Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02129

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02129

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д. М 

 

Хариуцагч:  ХХААХҮЯ ЖДҮДС д холбогдох

 

ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, зээлийн төслийн ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.Мандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.М намайг ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХСангийн /цаашид ЖДҮХС гэж товчлох/ захирлын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 тоот тушаалаар тус сангийн Зээлийн төслийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн болно /тушаалын хуулбарыг хавсаргав/. Энэхүү шийдвэрийг миний зүгээс хууль бус хэмээн үзэж, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Д.М миний бие ЖДҮХСангийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 тоот тушаалаар тус сангийн Мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдон ажилласан /тушаал болон хөдөлмөрийн гэрээний хуулбаруудыг хавсаргав/. Энэхүү сангийн бүтэц бүрэлдэхүүнийг ХХААХҮСайдын 2017 оны А-28 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан байдаг /тушаалын хавсралтын хуулбарыг хавсаргав/. Ийнхүү томилогдож, ажпын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж ирсэн. Сангийн удирдлагын зүгээс миний хичээл зүтгэлийг үнэлж, хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж байсан зэргийг минь харгалзан үзэж, ЖДҮСангийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/66 тоот тушаалаар Д.М намайг Зээлийн төслийн ахлах мэргэжилтэн гэх албан тушаалд томилсон /тушаал болон ажпын байрны тодорхойлолтын хуулбаруудыг хавсаргав/. Миний бие энэхүү ажлын байран дээрээ идэвхитэй, санаачилгатай, хамт олонтойгоо нэг баг болон ажиллаж, мэргэжилтнүүдийгээ болон өөрийгөө ажлын байран дээрээ байнга хөгжүүлж ирсэн. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу жил бүр ажил олгогчтой үр дүнгийн гэрээгээ байгуулж, түүнийгээ дүгнүүлж ирсэн. 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн биелэлтээр 98,3 оноо, мөн оны жилийн эцсээр 98 оноо авч, Абуюу Маш сайн хэмээх үнэлгээтэй дүгнэгдсэн /Үр дүнгийн гэрээ болон гэрээний биелэлтийн дүгнэлтийн хуулбаруудыг хавсаргав/. Үр дүнгийн гэрээний биелэлтийн үр дүнд надад Сангийн захирлын тушаалаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон. Ийнхүү ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэж байтал сангийн захирал солигдож, ЖДҮДСангийн 2018 оны Б/36 тоот захирлын тушаалаар Д.М би ажпаасаа чөлөөлөгдлөө. ХХААХҮСайдын 2018 оны А-31 тоот тушаалаар тус сангийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилсөн байдаг. Хариуцагч болох ЖДҮХС-ийн захирал нь сайдын тушаалыг хэрэгжүүлж, 1018 оны Б/36 тоот тушаал гаргаж, сангийн бүтэц өөрчлөгдөж, Зээл төслийн ахлах мэргэжилтний орон тоо хасагдсантай холбогдуулан Д.М намайг ажлаас чөлөөлжээ. Тэрээр энэхүү шийдвэрийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн. Иймд тус шүүхээс ЖДҮДСангийн захирлын 2018 оны Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд маань эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг минь олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулна, НД ба ЭМД шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийг сангийн захирлын Б\36 тушаалаар ахлах мэргэжилтнээс чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь анх мэргэжилтнээр 2 сарын туршилтын хугацаагаар ажилласан. Сангийн бүтцийг сайд баталдаг. Батлагдсан бүтэц орон тооны дагуу туршилтаар ажилласан. Энэ үед хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж байсан тул ахлах мэргэжилтэн болсон. Идэвх санаачлагатай сайн ажиллаж байсна. Энэ нь үр дүнгийн гэрээний дүгнэлтээр нотлогдоно. 2017 оны дүгнэлтээр А гэсэн үнэлгээ авсан. Мөн үр дүнгийн гэрээний дагуу урамшуулал олгогдож байсан. Улмаар сайдын тушаалаар сангийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Ингээд сангийн бүтэц өөрчлөгдөж орон тоо хасагдсан гэж халсан. Энэ Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Чөлөөлөхдөө 40.1.1-г буруу хэрэглэсэн. Энд 36.2-г давхар хэрэглэх ёстой байсан. Энд албан тушаал цомхотгосон бол ажилтантай тохиролцож, өөр ажил санал болгох үүрэгтэй байсан. Улмаар адил чанарын ажил албан тушаалыг санал болгох үүрэгтэй байсан. Эсхүл ойролцоо албан тушаал санал болгох ёстой байсан. Гэтэл санал болголгүйгээр шууд чөлөөлсөн байдаг. Сангийн бүтэц нь 10 орон тоотой, 3 хэлтэстэй байсан. Зээл төслийн орон тоо 10 байсныг 11 болгож орон тоог нэмсэн. Нэхэмжлэгч нь зээл төслийн албанд ахлах мэргэжилтэнээр ажилладаг байсан. Ахлах мэргэжилтэн хасагдсан гэж байна. Гэтэл уг хэлтэст шинэ ажлын байр шинээр бий болгосон. 3-4 ажлын байранд шинэ хүн ажиллуулсан. Гэтэл яагаад энэ шинэ ажлын байранд ажиллахыг санал болгоогүй вэ. Нэхэмжлэгч нь ажлаа хийж чадаж байсан. Санал болгоогүй гэдгээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сан нь засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хэсэгт хамаардаг. Улмаар сайд нь сангийн дүрэм, бүтцийг баталдаг. Үүний дагуу 2018.2.23-ны тушаалаар сангийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Өмнөх бүтцэд ахлах мэргэжилтэн гэж байгаагүй ба сүүлд нь сайдын тушаалд нэмэлт орж ахлах мэргэжилтэн гэж нэмж өөрчилсөн байдаг. Ингэхдээ 3 орон тоо хасаж 2 орон тоо нэмсэн байдаг. Сайдын тушаалаар шинжчлэн батлахдаа мэргэжилтнүүдийг нэмээд ахлах мэргэжилтнийг хассан байдаг. Энэ нь ажлын шаардлагатай уялдсан байдаг. Нэхэмжлэлийн үндэслэл нь сайын тушаал биш ажлаас чөлөөлсөн тушаалтай маргасан. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэдэг. Сайдын тушаалаар ахлах мэргэжилтэн хасагдсан тул ХТХ 40.1.1-г баримталж тушаал гаргасан байдаг. Энд орон тоо хасагдсан зохицуулалт байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2017 оны дээд шүүхийн тогтоолын 15.1-д орон тоо хасагдсан гэдгийг тайлбарласан байгаа. Мөн 2012 оны зөвлөмж байдаг. Үүний 2.1-д орон тоо хасагдах гэдгийг тайлбарласан байдаг. Эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мөн 40.5-р сайдын тушаал гарсаныг мэдэгдээд 30 хоногийн дараа чөлөөлсөн байгаа. Мөн ажлын байранд тавигдах шаардлага гэж байдаг. Нэхэмжлэгчийн ажлын байр нь эдийн засагчийн үүрэг гүйцэтгэдэг. Учир нь сан нь шууд зээл олгодог. Төслөөр зээл гаргадаг тул төслийг судлаад зээл олгох эсэхийг судалдаг. Иймд эдийн засагчийн ажлын байранд тавигдах шаардлага гэж байгаа. Мөн ажлын байрны тодорхойлолтод бас энэ талаар байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн ажилд орохдоо өгсөн өргөдөл болон төрийн албан хаагчийн анкетад бичсэнээр өөр мэргэжлийн хүн байгаа. Анх яагаад өөр мэргэжлийн хүн авсаныг тухайн үеийн удирдлага байхгүй тул мэдэхгүй. Мөн эргүүлэн томилох гэж байна. Гэтэл уг орон тоо байхгүй болсон тул хэрхэн томилох нь тодорхойгүй. Хуулийг буруу тайлбарлаж тушаал гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хуулийн 36.2-г ярьж байна. Нэхэмжлэгч нь зээлийн эдийн засагчид нийцэхгүй мэргэжилтэй. Удирдлаганд нь ажиллаж байсан болон удирдлага нь мэргэжлийн хүн байсан. Бүтэц өөрчлөхдөө 1 орон тоо нэмэгдсэн бөгөөд мэргэжлийн хувьд л өөрчлөлт орсон. Адил төстэй албан тушаалд тавих гэхээр мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй байсан. Үр дүнгийн гэрээ нь сайн үнэлэгдэж байсан гэж байна. Энд өмнөх захирлын үед бүгд үр дүнгийн гэрээ нь сайн гэж дүгнэгдэж байсан. Бодит байдалд нийцэх эсэх нь эргэлзээтэй. Өөр ажил санал болгох гэхээр манай санд шаардлага хангах албан тушаал байгаагүй. Төрийн алба бол мэргэшсэн байх ёстой. Бид хөдөлмөрийн гэрээний харилцаагаар ажиллуулдаг. Иймд өөр ажил санал болгоогүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, зээлийн төслийн ахлах мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь ХХААХҮ-ийн сайдын тушаалаар тус сангийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул Б/36 тушаалаар ажлаас чөлөөлсөн, тушаал хуульд нийцсэн, мэргэжлийн хувьд тохирохгүй байсан тул өөр ажил санал болгоогүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.М нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтэний албан тушаалд 2 сарын туршилтын хугацаагаар томилогдсон болох нь хэргийн 5 дугаар талд байгаа Б/23 дугаар тушаалын хуулбарыг тогтоогдож байна. Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-118 дугаар тушаалаар сангийн бүтцэд өөрчлөлт орсоноор тус сангийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар зээлийн төслийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон байна. /хэргийн 50, 7 дугаар тал/

 

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Уг тушаал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-31 дугаар тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэсэн байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-31 дугаар тушаалаар сангийн нийт ажилтны тоог 24, үүнд зээл төслийн хэлтэс нь 11 ажилтантай байхаар баталсан байна. Энд зээлийн мэргэжилтэн 2, төслийн мэргэжилтэн 2 гэсэн орон тоо батлагдсан боловч зээл, төслийн ахлах мэргэжилтэн гэх орон тоо батлагдаагүй байна. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-28 дугаар тушаалаар баталсан сангийн бүтэц нь нийт 24 ажилтантай, үүнд зээл төслийн алба нь 9 ажилтантай байжээ. Иймд шинээр батлагдсан бүтцэд зээл, төслийн албанд 2 орон тоо нэмэгдсэн байна.

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/36 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримталсан нь хуульд нийцэж байна. Улмаар сайдын А-31 дүгээр тушаалын дагуу 40.1.1-г үндэслэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Гэвч тушаалд байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө энэ талаар ажилтан буюу энэ хэргийн нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч нь сайдын тушаалын талаар тамгын хэлтэсийн дарга танилцуулсан гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн сайдын тушаалыг амаар танилцуулсан, баримт үйлдээгүй гэж тайлбарласан. Гэвч амаар танилцуулсан гэх тайлбараа нотолж чадаагүй. Иймд сайдын тушаалыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нөхцөл бий болсон талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэл өгөх үүргийг ажил олгогч хүлээнэ. Ийнхүү мэдэгдэлгүйгээр шууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай захирлын тушаал гарч байгаа нь хуулийн заалтын ач холбогдолыг алдагдуулах үндэслэл болсон байна. Иймд Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг анх ажилд орох үедээ мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэхгүй байсан гэж маргасан. Гэтэл хэрэгт байгаа ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчийн анкет зэргээс энэхүү тайлбар нь үгүйсгэгдэж байна. Тодруулбал нэхэмжлэгчийн ажиллаж байсан зээл, төслийн ахлах мэргэжилтэн нь мэргэжлийн хувьд эдийн засагч, менежмент гэсэн байна. /хэргийн 16 дугаар тал/ Улмаар хариуцагч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн анкетаас үзэхэд нэхэмжлэгч нь 2004-2005 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежерээр суралцаж төгссөн байна.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг мэргэжлийн хувьд албан тушаалд тэнцэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар адил төстэй өөр ажил санал болгоогүй гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь мэргэжлийн хувьд нэхэмжлэгч нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, цаашлаад зээл төслийн албанд тохирохгүй гэх тайлбараа нотолж чадаагүй. Түүнчлэн шинээр батлагдсан бүтцэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан зээл төслийн албанд 2 орон тоо нэмэгдсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйийн 36.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 

Хэргийн 62-64 дүгээр талд байгаа нэхэмжлэгчийн 000275901 дугаар нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтээр нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сард 1,230,980 төгрөг, 2 дугаар сард 1,207,580 төгрөг, 3 дугаар сард 1,633,866 төгрөгний цалин хөлс авсан байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцвол нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлс нь 1,357,475.33 төгрөг байна. Үүнээс сарын ажлын хоногийг 21.5-р тооцвол өдрийн дундаж цалин хөлс нь 63,138.39 төгрөг юм. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл нийт 2 сар 15 ажлын хоног өнгөрсөн байна.

 

Энд нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 08250 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Улмаар 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Эдгээрээс нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны олговрыг тооцвол 2 сард 2,714,950.66 төгрөг, 15 хоногт 947,075.85 төгрөг, нийт 3,662,026.51 төгрөг тооцогдоно.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Мыг ХХААХҮ-ийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн ахлах мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагчаас 3,662,026.51 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.М-д буцаан олгож, хариуцагчаас 143,742 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД