Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01231

 

Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/02111 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н- ХХК-ийн хариуцагч Х.Д-д холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээс болон ашиглалтын зардалд 6,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Н- ХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав гудамж Санто смарт апартмент орон сууцны 213 дугаар байрны хууль ёсны өмчлөгч юм. Н- ХХК нь иргэн Э.Солонготой 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүнд дээрх барилгын 1502 тоот орон сууц багтсан. Э.Солонго гэрээний үүргээ биелүүлээгүй орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлж, Э.Солонготой байгуулсан гэрээг цуцалсан. Үүний дагуу орон сууцаа буцаан авах гэтэл тус 1502 тоотод иргэн Х.Д- гэх хүн орж хууль бусаар эзэмшиж байна. Нэхэмжлэгч компани иргэн Х.Д-тай тус орон сууцыг худалдах, түрээслэх аливаа гэрээ хэлцэл байгуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Түүнээс төлбөр мөнгийг аваагүй болно. Манай зүгээс өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу тус орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч чөлөөлж өгөхгүй байна. Мөн Х.Д- нь манай компанид тус байрыг чөлөөлж өгөх амлалт өгсөн боловч амлалтаа биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс иргэн Э.Солонго гэх хүнээс байр авсан гэж тайлбарладаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгө маань тусдаа зохицуулалттай бөгөөд улсын бүртгэлд үндэслэгддэг. Энэ хүн яагаад гэрчилгээ нь гараагүй, хэнийх нь мэдэгдэхгүй байрыг асууж тодруулалгүй худалдан авч өөрийгөө эрсдэлд оруулсан байна. Э.Солонго гэж хүнээс байр авсан гэх хэд хэдэн хүн байгаа бөгөөд цагдаад шалгуулж байгаа. Н- ХХК-ийн өмчлөлд хамаарах байранд хууль ёсны өмчлөгчтэй аливаа гэрээ хэлцэл байгуулаагүйгээр өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт ногдох хэсэг буюу 213-р байрны 1502 тоот байрнаас Х.Д- болон түүний гэр бүлийн гишүүдийг албадан чөлөөлүүлнэ үү. Мөн Х.Д- нь тус орон сууцанд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож сард 2,200,000 төгрөг буюу нийт амьдарсан хугацааны төлбөр 6,600,000 төгрөг, ашиглалтын зардал сард 40,000 төгрөг буюу 3 сарын 120,000 төгрөг нийт 6,780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би 1502 тоот орон сууцыг худалдан авахаар иргэн Э.Солонготой тохиролцсоны үндсэн дээр 60,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлж орон сууцанд өндөр настай эцэг, эхийн хамт амьдарч байна. Орон сууцыг худалдан борлуулсан Э.Солонго нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н- ХХК-ийн оффисоос гарч ирэн түлхүүр өгөхдөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ барьчихсан явсан ба намайг үзэхийг хүсэхэд намын шугамаар өгч байгаа болохоор гэрээг үзүүлэх боломжгүй Монгол ардын намын сурталчилгаанд сайн ажилласан хүмүүст үнэгүй байр өгнө гэсэн амлалтын хүрээнд олгогдож байгаа байрыг хямдхан өгч байгаа тул гэрээ нууцын зэрэглэлд байх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах үед худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулна гэж хэлсэн. Гэтэл энэ өдрөөс хойш 2 сар өнгөрч байрандаа тохижсоны дараа гэнэт 2020 оны 12 дугаар сарын 09-нд Н- ХХК-аас байр чөлөөлж өгөх мэдэгдлийг өгч улмаар дүн өвлийн хүйтэнд олон хоногоор тог цахилгаан тасалж, харуул хамгаалалтын ажилтнаар дамжуулан дарамтлуулж тайван амьдрах аргагүй болгосон. Н- ХХК болон Э.Солонго нарын хооронд байгуулагдсан гэрээг үзэхийг хүссэн ч мөн зөвшөөрөөгүй болно. Н- ХХК-ийн зүгээс мэдэгдэл ирсэн цагаас Э.Солонготой хөөцөлдөж үнэн учрыг олохоор явсан бөгөөд энэ хооронд Э.Солонготой ярьсан яриаг Н- ХХК-ийн захирал Н.Оюунтуяа нэг бүрчлэн мэдэж байдаг. Мөн эсрэгээрээ Н- ХХК-ийн удирдлагуудтай тохиролцох гэсэн оролдлогыг Э.Солонго мэдэж байсан байдлаас харвал Э.Солонго, Н- ХХК нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй юм. Н- ХХК, Э.Солонго нарыг нэгтгэсэн ямар нэг эрх ашиг байна гэж хардаж байна. Нэхэмжлэгч тал хэдийгээр Э.Солонготой байгуулсан гэрээгээ цуцалсан гэх хэдий ч миний орон сууцын төлбөрт тооцож өгсөн 60,000,000 төгрөгийг Э.Солонгоос авч компанийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан түрээсийн болон ашиглалтын зардал 6,780,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тус орон сууцны ашиглалтын зардлыг СӨХ-ны нэхэмжлэх ирсэн даруйд тухай бүр төлдөг. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн хэдий ч бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа огт үүсээгүй байхад түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус орон сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор эзэмшилдээ авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095770 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн 13312 дугаар гудамж, 213 дугаар байр 1502 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Х.Д-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Х.Д-гаас 6,780,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Д-гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар, мэтгэлцээн хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй. Тодруулбал, Нэхэмжлэгч Н- ХХК нь иргэн Э.Солонготой байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үр дагаврын гуравдагч этгээд болох Х.Д-д шууд холбогдуулан гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний агуулга, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Э.Солонготой байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байхад гэрээ цуцлагдсаны улмаас үүсэх үр дагаврыг Н-" ХХК-ийн өмнө хүлээх Э.Солонгын үүргийг тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцвол зохих Х.Д-д гэрээний үүргийг хүлээлгэн орон сууцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Үүнтэй холбоотойгоор хариуцагч талын зүгээс Н- ХХК тай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцвол зохих Э.Солонгыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой алдаа болсон. Нөгөөтээгүүр 1502 тоотод байрлах 125,5 талбай бүхий орон сууц болон түүний түлхүүр Н- ХХК болон Э.Солонготой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Э.Солонгын эзэмшил ашиглалтад шилжсэн, улмаар Э.Солонго нь хэлцлийн үндсэн дээр Х.Д-гаас урьдчилгаа төлбөр авч түүний эзэмшил ашиглалтад хууль ёсны дагуу шилжүүлсэн үйл баримт, 1502 тоот орон сууц нь Э.Солонгоос Х.Д-д шилжих үед түлхүүр хүлээлгэн өгч, Х.Д-гийн эзэмшлийг үйлдлээрээ хүлээн зөвшөөрөх байдлаар хандсан Н- ХХК-ийн субектив санаа зорилгыг хэрэгт цугларсан баримтад тулгуурлан зөв дүгнэлгүй хариуцагчийг шударга бус эзэмшигч гэж тооцож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан.

 

4.а.Түүнчлэн уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа талаарх прокурорын тогтоол, Н- ХХК-ийг тус хэрэгт иргэний хариуцагчаар татсан тогтоолын хуулбар, Н- ХХК-ийн дансанд Э.Солонгоос шилжүүлсэн 650,000,000 төгрөгөөс үлдсэн 400,000,000 төгрөгийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол зэрэг баримтууд эрүүгийн 21022000100068 дугаартай хавтаст хэргээс ирсэн байдаг. Уг баримтуудаас харахад Э.Солонго гэгч нь гэрээний үндсэн дээр шилжүүлэн гэх тоот бүхий 11 орон сууцыг зарж борлуулах нэрээр бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан Э.Солонгоос Н- ХХК тодорхой хэмжээний мөнгө хүлээн авч түүнийгээ үйл ажиллагаандаа зарцуулсан, үүний улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татагдсан зэрэг нь нотлогдож байгаа юм. Цаашлаад мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учраас Э.Солонгын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Н- ХХК-ийн албан тушаалтнууд оролцоотой эсэх, Э.Солонгоос Н- ХХК-ийн дансанд шилжсэн 650,000,000 төгрөгийг гэмт хэргийн замаар орж ирснийг мэдсээр байж захиран зарцуулсан эсэх зэрэг нь хараахан эцэслэн тогтоогдоогүй ч эдгээр асуудлууд мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа тогтоогдох учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийг 65.1.8-д зааснаар Э.Солонгод холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа иргэний журмаар Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх зохицуулалт байхад анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаж оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Нандин эрхэм ХХК нь хариуцагч Х.Д-д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээс болон ашиглалтын зардалд нийт 6,780,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 13312 хүннүгийн гудамж, 213 дугаар байрны өмчлөгчөөр Нандин эрхэм ХХК, ЦМС ХХК улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-ийн 7-р тал/. Өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан, уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзнэ.

4.а.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нандин эрхэм ХХК нь бусдын эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4.б.Хариуцагч Х.Д- нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон хэдий ч хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.в.Нэхэмжлэгч Нандин эрхэм ХХК нь Э.Солонготой 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу худалдагч Нандин эрхэм ХХК нь 5 ширхэг орон сууцыг, нийт 1,500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Э.Солонго нь гэрээний хавсралтад заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-10-р тал/

4.г.Хариуцагч Х.Д- нь маргаан бүхий орон сууцны үнийг Э.Солонгод төлж, хууль ёсоор эзэмшилдээ авсан гэж тайлбарлаж байх боловч Э.Солонго нь дээрх гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Худалдан авагч Э.Солонгын өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгаажаагүй, тус орон сууцыг хуульд заасан журмын дагуу эзэмшил, өмчлөлдөө аваагүй байгаа тохиолдолд хариуцагч Х.Д-г орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй. Иймд нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

4.д.Нэхэмжлэгч Нандин эрхэм ХХК болон Э.Солонго нар нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан боловч энэхүү нөхцөл байдал нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрхийг шууд хөндөхгүй юм. Иймд орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

5.Түрээс болон ашиглалтын зардалд нийт 6,780,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

6.Хариуцагч Х.Д- нь хохирсон гэж үзвэл буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болохыг дурьдлаа.

7.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/02111 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ