Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 205/МА2019/00002

 

А.Ба-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: А.Ба-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч. Б.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж, шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч А.Ба-ы давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ба- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Намайг С.Бат- 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өдрийн 30000 төгрөгний цалинтай мод бэлтгэх ажил 8 хоног хийлгэсэн. Дараа нь 2150 ширхэг шургааг, 20 ширхэг палк газар дээр нь хийгээд өгөөч гэсний дагуу 2 хүнийг 4 өдөр, 1 хүнийг 7 өдрийн хугацаатай ажиллуулсан. Энэ хүмүүсийн цалинг өөрөө өгсөн байгаа. Энэ хүмүүсийг ажиллуулахад хоолны 130,000 төгрөгийг би өөрөө өгсөн. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 12 хоног өдрийн 30000 төгрөгөөр ажилласан. Одоо миний бие Баян-Өлгий аймагт ачааны том тэрэг өдрийн 40000 төгрөгөөр барьдаг. Энэ ажлаасаа 10 хоногийн хугацаатай чөлөө авч ирсэн бөгөөд энэ хугацааны цалин болох 400,000 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Сэтэвсүрэнгийн Бат- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Улиастай сумын А.Ба-тай анх танилцаад модны грушигээр 4 хоног ажиллуулсан. Гэтэл Батсайхан нь миний Маяти маркийн машиныг худалдан авах болж миний хүнд өгсөн мотоциклийг унаж аймгийн төв хүргээд модны грушигээр ажиллах 2 хүн авч ирсэн. Тэгээд миний хөрөөг миний бензинээр асааж бидэнтэй хамт модонд очиж шургааг хийсэн бөгөөд тэнд ажиллах хугацааны хоол хүнс байрлах байрыг би хариуцан бид хамт орж ажиллаж байсан юм. А.Ба- нь өөрийн биеэр нэг ч шургааг чирч гаргаагүй. Модон дотор хөрөөдсөн шургаагыг би өөрийн газ 66 маркийн машинаар ачиж чирч цагаалж, ачихад бэлэн болгосон юм. А.Ба- нь өөрийн хийсэн 2150 ширхэг шургаагыг надад өгснөөр 4,300,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Яагаад гэвэл мод хийх зөвшөөрөл түрээсийг нь би хариуцаж төлж эрхээ авсан. Үүнийг цуг ажиллаж байсан Пүрэвхүү, П.Наранханд, Ш.Батмөнх нар сайн мэднэ. 2 хүн хооллосон 130,000 төгрөг гэж бичсэн нь худлаа. Цөөхөн бэлэн гоймон, хэрчсэн гурилаас өөр юм авчраагүйг бид мэднэ. Манайх тэнд байсан хугацааны хоол хүнс, мах гурилыг хариуцаж гаргасан. Хийсэн шургааг ном журмын дагуу байгаа эсэхийг манай сумын ойн улсын байцаагч Ж.Мэндбаяр, ойн байцаагч Т.Энхээ нар шалгаж үзсэн учир хэний зөвшөөрлөөр хэн хийсэн гэдгийг сайн мэднэ. Тэр нэхэмжлээд байгаа 2150 ширхэг шургааг буюу үнийг би хариуцаж төлөх боломжгүй ээ. Худалдан борлуулаагүй зарим хэсэг нь хураалттай байгаа. Гоожин төлсөн баримт зөвшөөрлийн хуудсыг хавсаргалаа. 2150 шургааг тоондоо хүрээгүй. Нарийн тоолвол бидний хамжиж хийсэн 1800 орчим шургааг байх болов уу. Гэвч тэр нь Батсайханы шургааг биш гэдгийг гэрчүүд мэднэ. Бичгийн баримтаар тодруулж болно шүү дээ. Батсайханы том машин жолоодож хөлс авч байсан нь надад ямар ч хамааралгүй ээ. Өөрөө сайн дурын үндсэн дээр миний Маяти маркийн машиныг шургааг хийж худалдаж авахаар ярьсан учир ажиллах хугацааны 10 хоногийн хөлс 400,000 төгрөгийг надаар төлүүлэхээр нэхэмжлэх боломжгүй гэж бодож эсэргүүцэж байна. Би сайхан сэтгэл гаргаж шургааг хийлгэхээр машин техник, хоол хүнс, бензин тос, орон байраар хангаж хийсэн шургаагыг нь үнэлж авахаар ярьж тохирсон нь надад хор болж шүүхээр заргалдах хэмжээнд хүрнэ гэж бодсонгүй. Сэтгэл болон машинаа эвдүүлснээ тооцолгүй ажлын хөлсөнд 700,000 төгрөг өгөх өрд орж 100,000 төгрөг өгсөн нь миний алдаа болж байна. Миний машиныг эвдэж эдэлгээнд оруулсанд нь сөрөг нэхэмжлэл гаргаж хохирлоо төлүүлдэг байж гэж энэ хүний нэхэмжлэлийг авснаас хойш бодож байна. 20 ширхэг палкны 200,000 төгрөг нэхэмжилсэн нь бүүр ч үндэслэлгүй. Модонд хөрөөдөж миний машинаар цагаалж орхисон 20 ширхэг гулууг нь нэгийг нь 8000 төгрөгөөр авч үнийг нь өгсөн. Палк нь сумын төвд зүсүүлсэн бэлэн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэгэхээр А.Ба-ы гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч А.Ба- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 3-р сарын 8-наас Идэр сумд очиж 3 сарын 10-наас эхлэн 3 сарын 17-ныг хүртэл өдрийн 30000 төгрөгний хөлсөөр ажилласан. Тэгээд ажиллаж байтал Бат- ах ...чи 2, 3-н хүн олоод 4 метртэй шургааг 4000 ширхэгийг бэлдээд өгөөч. Уг нь Баян-Өлгий аймгаас 8000 ширхэг шургаагны захиалга авсан байгаа. Чи 4000 ширхэгийг нь бэлдээд өгөөч. Би газар дээр нь 1 ширхэгийг нь 2000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд би 3 хүн олж аваад өдрийн 30000 төгрөгөөр цалинжуулаад наашаа цаашаа явсан унааны зардал, хоолны зардлыг нь даагаад ажиллуулсан. *******, ******* хоёр 3 хоног 4 өдөр ажиллуулаад явуулсан. ******* бид хоёр үлдээд 7 хоног ажилласан. Бид хоёр 7 хоногт 40 гулуу, ууланд үлдээсэн шургаагнуудыг хийсэн. Тэгээд ажиллуулсан 3 хүнийхээ хөлсийг өгөх гээд Бат- ах руу ярихад ...Ахад нь одоогоор мөнгө байхгүй байна. Баян-Өлгий аймаг руу явсан том тэрэг ирээгүй байна. Чи түр зуур байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ричфинанс ББСБ-аас 800,000-гаад төгрөг зээлээд ажиллуулсан хүмүүсийнхээ цалин хөлсийг өгөөд ойр зуурын өрөө дарсан. Тэгээд буцаад очтол Бат- ах Ахынх нь мөнгө бүтэхээ байлаа. Ахын дүү ахынхаа машиныг үзээд мөнгөнийхөө оронд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныг нь үзтэл 2 хаалга нь хаагддаггүй, 6 дугуй нь наранд өгөрчихсөн, 2 араатай, 3 жил үзлэгт ороогүй, ямар ч бичиг баримтгүй Маяти машин байсан. Тэгээд бид хоёр машинаа шалгах гээд Шар ямаат гэдэг газраас зүсвэрийн мод ачаад ирж яваад машиных нь мотор цохисон. Тэгтэл Бат- ах энэ машин миний дүүд хань болохгүй юм байна. Ах нь Баян-Өлгийгөөс машин ирэхээр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд бид машинаа Идэр сумын төв дээр чирж ирсэн. Тэгээд би Улиастай руу ирсэн. 4 сарын 10-даар ирсэн. Шургааг хийх 7 хоногийн хугацаанд 2100 гаруй шургааг, 40 гулуу хийсэн. 40 гулууны мөнгийг ******* бид хоёр 20, 20-н ширхэгээр нь тооцож хувааж авахаар тохиролцсон байсан. Гулууны захиалгыг өгөхдөө Бат- ах ...нэг ширхэгийг нь 10000 төгрөгөөр авъя. Та хоёр хэдэн ширхэг ч хамаагүй гулуу бэлдчих гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр хоёулханаа байсан болохоор 40 ширхэг гулуу л бэлдсэн. Тэгээд ******* бид хоёрыг Улиастай руу ирэх гэж байхад *******ын 20 ширхэг гулууны мөнгийг бэлнээр нь өгч байгаа харагдсан. Миний хийсэн гулууны мөнгийг шургаагны мөнгөтэй хамт өгнө гэж хэлсэн. Тухайн үед *******т 1 гулууг хэдэн төгрөгөөр бодож мөнгө өгснийг нь би сайн мэдэхгүй байна. Бат- ах надад хэлэхдээ ...эцсийн хугацаа 04 сарын 25-н гэхэд мөнгө орж ирнэ. Тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд өгдөггүй. Сүүлдээ залгаад утасаа авахаа байчихсан. Тэгээд 06 сарын 07-нд намайг Баян-Өлгийгөөс залгахад Бат- ахын эхнэр нь утсыг нь аваад Бат- алга байна. Говь-Алтай явсан. Ирэхээр нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх зурагтаа ломбарданд тавьчихсан. Мөнгөний хэрэг байна гэж хэлэхэд Чи чаддаг юм бол аваарай гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Одоо би Бат-оос 6,080,000 төгрөг анх нэхэмжилсэнээс Баян-Өлгий аймагт ачааны том тэрэг өдрийн 40000 төгрөгөөр барьдаг байсан цалин болох 400,000 төгрөгийг хасч, нийт 5,680,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өдрийн 30000 төгрөгөөр 20 өдөр ажилласан хөлсөө нэхэмжилж байгаа. Энэ хугацаа нь 2018 оны 03-р сарын 10-наас 2018 оны 03-р сарын 18 хүртэл, 2018 оны 04-р сарын 01-нээс 2018 оны 04-р сарын 12-ныг хүртэл нийт 20 хоногийн мөнгө нэхэмжилж байгаа. Шургаагны хувьд нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хариуцагч Бат- нь нэхэмжлэгчид Чи 4000 ширхэг шургааг хийгээд өгчих. Би газар дээр нь 2000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн байна. Энэ нь гэрч *******, *******, *******а нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн Батсайхан ******* 2150 шургааг хийж өгсөн үү? үгүй юу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтаар Батсайхан нь ******* шургааг хийж өгсөн гэдэг нь нотлогдож байна. Мөн хариуцагчийн тайлбарт Батсайханаас шургааг нь үнэлж авна гэж сайхан сэтгэл гаргаснаараа би шүүхийн өмнө буруудаж байна гэсэн тайлбараас шургаагыг үнэлж авсан болох нь мөн Батсайхан нь шургаагыг өөрөө захиалж өөрөө хийлгэсэн асуудал байхгүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиалагч нь үнээ тохиролцож шургаагыг хийлгэсэн байна. Гэрийнхээ гадаа хураалгасан байна. Мөн шургаагыг захиалагч хүлээж аваад зарим хэсгийг нь зарсан асуудал байгаа юм байна. Мөн энэ талаар гэрч *******а ...2150 шургааг бэлдсэн. Мөнгийг нь авахаар Бат- болон түүний эхнэр лүү залгаж байсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Гулууг Бат- нь 1 ширхэгийг 10000 төгрөгөөр үнэлж тохиролцсон байна. Энэ нь гэрч *******ын мэдүүлгээр нотлогдож байна. Хоол хүнсний мөнгө хариуцагчийн тайлбар дээр тодорхой байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймагт ачааны том тэрэг барьж олох ёстой байсан цалин хөлс болох 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгосон. Нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Бат-оос 950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ба-д олгож, нэхэмжлэлээс 4,630,000 төгрөгийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112230 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч С.Бат-оос улсын тэмдэгтийн хураамжид 29750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ба-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Ба- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

А.Ба- миний нэхэмжлэлтэй С.******* холбогдох 6.080.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэртэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

Шүүх миний нэхэмжлэлээс 2018 оны 03 дугаар сарын 20-31-ний хооронд хийж бэлтгэсэн нэг тус бүр нь 2.000 төгрөгөөр үнэлсэн 4 метрийн урттай 2150 ширхэг шургаагны 4.300.000 төгрөг мөн 1 тус бүр нь 10.000 төгрөгөөр үнэлсэн 20 ширхэг гулууны 200.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

С.Бат- нь 3 сарын 10-18-ны өдрүүдэд өдрийн 30.000 төгрөгөөр намайг ажиллуулж байгаад тэр өдрүүдийн мөнгө өгөөгүй байж өөрөө надад 4 метрийн урттай шургаагийг 1 ширхэгийг нь 2000 төгрөгөөр газар дээр нь бэлдүүлж авъя, чи хүмүүс олоод бэлтгээд өгөхөд л хангалттай гэсний дагуу би 2018 оны 03 дугаар сарын 20-31-ний хооронд хийж 4 метрийн урттай 2150 ширхэг шургааг, 40 ширхэг гулуу бэлтгэж бэлэн болгон хүлээлгэн өгсөн. Энэ талаар шүүх ямарч үндэслэлгүй хасч шийдвэрлэсэн байна.

С.******* би өмнө нь өдрөөр буюу өдрийн 30000 төгрөгөөр ажиллаж байсан. Харин өөрийн санал тавьсанаар 2018 оны 03 дугаар сарын 20-31-ний хооронд хийснээрээ буюу ажлын үр дүнгээр 4 метрийн урттай 1 ширхэг шургаагийг 2000 төгрөгөөр бэлтгэх ажлыг өөрийн авчирсан хүмүүсийн хамт бэлтгэж өгсөн. Хэрвээ шүүх өмнө өдрийн 30000 төгрөгөөр ажиллаж байсан нь үргэлжилсэн гэж байгаа бол 2018 оны 03 дугаар сарын 20-ноос хойш 31-ний хүртэл өдрийн 30000 төгрөгөөр ч биш, үнэгүй ажилласан гэж үзэхээр байна. Хоол хүнсээ өөрөө дааж хүмүүсийн цалинг өөрөө төлж үнэгүй ажилласан гэж үзэхээр байна. Энэ ажлын үр дүн нь гарсан С.Бат- миний бэлтгэж өгсөн шургаагийг Говь-Алтай аймийн Төгрөг суманд нэг ширхэгийг нь 8000 төгрөгөөр зарсан байхад намайг шүүх үнэгүй ажиллах ёстой гэж үзсэнд туйлын гомдолтой байна.

Хэрэв С.Бат- надад 1 ширхэг шургаагийг 2000 төгрөгөөр үнэлж авна гэж санал тавиагүй бол би юу боллоо гэж аймаг орж хүмүүс авчирч ББСБ-аас зээл авч цалин, хоол хүнсийг нь өөрөө өгөөд явж байхав дээ. Мөрөөрөө өдрийн 30000 төгрөгөө аваад явж байх байсан. Бат- нь надад ажлын хөлсийг өгч чадахааргүй боллоо. Миний Маяти маркийн машиныг ав гэж хэлж байсан байхад шүүх чи С.******* 2018 оны 03 дугаар сарын 20-31-ний хооронд үнэгүй ажиллах ёстой гэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх хариуцагчийн 2 гэрчийг асуулгахаар хэргийг түдгэлзүүлсэн гэж 2 сар шахам юу ч хийгээгүй, одоо бодоход Идэрт байгаа хүмүүсийг шууд л дуудаад асуулгах боломжтой байсан байхад хэргийг учир битүүлгээр 2 сар шахам удаашруулж биднийг залхаасан. Энэ хооронд ажилчдын хөлс, хоол ундны мөнгийг зээлж авсан мөнгөө төлж чадахгүй, ажил орлогогүй хэдэн хүүхдээ тэжээх гэж сандарч явна.

Ийм байдлаар миний 2018 оны 03 дугаар сарын 20-31-ний өдрүүдэд хийсэн 2150 ширхэг шургааг, 40 гулууны ажлын үр дүнг ямар ч утгагүйгээр хассан байна.

Шүүх хуралдааны шийдвэрээ танилцуулахдаа намайг С.Бат-ын туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. С.Бат- нь захиалагч биш, захиалагч нь Говь-Алтайн хүн байсан байна гэж тайлбарласан боловч шийдвэртээ энэ талаар юу ч юм бичээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн буюу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг 5.680.000 төгрөгөөр хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 03 дугаар сарын 08-нд өдрийн 30000 төгрөгөөр С.******* ажиллаж байхдаа ******* гэдэг хүнд 3 машин мод ******* 3 машин модыг 7 хоногийн хугацаатай хийсэн. Тэрнээс хойш 03 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл тэнд ажилласан. Тэрнээс хойш 1 ширхэг шургаагыг 2000 төгрөгөөр 1 ширхэг гулууг 10000 төгрөгөөр Баян-өлгий аймаг руу 8000 ширхэг шургааг зарах захиалга хийсэн байгаа. Энэний 4000 ширхэгийг чи аваад хийчих гэж хэлсэн. Тэгээд би 18-нд энд ирчихээд буцахдаа *******, *******ий, ******* гэдэг 3 хүнтэй очиж өдрийн 30000 төгрөгөөр цалинжуулж хоол ундны юмнуудаа бэлдэж аваад 03 дугаар сарын 20-ноос шургаагаа бэлдэх ажилдаа орсон. *******ий, ******* хоёр 4 хоног ажилчихаад ажилтай болчихлоо гээд яваад өгсөн. ******* бид 2 үлдсэн гулуугаа хийгээд хоцорсон. ******* бид 2-т С.Бат- та хоёр хэдэн ширхэг гулуу хийнэ. Тэрийг чинь 1 ширхэгийг нь 10000 төгрөгөөр тооцож мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд сүүлдээ шургаагыг нь тоолж хүлээлгэж өгөхөд 2150 ширхэг болоод ууланд 2 ачилт шахуу шургааг байгаа нэг ачилт нь 250-аас 300 ширхэг шургааг байгаа тэрийг яах уу гэсэн чинь тэрийг яах уу энд байгаа 2150 ширхэг шургааг байгаа юм байна. 40 ширхэг гулуугаар тооцож авлаа гэж хэлчихээд надад мөнгө өгөөгүй *******т болохоор 20 ширхэг гулууны мөнгийг нь өгсөн гэж дуулдсан. Тэгээд сүүлдээ Баян-Өлгийн машин ирэхээ байлаа ахын дүү энэ маяти машиныг авчих гэх гуйхаар нь очиж үзсэн чинь 6 дугуй нь хагархай 3 жилийн үзлэгт ороогүй гэрэл дохио нь хагарчихсан машин байсан. Тэгээд асаагаад үзсэн чинь пиржигнэсэн дуутай байхаар нь С.Бат- ахаа энэ машин чинь явах юмуу гэж хэлэхэд ах нь наадахыг чинь янзлаад өгнө гэж хэлээд цаашаагаа Шар ямаат гэдэг газар луу унаж оччихоод 1 зүсвэрийн мод ачиж аваад наашаагаа явж байсан чинь тэр машиных нь мотор нь зохичихсон. Тэгэхээр нь одоо яах уу гэж Бат- ахад хэлэхэд энэ машин чамд хань болохгүй эд байна. Ах нь Баян-Өлгий аймгаас шаланз ирэхээр би чамд мөнгийг чинь аваад өгчихье. Чи харин одоо над дээр хэд хоног ажиллаж бай гээд 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл өдрийн 30000 төгрөгөөр өөрт нь мод хийж ажиллаж өгсөн. Тэгээд би наашаагаа ирэх болоод Баян-Өлгий аймгаас ирэх машин нь ч байхгүй яах уу гэж С.Бат- ахад хэлэхэд Чи явж бай би араас чинь мөнгийг чинь хийчихье гэсэн. Тэгээд явсаар байгаад 06 дугаар сарын 16-ны өдөр болсон. Мөнгөө олж авмаар байна гээд ярихад надад мөнгө байхгүй гэж хэлэхээр нь энэ худлаа юм байна гээд С.Бат-оос 2150 ширхэг шургааг, 19 хоног ажилласны мөнгө болох өдрийн 30000 төгрөг, 20 ширхэг гулууны мөнгө гаргуулахаар шүүхэд хандсан юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр дээр ажил гүйцэтгэх гэрээ гэж үзээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг ажил гүйцэтгэх гэрээ гэсэн боловч манайх худалдах худалдан авах гэрээ гэж үзээгүй байхад энэ нь худалдах худалдан авах гэрээ биш байна. Өмнө нь байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үндэслэж 2150 ширхэг шургааг 40 ширхэг гулууг хүлээлгэж өгсөн. Энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар маргахгүй байна гэж дүгнэсэн боловч ажил гүйцэтгэх гэрээний үргэлжилсэн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 11 хоногийн хугацаанд С.******* 2150 ширхэг шургааг 40 ширхэг гулуу бэлтгэж өгсөн. Эхлээд 8 хоногийн хугацаанд өдрийн 30000 төгрөгөөр тооцож ажиллуулсан байгаа. Дараа нь гулуугаа үнэлж хэд хоног ажиллуулсан энийг бол өөрийнх нь тайлбар дээр тодорхой байгаа .../би энэ хүнийг сайн санасандаа гулууг нь үнэлж авна гэснээрээ шүүх дээр буруудаж байна/... гээд үнэлсэн асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Ба- нь хариуцагч С.******* холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 6.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа, С.Бат- нь 2018 оны 03 дугаар сарын 10-наас 8 хоног, өдрийн 30.000 төгрөгөөр тооцож надаар ойн модноос мод бэлтгүүлсэн, мөн дараа нь шургааг гулууг газар дээр нь хийж өгөөч 2150 ширхэг шургаагыг 1 ширхэгийг нь 2000 төгрөгний хөлсөөр, 20 ширхэг гулууг 1 ширхэгийг нь 10.000 төгрөгөөр худалдаж авая чи хэдэн хүн олж авч ирээд хийгээд өгөөч гэж хэлсэнийг би зөвшөөрч аймгаас 3 хүн олж ирж, өдрийн 30 төгрөгөөр тохирч 2150 ширхэг шургааг, 40 ширхэг гулууг ойгоос бэлтгэсэн энэ 3 хүний хөлсийг би өөрөө төлсөн. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 12 хоног ажилласан би ганцаараа мөн өдрийн 30.000 төгрөгөөр 12 хоног С.******* мод бэлтгэж өгсөн юм. Иймд надад эхний 8 хоног ажилласаны хөлс 240.000 төгрөг, 2 хүн 4 өдөр авч ажиллуулсаны хөлс 240.000 төгрөг, 1 хүн 7 өдөр авч ажиллуулсаны хөлс 210.000 төгрөг, 2150 ширхэг шургаагны үнэ 4300.000 төгрөг, 40 ширхэг гулуу бэлтгэсэний 20 ширхэг гулууны мөнгийг хамт ажилласан хүн авсан гэж байгаа учир 20 ширхэг гулууны үнэ 200.000 төгрөг, хоолны мөнгө 130.000 төгрөг, дараа нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс 10 хоног ажилласаны хөлс 360.000 төгрөг, ажлаасаа чөлөө авч ирж хохирсон тул өдрийн ажлын хөлс 40.000 төгрөг, 10 өдөр, 400.000 төгрөг, нийт 6.080.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С.Бат- нь нэхэмжлэгч А.Ба-тай харилцан тохирч Завхан аймгийн Идэр сумын нутагт 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 18-ныг хүртэл нийт 8 хоног, өдрийн 30.000 төгрөгний хөлс төлж, мод бэлтгэх ажил үйлчилгээг хийлгэх, дараа нь 2150 ширхэг шургаагыг 1 ширхэгийг нь 2000 төгрөгний хөлсөөр, 20 ширхэг гулууг 1 ширхэгийг нь 10.000 төгрөгний хөлсөөр хийлгэхээр харилцан тохиролцсон гэрээг амаар байгуулсан, нэхэмжлэгч А.Ба- С.Бат-той харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 18-ныг хүртэл нийт 8 хоног ажилласан, мөн дараагийн ажилаа гүйцэтгэхийн тулд Завхан аймгийн Улиастай сумаас 3 хүн авчирч өдрийн 30 төгрөгний хөлс өгөхөөр тохирч 2 хүнийг нь 4 өдөр, 1 хүнийг нь 7 өдөр ажиллуулж, тэдэнд нийт 450.000 төгрөгний хөлсийг нэхэмжлэгч А.Ба- төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.Ба- нь 2018 оны 04 дүгээр сарын 1-нээс 10 хоног хөлсөөр ажилласан, хоолны мөнгөнд 130.000 төгрөг төлсөн байдал, мөн шүүхэд нэхэмжлэл өгөхөөр өдрийн 40.000 төгрөгний ажилаа орхиж ирсэн гэх үйл баримтууд тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт хийхэд нэхэмжлэгч, А.Ба-, хариуцагч С.Бат- нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг, харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээдэг.

Дээрх хоёр гэрээний ялгагдах гол шинж бол гэрээний зүйл байдаг бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхад хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажил үйлчилгээ байдаг.

Иймд маргааны үйл баримтаас харахад талуудын тохиролцоо нь мод бэлтгэх ажил үйлчилгээ гэж үзэх нь илүү тохиромжтой байх тул зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч А.Ба- нь 2018 оны 03 дугаар сарын 10-наас 2018 оны 03 дугаар сарын 18-ныг хүртэл нийт 8 хоног өдрийн 30.000 төгрөгний хөлсөөр С.******* мод бэлтгэх ажил хийж өгсөн байх ба гэрээний явцад талууд дахин тохиролцож А.Ба- нь нэг ширхэг шургаагыг 2000 төгрөгөөр, нэг ширхэг гулууг 10.000 төгрөгөөр үнэлж нийт 2150 шургааг, 40 гулууг бэлтгэж, хариуцагч С.Бат- уг шургааг, гулууг газар дээр нь дээрх үнээр худалдаж авахаар тохирсон байна.

Талуудын тохиролцооноос харахад зохигчид шургааг буюу гулууг худалдаж авах үнэ тохирсоноор худалдах худалдан авах гэрээ мэт харагдах боловч энэ гэрээгээр С.Бат- нь өөрийн мод бэлтгэх эрхийн бичигт үндэслэн А.Ба-аар мод бэлтгүүлэх агуулгатай байх ба ингэхдээ нэг ширхэг шургаагыг 2000 төгрөг, нэг ширхэг гулууг 10.000 төгрөгний хөлстөйгөөр бэлтгүүлэхээр тохирсон гэж үзэж, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, үргэлжилсэн гэж үзэхээр байна.

 

Гэрээний дагуу А.Ба- нь хөлсөөр нийт 8 хоног ажилласан нэг ширхэг шургаагыг 2000 төгрөгөөр тооцож 2150 ширхэг шургааг, нэг ширхэг гулууг 10.000 төгрөгөөг тооцож 40 ширхэг гулуу хийсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч А.Ба- нь дээрх ажил үйлчилгээ буюу /шургааг, гулуу/ хийхийн тулд хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил үйлчилгээг Өөрөөр хэлбэл, 2150 ширхэг шургааг, 40 гулууг хийхийн тулд Ц.*******, С.*******, Ш.******* нарыг хөлслөн авч, тэдэнд нийт 450.000 төгрөгний хөлс өгсөн үйл баримтаас харахад А.Ба- нь тэдэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч А.Ба- нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу 8 өдөр ажилласаны хөлс нэг хоногийг 30.000 төгрөгөөр тооцоход нийт 240.000 төгрөг, 2150 ширхэг шургаагыг нэг ширхэгийг нь 2000 төгрөгөөг тооцоход 4300.000 төгрөг, 20 ширхэг гулууг нэг ширхэгийг нь 10.000 төгрөгөөр тооцоход 200.000 төгрөг нийт 4.740.000 төгрөгийг хариуцагч С.Бат-оос шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нийт 40 ширхэг гулуу бэлтгэсэн байх боловч нэхэмжлэгч нь 20 ширхэг гулууны үнэ нэхэмжилж байгаа учраас 20 ширхэгээр тооцсон болно.

Харин нэхэмжлэгч А.Ба- нь С.Бат-той тохиролцсон ажил үйлчилгээг хийхийн тулд С.*******, Ш.*******, Ц.******* нарыг өөрөө хөлслөн авч тэдэнд 450.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог хэдий ч С.Бат- нь С.*******, Ш.*******, Ц.******* нарыг хөлсөөр авч ажиллуулахаар тохиролцоогүй, харин энэ тохиролцоог А.Ба- хийсэн учраас тэдэнд төлсөн 450.000 төгрөгийг А.Ба- нь С.Бат-оос шаардах эрхгүй байна.

Түүнчлэн А.Ба- нь 2018 оны 04 дүгээр сарын 1-нээс 2018 оны 04 дүгээр сарын 12-ныг хүртэл 12 хоног С.******* мөн мод бэлтгэж өгсөн гэж 360.000 төгрөг, хоолны мөнгө 130.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар А.Ба- нь дээрх ажил үйлчилгээг хийсэн болон хоолонд 130.000 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Бат-оос 4.740.000 төгрөг гаргуулж, А.Ба-д олгох үндэстэй байна.

Хариуцагч С.Бат- нь 100.000 төгрөгийг А.Ба-д төлсөн нь тогтоогддог учир 100.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Бат-оос 4.640.000 төгрөг гаргуулж, А.Ба-д олгож, А.Ба-ы нэхэмжлэлийн шаардлагаас 1.440.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид 29750 төгрөгийг гаргуулан гэснийг улсын тэмдэгтийн хураамжид 89.190төгрөгийг гаргуулан гэж шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ба-ы давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 82.480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР