Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01058

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/01058

 

 

Нийслэл өргөө ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00736 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Нийслэл өргөө ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Хоролсүрэнд холбогдох

 

Гэрээний үүрэгт нийт 31 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Хоролсүрэн нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, "Өргөө" хотхон буюу одоогийн 60 дугаар байрны 41 тоот 39.29 м.кв байрыг 58 935 000 төгрөгөөр авахаар захиалсан. Бидний зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэж Л.Хоролсүрэнгийн өмчлөлд уг орон сууцыг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь одоо захиалсан байрандаа амьдарч байна. Хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад 2015 оны 10 дугаар сард төлж барагдуулна гэж бичгээр баталгаа хийж өгсөн боловч төлбөрийг төлөөгүй. Иймд хариуцагч Л.Хоролсүрэнгээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 000 000 төгрөг, алданги 10 500 000 төгрөг, нийт 31 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талууд 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн өдөр 46/А дугаартай гэрээгээр уг байрны 10 дугаар давхарт, 51/А дугаартай гэрээгээр 11 дүгээр давхарт тус тус 39.27 м2 талбайтай 2 өрөө орон сууц захиалж, гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа 46/А тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 935 000 төгрөг бүрэн төлсөн. Үлдэх 31 065 000 төгрөг нь 51/А тоот гэрээнд төлөгдсөн. Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Л.Хоролсүрэнгээс 31.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Нийслэл өргөө" ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Нийслэл өргөө" ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаангүй ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна" гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчтай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулаагүй. 2013 оны 08 сарын 06-ны өдөр "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулан, Л.Хоролсүрэн орон сууц захиалж, бид худалдсан. Талуудын хооронд ямар нэгэн ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх харилцаа үүсээгүй байхад дээрх байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт "Иргэний хүулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэснийг зөвшөөрөхгүй байна. Манай компани иргэн Л.Хоролсүрэнгээр ямар нэгэн ажил гүйцэтгүүлээгүй, өөрсдийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан орон сууцыг хариуцагчид худалдсан. Тухайн орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч "Нийслэл Өргөө" ХК бөгөөд худалдан авагч төлбөрөө бүрэн төлөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Л.Хоролсүрэнгийн нэр дээр гараагүй бодит байдлыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч Л.Хоролсүрэн өөрийн төрсөн охин Б.Болормаагийн хамтаар нийт 2 ширхэг орон сууц худалдаж авсан бөгөөд орон сууц худалдаж авсан Б.Болормаа нь төлбөрөө бүрэн төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Болормаагийн нэр дээр гарган өмчлөх, захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулсан. Харин хариуцагч Л.Хоролсүрэн нь гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Нийслэл өргөө ХК нь хариуцагч Л.Хоролсүрэнд холбогдуулан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүрэгт 21 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шарадлага нэмэгдүүлж, алдангид 10 500 000 төгрөг буюу нийт 31 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А/46 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч Л.Хоролсүрэн нь БЗД-ийн 13 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Өргөө хотхон орон сууцны хорооллын А блокийн 10 давхар, 46 тоот 2 өрөө орон сууцыг захиалан бариулж төлбөрийг мөн өдөр төлөх, гүйцэтгэгч Нийслэл өргөө ХК нь орон сууцны барилгыг 2013 оны 10 дугаар сарын 15-нд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн эсэх талаар маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнээс гадна хариуцагч Л.Хоролсүрэнгийн охин Б.Болормаа, Нийслэл өргөө ХК-ийн хооронд 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А/51 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ мөн байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч Нийслэл өргөө ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/51 тоот Б.Болормаатай байгуулсан гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн, харин Л.Хоролсүрэнтэй байгуулсан гэрээний үүрэг биелэгдээгүй буюу А/46 тоот гэрээний үүрэгт 58 935 000 төгрөг төлөхөөс 21 000 000 төгрөгийг дутуу төлсөн гэж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...А/46 тоот гэрээний үүрэгт 58 935 000 төгрөг, А/51 тоот гэрээний үүрэгт 31 065 000 төгрөг буюу нийт 90 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ.

 

Нийслэл өргөө ХК болон Л.Хоролсүрэн нарын хооронд байгуулагдсан А/46 тоот гэрээний 2.1-т захиалагч нь орон сууцны нийн үнийн 100 хувьтай тэнцэх 58 935 000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 08 сарын 06-ны дотор төлөх, Нийслэл өргөө ХК болон Б.Болормаа нарны хооронд байгуулагдсан А/51 тоот гэрээний 2.1-т захиалагч орон сууцны нийт үнийн урьдчилгаа 31 065 000 төгрөгийг 2013 оны 08 сарын 06-ны дотор, 2.2-т үлдэгдэл 27 870 000 төгрөгийг 2013 оны 09 сарын 10-ны дотор төлөх гэж заасан байх бөгөөд хэргийн 40, 41 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтаас үзэхэд Нийслэл өргөө ХК-д 90 000 000 төгрөгийг Б.Болормаагийн Голомт банкин дахь данснаас төлсөн төлбөрийн зориулалт нь Л.Хоролсүрэнгээс байрны төлбөр гэсэн утгаар хийгдсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалагч Л.Хоролсүрэн төлбөрөө бүхэлд нь гүйцэтгэсэн, захиалагч Б.Болормаа зарим хэсгийг төлсөн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.

,

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтуудад нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Л.Хоролсүрэн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй гэх тайлбар үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Нийслэл өргөө ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага Л.Хоролсүрэнтэй байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А/46 тоот Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-нд үндэслэсэн байх тул 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийслэл өргөө ХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ