Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00736

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00736

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Нө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Х-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 31.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ө ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л.Х нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай компанийн барьж байсан "Ө" хотхон буюу одоогийн 60 дугаар байрны 41 тоот 39.29 м.кв байрыг 58.935.000 төгрөгөөр авахаар захиалсан. Бидний зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэж Л.Хгийн өмчлөлд уг орон сууцыг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь одоо захиалсан байрандаа амьдарч байна. Бидний зүгээс хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад 2015 оны 10 дугаар сард төлж барагдуулна гэж бичгээр баталагаа хийж өгсөн боловч мөн л төлбөрийг төлөөгүй учраас уг асуудлыг шүүхийн журмаар иийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гараж байна. Иймд хариуцагч Л.Хгээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар алданги болох 10.500.000 /арван сая таван зуун мянган төгрөг/-ийг нэмж нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас нийт 31.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, үүн дээр маргахгүй. тухайн өдөр 46/А дугаартай гэрээгээр уг байрны 10 дугаар давхарт, 51/А дугаартай гэрээгээр 11 дүгээр давхарт тус тус 39,27 м2 талбайтай 2 өрөө орон сууц захиалсан. Гэрээний үүрэгт уг өдөр 90.000.000 төгрөг төлөгдсөн. Нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа 46/А тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 58.935.000 төгрөг бүрэн төлсөн. Үлдэх 31.065.000 төгрөгийг 51/А тоот гэрээнд төлөгдсөн. Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ө ХК нь хариуцагч Л.Хд холбогдуулан орон сууц захиалах гэрээний төлбөрийн үлдэгдэл 21.000.000 төгрөг, алданги 10.500.000 төгрөг, нийт 31.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Л.Х гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Н ө ХК нь хариуцагч Л.Хд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө хотхоны А блокын орон сууцны барилгын  дугаар давхарт 39.29 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 58.935.000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, хариуцагч төлбөрийг 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 100% бүрэн төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-6/.

 

Дээрх гэрээ байгуулагдсан талаар, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын маргаангүй ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкин дахь Б.Б-ийн 00 тоот данснаас Н ө ХК-ийн 00 тоот дансанд 90.000.000 төгрөг Л.Х-ээс байрны төлбөр зориулалтаар шилжжээ /хх-40-41/.

 

Тухайн өдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс гадна түүний охин Б.Б дээр дурдсан орон сууцны 11 дүгээр давхарт мөн 2 өрөө орон сууц захиалахаар гэрээ байгуулжээ /хх-35-36/. Уг гэрээний 2.1 дэх хэсэгт урьдчилгаа 31.065.000 төгрөгийг мөн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлөхөөр заасан байна.

 

Хариуцагч Л.Х шүүхэд тайлбарлахдаа дээрх 90.000.000 төгрөгийн гүйлгээгээр өөрийн гэрээний төлбөр 58.935.000 төгрөг 100% бүрэн, мөн охин Б.Б-ийн гэрээний төлбөр гэрээний нөхцөлийн дагуу урьдчилгаа 31.065.000 төгрөг тус тус төлөгдсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Н ө ХК нь хэдийгээр дээрх 2 гэрээнд төлбөрийн нөхцөл хариуцагчийн тайлбарлаж байгаачлан тусгагдсан боловч 90.000.000 төгрөгийг Б.Б төлсөн тул түүний төлбөр 100% бүрэн төлөгдсөнд тооцож түүнд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, харин хариуцагч Л.Хгийн төлбөрөөс урьдчилгаа 31.065.000 төгрөг тооцогдсон гэж маргаж байна.

 

Зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1 дэх хэсэгт гэрээний хоёр талын бичгээр үйлдсэн зөвшилдөөнөөр нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан ба талууд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан орон сууцны үнийг 100% 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлөх нөхцөлийг өөрчлөх талаар нэмэлт гэрээ бичгээр байгуулсан баримт хэрэгт авагдаагүй.

 

Нэхэмжлэгч шаардлагаа нотлож, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан Б.Бд эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох тухай хүсэлт /хх-100/ болон тус байгууллагад борлуулалтын менежерээр ажиллаж байсан Н.Амараас гэрчийн мэдүүлэг авахуулсан боловч эдгээр нь талууд гэрээний төлбөрийн нөхцлийг өөрчилсөн буюу нэмэлт гэрээ байгуулсныг нотлохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 90.000.000 төгрөг Б.Б-ийн данснаас шилжсэнээр Б.Б төлсөн гэж маргаж байх боловч төлбөрийн баримтад гүйлгээний утгыг Л.Хгийн байрны төлбөр гэж тодорхойлсныг шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан орон сууц хариуцагч Л.Хгийн эзэмшил, ашиглалтад шилжсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэх хариуцагч Л.Хгийн татгалзлыг шүүх үндэстэй гэж үзэж, Н ө ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б блокод 2 өрөө захиалахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх ба уг гэрээтэй холбоотой 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус төлсөн баримтыг шүүх тус хэрэгт хамааралгүй гэж үзсэн болно /хх-37-43, 101-103/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Л.Х-ээс 31.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ө ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н ө ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь  тоот данснаас гаргуулан буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА