Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/00037

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/00037

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э,

 

Нэхэмжлэгч:  Б.С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б.Т  ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Илүү олгогдсон цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгч Б.С-ийн  төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 05 сарын 12-ны өдөр ерөнхий менежер А.Уламбаяртай ярилцлагад орж, улмаар 2017 оны 05 сарын 15-ны өдөр Бевертек технологи ХХК-д оффис менежерээр ажилд орж ажилласан. Анх ажилд авахдаа туршилтын 1 сарын хугацаатай 500,000 төгрөгөөр цалинжуулж, үндсэн ажилтан болохоор 600,000 төгрөгөөр цалинжуулах талаар ярьсан.

Ажилд орсон цагаас хөдөлмөрийн гэрээ хийх тухай удаа дараа хэлж гэрээг 2 хувь гаргаж тамгалуулахыг хүссэн боловч шинэчилнэ гэсэн шалтгаанаар одоог хүртэл хөдөлмөрийн гэрээ хийгээгүй.

Мөн компанид хөдөлмөрийн дотоод журам байхгүй болохоор намайг дотоод журам гаргах талаар хэлэхэд интернэтээс дотоод журам харж байгаад гаргаж өгсөн.

Энэ хугацаанд ажилаа сайн хийж байсан. 2017 оны 07 сарын 02-ны өдөр жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд баяр наадмын амралтын өдөр эхлэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан.

2017 оны 07 сарын 13-ны өдрөөс бие өвдөж эхэлсэн бөгөөд 1 дүгээр төрөхөд 07 сарын 15-ны өдөр хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч ор байхгүйн улмаас гэрээр эмчилгээ хийлгэх болсон тухайгаа тухайн 22:00 цагийн үед нөхрийнхөө утаснаас нягтлан бодогч *******д мэдэгдэж ажлын эхний өдөр удирдлагуудад мэдэгдэж өгөхийг гуйхад зөвшөөрсөн.

Энэ хугацаанд өрхийн эмнэлгийн хяналтанд байж 2017 оны 07 сарын 16-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл акттай байсан боловч би 2017 оны 07 сарын 24-ний өдөр биеийн байдал дээрдэж ажилдаа санаа зовоод ажилаа хийхээр очсон.

Гэвч компанийн гүйцэтгэх захирал ******* цайны цагийн үед надтай уулзаад Чи ажлын утас руу надтай ярьяа гээд надад хэлэх ёстой байсан, нягтлангаар хэлүүлсэнг чинь тооцохгүй гэсэн шалтгаанаар ерөнхий менежер А.Уламбаярыг хөдөөнөөс ирэхээр нь ажлаа хүлээлгэж өг тийм болохоор одоо яв гээд миний хажууд манаж зогсоод намайг айлгаж ажлын байрнаас явуулсан.

Гэвч ажлын утас руу залгаж өөрт хэлж болох байсан ч өөрөө хэзээ, хэдэн цагт ирэх нь тодорхойгүй мөн ирэхгүй өдрүүд ч байдаг. Ирэх ирэхгүйгээ хүмүүст мэдэгддэггүй байсан бөгөөд өглөөгүүр ажил дээр байдаггүй учир би ажил дээрээ хамгийн түрүүнд ирдэг нягтлан бодогч руу хэлж гуйсан нь энэ юм. Би жирэмсэн байсан учир айсандаа удаан байж чадалгүй гараад явсан.

Үүнээс хойш 2017 оны 07 сарын 28-29-ний хооронд над руу залгаж ерөнхий захиралтай ярьсан, чамайг зүгээр ажиллуулж байгаад декретийг нь өгөө, тийм бүдүүлэг байж болохгүй гэсэн тийм болохоор миний дүү 31-нээс ирээд ажлаа хийгээрэй гэж хэлсэн.

Би ажилдаа эргэн орсон боловч өмнөх шигээ тайван ажлаа хийхэд хэцүү байсан. ******* ажлын хүмүүстэй зүй бусаар харьцаж орилж ярих, хэрэлдэх, миний ажлын ширээн дээрхийг нягталж харах зэрэг үйлдлүүд олширсон.

Оффис менежерт тал талын мэдээлэл чухал хэрэгцээтэй байдаг тул зарим үед интернэтээс мэдээ харж, сайн цахим хуудсууд ямар загвар дезайнтай байдаг талаар судалж байх үед дандаа хувийн ажлаа хийдэг чи ажил юу ч хийдэггүй, чамд хийсэн юм гэж байдаг юм уу гэх мэтээр орилж доромжлон би чамайг халуулна, ажиллуулахгүй гэх зэргийн үгнүүдийг хэлдэг байсан.

Иймэрхүү асуудлаас ажил дээрээ байхад түгшүүртэй стресстэй байх болсон. 2017 оны 08 сарын 09-ний өдөр өглөө ажилдаа зүгээр очсон боловч гэнэт хэвлийгээр хатган өвдөж эхлэхэд нягтлан бодогчоос түргэн дуудахыг хүссэн. Удалгүй түргэний машин ирж шууд эмнэлэгт хүргүүлж хэвтсэн. 5 хоног эмчилгээ хийлгэж 6 дахь өдрөөс хэвтрийн дэглэм барих шаардлагатай гээд эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн.

Эмчилгээтэй байх үед 2017 оны 08 сарын 18-ны өдөр урьдчилгаа цалин орсон. Үүнээс хойш 09 сарын 05-ны өдөр 08 сарын сүүл цалин ороогүй байсан тул нягтлан бодогч руу залгаж асуухад Захирал чиний үлдсэн цалинг тавихгүй, мөн чиний 2017 оны 08 сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гээд төлүүлсэнгүй гэж хэлсэн.

Би энэ оны 12 сард жирэмсний амралтаа авах гэж байсан тул маш их гайхаж цочирдсон.

Манай эгч хүртэл утасдаж лавлахад угаасаа 07 сард халчихсан байсан гэж хэлсэн байсан. Би 08 сард ажиллаж байхдаа энэ талаар огт сонсоогүй мөн надад ажлаас халсан тушаал ч өгөөгүйд нь би их гайхаж байна. Мөн энэ тухайгаа 09 сарын 06-ны өдрөөс хойш олж мэдээд А.Уламбаяраас мэдэж байсан эсэхийг нь асуухад бас мэдээгүй байсан гэж хэлсэн. Үүнээс болоод огт харж байгаагаагүй ажилд орсон болон огт харж байгаагүй ажлаас халсан тушаалыг авах гэж удаа дараа асуусан боловч яг одоо байхгүй байна, дараа тэгэж байгаад болъёо, захирлаас асууж байгаад болно гэх зэргээр өдийг хүртэл ажилд авсан болон ажлаас халсан тухай тушаал өгөөгүй. Мөн миний нийгмийн даатгалын дэвтэрт туршилтын хугацаанд ажлаас чөлөөлөв гэж бичсэнийг гайхаж байна. 2017 оны 06 сарын 15-ны өдөр үндсэн ажилтан болгох талаар цалинг 600,000 төгрөг болгон өсгөсөн.

Энэ компани нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, тушаал гаргаж өгөөгүй, ажилласан хоногийн НДШ-ийг төлөөгүй, шалтгаангүйгээр цалин тавиагүй, НДШ-ийг хувиараа төлөхөөс өөр аргагүй болгосон зэрэг зөрчил гаргаж намайг хохироосон.

Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь *******ийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

*******ийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу туршилтын 3 сарын хугацаанд ажилд авсан. Энэ хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж тушаалаар сануулах арга хэмжээ хоёр ч удаа авсан.

Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж заасныг үндэслэн *******ийг ажлаас чөлөөлсөн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд мөн зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 07 сарын 16-24-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан болох нь түүний нэхэмжлэлд дурьдагдсан ба ажлын цагийн бүртгэлээр давхар нотлогдоно. *******тэй холбоо барихыг оролдсон боловч чадаагүй.

Ингээд 2017 оны 07 сарын 24-ний өдөр 10:40 цагт орж ирээд Би ажлаасаа гарна, хувийн шалтгаан байна, ар гэрийнхэн өөр ажил хий гэж зөвлөсөн гээд өнөөдөр ажил дээр байгаа өөрийн хувийн зүйлийг авахаар ирсэн гэж хэлсэн ба 13:30 цагт яваад өгсөн.

Энэ өдөр ерөнхий захирал байхгүй байсан. Түүнийг ирсний дараа тухайн болсон асуудлын талаар мэдэгдсэн ба 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 17/17 дугаар ерөнхий захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ерөнхий захирал А.Амаржаргал хэлэхдээ ямар ч хариуцлагагүй ингэж дураараа явж болохгүй богино хугацаанд ч гэсэн ажил үүрэг гүйцэтгэсэн учир ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй гэж хэлсний дагуу түүнийг дуудсан боловч ирэхгүй байж байгаад 2017 оны 08 сарын 07-ны өдөр ирж хийсэн ажлын дэвтэр хүлээлгэн өгсөн. 2017 оны 07 сарын 26-ний өдрийн 17/17 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын нэг хувийг түүнд өгөөд явуулсан.

Ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтанд цалин бодож гаргасан нягтлан бодогч ******* буруутай үйл ажиллагаа мөн бөгөөд тухайн үед техникийн алдаа гаргасан байна урьд сарын файл ашиглахдаа нэрийг нь хасаагүй гэх мэт тайлбар хэлж байсан.

Мөн ******* нь тендерийн материалыг санаатайгаар хоцроон өгч байгууллагад хохирол учруулсан байдаг.

Иймд *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******г төлөөлж ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь Бевертек технологи ХХК-д 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогч албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан.

Тэрээр тус компанид 2017 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан ба түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан.

Ажлаас халагдсан гэх шалтгаан нь НӨАТ төлөхгүй байсан орлогыг татварын тайланд тусгаж байгууллагын татварын өрөнд оруулсан гэх ба Бевертек технологи ХХК нь НӨАТ төлөгч компани бөгөөд хуулийн дагуу нягтлан бодогч албан тушаалынхаа хүрээнд гүйцэтгэх ёстой ажлыг л ******* хийсэн байдаг.

*******д ажлаас халагдсан тушаалыг эх хувиар нь гардуулж өгөөгүй ба 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс тасалбар болгон ажлаас халсан гэж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн.

Бевертек технологи ХХК-ийн тушаалын канондсон хуулбарыг өгсөн ба тэрхүү тушаалд 2016 оны 08 сарын 25-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн ажилтан иртэл түр хугацаагаар ажиллуулж, цалинг 70 хувиар бодож олгосугай... гэсэн байдаг.

Бевертек технологи ХХК нь цалинг 70 хувь болгон бууруулах талаар *******тай тохиролцоогүй, мөн дараагийн ажиллах ажилтанг олох хугацаагаар түр ажиллуулсугай гэдэг нь *******г ажлаас халсан эцсийн өдөр нь ойлгомжгүй илтэд хууль бус тушаал гаргасан болно.

Иймд 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс 09 сарын 25-ны өдөр хүртэл ажилласан 70 хувиар бодож олгосон цалинг 100 хувиар бодож зөрүүг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь *******гийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* нь тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 06/1609 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон бөгөөд ажлын цаг баримталдаггүй, ажлаас байнга хоцордог ба ажлын байранд хувийн асуудлаа удаан хугацаагаар ярьж суух, утсаар тасралтгүй ярих зэргээр Хөдөлмөрийн гэрээний 2.2.12-т заасныг зөрчсөн тул 2017 оны 06 сарын 14-ний өдрийн ДТ/07 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээг авч өөрт нь танилцуулсан болно.

Ийнхүү сануулах арга хэмжээтэй байх үедээ 2017 оны 06 сарын 21-23-ны өдрүүдэд ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тул үндсэн цалинг 15 хувиар нэг сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж өөрт нь хурлаар танилцуулсан болно.

Түүнчлэн өөрийнхөө цалинг дураараа нэмж нэг сарын цалинг 1,000,000 төгрөг болгосон тушаал гаргасан байсан бөгөөд яагаад өөрийн дураар ийм зүйл хийснийг асуухад туршилтын хугацаанд 800,000 төгрөг байсан, одоо жинхэлсэн учир нэмэгдэх ёстой гэж бодоод тушаалыг өөрөө гаргаж н.Уламбаяраар тамгалуулсан гэдгээ хэлсэн.

******* нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй зэрэг асуудал удаа дараа гаргасан тул тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 21/17 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, шинэ ажилтан ирэх хүртэлх хугацаагаар үүргээ түр гүйцэтгэж, энэ хугацаанд цалинг 70 хувиар тооцон олгож байхыг тусгаж өөрт нь тухайн өдөр мэдэгдэж тушаалын хуулбарыг нь өгсөн.

Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл бөгөөд ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж хоёр удаа сахилгын шийтгэл хүлээж байсан ба ажлаас хоцрох болон таслах үйлдэл нь удаа дараа давтагдсан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно.

******* нь ажлаас халсан тушаалыг 2017 оны 08 сарын 25-ны өдөр мэдсэн бөгөөд тухайн өдөрт нь тушаалын хувийг өөрт нь гардуулан өгөхөд өөрөө хүлээн зөвшөөрч дараагийн ажилтан иртэл түр ажиллана гэдгээ ч илэрхийлсэн болно.

Хэрвээ үндэслэлгүйгээр халагдсан гэж үзсэн бол тухайн үед халагдсан үндэслэлийн талаар шүүхэд хандах боломжтой байсан бөгөөд уг асуудлаар 2017 оны 10 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан, туршилтын хугацаанд энэ ажилд тэнцэхгүй болсон зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан үзээд 2017 оны 07 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 08 сарын 07-ны өдөр түүнд хуулбарыг танилцуулж өгсөн.

Нэхэмжлэгч ажлаас 2017 оны 07 сарын 26-ны өдөр чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж байсан учир 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сайн дурын даатгалд хамрагдсан гэж үзэж байна.

Нягтлан бодогч *******тай үгсэн хуйвалдаж, түүнтэй дотно байсан харилцаагаа ашиглаж 2017 оны 07 сарын сүүл цалин гээд *******ийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 463019123 дугаартай дансаар 125,134 төгрөг, 2017 оны 08 сарын урьдчилгаа цалин 100,000 төгрөг, нийт 225,134 төгрөгийн цалин өөрт нь гаргуулан авсан.

Тухайн үед нягтлан бодогч Б.Саруулзаягаас тодруулахад урьд сарын файл ашиглан цалин бодохдоо алдаа гаргасан байна, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэж байсан. Ерөнхий захирлаар нийт ажилчдын цалингийн нэгдсэн дүнг батлуулсан учир дотор нь хэн хэнд хэдэн төгрөгийн цалин бодогдсон нь харагдахгүй байсан учраас анзаараагүй үлдсэн байгууллагын болгоомжгүй үйлдэл болсон.

Ажил эрхлээгүй байж өөртөө цалин хөлс гаргуулж авсан *******ээс нийт 225,134 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Бевертек технологи ХХК-ийн захирлын 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 15/17 тоот тушаалаар *******ийг туршилтын хугацаанд 500,000 төгрөгийн цалинтай оффис менежерийн ажилд авахаар тусгасан байна.

Энэхүү тушаалд туршилтын 3 сарын хугацаа гэж байхгүй бөгөөд талууд тохиролцохдоо 1 сарын туршилтын хугацаатай, үндсэн ажилтан болвол 600,000 төгрөгөөр цалинг тогтооно гэсэн.

2017 оны 06 сарын 15-ны өдрийн 17/17 дугаар Цалин нэмэх тушаалаар *******ийн сарын цалинг 600,000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байдаг.

Ийнхүү цалин нэмэгдүүлсэн нь *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажих болно.

2017 оны 07 сарын 16-ны өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан гэх боловч үнэндээ ******* нь өвчний листтэй байсан бөгөөд өвчний лист болон Нийгмийн даатгалын сангаас орсон листны мөнгөөр нотлогдоно.

******* нь ажилласан хугацааны цалингаа авсан, *******тай дотно харилцаагаа ашиглаж 225,134 төгрөгийн цалин гаргуулсан гэдэг нь үндэслэлгүй гүтгэлэг байна.

******* нь ажиллах хугацаандаа сахилгын шийтгэлээр шийтгүүлж байгаагүй мөн нэхэмжилсэн 225,134 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Хариуцагч нь *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ажлын сахилга бат, дэг журмыг ягштал баримталдаг бөгөөд *******д ажлаас хоцордог, тасалдаг, ажлын цагаар гарч хувийн ажил амжуулж байгаа зэрэгт нь удаа дараа сахилгын шийтгэл оногдуулж байсан болно.

******* нь ажилд орсноосоо хойш жил ч хүрэхгүй хугацаанд зөвхөн ажлаас хоцорсон цаг нь 2,757 минут буюу 45.95 цаг, ажлын цагаар гарч явсан цаг нь 1,790 минут буюу 29.83 цаг болсон. Мөн 2017 оны 06 сарын 26-ны өдрийн ДТ/08 тоот тушаалаар *******д оногдуулсан сахилгын шийтгэл нь нэг сарын цалинг 15 хувиар бууруулсан байхад сахилгын шийтгэлийн 150,000 төгрөгийг суутгаагүй бүтэн олгосон байсан.

Хэдийгээр манай байгууллага цагийн бүртгэлийг нягт нямбай хийж байсан ч цалин хөлснөөс нь хоцорсон тасалсан цагийн мөнгийг суутгалгүйгээр олгож байсан. Гэтэл ******* нь ийм байдлаар боломж олгож өөрийг дэмжиж аль болох алдаа оноогоо ухаарч, өөртөө дүгнэлт хийх болов уу гэж байхад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа илтэд алдаа дутагдалгүй, огт зөрчил гаргаж байгаагүй хүн шиг ийм гүтгэлгийн шинжтэй зүйлүүдийг бичиж өгсөн байна.

Иймд *******гаас ажлаас хоцорсон 2,757 минут буюу 45.95 цагийн мөнгө болох 283,185 төгрөг, ажлын цагаар гарч явж тасалсан 1,790 минут буюу 29.83 цагийн мөнгө 181,476 төгрөг, сахилгын шийтгэлийн 15 хувийн цалин хөлс болох 150,000 төгрөг, нийт 614,661 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******гийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

******* нь тус компанид 1 жил ажиллах хугацаандаа сахилгын шийтгэлээр нэг ч удаа шийтгүүлж байгаагүй болно.

Бивертек технологи ХХК нь цагийн бүртгэлийг албан ёсны төхөөрөмжгүй, цагийн бүртгэлийг тус компанийн оффис менежер гараар бүртгэдэг, ******* захирал цагийн бүртгэл хөтөлдөггүй.

Нягтлан бодогч нь албан тушаалын үүрэгт ажлыг гүйцэтгэх явцад гадуур ажлаар гарах, татвар, нийгмийн даатгал, банк орох зайлшгүй шаардлага байдаг бөгөөд үүнийг ажил тасалсанд тооцсон байна.

Ажилд орсноос хойш бүтэн нэг жилийн цагийн бүртгэлээр ажлаас хоцорсон 45.95 цагийн мөнгө 283,185 төгрөг, ажлын цагаар гарч явж тасалсан гэх 29.83 цагийн мөнгө 181,476 төгрөг, сахилгын шийтгэлийн 150,000 төгрөг, нийт 614,661 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Бевертек техноги ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч ******* нь Бевертек техноги ХХК-ийн оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны /2017.08.01-2018.01.03/ цалин хөлстэй тэнцэх олговорт 3,290,546 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч ******* нь Бевертек техноги ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин /2017.08.25-2017.09.25/ болон ажилгүй байсан хугацааны /2017.09.25-2018.01.03/ цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3,348,636 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Бевертек технологи ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан, ажил эрхлээгүй байхад нь бодож олгосон цалин 225,134 төгрөгийг буцаан гаргуулах, нэхэмжлэгч *******д холбогдуулан ажил тасалсан цагийн мөнгө 181,476 төгрөг, ажлаас хоцорсон цагийн мөнгө 283,185 төгрөг, сахилгын шийтгэлийн дагуу суутгах ёстой байсан 150,000 төгрөг, нийт 614,661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Зохигч талууд хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, *******гийн нэхэмжлэл болон *******, ******* нарт холбогдох Бевертек технологи ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

******* нь Бевертек технологи ХХК-д 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс оффис менежерийн албан тушаалд, ******* нь 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчийн албан тушаалд тус тус томилогдон ажилласан байх ба энэ талаар зохигч талууд маргадаггүй.

 

Бевертек технологи ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 17/17 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т заасныг үндэслэн *******ийг 2017 оны 07 сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь, 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 21/17 тоот Үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн *******г 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлжээ.

 

Нэг. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар.

 

а/. Бевертек технологи ХХК нь ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 17/17 тоот тушаалыг *******д 2017 оны 08 сарын 07-ны өдөр танилцуулж, өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, *******д ажлаас чөлөөлөх тухай тушаалыг танилцуулсан, гардуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөр нь өгөх үүрэг нь Бевертек технологи ХХК-ийн хүлээх үүрэг байх тул ийнхүү шийдвэрийг өгсөн болохоо нотлох үүрэг нь мөн адил Бевертек технологи ХХК-ийн хүлээх үүрэг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан нь ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулжээ.

 

******* нь ажлаас халагдсан тухай шийдвэрээ аваагүй байх тул 2017 оны 10 сарын 03-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасныг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Учир нь, Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрт ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа талаар тусгах учир тухайн шийдвэрийг авалгүйгээр ажилтан нь шүүхэд гаргах гомдлынхоо үндэслэлийг тодорхойлох боломжгүй юм.

 

б/. Бевертек технологи ХХК нь ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 21/17 тоот тушаалыг *******д мөн өдөр нь танилцуулж, өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь мөн адил баримтаар нотлогдохгүй байна.

 

******* нь тушаалын хуулбарыг 2017 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарладаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заажээ.

 

******* нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан Ажил хүлээлцсэн акт /нягтлан бодогч/-аар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна гэж дүгнэв.

 

Хоёр. *******ийн шаардлагын тухайд.

 

Хариуцагч нь *******ийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарладаг.

 

Хэрэгт Бевертек технологи ХХК-ийн Ерөнхий захирлын Сануулах арга хэмжээ авах тухай 2017 оны 06 сарын 07-ны өдрийн ДТ/04 тоот тушаал, 2017 оны 06 сарын 14-ний өдрийн ДТ/07 тоот тушаал авагдсан байх боловч ******* нь сахилгын шийтгэл огт авч байгаагүй гэж маргаж байна.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг ажилтанд танилцуулсан болохоо хариуцагч тал баримтаар нотолж чадахгүй байх тул сахилгын шийтгэл авч байгаагүй гэсэн нэхэмжлэгч *******ийн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

 

Түүнчлэн, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гарсан өдрүүдэд уг тушаалд гарын үсэг зурсан гэх А.Амаржаргал нь Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар нотлогддог.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж, 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас, ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж тус тус заажээ.

 

*******тэй хуульд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохоо хариуцагч Бевертек технологи ХХК хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргадаг.

 

Ийнхүү Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр *******ийг ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй байх тул *******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход (500,000 төгрөг үндсэн цалин х 4 сар) + (500,000 : 22 х 2 хоног) = 2,500,000 + 45,454 = 2,545,454 төгрөг гарч байна.

 

Үүнээс 2017 оны 08 сарын урьдчилгаанд авсан 100,000 төгрөгийг хасч тооцон нийт 2,445,454 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 845,092 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Гурав. *******гийн шаардлагын тухайд.

 

Хариуцагч нь *******г сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарладаг.

 

******* нь мөн адил сахилгын шийтгэл огт авч байгаагүй гэж маргаж байна.

 

Өмнөхтэй адил сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг ажилтанд танилцуулсан болохоо хариуцагч тал баримтаар нотолж чадахгүй байх тул сахилгын шийтгэл авч байгаагүй гэсэн нэхэмжлэгч *******гийн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

 

Түүнчлэн, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гарсан өдрүүдэд уг тушаалд гарын үсэг зурсан гэх А.Амаржаргал нь Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар нотлогддог.

 

Хөдөлмөрийн гэрээг талууд хугацаагүйгээр байгуулж, *******гийн хөдөлмөрийн хөлсийг 800,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тодорхойлон, ноцтой зөрчилд юу юуг хамааруулан ойлгох талаар нэг бүрчлэн дурьджээ.

 

Хэрэгт *******гийн хөдөлмөрийн хөлсийг 1,000,000 төгрөг болгосон тухай ажил олгогчийн шийдвэр авагдаагүй байтал 2016 оны 11 сараас эхлэн 1,000,000 төгрөгөөр тооцон цалин авч байсан болох нь холбогдох Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд 2017 оны 11 сарын 01-ний өдөр гэсэн огноотой Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт гэх баримтыг гаргаж өгсөн байх боловч хариуцагч тал түүнийг ******* өөрөө бичсэн гэж тайлбарлан маргаж байна.

 

Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт гэх баримт нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгагүй байх тул түүнийг Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна 2017 оны 11 сарын 01-ний өдөр гэсэн огноотой байтал 2016 оны 11 сараас хөдөлмөрийн хөлсөө 1,000,000 төгрөгөөр тооцож эхэлсэн нь уг баримтад эргэлзээ төрүүлж байна.

 

Аливаа тушаал, шийдвэргүйгээр хөдөлмөрийн хөлсийг нэмж тооцож өөртөө олгосон нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтын 8-д Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зохицуулсан тохиолдолд хамаарч байна гэж үзэв.

 

Иймд нягтлан бодогч ******* нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх тул түүний шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* нь ажилласан хугацааны буюу 2017.08.25-09.25-ны өдрүүдийн дутуу авсан цалин гэж шаарддаг боловч холбогдох үнийн дүнг өөрөө тодорхойлж өгөөгүй, мөн Хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн хөлсийг 800,000 төгрөгөөр тогтоосон байтал 1,000,000 төгрөгөөр тооцсон байгаа нь буруу гэж шүүх үзсэн учир уг шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Хэдийгээр *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал-д дурдагдсан бусад үндэслэлийн талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.

 

Хариуцагч талаас Ажлын цаг ашиглалтын бүртгэл гэх 2016 оны 12 сараас 2017 оны 08 сар хүртэлх хугацаанд хамаарах баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Тусгай төхөөрөмж ашиглан цагийн бүртгэлийг хийгээгүй, тухай бүр гаргаж ажилтанд танилцуулж байгаагүй, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор хожим компьютерээс хэвлэж гаргасан гэх уг цагийн бүртгэл нь ажилтанг хоцорсон, эсхүл ажил тасалсан болохыг нотолж чадахгүй буюу эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэдэгт хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлговол зохино.

 

Хэрэгт эрх бүхий байгууллагын шалгалт болон ажил олгогчийн дотоодын хяналт шалгалт хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дөрөв. ******* болон *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Хариуцагч Бевертек технологи ХХК-ийн ******* болон *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:

 

а/. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Тайлбарлавал, Бевертек технологи ХХК нь *******д холбогдуулан 2017 оны 12 сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба 2017 оны 08 сарын 04-ний өдөр олгосон 125,134 төгрөг, 2017 оны 08 сарын 18-ны өдөр олгосон 100,000 төгрөгийг шаардсан байх боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 сарын 04-ний өдөр болон 2017 оны 11 сарын 18-ны өдөр дууссан байна.

 

Бевертек технологи ХХК нь *******д холбогдуулан 2017 оны 12 сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба 2016 оны 12 сараас 2017 оны 08 сар хүртэлх хугацаанд хамаарах хоцорсон цагийн мөнгө, тасалсан цагийн мөнгө, сахилгын шийтгэл ногдуулсны дагуу суутгах ёстой байсан дүн гэж нийт 614,661 төгрөгийг шаардсан байх боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 03 сараас 2017 оны 11 сар хүртэлх хугацаанд дууссан байна.

 

б/. Ажил олгогч нь ажилтан ажил тасалсан, ажлаас хоцорсон үед цалингаас нь суутгал хийх талаар ажилтнуудтай анх тохиролцоогүй, ямар хэмжээгээр хэрхэн суутгах талаар Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд тодорхой зохицуулаагүй байхаас гадна тухайн үед ажилтан ажиллаагүй бол ажиллаагүй үеийн цалин хөлсийг олгохгүй байх, ажилтан ажлаас хоцорсон, ажил тасалсан бол холбогдох цагийн мөнгийг суутган тооцох, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан бол түүнийгээ хэрэгжүүлэх боломж нь ажил олгогчид байсаар байтал ийнхүү хожим нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.

 

Тав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.

 

а/. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, сахилгын шийтгэл ногдуулах болон ажлаас чөлөөлөх тухай тушаалуудад Ерөнхий захирал А.Амаржаргал гэсэн бичвэр байдаг.

 

Гэсэн хэдий ч ******* нь өөрийгөө тус компанийн Гүйцэтгэх захирал гэж тайлбарлаж байгаа, уг тайлбартай нэхэмжлэгч нар маргахгүй байгаа, *******ын Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарт 2012.10.01-ний өдрөөс Бевертек технологи ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа талаар тэмдэглэгээ хийгдсэн, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ ******* захирал гэж дурьдсан байдаг зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр Бевертек технологи ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******ыг томилсон шийдвэрийг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

б/. Зохигч талаас гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 181/ШЗ2017/15555 дугаар захирамжаар хариуцагч талаас хэд хэдэн нотлох баримт гаргуулахаар захирамжилсан.

 

Захирамжийн захирамжлах хэсгийн 1-д заасан Бевертек технологи ХХК-ийн Захирлын 2017 оны 06 сарын 15-ны өдрийн Цалин нэмэх тухай 17/17 тоот тушаал хариуцагч талд байхгүй, тийм тушаал гараагүй хэмээн тайлбарлаж байх тул захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар *******ийг Бевертек технологи ХХК-ийн оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,445,454 төгрөгийг Бевертек технологи ХХК-иас гаргуулан *******д олгож, үлдэх 845,092 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *******ийн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Бевертек технологи ХХК-д даалгаж, Бевертек технологи ХХК-д холбогдуулан гаргасан Бевертек технологи ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3,348,636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар *******д холбогдуулан гаргасан ажил эрхлээгүй байхад нь бодож олгосон цалин 225,134 төгрөгийг буцаан гаргуулах тухай, нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан ажил тасалсан цагийн мөнгө 181,476 төгрөг, ажлаас хоцорсон цагийн мөнгө 283,185 төгрөг, сахилгын шийтгэлийн дагуу суутгах ёстой байсан 150,000 төгрөг, нийт 614,661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Бевертек технологи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54,077 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР