Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 24

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч А.Бат-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, А.Бат-ы нэхэмжлэлтэй С.Ба-од холбогдох 6,080,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын Бат- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Ба- 2018 оны 03 сарын 10-наас эхлэн өдрийн 30000 төгрөгийн цалинтай мод бэлтгэх ажил 8 хоног хийлгэсэн. Дараа нь 2150 ширхэг шургааг, 20 ширхэг палк газар дээр нь хийгээд өгөөч гэсний дагуу 2 хүнийг 4 өдөр, 1 хүнийг 7 өдрийн хугацаатай ажиллуулсан. Энэ хүмүүсийн цалинг өөрөө өгсөн байгаа. Энэ хүмүүсийг ажиллуулахад хоолны 130,000 төгрөгийг би өөрөө өгсөн. Дараа нь 2018 оны 04 сарын 01-нээс эхлэн 12 хоног өдрийн 30000 төгрөгөөр ажилласан. Одоо миний бие аймагт ачааны том тэрэг өдрийн 40000 төгрөгөөр барьдаг. Энэ ажлаасаа 10 хоногийн хугацаатай чөлөө авч ирсэн бөгөөд энэ хугацааны цалин болох 400,000 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч *******гийн Ба- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* сумын А.Бат-тай анх танилцаад модны грушигээр 4 хоног ажиллуулсан. Гэтэл Бат- нь миний Маяти маркийн машиныг худалдан авах болж миний хүнд өгсөн мотоциклийг унаж аймгийн төв хүргээд модны грушигээр ажиллах 2 хүн авч ирсэн. Тэгээд миний хөрөөг миний бензинээр асааж бидэнтэй хамт модонд очиж шургааг хийсэн бөгөөд тэнд ажиллах хугацааны хоол хүнс байрлах байрыг би хариуцан бид хамт орж ажиллаж байсан юм. Бат- нь өөрийн биеэр нэг ч шургааг чирч гаргаагүй. Модон дотор хөрөөдсөн шургаагыг би өөрийн газ 66 маркийн машинаар ачиж чирч цагаалж ачихад бэлэн болгосон юм. Бат- нь өөрийн хийсэн 2150 ширхэг шургаагыг надад өгснөөр 4,300,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Яагаад гэвэл мод хийх зөвшөөрөл түрээсийг нь би хариуцаж төлж эрхээ авсан. Үүнийг цуг ажиллаж байсан *******, П.*******, Ш.******* нар сайн мэднэ. 2 хүн хооллосон 130,000 төгрөг гэж бичсэн нь худлаа. Цөөхөн бэлэн гоймон, хэрчсэн гурилаас өөр юм авчраагүйг бид мэднэ. Манайх тэнд байсан хугацааны хоол хүнс, мах гурилыг хариуцаж гаргасан. Хийсэн шургааг ном журмын дагуу байгаа эсэхийг манай сумын ойн улсын байцаагч Ж.*******, ойн байцаагч Т. нар шалгаж үзсэн учир хэний зөвшөөрлөөр хэн хийсэн гэдгийг сайн мэднэ. Тэр нэхэмжлээд байгаа 2150 ширхэг шургааг буюу үнийг би хариуцаж төлөх боломжгүй ээ. Худалдан борлуулаагүй зарим хэсэг нь хураалттай байгаа. Гоожин төлсөн баримт зөвшөөрлийн хуудсыг хавсаргалаа. 2150 шургааг тоондоо хүрээгүй. Нарийн тоолвол бидний хамжиж хийсэн 1800 орчим шургааг байх болов уу. Гэвч тэр нь Бат-ы шургааг биш гэдгийг гэрчүүд мэднэ. Бичгийн баримтаар тодруулж болно шүү дээ. Бат-ы том машин жолоодож хөлс авч байсан нь надад ямар ч хамааралгүй ээ. Өөрөө сайн дурын үндсэн дээр миний Маяти маркийн машиныг шургааг хийж худалдаж авахаар ярьсан учир ажиллах хугацааны 10 хоногийн хөлс 400,000 төгрөгийг надаар төлүүлэхээр нэхэмжлэх боломжгүй гэж бодож эсэргүүцэж байна. Би сайхан сэтгэл гаргаж шургааг хийлгэхээр машин техник, хоол хүнс, бензин тос, орон байраар хангаж хийсэн шургаагыг нь үнэлж авахаар ярьж тохирсон нь надад хор болж шүүхээр заргалдах хэмжээнд хүрнэ гэж бодсонгүй. Сэтгэл болон машинаа эвдүүлснээ тооцолгүй ажлын хөлсөнд 700,000 төгрөг өгөх өрд орж 100,000 төгрөг өгсөн нь миний алдаа болж байна. Миний машиныг эвдэж эдэлгээнд оруулсанд нь сөрөг нэхэмжлэл гаргаж хохирлоо төлүүлдэг байж гэж энэ хүний нэхэмжлэлийг авснаас хойш бодож байна. 20 ширхэг палкны 200,000 төгрөг нэхэмжилсэн нь бүүр ч үндэслэлгүй. Модонд хөрөөдөж миний машинаар цагаалж орхисон 20 ширхэг гулууг нь нэгийг нь 8000 төгрөгөөр авч үнийг нь өгсөн. Палк нь сумын төвд зүсүүлсэн бэлэн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэгэхээр Бат-ы гаргасан нэхэмжлэл нь үндэслэгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч А.Бат- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3-р сарын 8-наас сумд очиж 3 сарын 10-наас эхлэн 3 сарын 17-ныг хүртэл өдрийн 30000 төгрөгийн хөлсөөр ажилласан. Тэгээд ажиллаж байтал Ба- ах ...чи 2, 3-н хүн олоод 4 метртэй шургааг 4000 ширхэгийг бэлдээд өгөөч. Уг нь аймгаас 8000 ширхэг шуургаагны захиалга авсан байгаа. Чи 4000 ширхэгийг нь бэлдээд өгөөч. Би газар дээр нь 1 ширхэгийг нь 2000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд би 3 хүн олж аваад өдрийн 30000 төгрөгөөр цалинжуулаад наашаа цаашаа явсан унааны зардал, хоолны зардлыг нь даагаад ажиллуулсан. , хоёр 3 хоног 4 өдөр ажиллуулаад явуулсан. бид хоёр үлдээд 7 хоног ажилласан. Бид хоёр 7 хоногт 40 гулуу, ууланд үлдээсэн шургаагнуудыг хийсэн. Тэгээд ажиллуулсан 3 хүнийхээ хөлсийг өгөх гээд Ба- ах руу ярихад ...Ахад нь одоогоор мөнгө байхгүй байна. аймаг руу явсан том тэрэг ирээгүй байна. Чи түр зуур байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ББСБ-аас 800,000-гаад төгрөг зээлээд ажиллуулсан хүмүүсийнхээ цалин хөлсийг өгөөд ойр зуурын өрөө дарсан. Тэгээд буцаад очтол Ба- ах Ахынх нь мөнгө бүтэхээ байлаа. Ахын дүү ахынхаа машиныг үзээд мөнгөнийхөө оронд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныг нь үзтэл 2 хаалга нь хаагддаггүй, 6 дугуй нь наранд өгөрчихсөн, 2 араатай, 3 жил үзлэгт ороогүй, ямар ч бичиг баримтгүй Маятий машин байсан. Тэгээд бид хоёр машинаа шалгах гээд гэдэг газраас зүсвэрийн мод ачаад ирж яваад машиных нь мотор цохисон. Тэгтэл Ба- ах энэ машин миний дүүд хань болохгүй юм байна. Ах нь гөөс машин ирэхээр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд бид машинаа сумын төв дээр чирж ирсэн. Тэгээд би ******* руу ирсэн. 4 сарын 10-даар ирсэн. Шургааг хийх 7 хоногийн хугацаанд 2100 гаруй шургааг, 40 гулуу хийсэн. 40 гулууны мөнгийг бид хоёр 20, 20-н ширхэгээр нь тооцож хувааж авахаар тохиролцсон байсан. Гулууны захиалгыг өгөхдөө Ба- ах ...нэг ширхэгийг нь 10000 төгрөгөөр авъя. Та хоёр хэдэн ширхэг ч хамаагүй гулуу бэлдчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоёуулханаабайсан болохоор 40 ширхэг гулуу л бэлдсэн. Тэгээд бид хоёрыг ******* руу ирэх гэж байхад ын 20 ширхэг гулууны мөнгийг бэлнээр нь өгч байгаа харагдсан. Миний хийсэн гулууны мөнгийг шургаагны мөнгөтэй хамт өгнө гэж хэлсэн. Тухайн үед т 1 гулууг хэдэн төгрөгөөр бодож мөнгө өгснийг нь би сайн мэдэхгүй байна. Ба- ах надад хэлэхдээ ...эцсийн хугацаа 04 сарын 25-н гэхэд мөнгө орж ирнэ. Тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд өгдөггүй. Сүүлдээ залгаад утасаа авахаа байчихсан. Тэгээд 06 сарын 07-нд намайг гөөс залгахад Ба- ахын эхнэр нь утсыг нь аваад Ба- алга байна. явсан. Ирэхээр нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх зурагтаа ломбарданд тавьчихсан. Мөнгөний хэрэг байна гэж хэлэхэд Чи чаддаг юм бол аваарай гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Одоо би Ба-оос 6,080,000 төгрөг анх нэхэмжилсэнээс  аймагт ачааны том тэрэг өдрийн 40000 төгрөгөөр барьдаг байсан цалин болох 400,000 төгрөгийг хасч, нийт 5,680,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өдрийн 30000 төгрөгөөр 20 өдөр ажилласан хөлсөө нэхэмжилж байгаа. Энэ хугацаа нь 2018 оны 03-р сарын 10-наас 2018 оны 03-р сарын 18 хүртэл, 2018 оны 04-р сарын 01-нээс 2018 оны 04-р сарын 12-ныг хүртэл нийт 20 хоногийн мөнгө нэхэмжилж байгаа. Шургаагны хувьд нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хариуцагч Ба- нь нэхэмжлэгчид Чи 4000 ширхэг шургааг хийгээд өгчих. Би газар дээр нь 2000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн байна. Энэ нь гэрч , , нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Мөн Бат- Ба-од 2150 шургааг хийж өгсөн үү? үгүй юу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтаар Бат- нь Ба-од шургааг хийж өгсөн гэдэг нь нотлогдож байна. Мөн хариуцагчийн тайлбарт Бат-аас шургааг нь үнэлж авна гэж сайхан сэтгэл гаргаснаараа би шүүхийн өмнө буруудаж байна гэсэн тайлбараас шургаагыг үнэлж авсан болох нь мөн Бат- нь шургаагыг өөрөө захиалж өөрөө хийлгэсэн асуудал байхгүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиалагч нь үнээ тохиролцож шургаагыг хийлгэсэн байна. Гэрийнхээ гадаа хураалгасан байна. Мөн шургаагыг захиалагч хүлээж аваад зарим хэсгийг нь зарсан асуудал байгаа юм байна. Мөн энэ талаар гэрч ...2150 шургааг бэлдсэн. Мөнгийг нь авахаар Ба- болон түүний эхнэр лүү залгаж байсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Гулууг Ба- нь 1 ширхэгийг 10000 төгрөгөөр үнэлж тохиролцсон байна. Энэ нь гэрч ын мэдүүлгээр нотлогдож байна. Хоол хүнсний мөнгө хариуцагчийн тайлбар дээр тодорхой байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч аймагт ачааны том тэрэг барьж олох ёстой байсан цалин хөлс болох 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгосон. Нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Бат- нь С.Ба-од холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 6,080,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа бууруулж 5,680,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

А.Бат- С.Ба-оос 2150 ширхэг шургааг бэлдэж өгсний үнэ 4,300,000 төгрөгийг мөн Ба-од 2018 оны 03 сарын 10-наас эхлэн 8 хоног, 2018 оны 04 сарын 01-нээс эхлэн 12 хоногийн хугацаатай өдрийн 30000 төгрөгийн хөлстэйгээр ажилласны хөлс 600,000 төгрөг, шургааг бэлтгэсэн ажилчдын цалин 450,000 төгрөг, хоолны мөнгө 130,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар А.Бат- нь 8 хоногийн хугацааанд С.Ба-од мод бэлтгэн өгөх, С.Ба- нь Б.Бат-д хоногийн 30000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан нь тогтоогдож байна. Монгол Улсын Иргэний хуульд ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж болохоор зохицуулсан учир талуудын хооронд байгуулагдсан гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний явцад С.Ба- А.Бат-аар дахин нийт 2150 ширхэг шургааг бэлтгүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд харин уг шургаагны үнийг нэхэмжлэгч С.Ба-оос гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь С.Ба- А.Бат- нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй харин өмнө байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх,захиалагч нь ажлын үр дүнг хүлээж авах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хуульд заасны дагуу захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авсан боловч ажлын хөлснөөс 100,000 төгрөгийг төлж бусад хөлсийг төлөөгүй үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ.

Ажил гүйцэтгэх гэрээний явцад А.Бат- нь мод бэлтгүүлэхдээ Ц., С., Ш. нарыг туслан гүйцэтгэгчээр авч тэдэнд нийт 450,000 төгрөгийн хөлс төлсөн нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Монгол Улсын иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар хөлс болон зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд туслан гүйцэтгэгчид төлсөн хөлсийг С.Ба-оос гаргуулах нь зүйтэй байна.

Мөн А.Бат- нь ажилчдын хоолны зардал 130,000 төрөгийг гаргуулахыг хүссэн боловч хариуцагч би хоолны зардлыг гаргасан гэж маргаж байгаа бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул хоолны зардал 130,000 төгрөгийг гаргуулах боломжгүй юм.

Иймд А.Бат- нь ажилчдын ажлын хөлсийг нэхэмжлэх бүрэн эрхтэй байгаа учраас С.Ба-оос ажлын хөлс болоод ажилчидад өгсөн хөлс 1,050,000 төгрөгийг гаргуулахаас 100,000 төгрөгийг хасч, хийт 950,000 төгрөгийг гаргуулж А.Бат-д олгож, үлдсэн 4,630,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,050,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Ба-оос 950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бат-д олгож, нэхэмжлэлээс 4,630,000 төгрөгийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112230 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч С.Ба-оос улсын тэмдэгтийн хураамжид 29750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бат-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ