Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/03604

 

 

 

 

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/03604

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Э 

Хариуцагч: Х.Ү

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 444 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч О.Г, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Х.Үтай зээлийн гэрээ байгуулж түүнд 30,000 ам долларыг нэг жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Зээлдэгч нь зээлж авсан 30,000 ам долларыг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээлийг төлөлгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Зээлдэгч буюу хариуцагчийг үндсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсээр өнөөдрийн хүрч байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 30,000 ам доллар буюу 73,444,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Жанчив нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2013.9.27-нд хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. Нийт 53 сая төгрөг буюу 20 000 доллар, 20 сая төгрөг зээлсэн. Анх ингэж зээлийн харилцаа үүссэн. Улмаар 2014.8.10-ны гэрээ байгуулагдсан. Үүгээр өмнөх зээлээс 20 000 доллар үлдсэн байсан. Улмаар гэрээгээ сунгах талаар яриад нэмж 10 000 доллар зээлээд нилээд 30 000 долларын гэрээ байгуулагдсан. Улмаар зээлийн гэрээний дагуу хүү төлөөд явсан. Сард 1 500 доллар байсан. Улмаар сард 3 саяыг төлж байсан. Хариуцагч нь хүүгээ төлж явж байна гэдгээ ярьдаг. Энэ талаар эрүүгийн хэрэгт тайлбар өгөхдөө хэлдэг. Эрүүгийн хэрэгт зээл авсанаа хэлдэг боловч шүүхэд аваагүй гэсэн байдаг. Зээлийн гэрээний харилцаа анх 2013 онд үүссэн. Илүү 24 саяыг төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний дагуу 20 000 долларыг хүүгүй төлөх байсан юм гэж байна. Хүү төлөхгүй байсан юм бол хариуцагч талаас гаргасан баримтаар хүү төлсөн байдаг. Сайн танихгүй хүндээ хүүгүйгээр мөнгө зээлэх гэсэн юм байхгүй. Сар бүр 2 500 000 төгрөг төлөөд явдаг. 58 сая биш 66 сая төгрөг төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч нь өөр өөр тайлбар гаргадаг. Бид 20 000 доллар нь өмнөх зээлийн үлдэгдэл, харин 10 000 тухайн үе өгсөн гэдгээ хэлдэг. Нийт 112 804 200 төгрөг авсанаа зөвшөөрдөг. Гэрээг сунгах үед 45 530 000 төгрөг хариуцагч нь төлсөн. Үүний 20 000 000 нь үндсэн зээл байсан. Үүнээс буюу 2014.8.10-с хойш зөрүү тоовол 67 274 200 төгрөг төлсөн байдаг. 30 000 доллар зээлсэнээс хойш сарын хүүг тооцвол нийт 18 000 доллар болно. Гэрээ байгуулах үеийн ханшаар 33 сая бөгөөд өнөөдрийн ханшаар бол 45 сая болдог. Хариуцагч нь зээлээ төлөх боломжгүй байна гээд хүүгээ төлөөд явахаар тохиролцсон байдаг. Зээлээ төлнө гэдэг байсан боловч шүүх дээр ирэхээрээ өөр юм ярьсан. 20,000 ам доллар нь өмнөх зээлийн үлдэгдэл бөгөөд гэрээний хугацааг сунгасан гэж ойлгоно гэв.

Хариуцагч Х.Ү нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Д.Эаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 30,000 ам долларыг зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Гантулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.8.10-ний зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан байна. Үүнийг зөвшөөрөхгүй. 2013.9.27-нд зээлийн гэрээ байгуулсан. 2014.2.27-ний өдөр хүртэл нийт 53 саяыг сарын 5 хувийн хүүтэй тохирсон. Гэрээний дагуу хар нь нийт 36 удаагийн гүйлгээгээр 58 сая төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Нийт 59 140 000 төгрөг төлсөн. Ингээд төлбөрөө төлөөд дуусгасан. 2014.8.10-нд нэмж 10 000 доллар авсан гэдэг. Энэ үед ханшаар 18 810 000 төгрөг болдог. Үүний хүү нь сард 940 500 төгрөг байсан. Төлөөд 2015.11.24-ны өдөр 10 000 доллараа хүүгийн хамт төлсөн. Иймд зээлийн үүрэг биелэгдсэн. Нийт 30 096 000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар сүүлийн гэрээний дагуу нийт 24 708 000 илүү төлөлт хийсэн. 2014.8.10-ны гэрээ нь өмнөх хэлцэлийг халхавчлах зорилгоор нөхөж хийсэн гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2013 оны 53 саяын гэрээний талаар хэлж байна. 20 000 долларт хүү төлөхгүй гэсэн бөгөөд энэ дагуу 20 сая төгрөгтөө хүү төлсөн. 30 000 доллар биш харин 10 000 доллар авсан гэж ярьсан. Хэрэв 30 000 доллар өгсөн бол өөрөө нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 196-д зааснаар гэрээнд гарын үсэг зурсанаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч зураагүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 30,000 ам доллар буюу 73,444,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Х.Ү нь 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 10,000 ам доллар зээлсэн бөгөөд үүнийг төлж дуусгасан. Гэрээн дээр байгаа 30,000 ам долларын 20,000 ам доллар нь өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр бөгөөд үүнийг бас төлсөн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ бичгээр үйлдэгдсэн болох нь хэргийн 3 дугаар талд байгаа гараар бичсэн гэрээгээр тогтоогдож байна. Хариуцагчийн төлөөлөгч нь уг гэрээнд нэг талаас гарын үсэг зураагүй гэж маргасан боловч энэхүү баримтыг нэхэмжлэгч тал гаргасан бөгөөд хариуцагч гарын үсэг зурсан талаар маргаагүй. Иймд зээлийн гэрээний харилцаа үүссэн үзнэ. Энэхүү гэрээнд 30,000 ам долларыг 12 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлүүлэхээр тохиролцсон байна. Гэвч гэрээний үнийн дүнгийн 20,000 ам долларт холбогдох хэсэг нь өмнөх буюу 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн зээлийн гэрээний харилцааны үлдэгдэл төлбөр болох нь зохигчдын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргахгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 20,000 долларт холбогдох хэсгийг өмнөх гэрээг сунгасан гэж тайлбарласан боловч энэ талаар гэрээнд тусгаагүй байна. Иймд уг гэрээний 20,000 ам долларт холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцэхгүй байна. Харин тухайн үед 10,000 ам доллар зээлээр олгосон талаар зохигчид хэн аль нь маргаагүй тул энэхүү зээлийн гэрээг 10,000 ам долларын хүрээнд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс тооцвол 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нь сард 500 /10,000*5%/ ам доллар буюу гэрээний хугацаа болох 12 сард нийт 6,000 ам долларыг зээлийн хүүнд төлөх үүрэг үүссэн байна. Иймд энэхүү зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлд 10,000 ам доллар, хүүнд 6,000 ам доллар, нийт 16,000 ам доллар төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээнд зээлийг буцан төлөх нөхцөлийг ам доллараар төлөхөөр талууд тохиролцсон байх тул төгрөгт шилжүүлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцох нь зүйтэй. Иймд хэргийн 5 дугаар талд байгаа баримтаар тогтоогдсон Монгол банкны зарласан ханш болох 2,448.16 төгрөгөөр тооцвол хариуцагч нь 39,170,560 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 112,804,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 23-65 дугаар талд байгаа дансны хуулга болон бусад баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч төлсөн мөнгөн дүнг зөвшөөрч байна. Эдгээр баримтуудаас түүвэрлэн хянавал хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 87,274,200 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлд дурдсан гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөр нь уг гэрээний дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн хэмжээнээс их байх тул хариуцагчийг үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлд дурдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний харилцааны талаар шүүх дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Х.Үад холбогдох 2014 оны 08 дугаар зүйлийн 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 73,444,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр гарсанаас хойш 7 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД