Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00699

 

Д.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03604 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дугаар магадлалтай,

Д.Э-ы нэхэмжлэлтэй,

Х.Ү-ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30.000 ам.доллар буюу 73.444.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Х.Ү-тай зээлийн гэрээ байгуулж түүнд 30.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээлийг төлөлгүй зээлдүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу сард 1.500 долларын хүү төлдөг байсан. Хариуцагч нь хүүгээ төлж явж байна гэдгээ ярьдаг. Энэ талаар эрүүгийн хэрэгт тайлбар өгөхдөө хэлдэг. Эрүүгийн хэрэгт зээл авсанаа хэлдэг боловч шүүхэд аваагүй гэдэг. Хариуцагч талаас гаргасан баримтаар хүү төлсөн байдаг. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж 30.000 ам.доллар буюу 73.444.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 53.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй тохирсон. Гэрээний дагуу нийт 36 удаагийн гүйлгээгээр 58.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас нийт 59.140.000 төгрөг төлсөн. 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмж 10.000 ам.доллар авсан гэдэг. Тухайн үеийн ханшаар 18.810.000 төгрөг болдог. Үүний хүү нь сард 940.500 төгрөг байсан. Төлөөд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10.000 ам.доллараа хүүгийн хамт төлсөн. Иймд зээлийн үүрэг биелэгдсэн. Нийт 30.096.000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу нийт 24.708.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн. 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ нь өмнөх хэлцлийг халхавчлах зорилгоор нөхөж хийсэн гэрээ юм. 30.000 ам.доллар биш харин 10.000 ам.доллар авсан. Хэрэв 30.000 ам.доллар өгсөн бол өөрөө нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээнд гарын үсэг зурсанаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч зураагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03604 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Х.Ү-ад холбогдох 2014 оны 8 дугаар зүйлийн 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 73.444.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525.175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ү-аас 29.707.480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43.737.320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Х.Ү-аас 306.487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525.175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Ү- нь иргэн Д.Э-тай анх 2013 оны 9 сарын 27-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан таван сарын хугацаатай буюу 2014 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл нийт дүнгээр 53.000.000 төгрөг, тодруулбал 33.000.000 төгрөгийг 20.000 ам.доллар гэж тооцон тухайн үеийн ханшаар нэг ам.долларыг 1650x20.000=33.000.000 төгрөг гэж шууд тооцож, мөн 20.000.000 төгрөгийг зээлэн авч зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн байдаг. Тус зээлийн гэрээгээр 33.000.000 төгрөг буюу 20.000 ам долларт хүү төлөхгүй буцаан өгөх, харин 20.000.000 төгрөгөд сарын 5 хувийн хүү буюу сард 1.000.000 төгрөг, 5 сарын хугацааны хүүд 5.000.000 төгрөг төлөх буюу гэрээний нийт үүрэгт 58.000.000 төгрөг буцаан төлөхөөр талууд хүсэл сонирхолоо харилцан илэрхийлж гэрээ байгуулсан байдаг. Магадлалд Х.Ү- нь дээрх зээлийн гэрээний дагуу 20.000 ам.долларыг нэхэмжлэгч Д.Э-д буцааж төлсөн баримт тогтоогдоогүй... гэж дүгнэсэнд гомдолтой байна. Х.Ү- нь анх байгуулсан гэрээний дагуу 58.000.000 төгрөг төлөх үүргийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Үүнд 2013 оны 12 сарын 28-аас 2014 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэлх нийт 17 удаагийн Хаан банкны дансны гүйлгээгээр үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт нийт 59.140.000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн хэмжээгээр 2014 оны 12 сарын 24-ны өдөр төлж дуусгасан буюу 1.194.000 төгрөг илүү төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогдож байхад давж заалдах шатны шүүх тогтоогдоогүй гэж үзсэн нь хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчиж хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаагүй болох нь харагддаг. Мөн хариуцагч нь 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30.000 ам.долларыг авсан гэж үндэслэлгүйгээр давж заалдах шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Х.Ү- нь 2014 оны 8 сарын 10-ны өдөр дахин Д.Э-аас 10.000 ам.долларыг 1 жилийн хугацаатай нийт 16.000.000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн түүнийг ч нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрсөөр байхад давж заалдах шатны шүүх 30.000 ам.доллар авсан гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцээгүй шийдвэр гаргасан. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа 10.000 ам.долларыг өгснөө хүлээн зөвшөөрсөөр атал шүүх 30.000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалтаар зээлийн гэрээг нөхөн хийж болохгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нөхөн хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус, 56.1.3- зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу шилжүүлэн өгөөгүй мөнгөнд хүү төлөх болон аваагүй төлбөрийг төлөх үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Хаан банкны дансны хуулгаар Х.Ү- нь 2015 оны 01 сарын 21-ний өдрөөс 2016 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 19 удаагийн төлөлтөөр 2014 оны 8 сарын 10-ны өдөр зээлж авсан 10.000 ам.доллар, зээлийн хүүд 6.000 ам.доллар нийт 16.000 ам.доллар төлөх гэрээний үүргийг бүрэн хэмжээгээр буюу давуулан 53.610.200 төгрөгийг төлсөн болох нь нотлогддог. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шүүх дээрх үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул эхний гэрээний зээл 20.000.000 төгрөг, хүү 5.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөг, 2 дахь гэрээний зээл 30.000 ам доллар, хүү 18.000 ам.доллар, нийт 48.000 ам доллар буюу 117.511.680 төгрөг, бүгд 142.511.680 төгрөг, хариуцагчийн төлсөн 112.804.200 төгрөгийг хасч тооцон 29.707.480 төгрөгийг хариуцагч Х.Ү-аас гаргуулан олгохоор гэж”, Хоёр дахь зээлийн гэрээний 30.000 ам доллар, хүү 18.000 ам доллар нийт 48.000 ам.доллар гэж бүрэн хэмжээгээр төлсөн буюу аваагүй 20.000 ам долларыг авсан гэж үндэслэлгүй дүгнэж, мөн хүү тооцон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 101 /ШШ2017/03604 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Э- хариуцагч Х.Ү-аас зээлийн гэрээний үүрэгт 30.000 ам.доллар буюу 73.444.800 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэв.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 30.000 ам.долларыг, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн  хугацаатай зээлсэн тухай бичгийн гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгосан. Харин хариуцагч, уг гэрээгээр 10.000 ам.долларыг шилжүүлэн авсан, 20.000 ам.доллар нь өмнөх зээл боловч мөнгийг эргүүлэн төлсөн гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэснийг баримталж, зээлийн гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчид 30.000 ам.доллар бус 10.000 ам.долларыг шилжүүлэн өгснөөр зохигчийн хооронд 10.000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч А.Үүрцайх 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Э-аас 20.000.000 төгрөгийг сард 5 хувийн хүүтэй, 20.000 ам.долларыг хүүгүйгээр 5 сарын хугацаатай зээлж, бичгийн гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна.

Энэхүү зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад хариуцагч, нэхэмжлэгчээс 10.000 ам.доллар нэмж зээлж, өмнөх үндсэн үүргээс төлөгдөөгүй 20.000 ам.долларыг хамтатган шинээр гэрээ байгуулж тохиролцсон атал анхан шатны шүүх  10.000 ам.долларын хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

Нэхэмжлэгч 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 30.000 ам.долларыг зээлсэн тухай бичгийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон, уг гэрээ байгуулагдахад бодитоор 10.000 ам.доллар шилжүүлсэн хэдий ч гэрээнд заасан мөнгө өмнөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000 ам.доллар болон нэмж шилжүүлсэн 10.000 ам.долларын нийлбэр байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хоёр удаагийн зээлээр бодитоор шилжүүлсэн мөнгөний хэмжээ, түүнийг эргэн төлөх гэрээнд заасан нөхцөл, төлөгдсөн төлбөрийн дүн зэргийг харьцуулан нийт 29.707.480 төгрөгийг хариуцагч А.Үүрцайхаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

Зохигчийн хооронд нэг бус удаагийн зээлийн харилцаа үүссэн ба талууд зээлийн тооцоолол хийж, өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх хугацааг сунгаж, нэмж авсан мөнгийг нэгтгэж шинээр гэрээ байгуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг зөрчихгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 306.488 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН      

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ