ярьсан яриаг Н Э ХХК-ийн захирал н.Оюунтуяа нэг бүрчлэн мэдэж байдаг. Мөн эсрэгээрээ Н Э ХХК-ийн удирдлагуудтай тохиролцох гэсэн оролдлогыг Э.Солонго мэдэж байсан байдлаас харвал Э.Солонго, Н Э ХХК нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй юм. Н Э ХХК, Э.Солонго нарыг нэгтгэсэн ямар нэг эрх ашиг байна гэж хардаж байна. Нэхэмжлэгч тал хэдийгээр Э.Солонготой байгуулсан гэрээгээ цуцалсан гэх хэдий ч миний орон сууцын төлбөрт тооцож өгсөн 60,000,000 төгрөгийг Э.Солонгоос авч компанийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан түрээсийн болон ашиглалтын зардал 6,780,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тус орон сууцны ашиглалтын зардлыг СӨХ-ны нэхэмжлэх ирсэн даруйд тухай бүр төлдөг. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн хэдий ч бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа огт үүсээгүй байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус орон сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор эзэмшилдээ авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.

Гар гараа дагадаг, ганзага гуяа дагадаг гэж ярьдаг. Э.Солонготой байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үр дагаврыг гуравдагч этгээд болох надад нялзаагаад байгаа юм. Надад холбогдуулж шаардлага гаргасан мөртлөө яагаад Э.Солонгод холбогдуулаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хандсан юм бэ. Олон шүүх хуралдаан дээр шүүгч нар энэ асуултыг асуухаар нэхэмжлэгч тал аргагүйн эрхэнд хожим гомдол гаргасан гэж тайлбарладаг. Биднийг шударгаар олж аваагүй гэж үздэг. Н Э ХХК нь тэр орон айл байранд орж байхад хүлээн зөвшөөрч, цахилгаан, усыг нь тавьж өгсөн байдаг. Биднийг байранд ороод 2 сар болж байхад бидэн дээр ирж асууж сураглаж байгаагүй. Н Э ХХК-иас мэдэгдэл ирснээс хойш үнэн учрыг нь олох гэж явсан. Н Э ХХК-ийн захирал н.Оюунтуяа нэг бүрчлэн мэдэж байгаа. Н Э ХХК нь удирдлагуудтай тохиролцох гэсэн оролдлого нь үг үсгийн зөрүүгүй, Э.Солонго, Н Э нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулсан гэж үзэж байгаа. Иймд эрүүгийн хэргийг шийдэгдэх хүртэл хэргийг хойшлуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 105-125 дугаар талд Э.Солонгоос орж ирсэн 650,000,000 төгрөгөөс 450,000,000 төгрөгийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн гэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бодитой тайлбар хэлмээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н Э ХХК-г иргэний хариуцагчаар татсан. Хариуцагчийн хувьд мөнгө өгөөгүй үйл баримт байгаа боловч Э.Солонго, н.Бодьсад гэдэг хүмүүст мөнгө өгөөд Н Э ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр Э.Солонготой гэрээ байгуулсан. 2019 оны 10 дугаар сард Э.Солонготой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагч Х.Д д тус байрыг дамжуулсан. Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй гэж хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд Н Э ХХК болон Э.Солонго нарын хооронд автомашин болон хөрөнгүүд шилжсэн байна гэж байна. Дараагийн мөрдөн шалгах ажиллагаанд Н Э ХХК өөр оролцогчоор оролцохыг үгүйсгэхгүй. Э.Солонго гэдэг хүн 1502 тоот орон сууцыг худалдсан үйл баримтад Н Э ХХК оролцоотой эсэхийг тухайн эрүүгийн хэрэг шийдэгдэж дууссаны дараа мэдэх боломжтой. Тийм учраас эрүүгийн хэргийг шалгаж дуустал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол талуудын хооронд үүрэг үүсээгүй байх ёстой. Хөрөнгө шилжүүлсэн этгээд тухайн хөрөнгөө шаардах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан орон сууцны түрээсийн үнийг тогтоосон баримт нь зүгээр л зайлшгүй орлого байсан орлого биш. Х.Д гэдэг хүнд тийм хэмжээний үнийн дүнтэй зүйл шилжүүлсэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар тухайн ашиглалтын зардлыг төлсөн гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ч гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч 120,000 төгрөгийг төлөөгүй гэх нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл энэ шаардлагатай холбоотой үйл баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК нь хариуцагч Х.Д д холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар байрны 1502 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, тус орон сууцанд амьдарсан хугацааны түрээс, ашиглалтын зардалд 6,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн албадан чөлөөлүүлэхээр шаардаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 213 дугаар байрны өмчлөгчөөр Нандин-Эрхэм ХХК, ЦМС ХХК бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн №000806470 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасны дагуу Н Э ХХК-ийн зүгээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлага гаргасан нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хууль бусаар орон сууц эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас Э.Солонго гэх хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх орон сууцыг эзэмшиж байгаа шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нандин-Эрхэм ХХК болон Э.Солонго нарын хооронд 2020 оны 10 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч энэ хэлцлээр хариуцагч Х.Д г дээрх үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус зааснаар эрх бүхий байгууллагад тийнхүү бүртгүүлснээр шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухай эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан боловч уг зохицуулалтыг 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол хамаарахгүй гэж хязгаарласан. Энэ нь хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд энэ хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцно.

Хариуцагч нь нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК-ийг Э.Солонготой хамтран, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулсан гэж хардаж байгаа, уг хардаж буй асуудал нь Э.Солонгод холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаагаар илэрч тогтоогдоно гэж үзэж байгаа хэмээн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, яллагдагч Э.Солонго, Э.Болорчулуун, Ж.Бодьсад нарт холбогдох эрүүгийн 2102000100068 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 323 дугаартай зөвшөөрлөөр, Н Э ХХК-ийн эзэмшлийн 5038086172 тоот дансанд байрших 451,000,000 төгрөгийн буюу мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Н Э ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байх боловч Нандин-Эрхэм ХХК болон Э.Солонго нар хамтран, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулсан гэж хардаж байгаа гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК болон Э.Солонго нар хамтран, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулсан гэж хардаж байгаа гэх тайлбараа хариуцагч нотлоогүйн зэрэгцээ, Н Э ХХК-ийн өмчлөх хэсэгт хамаардаг, албадан чөлөөлүүлэхээр шаардаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 213 дугаар байрны 1502 дугаар тоот 125.5 м.кв хэмжээтэй орон сууц нь дээр дурьдсан, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөлд тухайлан тусгагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцанд амьдарч, зардлаа хэмнэх байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, 2021 оны 1 сараас эхэлж 3 сарын хугацаанд орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт 6,600,000 төгрөг, ашиглалтын зардалд 120,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь Рийл пропертиз Улаанбаатар ХХК-ийн албан бичигт дурьдсан орон сууц хөлслөх үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлаж, дээр дурьдсанаар хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шаардаж байх боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тухайлан зааснаар буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрт 6,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Ашиглалтын зардал 120,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй буюу нотлогдоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095770 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн 13312 дугаар гудамж, 213 дугаар байр 1502 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Х.Д гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Х.Д гаас 6,780,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Д гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нандин-Эрхэм ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА