Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00657

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00657

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Саруулзаяа, Б.Энэрэл нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2018/00037 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Энэрэл, Б.Саруулзаяа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Бевертек технологи ХХК-д холбогдох

 

- Оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 290 546 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай Б.Энэрэлийн нэхэмжлэлтэй,

 

- Нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3 348 636 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай  Б.Саруулзаяагийн нэхэмжлэлтэй  /нэгтгэсэн/  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Саруулзаяа

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Бевертек технологи ХХК-д оффис менежерээр ажилд орж ажилласан. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр жирэмсэн болсноо мэдсэн бөгөөд баяр наадмын амралтын өдөр эхлэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл акттай байсан боловч би 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр биеийн байдал дээрдэж ажилдаа санаа зовоод ажлаа хийхээр очсон. Компанийн гүйцэтгэх захирал А.Азжаргал 2017 оны 7 дугаар сарын 28-29-ний хооронд над руу залган ерөнхий захиралтай ярьсан, чамайг зүгээр ажиллуулж байгаад декретийг нь өг гэсэн тул 31-нээс ирээд ажлаа хийгээрэй гэж хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 9-ний өглөө гэнэт хэвлийгээр хатган өвдсөн. Удалгүй түргэний машин ирж шууд эмнэлэгт хүргүүлж хэвтсэн. 5 хоног эмчилгээ хийлгэж 6 дахь өдрөөс хэвтрийн дэглэм барих шаардлагатай гээд эмнэлгийн магадлагаа бичиж өгсөн. Эмчилгээтэй байх үед 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа цалин орсон. Үүнээс хойш 9 дүгээр сарын 5-ны өдөр 8 сарын сүүл цалин ороогүй. 2017 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гээд төлүүлсэнгүй гэж хэлсэн. Би энэ оны 12 сард жирэмсний амралтаа авах гэж байсан тул маш их гайхаж цочирдсон. Би 8 сард ажиллаж байхдаа энэ талаар огт сонсоогүй, надад ажлаас халсан тушаал ч өгөөгүй. Энэ компани нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, тушаал гаргаж өгөөгүй, ажилласан хоногийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, шалтгаангүйгээр цалин тавиагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлөхөөс өөр аргагүй болгосон зэрэг зөрчил гаргаж намайг хохироосон. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Саруулзаяа нь Бевертек технологи ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нягтлан бодогч албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Ажлаас халагдсан гэх шалтгаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байсан орлогыг татварын тайланд тусгаж байгууллагын татварын өрөнд оруулсан гэх ба Бевертек технологи ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компани бөгөөд хуулийн дагуу нягтлан бодогч албан тушаалынхаа хүрээнд гүйцэтгэх ёстой ажлыг л Б.Саруулзаяа хийсэн байдаг. Б.Саруулзаяад ажлаас халагдсан тушаалыг эх хувиар нь гардуулж өгөөгүй ба 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан гэж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Бевертек технологи ХХК нь цалинг 70 хувь болгон бууруулах талаар Б.Саруулзаяатай тохиролцоогүй, мөн дараагийн ажиллах ажилтанг олох хугацаагаар түр ажиллуулсан нь Б.Саруулзаяаг ажлаас халсан эцсийн өдөр нь ойлгомжгүй илтэд хууль бус тушаал гаргасан болно. Иймд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан 70 хувиар бодож олгосон цалинг 100 хувиар бодож зөрүүг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Энэрэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу туршилтын 3 сарын хугацаанд ажилд авсан. Энэ хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж тушаалаар сануулах арга хэмжээ хоёр ч удаа авсан. Б.Энэрэл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 7 дугаар сарын 16-24-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан болох нь түүний нэхэмжлэлд дурьдагдсан ба ажлын цагийн бүртгэлээр давхар нотлогдоно. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 10:40 цагт орж ирээд би ажлаасаа гарна, хувийн шалтгаан байна, ар гэрийнхэн өөр ажил хий гэж зөвлөсөн гээд өнөөдөр ажил дээр байгаа өөрийн хувийн зүйлийг авахаар ирсэн гэж хэлсэн ба 13:30 цагт яваад өгсөн. Энэ өдөр ерөнхий захирал байхгүй байсан. Түүнийг ирсний дараа тухайн болсон асуудлын талаар мэдэгдсэн ба 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/17 дугаар ерөнхий захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 17/17 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын нэг хувийг түүнд өгөөд явуулсан. Иймд Б.Энэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Б.Саруулзаяа нь тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06/1609 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон бөгөөд ажлын цаг баримталдаггүй, ажлаас байнга хоцордог ба ажлын байранд хувийн асуудлаа удаан хугацаагаар ярьж суух, утсаар тасралтгүй ярих зэргээр Хөдөлмөрийн гэрээний 2.2.12-т заасныг зөрчсөн тул 2017 оны 06 сарын 14-ний өдрийн ДТ/07 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээг авч өөрт нь танилцуулсан болно. Ийнхүү сануулах арга хэмжээтэй байх үедээ 2017 оны 6 сарын 21-23-ны өдрүүдэд ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тул үндсэн цалинг 15 хувиар нэг сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж өөрт нь хурлаар танилцуулсан болно. Түүнчлэн өөрийнхөө цалинг дураараа нэмж нэг сарын цалинг 1 000 000 төгрөг болгосон тушаал гаргасан байсан. Б.Саруулзаяа нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй зэрэг асуудал удаа дараа гаргасан тул тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21/17 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, шинэ ажилтан ирэх хүртэлх хугацаагаар үүргээ түр гүйцэтгэж, энэ хугацаанд цалинг 70 хувиар тооцон олгож байхыг тусгаж өөрт нь тухайн өдөр мэдэгдэж тушаалын хуулбарыг нь өгсөн. Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл бөгөөд Б.Саруулзаяа нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж хоёр удаа сахилгын шийтгэл хүлээж байсан ба ажлаас хоцрох болон таслах үйлдэл нь удаа дараа давтагдсан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Б.Саруулзаяа нь ажлаас халсан тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн бөгөөд тухайн өдөрт нь тушаалын хувийг өөрт нь гардуулан өгөхөд өөрөө хүлээн зөвшөөрч дараагийн ажилтан иртэл түр ажиллана гэдгээ ч илэрхийлсэн. 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Б.Саруулзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Энэрэл нь нягтлан бодогч Б.Саруулзаяатай үгсэн хуйвалдаж, түүнтэй дотно байсан харилцаагаа ашиглаж 2017 оны 7 дугаар сарын сүүл цалин гээд Б.Энэрэлийн Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 463019123 дугаартай дансаар 125 134 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын урьдчилгаа цалин 100 000 төгрөг, нийт 225 134 төгрөгийг авсан. Тухайн үед нягтлан бодогч Б.Саруулзаяагаас тодруулахад урьд сарын файл ашиглан цалин бодохдоо алдаа гаргасан байна, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэж байсан. Ажил эрхлээгүй байж өөртөө цалин хөлс гаргуулж авсан Б.Энэрэлээс нийт 225 134 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, Б.Саруулзаяа нь ажилд орсноосоо хойш жил ч хүрэхгүй хугацаанд зөвхөн ажлаас хоцорсон цаг нь 2,757 минут буюу 45.95 цаг, ажлын цагаар гарч явсан цаг нь 1,790 минут буюу 29.83 цаг болсон. Мөн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ДТ/08 тоот тушаалаар Б.Саруулзаяад оногдуулсан сахилгын шийтгэл нь нэг сарын цалинг 15 хувиар бууруулсан байхад сахилгын шийтгэлийн 150 000 төгрөгийг суутгаагүй бүтэн олгосон байсан. Хэдийгээр манай байгууллага цагийн бүртгэлийг нягт нямбай хийж байсан ч цалин хөлснөөс нь хоцорсон тасалсан цагийн мөнгийг суутгалгүйгээр олгож байсан. Иймд Б.Саруулзаяагаас ажлаас хоцорсон 2,757 минут буюу 45.95 цагийн мөнгө болох 283 185 төгрөг, ажлын цагаар гарч явж тасалсан 1,790 минут буюу 29.83 цагийн мөнгө 181 476 төгрөг, сахилгын шийтгэлийн 15 хувийн цалин хөлс болох 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энэрэл болон нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17/17 дугаар цалин нэмэх тушаалаар Б.Энэрэлийн сарын цалинг 600 000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байдаг. Ийнхүү цалин нэмэгдүүлсэн нь Б.Энэрэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажих болно. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан гэх боловч үнэндээ Б.Энэрэл нь өвчний листтэй байсан бөгөөд өвчний лист болон нийгмийн даатгалын сангаас орсон листны мөнгөөр нотлогдоно. Б.Энэрэл нь ажилласан хугацааны цалингаа авсан, Б.Саруулзаяатай дотно харилцаагаа ашиглаж 225 134 төгрөгийн цалин гаргуулсан гэдэг нь үндэслэлгүй байна. Б.Энэрэл нь ажиллах хугацаандаа сахилгын шийтгэлээр шийтгүүлж байгаагүй мөн нэхэмжилсэн 225 134 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Б.Саруулзаяа нь тус компанид 1 жил ажиллах хугацаандаа сахилгын шийтгэлээр нэг ч удаа шийтгүүлж байгаагүй болно. Бевертек технологи ХХК нь цагийн бүртгэлийг албан ёсны төхөөрөмжгүй, цагийн бүртгэлийг тус компанийн оффис менежер гараар бүртгэдэг, А.Азжаргал захирал цагийн бүртгэл хөтөлдөггүй. Нягтлан бодогч нь албан тушаалын үүрэгт ажлыг гүйцэтгэх явцад гадуур ажлаар гарах, татвар, нийгмийн даатгал, банк орох зайлшгүй шаардлага байдаг бөгөөд үүнийг ажил тасалсанд тооцсон байна. Ажилд орсноос хойш бүтэн нэг жилийн цагийн бүртгэлээр ажлаас хоцорсон 45.95 цагийн мөнгө 283 185 төгрөг, ажлын цагаар гарч явж тасалсан гэх 29.83 цагийн мөнгө 181 476 төгрөг, сахилгын шийтгэлийн 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Энэрэлийг Бевертек технологи ХХК-ийн оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 445 454 төгрөгийг Бевертек технологи ХХК-иас гаргуулан Б.Энэрэлд олгож, үлдэх 845 092 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Энэрэлийн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Бевертек технологи ХХК-д даалгаж, Бевертек технологи ХХК-д холбогдуулан гаргасан Бевертек технологи ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3 348 636 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай Б.Саруулзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Б.Энэрэлд холбогдуулан гаргасан ажил эрхлээгүй байхад нь бодож олгосон цалин 225 134 төгрөгийг буцаан гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.Саруулзаяад холбогдуулан гаргасан ажил тасалсан цагийн мөнгө 181 476 төгрөг, ажлаас хоцорсон цагийн мөнгө 283 185 төгрөг, сахилгын шийтгэлийн дагуу суутгах ёстой байсан 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Бевертек технологи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 54 077 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд давж заалдах гомдолдоо:

... "Бевертек технологи" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал А.Амаржаргал, А.Азжаргал нарын аль болох нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг гаргуулаагүй, "Бевертек технологи" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь баримтаар тогтоогдохгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэгч Б.Саруулзаяа нь "Бевертек технологи" ХХК-д хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй нягтлан бодогч албан тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан. 2016 оны 11 сараас эхлэн 1 000 000 төгрөгөөр тооцон цалин авч байсан болох нь Б.Саруулзаяагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогддог. Үндсэн цалинг шилжүүлэх болон нийгмийн даатгалын тайлан, хүн амын орлогын албан татварын тайланг хянаж гарын үсэг зурж баталгаажуулдаг захирал нь Б.Саруулзаяаг 1 000 000 төгрөгөөр цалинжиж байгааг бүтэн 9 сарын хугацаанд мэдэхгүй байх боломжгүй юм. Мэдсээр байж цалинжуулаад явсан нь ажил олгогч ажилтан нарын хооронд хийгдсэн тохиролцоо болохыг нотлож байна. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тушаал шийдвэр гаргах үүрэг нь ажил олгогчийн үүрэг байдаг. Хариуцагч компанийн захирал А.Азжаргал гэгч нь А.Амаржаргалын захирлын гарын үсгийн дардасаар тушаал шийдвэр гаргадаг, гарын үсгийн дардасыг н.Уламбаяр бид хоёроос өөр хүн ашиглах боломжгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Дугаар 181/ШШ2018/00037 тоот шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдолдоо:

... Б.Энэрэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу туршилтын 3 сарын хугацаанд ажилд авсан. Энэ хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж тушаалаар сануулах арга хэмжээ хоёр ч удаа авсан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Б.Энэрэл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 7 дугаар сарын 16-24-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан болох нь түүний нэхэмжлэлд дурьдагдсан ба ажлын цагийн бүртгэлээр давхар нотлогдоно. Шүүх хуралдааны явцад Б.Энэрэл нь шалтгаангүйгээр олон хоног ажил гасалсан, ямар нэгэн акт эмнэлгийн хуудас ажил олгогчид үзүүлээгүй, энэ талаар түүнд мэдэгдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч өвчтэй байсан, жирэмсний хяналтанд орсон гэх баримт хавтас хэрэгт байхгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байгаа энэ талаар шүүх дүгнээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 50 0000 төгрөг үндсэн цалин *4 сар\ + \500 000 : 22 х 2 хоног\ = 2 500 000+45 454=2 545 454 төгрөг гарч байна" гэж дүгнэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг ноцтой зөрчсөнийг дурьдах нь зүйтэй. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2018/00037 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Энэрэлд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Энэрэл, Б.Саруулзаяа нар нь Бевертек техноги ХХК-д холбогдуулан Б.Энэрэлийг оффис менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 290 546 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.Саруулзаяа нь нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны дутуу цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3 348 636 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.

Хариуцагч Бевертек технологи ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б.Энэрэлд холбогдуулан ажил эрхлээгүй байхад нь бодож олгосон цалин 225 134 төгрөгийг буцаан гаргуулах, Б.Саруулзаяад холбогдуулан ажил тасалсан цагийн мөнгө 181 476 төгрөг, ажлаас хоцорсон цагийн мөнгө 283 185 төгрөг, сахилгын шийтгэлийн дагуу суутгах ёстой байсан 150 000 төгрөг, нийт 614 661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Хариуцагч Бевертек технологи ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/17 дугаар тушаалаар Б.Энэрэлийг оффис менежерийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т заасныг баримтлан сануулах сахилгын арга хэмжээ хоёр удаа авагдсан, 2017 оны 7 дугаар сарын 16-наас 24-нийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног ажил тасалсан гэсэн үндэслэл заажээ./1хх-ийн 31 тал/

 

Мөн хариуцагч Бевертек технологи ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21/17 дугаар тушаалаар үндэслэн Б.Саруулзаяаг 2017 оны 8 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэсэн байна. /2хх-ийн 29 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Ажил олгогч байгууллагаас Бевертек технологи ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн ДТ/04 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ДТ/07 дугаар сануулах арга хэмжээ авах тухай тушаал зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлж, нэхэмжлэгч Б.Энэрэлийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг ажилтан Б.Энэрэлд танилцуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч сахилгын шийтгэлийн талаар мэдээгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Иймд нэхэмжлэгч Б.Энэрэлд сахилгын шийтгэл ногдуулж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан  гэж тайлбарласан байна. Хэрэгт Бевертек технологи ХХК болон нэхэмжлэгч Б.Саруулзаяа нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан байх бөгөөд түүнийг нягтлан бодогчийн албан тушаалд ажиллуулж, сарын 800 000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцжээ. /2хх-ийн 7-11 тал/

Гэрээний 4.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ... ноцтой зөрчилд ямар зөрчлүүдийг хамааруулах талаар тусгасан бөгөөд 4.2.3-ийн 8 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч ажил олгогчийн зүгээс миний сарын цалин нэмсэн гэх тайлбараа нотлохоор 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Б.Саруулзаяагийн үндсэн цалинг 1 000 000 төгрөгөөр тогтоосон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт гэх бичгийн баримтыг ирүүлсэн байх бөгөөд, уг баримтыг эрх бүхий албан тушаалтан гаргаж, гарын үсэг зурсан гэх байдал эргэлзээтэй байгаагаас гадна байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй байна. /2хх-ийн 12 тал/

Анхан шатны шүүх аливаа тушаал, шийдвэргүйгээр хөдөлмөрийн хөлсийг нэмж өөртөө олгосон нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-ийн 8 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч Бевертек технологи ХХК-ийн нэхэмжлэгч Б.Энэрэл, Б.Саруулзаяа нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4ний өдрийн 181/ШШ2018/00037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Саруулзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Саруулзаяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Бевертек технологи ХХК-ийн төлсөн 54 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО